Сурвалжилга: 10 гаруй жил шар ус үерлэж, халиа үүссэн газарт ₮1.4 тэрбумаар автозам, гүүр барина
Банзан хашааны дунд хүртэл мөс овойж хөлдөн, захаасаа хайлж, хог шороотойгоо хутгалдан урсана. Усанд автсан айлуудын зарим нь тус газраасаа холгүйхэн нүүнэ. Эсхүл байр түрээслэх болон мөсөө хагалж шуудуу татсаар хавартай золгоно. Энэ бол Нийслэлийн 30 орчим хорооны 1500 айлын хаврын зовлон болсоор ирсэн билээ.
Иймд хавар бүрийд үерлэж, хүмүүсийн зорчих хэсэг хязгаарлагддаг Чингэлтэй дүүргийн 17-р хорооноос мэдээллийн сурвалжилгыг бэлтгэлээ.
Гэрэл зургийг: Б.Эрдэнэбаяр, Байршил: Чингэлтэй дүүргийн 17-р хороо
Иргэд: Сүүлийн 10 жил гаруй халиа тошин, шар усны үертэй амьдарлаа. Олон хүн автомашины энд эвдэж, эд хөрөнгөөрөө хохирсон. Сонгогдсон гишүүн бүр шийдэж өгнө гэдэг ч хоёр жилийн өмнө явган хүний төмөр гүүр л баригдсан. Гэтэл тэр гүүр асуудлыг шийдээгүй

"Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд 23 дахь жилдээ амьдарч байна. Хавар бүр халиа тошин үүсэж, зорчих хэсэг хязгаарлагдана. Маш олон хүмүүсийн хөрөнгө энд үрэгдэж, сүйднэ. Явган хүн ч явах эрхгүй болохыг яана. Гүүр барьж өгнө гэж сонгуульд өрсөлдөж буй бүхэн хэлэх авч одоог хүртэл хэрэгжсэн зүйлгүй. Энд харагдаж байгаачлан явган хүний богино гүүр барьсан ч оновчтой шийдэл болж чадаагүй. Хаврын цагт халиа тошин хальж, шавхай ихэсдэг учир заавал усны гуталтайгаар явах шаардлага үүсдэг. Жилийн жилд иргэдийн зүгээс энэ хавийн үер усны асуудлыг хөндөж автозам, гүүр шийдэж өгөхийг хүсдэг боловч "хүсэлтийг хүлээн авлаа" гэж хариулдаг ч хэрэгжээгүй л өдийг хүрсэн" хэмээн иргэн Л.Болор-Эрдэнэ бидэнтэй хуваалцсан юм.

Мөн тус дүүргийн иргэн Ц.Надмиддорж: Энэ газартаа 40 жил амьдарч байна. Хавар бүр шар усны үертэй нүүр тулна. Явган хийгээд автомашинтай хүмүүс энэ хавиар явах гэж үйлээ үзнэ. Өвөлдөө троссоор татаад ч гарахааргүй өндөр мөс үүсчихдэг юм. Энд харагдаж байгаа явган хүний гүүр хоёр жилийн өмнө баригдсан. Шийдэл болж чадаагүй. Явган хүн тэрэгтэй усаа ч гаргаж чадахгүй байдал үүсдэг. Хөл муутай, настай хүн энэ гүүрээр явж чадахгүй. Төмөр учир халтирах эрсдэл их. Уг нь автомашины гүүр шийдээд өгчихдөг бол олон хүний нуруу тэнийхээр байгаа юм. Тэгвэл эндээ тухтай амьдрах боломж бүрдэнэ. Үнэтэй орон сууц хөлсөлж, өр төлбөрт дарагдаж байснаас эндээ, идээшсэн газраа байвал дээр шүү дээ.

Иргэн: 25 жил амьдарч байна. Хавартаа халиа гүйх, айлын бохир ус, хог зэрэг түрэгдсээр бүгд энд тунана. Энд харагдаж байгаа эхний нүүрийн хашаанууд мөс, усандаа живнэ. Явган, автомашинтай иргэн, тэрэгтэй усаа түрж яваа хүүхэд гээд энэ хэсгээр зорчих хүн бүрд бэрхшээл учирдаг. Гүүрний асуудлаа шийдчихвэл эрүүл ахуй талаасаа болон аюулгүй, тухтай байдал шийдэгдэнэ гэсэн үг. Дөрвөн жил тутамд энэ дүүргээс нэр дэвшиж байгаа УИХ-ын гишүүдээс энэ асуудлыг шийдэж өгөхийг хүсдэг юм. Гэтэл байж байгаа царай нь энэ шүү дээ. Хавах, хавартаа л усны гутлаа бэлдэж, шар ус туулж амьдарсаар байна. Саях УИХ-ын гишүүн Ц.Баатархүү энэ асуудлыг ажил хэрэг болгож, ирэх оны төсөвд суулгасан гэж дуулсан. Хэрэв тэр төсвөөрөө гүүрээ барьчихвал энэ дэнжид амьдардаг, энэ хэсгээр зорчдог хэн бүхэнд хэрэгтэй ажил болно гэсэн үг.

Чингэлтэй дүүргийн иргэн :28 жил амьдарч байна. Эхэндээ халиа тошин үүсэж, шар ус урсдаггүй, ундандаа хэрэглэдэг булаг байсан юм шүү дээ. Гэтэл сүүлийн арав гаруй жилийн толгойн өвчин энэ хэсгийн шар усны үеэр болчихсон. Явган хүн, автомашин, усны тэргээ түрсэн иргэд гээд хэн бүрд тээг саад болдог. Манай хүүхэд гэхэд энд мөс үүссэнээс болж, өндөр газар гулгаа ихтэйгээс хэд хэдэн удаа машинаа эвдэж байсан. Дөрвөн жил тутам УИХ-ын сонгууль болдог. Тэр бүрд энэ тойргоос нэр дэвшсэн, сонгогдсон гишүүдэд асуудлаа уламжилдаг. "Амласан хэр нь яагаад энэ ажлыг хийхгүй байна" хэмээн араас нь асуудаг. Сошиалдаа ч бичдэг. Гэтэл суусан төсвөөс нь идчихсэн үү гэлтэй энэ сонин гүүрийг хоёр жилийн өмнө барьж өгсөн. Угтаа автомашины гүүр барихаар төсөв нь батлагдсан байлгүй дээ. Огтоос шийдэл болоогүй. Тэрэгтэй ус түрээд гарч чаддаггүй. Ус, мөс их үүсдэгтэй холбоотой нүүрний эгнээний айлуудын хашааны хаалга ч онгойдоггүй юм. Энд автомашины гүүр л хэрэгтэй. Өөр байдлаар асуудал шийдэгдэхгүй.
Иргэдийн дурдаж буй энэ хэсэг бол Чингэлтэй дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэр буюу сурагчийн 59 дүгээр гудамжнаас сурагчийн 47-р гудамжны хэсэг юм. Иргэдийн хэлж буйгаар энэ газар шар усны үер нүүрлээд 10-аад жил болж. Улмаар ирэх оны төсөвт эл байршилд 900 метр автозам болоод авто гүүрийг барьж байгуулах 1.4 тэрбумын төсөв батлагдсан байна.

Энэ талаар Чингэлтэй дүүргээс сонгогдон УИХ-ын гишүүн болсон Ц.Баатархүүгээс тодрууллаа.
Ц.Баатархүү: Төрийн үйлчилгээ, хөрөнгө оруулалтын ажлыг нэн шаардлагатай хэсэгт хуваарилах үүргийнхээ хүрээнд Чингэлтэй дүүргийн 17-р хорооны гүүрний асуудлыг шийдсэн

-Таны сонгогдсон тойрогт, тодруулан хэлбэл Чингэлтэй дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт хавар бүрийд шар усны үер болдог, иргэдийн зорчих хэсэг хязгаарлагддаг хэсэг бий. Иргэд зам, гүүрийг шийдэж өгөхийг удаа дараа хүсдэг боловч үертээ автаад 10 жил болсон тухай ярьж байна. Ирэх оны төсөвд 1.4 тэрбум төгрөгийг суулгасан гэж дуулсан. Тус ажлын талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Улаанбаатар хотын Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн онцлог бий. Томоохон хороонууд нь өндөр уулын дунд байдаг учир бороо орсны дараа тус байршилд оршин суудаг айл өрхүүд амьдрах ая тухтай нөхцөлөө алддаг. Өвөл цас ихээр унаж, хавар гэсэхээр автомашин явах боломжгүй болдог. Угтаа гэр хорооллыг орхигдуулалгүйгээр дэд бүтцийг нэмэгдүүлэх шаардлага үүсэж буй. Чингэлтэй дүүргийн 17-р хороо бол хамгийн том хороо, хамгийн их айл өрх амьдардаг. Хавар бүр үүсдэг шар усны үер, нөхцөл байдалтай холбоотойгоор гүүр болон автозам шийдэж өгөхийг удаа дараалан хүссэн юм билээ. Хүсэхээс ч аргагүй. Шар усны үер, халиа тошин үүссэн нөхцөлд тус голыг давахын тулд автомашинаар явах боломжгүй байдал үүсдэг. Ингэснээр явганаар, голыг туулж гарах шаардлагатай болдог гэсэн үг.
Иймд төрийн үйлчилгээ, хөрөнгө оруулалтын ажлыг нэн шаардлагатай хэсэгт хуваарилах үүргийнхээ хүрээнд Чингэлтэй дүүргийн 17-р хорооны гүүрний асуудлыг шийдсэн.
-ТЭЗҮ-гээ хийсэн болов уу. Мөн тухайн ажлыг гүйцэтгэх компаниа сонгон шалгаруулсан уу?
-ТЭЗҮ-г Дүүрэг, орон нутгийн төсвөөр хийж дуусгасан. Улсын төсөв дээр инженерийн дэд бүтцийн ажлыг тусгахын тулд заавал ТЭЗҮ-тэй юу, үүнийгээ магадлалаар оруулсан эсэхийг шалгадаг болсон. Энэ нь ч зөв. Улмаар тус зам, гүүрний ажлын ТЭЗҮ дууссан тул төсөв суусан гэсэн үг. Ямар компани шалгарч, ажил гүйцэтгэхийг Худалдан авах ажиллагааны газар зохион байгуулна. Яам бүр барилгын яам, тендерийн яам болчихдог байдлыг халах ёстой. Нэн ялангуяа Боловсролын яам боловсролын чанарын асуудалд бус барилгын тендер хөөцөлдөөд дөрвөн жилээ алдчихдаг. Нэгэнт Худалдан авах ажиллагааны агентлаг гэж байгуулсан юм бол тэр агентлаг нь сонгон шалгаруулалтаа хийж, тендерээ зарлаад явах ёстой. Харин УИХ-ын гишүүд хөндлөнгөөс нөлөөлж болохгүй гэж бодож байна.
-Сүүлд УИХ-ын гишүүнээр сонгогдсоноос хойш юуг бүтээв. Эрүүл мэндийн салбар болон залуучууд руу чиглэсэн ажил хийх тухай ярьж байсан байх аа?
-Монгол Улсын Эрүүл мэндийн салбар маш хүнд байдалд байна. Иргэдэд хамгийн ойр, өдөр тутмын эрүүл мэндийн үйлчилгээ, зөвлөгөө тусламж үзүүлдэг газар бол ӨЭМТ. Иймд ӨЭМТ чанартай үйлчилгээ үзүүлэх юм бол өвчилж буй хүмүүсийн тоо буурна шүү дээ. Өнөөдөр 100 мянган хүнд ногдох хавдрын илэрч буй байдал олон улсын дундажтай ижил боловч, эндэж буй хүний тоо их байна. Энэ юуг илэрхийлж байна вэ гэхээр, Монгол Улсын эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээ чанаргүй, хоцрогдсон, ашиг сонирхолд өртсөн буйн харагдаж байна гэсэн үг. Өвлийн улиралд хүүхдүүд ханиад хүрч, олон төрлийн эм, бэлдмэл хэрэглэдэг. Гэсэн ч эдгэрэл муутай байдаг нь эмийн чанар муугийнх. Иймд удахгүй эмийн чанарын агуулгаар асуулга хүргүүлсэн буй. Үүнийг удахгүй НБХ-р хэлэлцүүлнэ. Монголд хүн өвддөг, өвчин нь эдгэрдэггүй, архагшдаг байдлын гол шалтгаан хаана байгааг бид оношлох ёстой. Нэг шийдэл нь ӨЭМТ-ийн үйлчилгээг сайжруулах ёстой. Иймд Чингэлтэй дүүргийн ӨЭМТ-д тоног төхөөрөмж авах шаардлагатай 500 сая төгрөгийг суулгасан.
Мөн хүүхдүүд ЕБС-д сурахдаа сургууль дээрээ дугуйлан, өөрийгөө хөгжүүлэх хөтөлбөрүүдэд орох гэхэд сургуульд нь анги танхимын хүрэлцээ муу байдаг. Дийлэнх нь хоёр, зарим нь гурван ээлжээр хичээллэж байна. Монголын хүүхдийн ордонд Баянхошуу, Дамбадаржаа, Чингэлтэйгээс ирэх боломжгүй. Хоёроос гурван нийтийн тээвэр дамжиж, олон цагийг зарцуулна шүү дээ. Багтаамжийн хувьд Монголын хүүхдийн ордон Улаанбаатар хотын нийт сурагчдын нэг хувийг л сургах боломжтой. Иймд хүүхэд хөгжлийн төвийг иргэдэд ойрхон байлгах шаардлагатай юм байна гэх шийдлийг гаргасан. Тэр тусмаа инженер технологийг хүүхэд, залуучуудад ойртуулах үүднээс Залуу зохион бүтээгчдийн ордонг Чингэлтэй дүүрэгт байгуулах шийдвэр гарсан. Ерөнхий зургаар нь харахад Монгол Улс сүүлийн 30 жилд хүүхдийн төлөө бүтээн байгуулалт хийгээгүй юм билээ. Харин ч хийсэн бүтээн байгуулалтын нь булаан авсан. Монголын хүүхдийн номын ордон байсан газар банк байгуулсан. Монголын Залуу зохион бүтээгчдийн ордны барилгыг алдсан. Мөн Урлан бүтээгчдийн төв байсан ч тойроод орон сууц босгосон. Улаанбаатарыг тойрсон маш олон зуслан байсан ч насанд хүрэгчдийн амралт болоод хувирсан.
Ийм байж болохгүй. Монголын ирээдүйг зөв болгоё гэвэл хүүхдүүдийн хичээлээс гадуурх хөгжлийн бодлогод анхаарах ёстой. Иймд дээрх ажлыг санаачлан, хэрэгжүүлж байна.

















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Шар ус үерлэх хэцүү шүү, шийдэж өгсөн нь болж дээ
Явган хүний сонин гүүр барьчихсан харагддаг. Тэр нь хавартаа ялгаагүй усандаа автчихдаг. Төсвөө баталсан юм бол хурдан засаж сайжруулаарай олон хүний амьдрал шүү