Ормузын хоолой боогдсоноор Хятадад ирэх дарамтууд Монголд хэрхэн нөлөөлөх вэ, ямар боломж бий вэ

АНУ болон Израил улс Иранд өнгөрсөн бямба гарагт буюу 2-р сарын 28-нд "Operation Epic Fury" ажиллагааг эхлүүлж, Иранд агаарын цохилт өгсөнөөр тус улсын дээд уирдагч Аяатолла Али Хаманэйг хөнөөсөн бөгөөд үүгээр Ойрх Дорнодод хүндхэн нөхцөл байдал үүсээд байна.
Зөрүүлээд Иран улс нэг шөнийн дотор 14 улс руу гал нээж, улмаар үүнээс үүдэн дэлхийн эдийн засагт шинэ, түгшүүртэй байдал бий болов.
Тухайлбал газрын тосны үнэ 13 хувиар өсөж, алтны үнэ унц нь 5400 ам.доллар давсан юм. Учир нь Иран улс дэлхийн газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудын нэг бөгөөд өдөртөө 3.5 сая баррель газрын тос олборлож, дангаараа дэлхийн нийт хэрэглээний 3 хувийг бүрдүүлдэг. Дэлхий нийтийн дунд үүсэж буй түгшүүр нь дэлхийн түүхий газрын тосны 20 гаруй хувь нь Ормузын хоолойгоор тээвэрлэгддэг учир хэрвээ ямар нэг байдлаар энд саатал үүсвэл дэлхийн эдийн засагт хамгийн том нөлөө үзүүлэх боломжтой юм.
Ормузын хоолойгоор дамжуулан газрын тос худалдан авагч орнууд нь манай хөрш буюу БНХАУ болон Энэтхэг, Япон, БНСУ. Шинэчилсэн мэдээллээр, өчигдөр буюу 3-р сарын 3-нд Израил улс Иранд дахин нэмж цохилт өгсөн бөгөөд Ираны зүгээс ерөнхий Ормузын хоолойг хааж буйгаа мэдэгдсэн. Тус хоолойгоор дан ганц газрын тос тээвэрлээд зогсохгүй шингэрүүлсэн байгалийн хий тээвэрлэдэг хамгийн чухал бүс юм.
Түүнчлэн ОПЕК-ийн гишүүн орнууд уг Ормузын хоолойгоор газрын тосныхоо дийлэнх хэсгийг экспортолдог. Ормузын хоолойг хаагаад зогсохгүй Ойрх Дорнод дахь дахь газрын тос, байгалийн хийн томоон экспортлогч орнуудын үйлдвэрүүдийг ээлжлэн гол бай болгож эхлээд буй. Саудын Арабын хамгийн том газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн нэгийг дроноор бөмбөгдөж, үйл ажиллагаа нь бүрэн доголдсон. Мөн байгалийн шингэрүүлсэн хийн экспортлогч орон болох Катарын хийн үйлдвэр мөн л бөмбөгдөлтөд өртсөнөөр зогсоод байна.
Мөргөлдөөнөөс үүсэж буй эдгээр хохирлууд нь газрын тосны үнийг савлагаанд оруулж, улмаар брент газрын тосны үнэ огцом өсөв. Мөн байгалийн хийн үнэ Европт хоёр дахин нэмэгдсэн юм.
Төсвийн сахилга бат, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах урт хугацааны бодлого нэн шаардлагатай
Ингээд харвал дэлхийн худалдааны урсгал цаашид саарах, эрчим хүчний зардлыг өсгөх тэр тусмаа Монгол Улсын уул уурхайн гол түүхий эдийн худалдан авагч Хятадын үйлдвэрлэл, цаашлаад манай улсаас авах коксжих болон бусад төрлийн нүүрсний хэмжээ буурахд нөлөөлөх эрсдэл бий Түүнчлэн газрын тосны үнийн өсөлт нь урт хугацаандаа манай дотоодын газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийн жижиглэнгийн үнэд ч нөлөөлөх нөхцөл бий болох боломжтой.
Цаашид эрчим хүч, тээвэр, бараа үйлчилгээний үнэ өсөх төв банкууд бодлогын хүүгээ бууруулах төлөвлөгөө хойшилсноор инфляц буурах хүлээлт үндсэндээ саарах юм.
Гэхдээ нөгөө талаас Монголын Засгийн газар олон улсын зах зээлд 500 сая ам.долларын бонд гаргахад нийтдээ 1.6 тэрбум ам.доллар буюу 3.2 дахин өндөр санал орж ирснээр манай улсад итгэх гадны хөрөнгө оруулагчдын итгэл боломжийн байгааг харуулав. Ингэхээр бидэнд олон улсын бондын зах зээлд тодорхой боломжууд байгааг олж харж болно.
Энэ онд Монгол Улсын ДНБ 5.6 хувиар өснө гэсэн хүлээлт бий. Хэдийгээр 2025 онтой харьцуулахад бага зэрэг саарсан төлөв боловч ерөнхийдөө тогтвортой өсөлтийн эрчээ хадгалахаар байна. 2026 оны эдийн засгийн ерөнхий төлөв, таамгаар уул уурхайн салбарын өсөлтөд тогтвортой байх эсэх нь эргэлзээтэй байсан ч магадгүй олон улсын геополитикийн зөрчилдөөнтэй нөхцөл байдлууд нь манайд зарим талаар эдийн засгийн боломжууд нээхийг үгүйсгэх аргагүй.
Нүүрсний экспортын орлого аажмаар буурч, тээврийн салбар 3.1 хувиар буурсан зэрэг нөхцөл байдлуудыг нэрлэж болох хэдий ч зэс болон алт олборлох нөөцөд тулгуурлан тодорхой сэргэлтүүд ирэх боломжтой. 2025 онд зэсийн баяжмалын экспорт 76 хувиар, алтны экспорт 38 хувиар өссөн бол нүүрсний экспорт эрэлт суларч, үнэ ойролцоогоор 34.6 хувиар буурсан юм. Энэ нь төсөвт суулгасан нүүрсний экспортын орлогын алдангийг алт, зэсийн экспортын орлогоор нөхөхөд хүргэсэн.
Тухайлбал, Ойрх Дорнодод үүссэн тогтворгүй нөхцөл байдлаас үүдэж ногоон шилжилт нь ойрын ирээдүйд эрчимжиж зэсийн урт хугацааны эрэлтийг тогтвортой түвшинд аваачихаар харагдаж байна.
Мөн Монголын бүс нутгаар дайруулахаар удтал хэлэлцэж, улмаар гурван улсын төрийн тэргүүн нарын түвшинд хэлэлцэгдэж урагшилсан алдарт Сибирийн хүч-2 хоолойн бүтээн байгуулалтыг хурдлуулах нь хөрш орнуудад ирээдүйд эдийн засгийн хамгийн таатай, боломжит шийдэл болж мэдэх юм. Харин бид үүнд хэрхэх вэ.
Гадаад хүчин зүйлээс хамаарах, ялангуяа ирээдүйд эдийн засагт нөлөөлөхүйц геополитикийн зөрчилдөөний үед Монгол Улсад нэн тэргүүнд тулгамдах асуудал нь шатахууны эх үүсвэрийн төрөлжилт, нөөц бүрдүүлэлт болдог учраас үүн дээр анхаарлаа хандуулах нь эхний алхам биз ээ.
Манай төсвийн сахилга бат, зээлжих зэрэглэлийн оноо ахисан байдал зэргээс шалтгаалан Засгийн газрын бонд олон улсын зах зээл дээр амжилттай санхүүжилт татаж чадсан учир энэ статусаа бид ирэх хаврын чуулган болоод намрын чуулганы хэмжээнд ч барих нь чухал шалгуур боллоо. Түүнчлэн валютын нөөцийг нэмэгдүүлэх, ханшийн эрсдлээс хамгаалах зэрэг асуудлууд Засгийн газрын түвшинд хэлэлцэх цаг үе, шаардлага нь ирээд байна.
Ц.ТАМИР








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Оюутны гудамжинд байх Big Mall каргоны газрын дэргэд өглөө бүр 4883УБО дугаартай машинтай эр зогсож байх бөгөөд сургуульдаа ирж байгаа оюутан, сурагч охидыг ажиглаж суугаа мэт сэжигтэй харагддаг. Шалгадаг хүмүүс нь шалгаарай даа.
Дэлхийд эрчим хүчний нүүрсний үнэ түр хугацаанд нэмэгдэх нь манайд ашигтай момент харин үүнийг ашиглаж чадах уу гэдэг нь манай ноёдууд мэдэх хэрэг. Үүгээр далимдуулж хэдийгээр оросод хэвээр байх бензиний үнийг манай шуналтнууд нэмнэ. Удахгүй сар ч хүрэхгүй бүх зүйл хэвийн болно гэдгийг санах хэрэгтэй