"Ногоон хөгжил үндэсний нэгдэл" ХК-д мөнгөө алдсан багш нар мэдээлэл хийлээ

Багш, эмч, төрийн албан хаагчдыг “Хувьцаат орон сууц” төсөл хөтөлбөрт хамруулж байртай болгоно гэж иргэдээс их хэмжээний мөнгө залилсан компаниудын талаар хохирогчид мэдээлэл хийлээ. Уг гэрээнд багш нар сургуулийнхаа үйлдвэрчний эвлэлээр дамжуулан оролцсон байна. Нэг сургуулиас л гэхэд 20-30 багш байртай болох хүсэлтээ өгч гэрээ байгуулан эхний хөрөнгө оруулалтуудыг хийсэн байна.
79-р сургуулийн төлөөлөгч багш: “"Манай сургуулиас энэ төсөлд 90 гаруй багш хамрагдсан. 2023-2024 онд компаниас байранд оруулсан. Гэвч жилийн дараа байрны эзэн ирж энэ бол түрээсийн орон сууц, Ногоон хөгжил манайхаас түрээсэлж байсан гээд байрнаас хөөсөн. Мөн түрээсийн төлбөрөө төлөөд гар гэсэн шаардлага тавьсан. Би 2020 оны есдүгээр сараас 2025 оны хоёрдугаар сар хүртэл 54 сая төгрөгийг "Ногоон хөгжил" компанид өгсөн. "Ногоон хөгжил" компани рүү холбогдохоор хариуцах эзэн байхгүй. Сүхбаатар дүүргийн шүүхээс тус компанийн дансыг хаасан. Би өнөө маргаашгүй түрээсийн байрнаас хөөгдөх болоод байгаа учраас энэ хэвлэлийн бага хуралд оролцож байна” гэжээ.
2021 оны есдүгээр сард "Ногоон хөгжил үндэсний нэгдэл" ХК, "Монголын багш нарын шинэ зам зөвлөлдөх зөвлөл" ТББ-ын амьжиргааны түвшинг дээшлүүлэх, хүүний дарамтад оруулахгүй, үл хөдлөх хөрөнгөд суурилсан үнэт цаасны хувьцааг бий болгож, сар болгон санхүүгийн дарамт үүсгэхгүй, орон сууцны үнийг боломжит доод хэмжээгээр 36 сарын дотор орон сууцад оруулах, 36 сарын дараагаас сар бүр 5 хувийг тооцож компанийн хувьцааг олгоно гэсэн "Хувьцаат орон сууц багш 5000" хөтөлбөрийн гэрээнд тусгасан аж.
Төслийн дагуу 2023-2024 онд компаниас багш нарыг байранд оруулж эхэлсэн байна. Гэвч жилийн дараа байрны эзэн ирж энэ бол түрээсийн орон сууц, Ногоон хөгжил манайхаас түрээсэлж байсан гээд багш нарыг “Түрээсийн төлбөрөө төлөөд байрнаасаа гар” гэх шаардлага тавьж эхэлсэн байна. Гэтэл өнөөдөр буцах хаяг, буух эзэнгүй болсон учраас багш нар тэмцлийн хурц хэлбэрт шилжиж байгаа гэдгээ илэрхийллээ.
Х.ХУЛАН











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Залилан гэдэг нь хэлж байсан зүйлүүдээс нь шууд харагдаж байна. Хоорондоо уялдаагүй дэс дараалалгүй буюу логикгүй , утгагүй,хүмүүсийн сонсох дуртай хэдэн холбоо үгс нийлүүлчихсэн байна.
Хэн санаачлан з/б сан бэ? Нөгөө Мөнхтуяа чинь мөн үү