“Дэрэн” клуб Уханьд тэмцээнд оролцсон талаараа мэдэгдэл гаргалаа

Мэдэгдэл
Deren FC-Champion with Fair Play!
Даяарчлагдсан өнөө үед хэн, хэзээ, хаана байхад давагдашгүй хүчин зүйл болж, юу өрнөхийг тааж мэдэхийн арга үгүй юм. Хүн төрөлхтөн өнөөдөр тахал мэт түгэх шинэ өвчинд нэрвэгдээд буруутан хэн бэ гэж хэрэлдэж, хэдэрлэж суулгүй, олон улсууд хүчээ нийлүүлэн даван туулахаар зүтгэцгээж буй.
Дуулиан шуугианд Дэрэн хөлбөмбөгийнхөн бид ч холбогдов. Учир нь, манай U11 баг БНХАУ-ын Ухань хотод 1 сарын 15-20-ны хооронд зохион байгуулагдсан “Нэг бүс - Нэг зам” олон улсын хөлбөмбөгийн хүүхдийн тэмцээнд уригдан оролцоод ирсэнтэй холбоотой. Энэ тэмцээнд Хятадын засгийн газраас өндөр ач холбогдол өгч, дээд хэмжээний бэлтгэл, хангамжтайгаар зохион байгуулагддаг тэмцээн бөгөөд бид ханиад дэлгэрч буй мэдээг 12 сард сонсоод тэмцээн зохион байгуулагчидтай холбогдон, аюул эрсдлийн талаар тодруулахад “шинэ хэлбэрийн өвчин хүнээс хүнд халдварлах аюулгүй” гэж эрүүл мэндийн газраас дүгнэж буй талаар албан бичиг 2020 оны 1 сарын 4-нд ирсний тул бид тэмцээнд оролцохоо цуцлаагүй юм. (Тэмцээн зохион байгуулагчаас ирсэн албан бичгийг хавсаргав)
Дэрэн хөлбөмбөгийн клубынхан бид “шударга” байх зарчимтай, тиймдээ ч бид Ухань хотод тэмцээнд оролцсон тухай чимээгүй өнгөрөхийг бодоогүй. Мөн ямар ч баримт нотолгоогүйгээр халдваргүй гэж амиа аргацаасан улгүй мэдэгдэл хийж, ёс зүйгүй хандаж болохгүйг ч бид ухамсарлаж хүлээцтэй байсан. Дэлхийгээрээ бүгд л шинэ зүйлтэй тулсан тул оношлуур бэлэн хаана ч байгаагүй. Монголд Япон улсаас 2020 оны 1-р сарын 28-нд шинэ вирусын оношлуур ирж, хүүхдүүдийг хамруулснаар багийн хүүхдүүд болон албаны хүмүүс шинэ вирусын халдвар аваагүй болохыг баталгаажуулсан тул олон нийтэд ийнхүү мэдэгдэл хийх боломжтой боллоо.
Дэрэн хөлбөмбөгийн клубынхан бидний зорилго бол,
- Хөлбөмбөгөөр дамжуулан Монголын ирээдүйг бүтээгч иргэд болсон хүүхдүүдээ ЗӨВ ХҮН болж төлөвшихөд нь хувь нэмрээ оруулах
- Монгол улсад хөлбөмбөгийн спортыг хөгжүүлж дэлхийн түвшинд хүргэхэд хувь нэмрээ оруулах юм.
Энэ зорилгын төлөө бид 2008 оноос эхлэн ажиллаж байна. Монгол хүүхдүүдээ эрүүл биетэй, саруул ухаантай, бусдыг хүндэлдэг, зорилгын төлөө өрөөл бусадтай хүчээ эвлүүлж чаддаг, бусдын өмнө хүлээсэн үүргээ хариуцлагатай биелүүлэхийн төлөө бүх хүчээрээ чармайн зүтгэдэг, шударга бөгөөд хүнлэг Монголын иргэн болгохын төлөө, орчин нөлөөлөл болоод боломжийг хүүхдүүдэд буй болгохын төлөө ажиллаж ирсэн.
Хөлбөмбөг гайхалтай сайхан спорт, хүүхдүүд бие даасан, дайчин, эрэмгий болдог бөгөөд алаг бөмбөгөөр дамжин багийнхны итгэл ирж, бас бусаддаа итгэлээ өгч хамтарч үр дүнд хүрч, хамтдаа баярлаж, хамтдаа гуниж, хүмүүн харилцааны суурийг зүрхэндээ мэдэрч хамтын харилцаанд дуртай зүйлээрээ тоглонгоо суралцдаг. Дуртай зүйлээ хийж, нүд нь цогтой галтайгаар гялалзан гэрэлтэж, аз жаргалтайгаар суралцах боломжийг томчууд бид л ирэх ирээдүйн томчууд болох энэ цагийн хүүхдүүддээ олгох ёстой шүү дээ. Томчууд нь уужуу ухаан, хүнлэг сэтгэл дүүрэн бол Монголын ирээдүй тийм л болно гэдэгт итгэдэг юм, Дэрэнчүүд бид. Дэрэн клубт одоогоор 200 гаран хүүхэд тогтмол хичээллэж байна.
Бидэнтэй үргэлж хамт байж, дэмжиж тусалдаг бүхэндээ санааг тань зовоосонд хүлцэл өчье.
Биднийг цаашид ч дэмжиж тусалж байна гэдэгт та бүхэндээ итгэж байна.
Манай Дэрэнчүүд талбайн дээр ч, талбайн гадна ч өрсөлдөгчдөө, шүүгчдээ, тэмцээн зохион байгуулагчдаа, хөгжөөн дэмжигчдээ, багийнхнаа, бусад олныг эрхэмлэн хүндэлдэг зарчимтай.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.