Төлбөр дутуу төвлөрүүлсэн зөрчил илрүүлж, 761 сая төгрөг нөхөн авчээ

Авлигатай тэмцэх газраас “Өмнөговь аймгийн удирдах албан тушаалтнууд Цагаан хад-Гашуунсухайт чиглэлийн хилийн боомт хүртэлх 30.8 км ачаа тээврийн замыг нэр бүхий компанид эзэмшүүлж, замын хураамжийн орлогоос ашиг хүртдэг” гэх агуулга бүхий гомдол мэдээллийг хянаж, илэрсэн зөрчлийг арилгуулахаар зөвлөмж хүргүүлжээ.
Тодруулбал, Өмнөговь аймгийн Засаг даргын 2024 оны А/350 дугаар захирамжаар Цагаанхад-Гашуунсухайт боомт чиглэлийн 30.8 км авто зам, зурвас газрыг нэр бүхий төрийн бус байгууллагад гурван жилийн хугацаагаар эзэмшүүлэх гэрээг байгуулсан байна. Гэрээний үүргийн хэрэгжилтийг судлахад авто зам гэрээгээр эзэмшигч нь орон нутгийн зам, замын байгууламж ашигласны төлбөрийн тодорхой хувийг аймгийн авто замын санд бүрэн төвлөрүүлдэггүй, нөгөө талаас гэрээний үүргийн хэрэгжилтийг хангуулах талаар холбогдох арга хэмжээ авдаггүй байжээ. 2024, 2025 онд уг авто замаар аж ахуйн нэгжүүдийн давхардсан тоогоор 95840 удаа зорчсоны төлбөр болох 958.3 сая төгрөг төвлөрүүлэх ёстой байтал 438,2 сая төгрөг төвлөрүүлсэн, гэрээний талууд нь ашиг сонирхлын зөрчилтэй, бусдад давуу байдал үүсгэсэн зэрэг нөхцөл байдал тогтоогджээ.
Өмнөговь аймгийн Засаг даргаас төлөвлөгөөт бус хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж, дутуу төвлөрүүлсэн 103,040,000 төгрөг, дутуу мэдээлсэн 65,815 рейст ногдох 658,150,000 төгрөг, нийт 761,190,000 төгрөгийн төлбөрийг орон нутгийн авто замын санд төвлөрүүлэх арга хэмжээ авсан байна.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.