Нийгмийн

"НАМЗХ Жендрийн тэгш оролцоог анхаарах цаг ирсэн”

-Сайн байна уу. Та эхлээд өөрийгөө танилцуулахгүй юу?

-Сайн байна уу. Намайг Ц.Үүрцайх гэдэг. Одоо УИХ-ын Тамгын газарт улс төрийн алба эрхэлдэг, хажуугаар нь “Залуу судлаачыг дэмжих сан”-ийн хүний эрхийн  судалгааны багт ажиллаж байна. Мөн олон улсын байгууллагын залуусын оролцооны төсөл дээр ажиллаж байна. Өмнө нь Монгол Ардын Намын намын дэргэдэх Стратеги академид ажиллаж байсан.

-Тэгэхээр та намын гишүүн үгүү?

-Тийм ээ. 2011 онд Монгол Ардын Намд гишүүнээр элссэн. Мөн 2017 онд дэргэдэх залуучуудын байгууллага Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны гишүүнээр элссэн.

-Улс төрд эмэгтэйчүүдийн оролцоо бага байдаг нь намуудад бага байгаатай холбоотой. Тэгвэл намын дэргэдэх залуучуудын байгууллагад эмэгтэйчүүдийн оролцоо хэр байдаг вэ?

Улс төрийн намууд болон залуучуудын байгууллагын анхан дунд шатанд харин ч эмэгтэйчүүдийн оролцоо, идэвхи чармайлт сайн байдаг. Үе үеийн сонгуулийн санал хураалтанд оролцсон байдал, мөн төрийн алба болон нийгмийн үйл хэрэгт эмэгтэйчүүдийн оролцоо илүү сайн байдаг. Боловсрол, мэдлэгийн хувьд ч дээд боловсрол эзэмшигчдийн 60 гаруй хувь нь эмэгтэйчүүд байна. Харин удирдах түвшинд ирэхээр урвуу болчихоод байдгийг бид мэднэ. НАМЗХ-нд мөн ийм байдалтай байна. Ардчиллын үнэт зүйл бол тэгш оролцоо шүү дээ. Ардчиллыг бэхжүүлэгч байгууллагынхаа хувьд намууд, намын дэргэдэх залуучуудын байгууллага хүйсийн тэгш оролцооны тал дээр бодитой алхам хийх хэрэгтэй байна. Монгол улс дэлхийн эдийн засгийн форумын энэ оны тайланд улс төр дэх хүйсийн тэгш оролцооны үзүүлэлтээр 152 орноос 120-д бичигдэж байна. Монгол улсын хамгийн муу үзүүлэлт улс төр дэх хүйсийн тэгш оролцоо байна. Үүний шалтгааныг олох хэрэгтэй. Эмэгтэйчүүдийг улс төрд дэмжих, бэлтгэх намуудын бодлого, хөтөлбөрүүд дутагдалтай байна уу, эсвэл эмэгтэйчүүдийн зориг, тэмүүлэл дутагдаж байна уу,  хүсч тэмүүлдэг ч өөрийгөө дутуу үнэлэх, итгэлгүй байдал нөлөөлж байна уу,  манлайллын чадварын асуудал байна уу, аль эсвэл мөнгө санхүүгийн бэрхшээл үү? тэгш оролцооны нийгэм, эдийн засагт үзүүлдэг ач холбогдолыг бид бүгд анзаарахгүй байна уу гэсэн олон асуудлууд гарч байна.

Ямартай ч энэ асуудлуудын зангилааг олж тайлах ажлыг алхам алхамаар эхлүүлж бодитой ахиц дэвшил гаргах нь чухал юм. Шийдвэр гаргалт дахь хүйсийн тэгш оролцоо, иргэдийн амьдралын чанарын үзүүлэлт холбоотой асуудал юм байна гэдгийг олон улсын туршлагаас бид харж байна. Тогтвортой хөгжлийн 5 дугаар зорилт жендрийн тэгш байдлыг хангах тал дээр Скандинав, Европын олон орнууд хамтын шийдвэрийн төлөө жендрийн тэгш оролцоонд бодитой ахиц гаргаж байгааг бид харж байна. Тэгш оролцоо хангагдаад ирэхээр нийгмээрээ хүний эрхийн асуудал гэж үздэг учир эмэгтэйчүүдийн оролцоог онцгойлон авч үзэн ярих шаардлагагүй хэмжээнд хүрсэн байна. Монголд хол зөрүүтэй байгаа болохоор онцгойлон ярихаас өөр аргагүй байдаг.  

-МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллагад тэгш оролцооны “НАМЗХ 50:50 санаачилга”-ыг эхлүүлсэн байна. Яагаад энэ санаачилгыг өрнүүлэх болсон бэ?

-Тиймээ. НАМЗХ бол Монгол Ардын Намын дэргэдэх залуучуудын байгууллага. Намын ирээдүйн залгамж халааг бэлтгэх, хөгжүүлэх, залуучуудын улс төрийн боловсролыг дээшлүүлэх, хоорондын харилцаа холбоог бэхжүүлэх зэрэг үйл ажиллагаа явуулдаг. Мөн нийгмийн ардчиллын үзэл баримтлалыг дэмжигч залуусын нэгдэл юм. НАМЗХ байгуулагдаад 23 жил болж байна. Өнгөрсөн хугацаанд Монгол орны өнцөг булан бүрт хүрээгээ бэхжүүлсэн, үндэсний хэмжээний залуучуудын байгууллага болсон бүтээлч он жилүүд байсан. Одоо ч НАМЗХ-ны шинэ бүтэц бүрэлдэхүүн олон шинэлэг арга хэмжээ, үйл ажиллагаануудыг зохион байгуулан ажиллаж байна. Энэ эрч хүч, эрмэлзэлээрээ залуу эмэгтэйчүүддээ улс төрийн тэгш оролцооны үүд хаалгыг нээж өгөх тэргүүний зорилт дэвшүүлэн хэрэгжүүлэх нь чухал гэж бид үзсэн. Одоогийн байдлаар 70000 орчим залуучуудыг эгнээндээ нэгтгэсэн гэсэн албан бус тоо байдаг ч НАМЗХ-ны удирдлагын баг бүрэлдэхүүнд жендрийн тэгш байдал хангагдаагүй, хол зөрүүтэй байдаг.

Өөрөөр хэлбэл НАМЗХ-ны 17 дэд ерөнхийлөгчийн 4 нь буюу 23,5% нь эмэгтэй, 65 удирдах зөвлөлийн гишүүдийн 10 нь буюу 15,3% нь эмэгтэй байна. Иймээс улс төр дэх жендрийн тэгш байдлын асуудалд ойрын ирээдүйд бодитой ахиц гарахгүй байх гэсэн залуучуудын илтгэл буурах эрсдэлтэй болж байна. Цөөн хүний санаачилга олонхийн саналаар дэмжигдэхгүй, хүчгүй байх нь тодорхой. Иймээс НАМЗХ-ны жирийн гишүүд нэгдэж энэ санаачилгыг өрнүүлэхээр болсон. НАМЗХ тэгш оролцооны алхам нь намуудын болон, улс төрийн эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хангах, ардчиллыг бэхжүүлэх үйл хэрэгт чухал алхам болно гэж бид харж байна. Үүнийг залуучууд нь ярьж манлайлж, эхлүүлэхгүй юм бол өөр хэн эхлүүлэх билээ. Бодлогын өрсөлдөгч хүчин Ардчилсан Намын дэргэдэх АЗХ 2017 онд удирдах бүрэлдэхүүн дэх жендрийн харьцааг 50:50 болгосон байдгийг дурьдах нь зүйтэй.

-Хэрвээ та бүхний энэ санаачилга биелэлээ олвол ирээдүйд, нийгэмд ямар эерэг өөрчлөлтүүд гарна гэж үзэж байна вэ?

 -10, 20 жилийн дараа бид ардчилал, хүний эрх, тэгш оролцоог хангахад залуучуудын байгууллагын хувь нэмэр юу байх вэ гэдэг асуудлаас эхэлнэ. Энэ хэвээрээ яваад байвал улс төрд хүйсийн тэгш оролцоогоороо дэлхийд сүүл мушгисан хэвээр, нөгөө л тэгш оролцоо, квотоо яриад л байж баймааргүй байна. Тэр үед жендэрийн тэгш оролцоо хангагдчихсан, илүү дэвшилтэт хөгжлийн хандлага, үзэл санаа, шийдлийг хамтдаа мөр зэрэгцэн хэлэлцэж шийдвэрлэх түвшинд хүрсэн байх нь чухал юм. Эмэгтэйчүүдийг гэртээ хүүхэд төрүүлээд төрөөс халамж хүсээд сууж байдаг идэвхигүй, хүчгүй, улс төрд дагалдагч хүмүүс байдлаар үнэлдэг байдлыг эргэн харах хэрэгтэй. Залуу эмэгтэйчүүд нийгмийнхээ идэвхитэй оролцогч байж хөдөлмөр эрхлэлтийн аятай нөхцөл, карьер хөгжил, оролцооны таатай зохицуулалтууд нийгэмд үгүйлэгдэж байна. Гэр бүл, хүний эрхийн олон асуудал, хүрээлэн буй орчины өөрчлөлт, цаашлаад хүний хөгжилд суурилсан төсвийн  төлөвлөлт, зарцуулалт гээд нийгэм, эдийн засгийн олон асуудалд дуу хоолойгоо хүргэх орон зай дутагдаж байна. Үүний эхлэл нь намын дэргэдэх залуучуудын байгууллагын тэгш оролцоо гэж бид үзсэн. НАМЗХ ирээдүйдээ тэгш оролцоог үлдээж чадахгүй юм бол мянга нийгмийн ардчилал, хүний эрх, манлайлал яриад яах билээ. Үүнийгээ бид үйл хэрэг болгох хэрэгтэй юм. Тухайлбал би 2 охинтой,  миний 2 охин, тэдний үе тэнгийн бүх охидыг ирээдүйд насанд хүрэхэд нь улс төр, нийгмийн оролцоо, ажлын карьерт нь хүйсээс хамаарсан ялгаатай нөхцөл, тэгш бус байдал бүрэн арилж нийгмийн амьдралд тэгш оролцох суурь орчин бүрдсэн эерэг өөрчлөлтүүд бий болсон байгаасай гэж хүсдэг. Тиймээс энэ санаачилгыг өрнүүлж эхэлсэн.  

-Тэгвэл НАМЗХ-ны удирдах бүрэлдэхүүнийг 50:50 болох боломжтой юу? Улс төрийн идэвхитэй залуу эмэгтэйчүүд хэр олон байдаг вэ?

-Боломжтой. Би сая дурьдсан. НАМЗХ бол Монголын өнцөг булан бүрт салбартай 70,000 орчим гишүүдтэй гэж. Нийслэл нь дүүрэгтээ, дүүрэг нь бүх хорооддоо, аймаг нь бүх сумандаа салбартай, салбар бүр олон арван гишүүдтэй. Анхан, дунд шатандаа эмэгтэйчүүд маш идэвхи, чармайлттай ажилладаг. Оролцоо, үйл хэргээрээ манлайлж буй цаашид ч манлайлах хүсэл тэмүүлэлтэй эмэгтэйчүүд НАМЗХ-д олон бий. Тэдгээр залуу эмэгтэйчүүдийг чадавхижуулах тусгайлсан зорилт хөтөлбөр, хүний нөөцийн бодлого үгүйлэгдэж байна гэхэд хэтрүүлсэн болохгүй. Эмэгтэйчүүдийн тэгш оролцоонд ард түмний уламжлалт хандлагын хувьд эрэгтэй, эмэгтэй хоёр улс төрч яг адилхан алдаа дутагдал гаргахад эмэгтэйг онцолж шүүмжилдэг болохоор залуу эмэгтэйчүүдийн итгэл, урам зориг мохох эрсдэлтэй байна. Гэхдээ энд уламжлалт хандлагыг энд ярихаас илүүтэй шинэ мянганы Миллениалууд болон Z үеийнхний үнэт зүйл, хандлага, ойлголт өөр болж байгааг бид харж байна. Дэлхийн 3 хүн тутмын 1 нь, Монголын 2 хүн тутмын 1 нь шинэ үеийн залуучууд болсон байна. Энэ үеийн залуучууд хүний эрх, амьдралын минимал хэв маягийг илүүд үздэг, тэгш бус байдлыг шүүмжилдэг, олон зүйлийг амжуулж оролцож чаддаг зэрэгт нийцүүлсэн улс төрийн шинэ хандлага сэтгэлгээг бий болгох хэрэгтэй. Энэ үүднээсээ залуу эмэгтэйчүүдийн улс төрийн тэгш оролцооны эхний алхам бол НАМЗХ-ны удирдах баг бүрэлдэхүүнд хүйсийн тэгш оролцоог хангах нь чухал юм. 15%-аас 50%-д хүргэх мэдээж амар биш. Гэхдээ гишүүдийнхээ зүгээс гаргаж буй энэ санал санаачилга, нийгмийн өөрчлөлт, хүлээлтийг соргогоор мэдэрч хамтдаа урагшлахыг уриалж байна.

Зөвхөн НАМЗХ-ны биш ер нь намуудын хүний нөөцийн бодлого ойлгомжтой, нээлттэй байх ёстой. Мерит зарчимын дагуу сайн дурын ажилтнаас намын гишүүн болох, гишүүнээр элсээд хэдэн жил, юу санаачлан хийж ямар карьерт хүрэх юм, боловсрол, ур чадварын ямар шалгуур тавих юм, орон нутаг, дүүрэг, аймаг, нийслэл, УИХ-ын сонгуульд нэр дэвшихийг хүсч буй залуучууд хаана, хэнд хандах, идэвхи, оролцоо, ур чадварыг нь ямар зарчмын дагуу, ямар аргаар хэрхэн үнэлж хэмждэг юм зэрэг ойлгомжгүй олон асуудлууд байна. Үүнийг хүний нөөцийн бодлогодоо маш тодорхой бичиж үлдээж байж чадварлаг залуучууд улс төрд орох хаалгыг нээж өгөх юм. Өөрөөр хэлбэл улс төрийн карьерийн замын зураг тодорхой харагдах хэрэгтэй. Харагдахгүй байгаа учир залуучууд улс төрийг сонирхохгүй, сонирхож орсон нь шантрах, эргээд гарч байгаагийн нэг шалтгаан болвуу? Улс төр судлаачид намуудын хүний нөөцийн бодлогыг санхүүжилттэй холбож тайлбарладаг. Удахгүй УИХ-аар хэлэлцэх Улс төрийн намын тухай хуулиар санхүүжилтийн асуудлыг нарийн зохицуулж залуучуудын оролцоог дэмжсэн зохицуулалтууд тусна гэж найдаж байгаа.

-Санхүүжилтийн асуудал байдаг гэсэн санааг та хэллээ. Үүнийг та юу гэж харж байна вэ?

-Ямар ч төрийн бус байгууллага, холбоод үйл ажиллагаагаа явуулахад төсөв санхүүгүй бол урагшлахад хэцүү. Ихэнхдээ татвар, хураамжаараа зохицуулдаг. Ингэхээс ч өөр арга байхгүй. Харин залуучуудын сайн дурын оролцооны байгууллагын хувьд удирдах бүрэлдэхүүнийхээ татвар, хураамжийг нийгмийн дундаж давхаргын залуу хүний сарын дундаж орлоготой дүйцүүлэх зэрэг бодитой аргачлалаар тогтоож ил тод байдлыг хангах нь чухал. Өндөр байх тусам тэгш оролцоо хумигдана. Мөн Залуу эмэгтэйчүүдийг томоохон бизнес эрхлэгч эрэгтэй хүмүүстэй яг адилхан байдлаар хураамжыг тогтоох нь хэр зөв бэ? гэдгийг өргөн хүрээний хэлэлцүүлгээр ярилцах хэрэгтэй. Улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд уян хатан хандлага хэрэгтэй байна.

-Эмэгтэйчүүд нэгдэж НАМЗХ-ны удирдлагад орох санаачилга байна гэж харж байж болох юм?

-Бид өөрсдийнхөө төлөө биш бусдын төлөө энэ санал санаачилгыг гаргасан. Удирдах зөвлөлийн тэгш оролцоо нь хэдэн хүний тухай ярьж байгаа жижиг асуудал мэт боловч тэгш оролцоо, хүний эрх, ардчилал, нийгмийн гүнзгий агуулгатай санал санаачилга гэдгийг олж хараасай гэж хүсч байна. Би одоо 33 настай, 2 жилийн дараа НАМЗХ-ны дүрмийн дагуу гишүүнчлэлээс гарна. Би ч биш НАМЗХ-ны бүх гишүүд дүрмийнхээ дагуу насны хязгаараа дагаад гарна. Цаашдынхаа карьерийг үргэлжлүүлээд л явна. Дахиад олон мянган залуучууд бидний араас түрэн орж ирнэ. Энд байгаа хугацаандаа бид хамтдаа ирээдүйд олон чадварлаг залуу эмэгтэйчүүдэд тэгш боломжийн үүд хаалгыг нээх эхлэлийг нь ч болов тавиад дараа үедээ үлдээх ёстой гэж үзэж байна. Тэгш оролцооны асуудал яригдаж эхлэх нь цаг хугацааны л асуудал байсан гэж бодож байна. Гэтэл бидний хэн нь ч өнгөрсөн цаг хугацааг нөхөж чаддаггүй шүү дээ.

-2020 оны сонгуулийн бэлтгэл ажлын үед энэ санаачилгыг хүлээн авч өөрчлөлтийг НАМЗХ хийж амжина гэж бодож байна уу? Цаг хугацааны хувьд тохиромжтой юу?

-Зарим хүмүүс сонгуулийн үеэр юун 50:50 санаачилга вэ, амжих уу? гэж шүүмжилж болох юм. Харин ч тохиромжтой үе гэж хэлмээр байна. Шат шатны сонгуулиуд ойртсон байна. Сонгууль дөхөх тусам иргэдийн улс төрийн үйл явцыг анхаарах анхаарал сэргэдэг нь судалгаагаар харагддаг. 18-40 хүртэлх насны залуучууд Монголын нийт сонгогчдын 60 хувийг эзэлж байгаа гэсэн судалгаа гарсан байна. Энэ үед залуучуудын байгууллага тэгш оролцооны эхлэлийг тавих нь олон залуучуудад зөв манлайллыг харуулах боломж юм.

УИХ-ын сонгуулиас гадна 10 сард аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль болно. Орон нутагт сонгуулиудад өрсөлдөх эмэгтэйчүүд хэр олон бэлтгэсэн бэ гэдэг асуудал байна. НАМЗХ-ны орон нутгийн удирдлагуудын хувьд ярихад 21 аймгийн НАМЗХ-ны дарга ганцхан эмэгтэй байдаг. Нийслэл, 9 дүүргийн даргаар ажиллаж буй эмэгтэй байхгүй, тэргүүлэгчдийн хувьд дунджаар 20 байдгаас дийлэнх нь 1-5 дотор л байна. Үүнээс аймаг, нийслэл, дүүргүүд ч мөн эмэгтэйчүүдийг дэмжих байдал сул ойрын хугацаанд нэмэгдэх байдал харагдахгүй байгаа юм. Миний хэлэх гээд байгаа гол санаа бол төрийн, улс төрийн намын, намын дэргэдэх залуучуудын байгууллагын эмэгтэйчүүдийн оролцоог тус тусад ярих боломжгүй. Энэ нь улс төрийн намын хүний нөөцийн цогц асуудал юм. НАМЗХ бол МАН-ын залгамж халаа, ирээдүйд улс төрд орох шат дамжлага юм. Бид бүхэн НАМЗХ-ны бүх шатанд тэгш оролцоог хангагдах хүртэл санаачилгаа тууштайгаар өрнүүлэх төлөвлөгөөтэй байна. Яваандаа энэ санаачилга маань улс төрд залуу эмэгтэйчүүдийн үзэл бодол, харилцан хөгжил, манлайлал, уулзах орон зай болж үргэлжилнэ гэж итгэж, зорьж байгаа. Одоогийн байдлаар нийслэл, орон нутгийн НАМЗХ-ны эрэгтэй, эмэгтэй олон гишүүд энэ санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийлж эхэлсэн байгаад талархаж байна. Удахгүй энэ санаачилгын сайн дурын ажлын албаа өргөжүүлж уулзалтуудыг хийж цаашдын ажлуудаа төлөвлөхөөр бэлтгэж байна. Мэдээж энэ зорилго дор бидэнтэй нэгдэж дуу хоолой болохыг хүссэн хүн бүрт нас, хүйс, ажил мэргэжил харгалзахгүй нээлттэй гэдгийг хэлье.

-Энэ нь сайн дурын санаачилга учираас залууст хандсан уриалга хэлэх нь зөв болов уу?  

-Тийм ээ, баярлалаа. Хүндэт НАМЗХ-ны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчид, УЗ-ийн гишүүд, бага хурлын гишүүд, тэргүүлэгчид, нийт холбооны гишүүд та бүхнийг улс төр дэх тэгш оролцооны үүд хаалгыг ирээдүйдээ нээж өгөхийг уриалж байна. Эхний алхамаар НАМЗХ-ны удирдах баг, бүрэлдэхүүний хүйсийн тэгш оролцоог 50:50 хувь болгох санаачилгыг хүлээн авч бодлогын түвшинд анхааралдаа авч хэрэгжүүлэхийг уриалж байна.

Та бүхэн бидэнтэй нэгдэж залуучуудын хамтын, тэгш оролцооны “НАМЗХ 50:50” санаачилгыг дэмжээрэй, дэмжиж байвал нэгдээрэй, үйл хэргээрээ оролцоорой гэж уриалж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2020-03-30 14:13

Жендэр гэхээр удирдах дээд �##�банд эмэгтэйчүүд 50 хувь байх ёстой гэдэг муйхар шаардлага тавих юм. Үүнийг сонгогчид мэддэг.байх аа. Одоо эрчүүдийн нас богино, эмч багш эрчүүд цөөхөн. Жижүүр хийлгэнэ. Шудрага уу

lol
lol
2020-03-31 11:16

shiidver gargah, bodlogo togtooh, uls oron udirdah alband emegtei hun baij ehelsen tsagaas l uls undesten moholruugee ter emsiinhee toogoor 1 1 shataar oirtoj baigaa yum

Холбоотой мэдээ

Back to top button