Сурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: Ердийн жишгээс 20-25 хувиар хямд бараатай “Арви” дэлгүүрийн ашиг хараагүй холч ухаан

2020 оны тавдугаар сард нийтлэгдэж байсан сурвалжилгыг сэргээн нийтлэв.

2017 онд “Шарк танк” нэвтрүүлгийн эхний улирал үзэгчдийн хүртээл болсон. Үүгээр эдийн засагч мэргэжилтэй Б.Ойдовын бизнес цөөнгүй хүний анхаарлыг татсан нь “Арви” анхдагч үнийн дэлгүүр. Б.Ойдов дэлгүүрийнхээ бүх барааг үйлдвэрийнх нь үнээр, нэг ч төгрөгний нэмүү өртөг шингээхгүйгээр худалдана хэмээж байв. “Тэгээд яаж ашиг олох болж байна” гэж шаркууд гайхсан. Харин дэлгүүртээ гишүүн элсүүлж, гишүүний хураамжаар орлого олох үндсэн концепцоо Б.Ойдов танилцуулсан юм.

Санаа үйлдвэрлэгчдийн сэтгэлийг ихээхэн татсан. Ялангуяа “Өгөөж чихэр боов” компанийн захирал С.Түмэнгэрэл шарк энэ бизнесийг сонирхож, Л.Чинбат шаркыг хамтарч орохыг хүссэн байдаг. Ингээд тэд Б.Ойдовын хүссэн 100 сая төгрөгийг компанийн 20, 20 хувь дээр тохирч, “дийл” хийгдсэн.

Нэвтрүүлэг цацагдсанаас хойш хоёр жил хагасын хугацаа өнгөрөхөд “Арви” шаркуудаас 100 сая төгрөгийн санхүүжилтээ авч чадаагүй юм. Гэхдээ үйл ажиллагаагаа зогсолтгүй явуулж, өргөжсөөр өнөөдөр зургаан мянган орчим бараатай, 2500 гишүүнтэй болж чаджээ.

Биднийг 5 буудалд байршилтай “Арви” анхдагч үнийн дэлгүүр дээр ирэхэд хүмүүс, худалдан авагчид тасрахгүй байгаа нь анхаарал татсан юм. Улаан өнгийн өмсгөлөөр жигдэрсэн худалдагч, үйлчлэгчид нь өөдөө уруугаа гүйлдэн ажилдаа махарч байгаа нь ажиглагдана. Дэлгүүр хоёр давхар юм байна. Хоёр дахь давхартаа хүнсний бүтээгдэхүүн төрөлжүүлэн өрсөн бол нэг давхарт нь гэр ахуйн бараа худалдаалагдаж байна.

Харин нэвтрүүлэгт анх орж, танилцуулж байснаас өөрчлөгдсөн зүйлс нь зарим нэр төрлийн бараандаа дээд талдаа 10 орчим хувийн өртөг нэмж худалддаг болжээ. Учир нь хүмүүс тэр бүр тогтмол аваад байдаггүй, удаан эргэлттэй барааг шууд үйлдвэрийн үнээр худалдах нь ихээхэн алдагдал учруулдаг байна. Харин бүх төрлийн бараанд нь ерөнхий тооцоолол хийж үзэхэд ердийн дэлгүүртэй харьцуулбал даруй 20-25 хувийн хэмнэлт хийж болох юм байна.

Мөн дөрөвдүгээр сарын 20-ноос эхэлж тэд гишүүнчлэлийн төлбөрөө тэглэсэн байхтай нь бид таарав. Цар тахлын, хямралын үеийг тохиолдуулан авч хэрэгжүүлж буй дотоод бодлого нь энэ аж. Одоо “Арви” дэлгүүрийн гишүүн болоогүй ч гишүүний үнээр бараа худалдан авах боломжтой болжээ. Хэдий хэр хугацаанд гишүүнчлэлийн төлбөрөө тэг байлгахаа Б.Ойдов хараахан хэлж мэдэхгүй байгаа гэв.

“Арви” дэлгүүрийн үүсгэн байгуулагч Б.Ойдовтой дэлгэрэнгүй ярилцлаа.


-ОДОО Ч САНААГАА ОЛООГҮЙ БАЙЖ МАГАД. ХАРИН ЗОРИЛГО УНТРААГҮЙ-

-“Арви” дэлгүүр 2017 оны “Шарк танк” нэвтрүүлгээр анх олонд танигдсан. Нэвтрүүлэгт орохын өмнө дэлгүүр үйл ажиллагаа явуулж эхэлсэн байв уу?

-2017 оны зургаадугаар сараас дэлгүүрээ нээх бэлтгэл ажлыг хийж эхэлсэн гэж болно. Ер нь яг нэвтрүүлэгт оролцох үед зэрэгцээд л дэлгүүр маань үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Байраа шийдчихсэн, бараагаа татаад эхэлчихсэн байлаа.

-Барааг үйлдвэрийн үнээр нь зарж, гишүүнчлэлийн төлбөрөөр ашиг олох бизнесийн концепц нь хүмүүст нэлээд таалагдсан, анхаарлыг нь татсан шүү дээ. Ийм санаа танд анх хэзээ төрсөн бол?

-Энэ санааг анх 2003 онд “Номин”-д ажиллаж байхдаа л боддог байсан. Хүмүүст яаж хямд үнээр бараа худалдаж болох вэ гэж бодож, шийдлээ хайгаад л. Дараа нь Австралид сурч байхдаа тэндхийн дэлгүүрүүдээс санаа авсан. Гэхдээ санаа гэж яривал одоо ч санаагаа олоогүй байж магад. Гол нь надад хэрэглэгчдэд яаж анхдагч үнээр нь, хямд бараа хүргэх вэ гэдэг асуулт л байсан. Одоо хэр шийдлээ хайж байна гэмээр.

-Тэгвэл тэр асуулт тань хэзээ анх төрсөн юм бол?

-Би их сургуулиа төгсөөд “Номин”-д худалдааны борлуулалтын чиглэлээр ажилласан л даа. Энэ үед л тэр асуулт маань төрсөн юм. Мэдээж 1000-аар авсан юмаа 1000-аар зарна гэдэг яаж ч бодсон хэцүү шүү дээ. Тиймээс тэр асуултынхаа хариултыг өнөөдөр бүрэн олчихсон юм биш. Юутай ч болох, болгох ёстой, эхлүүлье гэж санасан. Сүүлийн хоёр жил хагасын хугацаанд бид янз янзаар л оролдож байна. Гол нь зорилго маань урагш чиглүүлж байна. Зорилгодоо хараахан хүрээгүй ч, хүрэх гээд тэмүүлж буй процесс явж байна гэж болно.

-Та эдийн засагч мэргэжлээр СЭЗИС-ийг төгссөн гэсэн үг үү?

-Үгүй, МУИС-ийн Эдийн засгийн сургууль шүү. 1999-2003 онд Бизнесийн менежмэнтээр сурч төгссөн.

-Яагаад энэ мэргэжлийг сонгож, суралцах болсон бэ. Тэр үед хүмүүс мэргэжлээ халтираад сонгочихдог байсан тал бий?

-Би бол халтирч сонгоогүй ээ. Би 2-р сургуулийн математикийн ангийг төгссөн, математик суурьтай байсан. Конкурс өгдөг тэр жил таван сургуулийн хуваарь авсан байсан. Аав маань өөрөө барилгын инженер хүн намайг тул архитектор, барилгын инженер болгох сонирхолтой байсан. Тэр мэргэжлийн сургуулиудад нь тэнцсэн. КТМС-д программ хангамжийн чиглэлээр бас тэнцсэн. Тэгээд өөрийн хүслээр эдийн засгийг сонгосон доо.

Надад яагаад эдийн засаг таалагдсан бэ гэхээр, энэ ерөөсөө хүний өдөр тутмын амьдралын асуудал. Анхан шатны эдийн засгийн мэдлэг хүн болгонд байх ёстой. Тэгж гэмээ нь хувь хүн өөрийнхөө хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд дөхөм болдог. Сургуульд хамгийн анх заадаг зүйл нь л, хязгааргүй хэрэгцээг хязгаарлагдмал нөөцөөр хэрхэн хангах асуудал. Хүн өөрөө хязгааргүй хэрэглээтэй. Тэрийг өөрт байгаа нөөцөөр зохицуулах ухаан юм гэдгээр нь их сонирхож байсан. Мөн би багадаа картын барааны үеийг туулж өнгөрүүлсэн тул эдийн засаг улс орны хөгжилд чухал нөлөөтэй юм байна гэж ойлгосон байсан. Ингээд л сонгосон доо.

-Мэргэжил нэгтнүүдтэйгээ үзэл санаа зөрчилдөх явдал байдаг уу?

-Ер нь бол зөрчилддөг. Хүн хүний ойлгоцын л асуудал юм шиг билээ л дээ. Мэргэжил нь хэдий эдийн засагч боловч хувь хүн, хүмүүжил талаасаа “өөр” бол бусдын төлөө ажиллахгүй шүү дээ.

Ашиг гэдэг ерөөс анхдагч хэрэгцээ шүү дээ. Харин анхдагч хэрэгцээгээ хангахын тулд л бизнес хийж, улайрч байна гэдэг түвшний хувьд доогуур байгаа хэрэг гэж боддог. Ашиг чухал байж болно, зорилго л хамгийн чухал. Зорилго нь тухайн хүнээсээ шалтгаалж бас янз бүрийн түвшинтэй. Ангараг дээр гарна гэсэн зорилго тавьчихсан залуус ч байна шүү дээ. Хүн хэдий хэмжээнд өөрийгөө задалж, хөгжүүлж чадна тэр хэрээр том зорилгын араас явдаг гэж би боддог.

-ЭДИЙН ЗАСАГ БОЛ УЛС, ЭХ ОРНЫ ТӨЛӨӨХ ШИНЖЛЭХ УХААН-

-Шарк танк-д оролцох үеэрээ та эдийн засгийг бусдын төлөө ажиллах ёстой шинжлэх ухаан гэж ярьж байлаа. Энэ таны хувийн бодол уу. Эсвэл номын дууг нь сонссон хүний хувьд, угаас зүй нь тэр юм уу?

-Ер нь хүний натурал шинж чанараас шалтгаалж аливаа юм хоёр, гурван тийшээ салчихдаг. Өөртөө ашиг олох чиглэлд, эсвэл нийгэмдээ тустай юм хийж бүтээх чиглэлд гэхчлэн. Бүх л шинжлэх ухаан тэгэх болов уу гэж боддог. Нэг том нээлт нэг компанид ашигтай байдлаар, нэг бол хүн төрөлхтөнд ашигтай байдлаар хэрэглэгдэж болно.

Би ер санамсаргүй зүйл гэж бараг байдаггүй байх аа гэж боддог. Гэв гэнэт санамсаргүй эдийн засагч болчихсон зүйл байдаггүй байх. Явж, явж хүн өөрийгөө олох л хамгийн чухал шүү дээ. Гал унтрааж буй хүн өнөөдөр гайхамшигтай хүн байдаг байхгүй юу.

Манайханд аминч үзэл их байна л даа. Өөрийгөө, их яваад гэр бүл, хамаатан садныхаа хүрээллийг л бодож амьдардаг. Энэ муу биш л дээ. Гэхдээ түүнээс олон хүнд туслах боломжтой хүний хувьд бол тэр чамлалттай зүйл. Одоо “Би”-гээс ангижиръя гэж ярьцгаагаад л байна. Ер нь бүх хүн бусдын төлөө л зорьдог болчихвол нийгэм маань эдийн засгийн  хувьд ч, орхигдоод буй хүний мөсийнхөө хувьд ч хөгжих боломжтой гэж хардаг. Эцсийн эцэст эдийн засаг бол улс, эх орны төлөө л шинжлэх ухаан. Зарим хүн үүнийг ойлгоогүй учраас өөртөө ашиг олох хэлбэрээр л хардаг.

-Та багадаа хэр чинээлэг айлд өсөж торнисон бэ?

-Ердийн л айлд өссөн. Миний бага нас картын барааны хэцүүхэн үед өнгөрсөн. Бид эхээс дөрвүүлээ, би дундах нь. Ээж багш, аав барилгын инженер. Хоёр идэхгүй, хоосон хонохгүй гэдэг шиг л амьдардаг байсан. Ер нь тэр үеийн айлуудын жишиг л дээ. Багадаа ер нь дуугүй, зожиг талдаа хүүхэд байсан. Ярьдаггүй, дотоод хүнтэйгээ ажилладаг. Янз бүрийн юм сонирхдог, ном их уншдаг. Гэрийнхнээсээ жаахан ондоо л хүүхэд байсан байх.

-Яриандаа Австралид байхдаа... гэж дурдаад өнгөрсөн. Австралид та сурч байв уу эсвэл ажиллаж, амьдарч байв уу?

-Бизнес менежмэнтийн чиглэлээрээ нэг жил хагасын хугацаанд суралцаад ирсэн. 2015 онд, гол нь энэ дэлгүүрээ нээе гэж зориод л наашаа маш хурдан ирсэн.

-Арви дэлгүүр таны эхлүүлсэн анхны хувийн бизнес үү?

-Би 2003 онд “Номин”-д орж, нэг жил ажиллаад “Мобиком”-ын Борлуулалтын хэлтэст дэвшиж орсон. Тэндээ 2008 он хүртэл ажиллаад, хувийнб бизнес эхлүүлэхээр гарч байсан. Уг нь ахлах мэргэжилтэн болчихсон байсан, тэр үед “мобиком” хамгийн өндөр цалинтай. Ийм байхад гарч хувийн бизнес хийнэ гэхэд гэр бүлийнхэн дургүйцдэг л байсан.

Гэхдээ тэрнээс ч өмнө оюутан байхдаа бизнес хийж байсан даа. Манай сургууль дотроо канон байхгүй. Хүүхдүүд өвөл замын цаад талд гарч хэрэгтэй зүйлсээ канондуулдаг, гадуур хувцасгүй гүйж гараад өвчин тусах нь элбэг байсан. Тэгэхээр нь сургуулийнхаа захирлыг канон илүүчлээч, эндээ ажиллуулж, оюутнууддаа цаас, хорны мөнгөөр нь үйлчилье гэж санал тавьсан. Сургуульд илүү канон байгаагүй тул бүтээгүй. Тэгээд дараа жил нь би талбай гуйсан. Ингээд өөрөө каноноо авчраад, 9 метр. кв талбайд суугаад эхлүүлсэн. Эхнэртэйгээ тэр үед танилцсан байлаа. Бид хоёр тэндээ нэг хүн ажиллуулчихна, хажууд нь нэг компьютер тавьчихсан. Давхар оюутнуудыг бие даалтыг шивж өгдөг байсан.

-2008 онд Мобиком-оос гараад эхлүүлсэн бизнес тань юу вэ?

-Ерөөс аливаа зүйл бол сонголтын л асуудал байдаг. Нэгийг нь хөөхөөр нөгөө нь алдагддаг. Би их сургуулиө төгсөөд “Номин”-д сарын 150 мянган төгрөгийн цалинтай ажилд орж байлаа. Харин сургуульд канон ажиллуулаад өдрийн 70-80 мянган төгрөгийн ашиг олдог байсан. Алийг нь сонгох вэ гэдэг асуулттай тулгарсан. Тэгээд л ажилд орохоор шийдэж, талбайгаа чөлөөлж өгөөд төгсөж байсан даа.

2008 онд барилгын материалын худалдаа эрхэлсэн. Ааваас 10 сая төгрөг зээлээд тухайн үед шинэ гарч байсан барилгын гипсэн хавтан татсан. Эхний таталтын машин нь Замын-Үүд дээр онхолдож, эвдрээд, эвгүй л эхэлсэн. Хүн ер нь ичимхий, аймхай байдаг. “Мобиком”-д ахлах мэргэжилтэн байж байгаад Зуун айлд лангуу түрээслээд сууна гэвэл надаас өөр хүн бол айна. Би айгаагүй, компьютерээ дэлгэж тавиад л, төлөвлөгөөгөө боловсруулангаа бараагаа зарж эхэлсэн.

Ингээд харахаар миний амьдралын бүх зүйл зорилго л байж. Мөнгө ерөөсөө байгаагүй. Мөнгө харсан бол би каноны бизнесээ өргөжүүлж болох байсан.

-Барилгын материалын худалдаа нь одоо юу болсон бэ?

-Эхнэр маань ажиллуулж байгаа. Би өөрөө “Арви” дэлгүүрээ нээхээр сэтгэл шулуудсан юм.

-Гишүүнчлэлийн төлбөрөөр ашиг олдог дэлгүүрийн санааг Австралиас олсон болов уу?

-Ер нь тийм шүү. Тэндхийн “Костко” дэлгүүр хэдэн мянган гишүүнтэй. Бараа нь хямдхан. Хүний хэрэгцээг бүрэн хангаж чаддаг дэлгүүр. Бас нээлттэй компани учраас хувьцааных нь ханш байнга өсөж байдаг. Бодитоос гадна бодит бус капитал нь дэлгүүрийн өөрийнх нь үнэ цэн. Дээхэн үеийн бизнеэс эрхлэгч ах нар, “Наймаанд найз байхгүй” гэцгээдэг байсан даа. Энэ нь хэн хэнийгээ монжиж байж л ашиг олно гэсэн үг. Энэ бол одоо үеэ өнгөрөөсөн, хоцрогдсон онол. Одоо чи ашигтай, би ч ашигтай, гурав дахь хүн ч ашигтай гэдэг зарчмаар. Тэр бүү хэл байгальд ч ашигтай байхыг чухал шаардлага болгож байна. Иймд бизнесийн циклд оролцож буй бүх хүмүүс ашиг олж байвал хамгийн ирээдүйтэй бизнес гэж хардаг.

-Арви дэлгүүрээ нээхэд эргэлзээ төрж байсан уу?

-Эргэлзээ байгаагүй. Алдаатай, оноотой шийдвэрүүд бол гардаг. Харин нэг ч хором эргэлзэж байгаагүй, одоо ч эргэлзээгүй. Хүнсний дэлгүүр өөрөө худалдааны маш хүнд загвар. Үүнийг өөрөө мэдсээр байж ийшээ орно гэдэг том зориг. Өнөөдөр манайд тав, зургаан мянган бараа бол байна. Энэ асар их тоо, үүнийг дагаад ажиллах хүч ч шаардагдана. Бид улам сайжруулахаар оролдож байгаа.

-ХЯМРАЛЫН ҮЕ БОЛ БИДЭНД ӨСӨЛТИЙН ҮЕ-

-Шарк танк-д ямар тохироо хийгдлээ. Миний санахаар та хүссэн 100 сая төгрөгийн санхүүжилтээ авахаар болсон?

-Анх нэвтрүүлэгт 100 сая төгрөгийг компанийнхаа 5 хувиар гэж орж ирсэн. Нэвтрүүлгийн үед 5 хувь нь 40 хувь болж өссөн. Гэхдээ би 5 хувийг компанийнхаа бүх хөрөнгийг оруулаад санал болгож байсан, байр байшин бүх юмтай нь. Харин шаркууд хөрөнгөө оруулаад хэрэггүй, зүгээр бизнес “санаа”-г нь оруулж тооцъё гэсэн. Ийм ялгаатай. Хүмүүс бараг үнэгүй өгчихлөө гээд л, нөгөө хэдэн шаркуудыг маань шуналтай гэхчлэнгээр ярьж байсан. Тийм биш л дээ.

-Нэвтрүүлгийн дараа хөрөнгө оруулалтаа аваагүй юм билээ шүү дээ?

-Үүнд ноцтой шалтгаан ер байхгүй. Нэвтрүүлгийн дараа би өөрөө энд салан задгай байлаа. Нөгөө талд шаркууд зав зай тун багатай улс. Тухтай уулзаж, учирч ч амжаагүй. Цаг хугацааны асуудал болоод л орхигчдихсон. Ер нь “дараа уулзъя” гэсэн тохироотой явж байгаа гэсэн үг.

-Яваандаа замхарчихсан гэсэн үг юм уу?

-Замхарсан гэсэн үг биш л дээ. Аливаа юманд цаг нь ирж, нөхцөл нь бүрдэнэ гэдэг маш чухал. Зарим гэрээ хэлцэл дөрөв, таван жил яригдаж байж хийгддэг. Ямар ч юманд цаг хугацаа хэрэгтэй. Түүнчлэн би бизнесээ хол явна гэж бодож байгаа учраас яараагүй.

-Ядах нь аа аман байдлаар больё, барья гэсэн тохироо хиймээр юм?

-Аан, би “Хүлээж чадахгүй нь ээ, больё. Би цаашаа явлаа шүү” гэж и-мейл илгээсэн. Мэдээж ор тас алга болж болохгүй.

-Би элдэв шуум сонссон л доо. Шаркууд яваад очтол эхлүүлсэн зүйл юу ч байгаагүй, их хэмжээний зээл хуй авчихсан байсан зэрэг яриа.

-Ёстой тийм зүйл байхгүй. Хүмүүс хувьдаа таамаглаж бодсоноо ингээд ярьчихдаг байх л даа. Би өнгөрсөн жил л нэг зээл авсан шүү дээ.

-Санхүүжилтээ аваагүй ч нэвтрүүлэгт орсноос хойш дэлгүүр тань хэр өсөж дэвжив. Та өсөлтийг нь тодорхойлооч?

-Өсөлт бол байгаа. “Шарк танк” бидний эхлэлийг тавьж, энэ механизмыг хөдөлгөж өгсөн. Үүнээс хойш яваад л байна. Дэлгүүр маань яалт ч үгүй нэг салбартай тул холоос зорьж ирэх хүмүүс бага. Гэхдээ энэ жилийн гуравдугаар сар, өнгөрсөн жилийн гуравдугаар сараас 30 хувийн өсөлттэй байгаа. Энэ бол аймаар том тоо.

Би анх бизнес эхлүүлж байхдаа 2020 онд эдийн засаг хямарна, хүмүүс хэмнэлт хийнэ гэдгийг тооцсон байсан. Коронавирусийг мэдээж тооцоогүй л дээ. Ер ипотекийн зээл олгож эхлэхэд л байдал тодорхой болсон. Үе үеийн Засгийн газар гал унтраах маягаар ажилласан, хэзээ нэгэн цаггт төлбөрийн чадваргүй болох нь ойлгомжтой байсан. Одоо сонгууль өнгөрөөд надад лав гэрэлтэй ирээдүй харагдахгүй байгаа.

-Бизнесийн концепц нь анх нэвтрүүлэгт ярьж байснаасаа өөрчлөгдсөн үү. Зарим бараан дээр тодорхой хувь нэмж худалдах ч юм уу?

-Тийм ээ, зарим бараан дээр хувь нэмж худалдах хэрэгтэй болсон. Эргэлт багатай бараа эргээд зардал үүсгэдэг. Тэр зардлыг нь хаах хэмжээнд үнэ нэмэх шаардлагатай болсон. Хүмүүс талх, сүүгээ өдөр болгон худалдаж авдаг. Харин үсний гелийг хаая нэг авна шүү дээ. Иймэрхүү барааг үйлдвэрийн үнээр зарна гэхээр ил алдагдалтай. Үүнээс бож нэг хэсэг нэлээд алдагдалтай ажилласан. Яг үндсэн концепц бол хэзээ ч өөрчлөгдөхгүй.

-Дээд талдаа хэдэн хувь нэмж байна?

-Ер нь хүнсний бүтээгдэхүүн 25 хувийн нэмэгдэлтэй байж байж дунд зэргийн дэлгүүр амьдарч чадна. Бид 10-аас хэтрүүлэхгүй л барина. Ингэхэд л хамгийн хямд дэлгүүр болох боломжтой. Яваандаа заавал үйлдвэрийн үнээр зардаг болно. Энэ алдагдлыг үүрээд удаан явах боломжгүй учраас ганц нэг нэмэхээс өөр арга байхгүй.

-За, гишүүнчлэлийн төлбөр хэд байна вэ?

-Зарим бараан дээр хувь нэмж зарж эхэлснийхээ хариуд гишүүнчлэл гэдэг зүйлийг төлбөргүй болгосон. Тодорхойгүй хугацааагаар. Үндсэн концепцоо алдахгүйгээр хүрэх арга замаа жаахан өөрчилж байна гэсэн үг. Бид дөрөвдүгээр сарын 20-ноос эхлээд гишүүнчлэлийн хураамжаа 0 болгочихсон байгаа. Манай дэлгүүр хямд үнэтэй. Хүмүүс энэ хямралын үед мөнгөө хэмнэх хэрэгтэй. Иймд боломжийг ашиглаж, гишүүнчлэлийн хураамж  гэж авахгүй байхар шийдсэн. Хүссэн хүн нь орж ирээд л гишүүний үнээр бараагаа авч болно.

-Өмнө нь ямар хэмжээний хураамж авдаг байсан юм бол. Хэдэн гишүүнтэй болсон байв?

-Жилийн 50 мянга, сарын 18 мянга, зургаан сарын 26 мянган төгрөг. Гишүүнчлэлийн карт өгдөггүй, батлах бичиг баримт байхад л хангалттай байсан. 2500 гаруй гишүүнтэй болсон байсан.

-Гишүүний хураамж авдаг байхад гишүүн бус хүмүүс дэлгүүрээр үйлчлүүлэх боломжтой байсан уу?

-Боломжтой. Ердийн үнээр худалдан авалт хийнэ гэсэн үг.

-Одоо ямар шинэ гарцуудыг олж харж, дотроо төлөвлөж байна вэ. Эсвэл хямралын үе гээд шинэ төлөвлөгөө гаргахаас азнаж байна уу?

-Энэ хямралын үе бол бидний хувьд өсөлтийн үе. Давуу талаа нэмж, сул талаа багасгаад л явах тусам бага багаар санасандаа хүрнэ. Бидэнд санхүүжилтийн асуудал сул тав хэвээр үү гэвэл хэвээр. Гэхдээ аймаар том асуудал биш. Барааны сонголт дээрээ одоо ажиллах хэрэгтэй л гэж харж байна. Хүний хэрэгцээг цөм хангах, гол өргөн хэрэглээний бараагаар хангая гэж.

-Та энэ бизнесээ эхлүүлснээс хойш юун дээр алдсан гэж бодож байна вэ?

-Алдсан уу гэвэл алдсаан. Том, жижиг олон зүйл дээр алдсан. Харин 2018 онд бизнесээ хурдан хугацаанд тэлэх гээд ажиллах хүчнийхээ тоог нэмж, мэргэжлийн үйлчилгээ их авч, зардлаа нэмэгдүүлсэн нь алдаа болсон. Тэвчээргүй загнасан, яарсан гэх юм уу. Гэхдээ энэ бол сургамж. Алдаа болгон багш байдаг.


-ЗАРИМ БАРАА ЕРДИЙН ҮНЭЭС 3000 ТӨГРӨГӨӨР ХЯМД БАЙНА-

Түүнтэй ярилцсаныхаа дараа дэлгүүрээр нь хамтдаа явж танилцав. Нэг давхарт хувцас хунар, бичгийн хэрэгсэл, аяллын майхан сэлт гээд ахуйн бүх л бараа өрөөстэй байна. Эд нь дээр дурдсанаар эргэлт удаантай бараандаа тооцогдох тул үйлдвэрийн үнээр биш, тодорхой хувийн нэмэгдэлтэй худалдаалагдаж байна. Гэхдээ тийм хэдий ч ердийн дэлгүүрээс үнийн хувьд хямд байгаа нь анзаарагдаж байв.

Алдагдлаа нөхөхийн тулд нэг давхрын зарим зай талбайгаа цайны газар, хүнсний ногооны худалдаачдад түрээслүүлжээ. Иймд дэлгүүрийн нэг давхар ерөнхийдөө бусад дэлгүүр, худалдааны төвөөс ялгарах онцлог багатай харагдаж байлаа.

Харин хоёр давхрын хувьд дүр зураг өөр байв. Энд бүх төрлийн хүнсний бараа, бүтээгдэхүүн байна. Бараа бүрийн доор ердийн үнэ ба гишүүний үнэ гэсэн хоёр төрлийн үнэ бичээстэй. Хэрэв “Арви” дэлгүүрийн гишүүн болсон бол гишүүний үнээр, болоогүй бол ердийн үнээр нь худалдаж авах юм.

Ингээд харахаар хоёр үнийн хооронд багадаа л 200-300 төгрөгийн зөрүү гарч байна. Ихдээ 2000-3000 мянган төгрөгийн ч зөрүү гарч байгаа нь үнэмлэхгүй хэмнэлт. Жишээлбэл Б.Ойдовын гэрийн ойролцоох дэлгүүрт 3000 төгрөгийн үнэтэй байдаг гэх тетрапак савлагаатай сүү энд 2560 төгрөг гэж байна. Энэ нь 100 хувь үйлдвэрийн үнэ аж.

“Арви” байнгын хэрэглэгчидтэй болжээ. Мэддэг, таньдаг хэрэглэгчид нь сагсаа түрэн орж ирээд бөөн бөөнөөр нь хүнс бараагаа татдаг юм байна. Эднийх нэгийг авсан ч, нэжгээдийг авсан ч адил үнээр худалддагаараа бөөний үнийн дэлгүүрээс ялгаатай.

Хамгийн чухал нь урьдчилж ашиг хараагүй, түргэн хөлжиж “томрохыг” зориогүй Б.Ойдовын зорилго унтраагүй ажээ. Тэр иргэдэд яаж хамгийн хямд үнээр бараа худалдаж болох вэ гэсэн нийгмийн хариуцлагат зорилго тавьж, түүндээ хүрэхийн тулд алдаж онон, шинийг сорьж, туршин “хар зориг” тойгоор хөдөлмөрлөж байна.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочинд
Зочинд
2020-05-17 11:33

Яаж энэ з�##�уу ийм зоригтой болох уу гайх�##�тай амжилт з�##�уу минь

kkk
kkk
2020-05-18 17:09

hudkaa gar mobicom borluulaltin alband 1 jil ajillasan bolood duussan er n bol anzaarsan ajldaa barag irdeggui garun useg zuruulah geed olddoggui bsan oldhooroo zurahgui gants sain huudeg ajil n hunii nuutstui hamt u/a songoh kkk

tumur
tumur
2020-07-28 10:14

Оросын нэг компани манай бараа бу�####�ас маш хямд гэж тв-гээр рекламдаад байхаар нь татварын �##�ба ш�##�г�##�т явуулсан чинь га�##�ь дээр хахууль өгдөг байсан нь илэрсэн

ssi
ssi
2022-03-30 20:14

Ene huneer mash ih baharhdag, ulger jishee hen ch margahgui mundag hun shuu

Холбоотой мэдээ

Back to top button