СПОРТЯрилцлага

Т.Үйтүмэн: УАШТ-ий дараа хүмүүс “Д.Банди нэг орос хүүхэд оролцуулаад шигшээд өрсөлдүүллээ” гэж билээ

ДАШТ-ий мөнгөн медальт, Гавьяат Т.Үйтүмэн манай сайтад энэ оны зургадугаар сард өгсөн дэлгэрэнгүй ярилцлагыг сэргээн нийтлэв

ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн аварга, Азийн наадмын хүрэл медальт, улсын зургаан удаагийн аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин Түмэнцэцэгийн Үйтүмэнтэй ярилцлаа. Монголын боксын спортыг нэгэн үе нуруундаа үүрч, нүүр царай нь болж явсан түүнд монгол түмэн үнэхээр их хайртай.

Тэрбээр 1997 онд дэлхийн дэвжээнээс мөнгөн медаль хүртэхдээ нэг жил хоёр өөр ерөнхийлөгчөөс төрийн томоохон шагнал авсан ховор хувь заяаны эзэн. Дэлхийн дэд аварга болоод ирэхэд нь тухайн үед Ерөнхийлөгч байсан П.Очирбат түүнийг “Алтан гадас” одонгоор шагнаж. Улмаар түүний дараа төрийн тэргүүнээр сонгогдсон Н.Багабанди Үүеэгийн энгэрийг Гавьяат тамирчин цолоор мялаасан юм. Тэгж Т.Үйтүмэн гавьяат нэг жил хоёр ерөнхийлөгчөөс төрийн томоохон шагнал хүртсэн түүхтэй.

“Бээжин-2008”-аас олимпын анхны аварга монгол боксчин мэндлэхэд тэрбээр зурагтаар тайлбарласан. Улмаар “Илүү, илүү” хэмээн уулга алдан, сэтгэл догдлон тайлбарласан нь трэнд үг болсон билээ.

БОКСЫН ЗААЛАНДАА ОРОХООР ХИЙМОРЬ СЭРГЭДЭГ

-Ойрд та тун завгүй яваа дуулдсан. Зодог тайлснаасаа хойш хувийн амьдралдаа түлхүү анхаарах боломжтой болсон нь мэдээж. Спорттойгоо холбоотой ямар нэгэн ажил хийж байгаа юу?

-Ерөнхийдөө спортоос тэс өөр салбарт хувиараа юм хийж байгаа. Өмнө нь бокс, бэлтгэл, тэмцээн гээд завгүй гүйдэг байсан. Одоо уг нь гайгүй болоод байгаа юм аа. Яг ажил ихтэй, тун зав муутай үед хоёулаа ярилцаж таарлаа. Хувийн ажил хийгээд явахаар түүнийгээ бүтээх гээд илүү шунаж гүйдэг юм байна (инээв). Өмнө нь гэр бүлдээ гаргах зав төдийлөн олддоггүй байлаа. Ер нь хүссэн үедээ хайртай хүмүүстээ цаг гаргаад, хамт байх сайхан. Тэглээ гээд спортоосоо юу гэж хөндийрөх вэ. Зав л гарвал боксынхонтойгоо уулздаг, тамирчид манайхаар байнга ирдэг.

-Та Монголын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Дараа нь дэд ерөнхийлөгч болсон. Одоо хэвээрээ юү?

-Яах вэ, дэд ерөнхийлөгч гэж явдаг юм аа. Янз бүрийн арга хэмжээнд намайг оролцуулдаггүй шүү дээ. Өөрсдөө болгоод байдаг юм байлгүй. Намайг хүрээд ир гэвэл боксын төлөө гэсэн сэтгэл минь одоо ч хэвээрээ тул очилгүй яах вэ. Дуудахгүй байхыг бодоход болж байгаа юм байлгүй.

-Спортын төв ордны хавиар явахаар, боксын зааландаа очихоор танд ямар мэдрэмж төрдөг вэ?

-Ёстой янзын, үнэхээр гоё. Тэр заалны шалыг “долоож”, дэвжээн дээр цус, нөжтэйгөө холилдон байж амжилтад хүрсэн шүү дээ. Цусаа гартал зодолдон, тосоо гартал тэврэлдэж явсан газар минь. Боксын зааландаа орохоор хийморь сэргэдэг. Боксчидтойгоо уулзаад, хөлс үнэрлээд гарах хачин сайхан.

-Та хамгийн сүүлд хэзээ очив?

-14 хоногийн өмнө очсон. Коронавирусийн халдвар гээд бэлтгэлгүй, хов хоосон байгаа. Ид бужигнаж, бэлтгэлтэй байхад нь хэзээ очлоо байз. Оны өмнө очсон юм уу даа.

Би боксын зааландаа очин, амжилтын төлөө зүтгэж явсан залуу насаа дурсан суух дуртай. Жин хасах гээд чардайж, ядарч явснаа бодох гоё. Биднийг өдий зэрэгтэй тамирчин болгохын төлөө зүтгэж явсан багш нараа харахаар их сайхан санагддаг. Зааланд ороход хамгийн түрүүнд багш нар маань бодогддог.

ТЭМЦЭЭН, УРАЛДААНГҮЙ, ЁСТОЙ НЭГ ДАВСГҮЙ ХООЛ ШИГ БАЙНА

-Коронавирусийн улмаас спортын тэмцээн, уралдаан зохион байгуулахыг түр хориглоод буй. Ер нь их эвгүй, уйтгартай байна, тийм ээ?

-Ёстой тийм шүү. Үзэж, харах юмгүй эвгүй юм аа. Зурагт үзэхээр ямар ч “амтгүй”, сонирхолгүй. Давсгүй хоол идэж байгаа юм шиг л байна. Спортын төв ордон эл хуль. Тэнд тамирчид бэлтгэлээ хийн, спортын хүрээнийхэн бужигнаж байдаг шүү дээ.

Спорт ямар агуу билээ. Спорт сонирхдоггүй хүн байдаг юм билээ. Гэртээ байхаараа кино, мэдээ үзээд сууж байдаг юм байх даа. Тийм хүнийг ёстой их гайхдаг.

Энэ үеэр түүний утас дуугарав. Утасныхаа дуудлаган дээр “Тамирчны алдар” дууг тавьжээ.

УТАСНЫХАА ДУУДЛАГАНААС “ТАМИРЧНЫ АЛДАР”-ыг ГАНЦ Ч УДАА СОЛИОГҮЙ

-Спортынхон “Тамирчны алдар” дуунд хайртай. Та энэ дууг дуудлаган дээрээ тавиад удаж байгаа юу?

-Утастай болсон цагаасаа хойш энэ дууг тавьсан. Түүнээс хойш огт солиогүй. Утсаа солихоороо шууд л “Тамирчны алдар”-ыг тавьдаг юм.  Зурагтаар энэ дуу явахад дуудлага ирлээ гээд андуурдаг. “Тамирчны алдар”-ыг мэдэхгүй, дуулах дургүй монгол тамирчин байхгүй. Спортынхны сүлд дуу шүү дээ.

БЭЛТГЭЛИЙН ДАРАА ЦОХИЛТОО 200-300 УДАА ДАВТДАГ БАЙЛАА

-Сүүлийн үеийн боксчдоос та өөрийгөө хэнээс нь олж хардаг вэ?

-Д.Банди багш надад нэг зүйл захидаг байсан. Дэвжээн дээр гарангуутаа өрсөлдөгчөө хүчтэй цохь. Тэгж эмээлгэн, эрийг нь дарах хэрэгтэй гэж зөвлөдөг байв. Би ч багшийнхаа зааврын дагуу тоглодог байлаа. Тэгж довтлонгуут өрсөлдөгч тамирчин эмээн, довтолгоо нь зөөлөрдөг. Хэзээ довтлох бол, яаж хамгаалах вэ гээд тогловол өрсөлдөгчөө ялахгүй.

Би өрсөлдөгчийнхөө гэдсэнд хүчтэй довтолдгоороо алдартай байсан. Миний өмнө тэгж довтолдог цөөнгүй боксчин байсан. Би тамирчны замналынхаа турш 400 гаруй удаа тоглосон байдаг юм билээ. Түүнийхээ 130 гаруйд гэдсэнд нь цохисон довтолгоогоороо тоолуулсан.

Одоо тамирчдын тоглолтыг хараад “Дандаа “толгой мөлжиж” тоглосноос гэдэс рүү нь цохиод тоолуулчихаасай” гэж боддог юм. Толгойгоо хамгаалаад явахад доогуур нь зөндөө зай гардаг. Өрсөлдөгчийнхөө толгойд 10 довтолсноос гэдэс рүү нэг хүчтэй цохих хамаагүй үр дүнтэй, тухайн тамирчныг илүү ядрааж, цуцаадаг. Тэгж гэдсэнд нь хүчтэй довтолчхоод “толгойг нь мөлжих” урамтай шүү.

-Яг тийм тоглолттой боксчин одоо бий юү?

-Үнэнийг хэлэхэд гэдсэнд нь хүчтэй цохиод унагаачих боксчин Монголд алга. Ингэж ярихаар би өөрийгөө магтаж байгаа юм шиг бусдад санагдаж магадгүй. Би ДАШТ-д таван удаа тоглохдоо гурвыг нь гэдсэнд нь довтолсон цохилтоороо ялсан шүү дээ. Бичлэг нь надад бий. Нэг цохилтыг өдөрт бэлтгэлийн дараа 200-300 удаа давтдаг байсан. Гантилтай, гантилгүй, мишок руу гээд л довтлоод давтана. Одоо тэгж бэлтгэл хийдэг, цохилтоо давтдаг боксчин алга. Өөрийн гэсэн цохилттой байх ёстой. Хорьсон ч цохьдог, хориогүй ч довтолдог байх чухал. Бөхчүүдийн хэлдгээр тэр цохилтоо дархан мэх болтлоо эзэмших, төгс сурах хэрэгтэй.

Адилхан өгөө, аваатай тоглочихоод “Шүүгч надад ялалт өгөх болов уу, яах бол” гээд зогсож болохгүй. У.Мөнх-Эрдэнэ үнэхээр сайн боксчин байсан. Одоо нас нь явчихлаа. Чинзоо (Б.Чинзориг) сайхан тоглож байна, Г.Ган-Эрдэнэ гэдэг солгой өрөлттэй, сайн боксчин байсан. Харамсалтай нь, мэргэжлийн бокс руу орчихлоо. Одоо Э.Цэндбаатар гялалзаж байна.

ҮНЭНИЙГ ХЭЛЭХЭД МОНГОЛЫН БОКС УНАЛТАД ОРЧИХЛОО

-Гавьяат тамирчин Д.Отгондалай, Н.Төгсцогт, ОУХМ Г.Ган-Эрдэнэ тэргүүтэй өнөө цагийн Монголын боксын өнгийг тодорхойлж буй тамирчид мэргэжлийн дэвжээг сонгосон. Э.Цэндбаатар, Б.Чинзориг нар Токиогийн олимпын дараа мэргэжлийн бокт хүч сорихоо илэрхийлээд буй. Монголын боксын ундарга тасарлаа гэж шүүмжлэх хүн цөөнгүй. Та үүнтэй санал нийлэх үү?

-Санал нийлнэ. Үнэнийг хэлэхэд Монголын боксын спорт уналтад орчихлоо. Д.Банди багш байх үед боксын спорт ёстой дээд цэгтээ хүртэл хөгжин, цэцэглэн мандаж байсан шүү дээ. Багшийг больсноос хойш уналтад орж эхэлсэн. Үндэсний шигшээ багт яг үнэхээр чадалтай, мундаг багш дасгалжуулж байгаа юу. Яг ямар тактик, төлөвлөгөөгөөр ажиллаж байгаа вэ. Тамирчдын бэлтгэл төлөвлөгөөг нэг жилээр боловсруулж байна уу. Дөрвөн жилийн циклээр төлөвлөж байна уу.

Одоогоор ганцхан боксчин олимпын эрх аваад байна. Сүүлийн тэмцээнээс олимпын ганц эрх авсан гээд бод доо. Энэ уналт болохоос түр зуурын зогсолт биш. Дасгалжуулагчдын ур чадвар нойл байна. Сайн тамирчин цэцэг шиг ургаад гараад ирнэ. Тэднийг олимп, дэлхийн аварга болох хэмжээнд бэлтгэх дасгалжуулагч их чухал. Монгол Улс хамаг дасгалжуулагчаа урд хөршид алдаад байгаа.

Д.Банди багш шигшээ багийн ахлах дасгалжуулагч болохдоо “Би олимп, дэлхийн аварга төрүүлнэ” гэж амласан удаатай. Тухайн үед Монголын боксын холбооны ерөнхийлөгч нь Д.Цогбаатар байлаа. Д.Банди багшийг тэгж амлахад олонх хүн үнэмшээгүй, маш олон багш дооглоод инээсэн. Тэр хуралд би сууж байсан юм.

Бид үнэхээр сайн баг бүрдүүлэн, хамтарч ажилласан, Д.Банди багш амлалтдаа хүрч, олимп, дэлхийн аварга төрүүлсэн. Тухайн үед би Монголын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан юм. Олимп, дэлхийн дэвжээнээс медаль хүртүүлнэ гэдэг маш олон хүний хамтын хүч, хөдөлмөрийн үр дүн юм шүү. Хамт олноо баздаг, нэгтгэдэг, тамирчдынхаа ур чадварыг хөгжүүлдэг, амжилтыг нь ахиулдаг байх чухал. Түүнээс биш мундаг баян хүн ерөнхийлөгчтэй байлаа гээд тамирчид амжилт гаргахгүй. Хамгийн гол нь дасгалжуулагчийн ур чадвар.

МОНГОЛ УЛС ТАМИРЧИДТАЙ ГЭРЭЭ БАЙГУУЛДАГ БОЛЧИХВОЛ ИХ ЗҮГЭЭР

-Ид үедээ мэргэжлийн дэвжээг сонгож буй тамирчдын талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Нэг тамирчныг амжилтад хүргэнэ гэдэг олон хүний хүч, хөдөлмөр шингэсэн ажил. Тухайн спортын холбоо, дасгалжуулагч, БТСГ гээд олон байгууллага, улсын дэмжлэгээс их зүйл шалтгаалдаг. Амжилтад хүргэе гээд олон жил бэлтгэн, цалинжуулж байтал мэргэжлийн спортыг сонгоод явчих харамсалтай. “Явуулахгүй” гэж хэлэх аргагүй. Хүний л амьдрал шүү дээ.

Эргээд энэ олон жил улсаас цалинжуулж, шигшээ багт байсныхаа хариуг бариагүйнх нь хариуцлагыг хэн хүлээх вэ. Хятадын спортын систем өөр. Тухайн тамирчинтай гэрээ байгуулдаг. Сонирхогчдын спортоор тэдэн жил хичээллэн, улсынхаа төлөө зүтгэн, тийм амжилт гаргавал мэргэжлийн спортод хөл тавихыг зөвшөөрнө гээд гэрээндээ нарийн тусгадаг.

Монголд ер нь хаана, хаанаа хэцүү. Санхүүгийн бэрхшээлийн улмаас улсаас тамирчдаа үнэхээр сайн дэмжиж чаддаггүй. Тийм болохоор мэргэжлийн спортыг сонгож буй тамирчныг буруутгах аргагүй. Спорт залуу насны ажил учраас тэр.

“Тэдэн нас хүртлээ сонирхогчдын спортоор тоглоно. Тийм амжилт гаргана” гээд гэрээ байгуулдаг болчихвол их зүгээр. Зарим тамирчин ид үедээ “Болилоо. Мэргэжлийн спорт нь дээр юм байна” гээд больчихдог. Эргээд хэн ч  улсынхаа өмнө хариуцлага хүлээхгүй өнгөрдөг.

Спорт хэцүү, барьцгүй. Өнөөдөр бэлтгэл хийж байгаад бэртэн, дахиж хичээллэх боломжгүй болчихож магадгүй. Хэзээ ч амжилтад хүрч магадгүй. Хүрэхгүй ч байх магадлалтай. Тэр хэрээрээ эрсдэл ихтэй. Тамирчин бүхэн олимп, дэлхийн медальтан, аварга болдоггүй. Бусдаас илүү хөдөлмөрлөн, хичээсэн нь зорилгодоо хүрдэг. Бүхий л амьдралаа спортод зориулчихаад ганзага хоосон үлдсэн тамирчин ч бий. Спортын амжилтыг урьдчилан таах, төлөвлөх ямар ч боломжгүй. Түүгээрээ үнэхээр аймар. Тэр тусмаа боксын спорт бүр ч барьцгүй. Олимпын аварга болох хэмжээнд бэлтгэл хийн, дэлхийд тасархай яваа мөртлөө эхний тойрогт ялагдчихвал яах вэ. Шүүлтийн булхай, луйвраар ялагдах бүр ч харамсалтай.

Нэг үеэ бодоход Монгол Улс тамирчдаа үнэхээр сайн дэмждэг болсон. Бидний үед ямар байсан гэж санана. Тэмцээний зардал олдохгүй. Ер нь хүнд байсан шүү дээ. Тэр тухай ярьвал одооны хүүхдүүд үнэмшихгүй байх.

-Хангамжтай сайтай өнөө цагийн тамирчин байсан бол гэж бодогдох юм уу?

-Тэгж бодох үе байсаан. Одоо тэгэхээ больсон. Тэртээ тэргүй амьдралын жам шүү дээ. Боксын спортоор хичээллээд би алдаагүй. Гэр бүлийнхэнтэйгээ хамт аз жаргалтай, гаргасан амжилттай, олонд нэр хүндтэй сайхан амьдарч байна. Энэ л надад хангалттай. Үүнээс илүү сайхан зүйл гэж юу байх вэ. Юманд давраад яах вэ.

ӨДӨР БҮР ДУГУЙГААР 20 КМ ТУУЛАН БЭЛТГЭЛДЭЭ ОЧДОГ БАЙЛАА

-Та Монголын боксын алдарт дасгалжуулагч Д.Банди агсны шавь. Эл спорттой амьдралаа хэрхэн холбон, багштайгаа танилцаж байв?

-Би Сэлэнгэ аймгийн Шаамар суманд өссөн. Ганхуяг гэдэг ах маань бокс тоглодог байв. Бээлийг нь би их сонирхоно, өмсөж үзнэ. Бокс тоглоод сурчихвал ангийн овгор болох юм байна гэж бодож билээ. Тэгж байх үед Д.Банди багш Сэлэнгэ аймагт томилолтоор очив, 1985 онд. Тэр жилээ Сэлэнгэ аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахад нь би оролцсон. Боксоор ганц ч өдөр бэлтгэл хийж үзээгүй, гудамжны зодооноор шахам төсөөлөөд очихгүй юу. Би тэр тэмцээнд тав тоглоод түрүүлж, аймгийн аварга болсон. 10 төгрөгөөр шагнуулан, насаараа хэрэглээд дуусахгүй мөнгөтэй болсон юм шиг баярлаж билээ.

Тэр жил шууд залуучуудын УАШТ-д хүч сорих гэсэн чинь нас, жин хүрээгүй. Дараа жил нь Сэлэнгэ аймгийн аваргад дахин түрүүлээд, УАШТ-д анх удаа өрсөлдөв. Тэгэхдээ аваргын төлөөх тоглолтод Гавьяат тамирчин Э.Цогтжаргалд ялагдан, мөнгөн медаль хүртсэндээ их урамшиж билээ. Тэмцээний дараа “Д.Банди УАШТ-д нэг орос хүүхэд оролцуулаад финалдуулчихлаа” гэх яриа гарсан гэнэ лээ (инээв).

Түүнээс хойш Д.Банди багшийг бурхан болох хүртэл нь би салаагүй. Үргэлж хамт явсан. Миний бэлтгэлийн хуваарь, төлөвлөгөө, тоглолтын тактик гээд бүх зүйлийг багш минь зохицуулдаг байлаа. Хэрвээ би Д.Банди багшийн шавь болоогүй байсан бол өнөөгийн амжилтад хүрээ ч үү, үгүй ч үү. Үнэхээр агуу хүн байж билээ. Миний багш, аав минь байсан юм, хөөрхий.

-Та бэлтэлдээ өдөр бүр Шаамараас Сэлэнгэ рүү ирдэг байсан юм билээ. Тэр бүхэн танд биеийн хүчний чухал бэлтгэл болсон байх.

-Ёстой тэгсэн шүү. Миний хөлний булчин ямар гэж санана. Дугуйгаар жирийлгэж явсны өгөөж байхгүй юу. Шаамараас Сэлэнгэ хүртэл 20 км зайтай. Би өдөр бүр бэлтгэлдээ дугуйгаар явна. Өглөөний бэлтгэлийнхээ дараа харьж амжихгүй. Тиймээс орой бэлтгэлээ дахин хийчихээд харьдаг байлаа. Хоёр удаа ачаалалтай бэлтгэл хийж дугуйгаар сажлуулан харих амаргүй. Гэхдээ ядардаггүй байсан, ёстой жийж өгнө.

Тухайн үед машин нүдний гэм. Хааяа нэг өнгөрдөг байв. Хоёр бэлтгэл хийгээд харилаа гээд зүгээр суухгүй. Ядарч байсан ч гэрийнхэндээ тусална, усаа авна, түлээгээ хөрөөднө. Би таван дүүтэй, ууган нь. Манай дүү нар Дарханд, би Шаамарт эмээ, өвөө дээрээ өссөн.

Есдүгээр ангид байхад Д.Багш намайг Сэлэнгэ рүү татсан юм. 1989 онд залуучуудын улсын аварга болж, шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан. Тэр жилээ Румынд зохион байгуулагдсан “Далайн бээлий” тэмцээнээс хүрэл медаль хүртсэн юм. Олон улсын тэмцээнд гаргасан анхны амжилт маань тэр.

ЗАРДАЛГҮЙ, ДАШТ-д ОРОЛЦОХ ЭСЭХ ТОДОРХОЙГҮЙ ОНГОЦНЫ БУУДАЛ ДЭЭР ОЧИЖ БИЛЭЭ

-Та 1997 онд ДАШТ-д оролцохоор онгоцны буудал дээр очихдоо зардлын мөнгөгүй, явах эсэх тань тодорхойгүй байсан гэдэг. Үнэн үү?

-Үнээн, юуг нь нуух вэ. Би тухайн үед Эрдэнэтийн “Хангарьд” спорт хорооны тамирчин байлаа. Гэтэл Ш.Отгонбилэг захирал гадаад явчихсан, гарынх нь үсэггүй бол зардал өгөх боломжгүй гэв. Би ДАШТ-д оролцох гээд зардалгүй сандраад байдаг. Гавьяат тамирчин Н.Энхбат ах их сандарч, наагуур, цаагуур сайн хөөцөлдсөн. Чингис зочид буудлын гадна шөнөжингөө хүлээн зогсон, сагсан бөмбөгийн “шөвгөр” Өлзий ах надад үнэхээр их тусласан юм. Түүний хүчээр би мөнгөн медаль авсан юм шүү. Шөнөжингөө хүлээж байгаад арайхийж мөнгө бүтээн, шууд онгоцны буудалд ирсэн. Тэгэхэд би онгоцны буудал дээр ирчихсэн тэднийг хүлээж байв. Хөлстэй хувцсаа, бээлийгээ үүрчихсан. Зардлын мөнгө, онгоцны билетгүй. ДАШТ-д өрсөлдөх эсэх тодорхойгүй. Замын зардал бүтвэл өрсөлдөнө. Зардал олдохгүй бол өнжихөөс өөр аргагүй. Тийм хүнд үед Өлзий ах, Энхбат гавьяат хоёр надад замын зардал бүтээж өгсөн юм шүү. Тэгж тэд надад гурван мянган ам.доллар өгсөн. Би ДАШТ-ээс ирээд зээлсэн мөнгө өгөх гэхэд “Гавьяатыг нь мялаая” гээд буцааж аваагүй. Тэр шөнө мөнгө бүтээгүй байсан бол би ДАШТ-д өрсөлдөж чадахгүй байсан шүү дээ.

-Хэдийгээр ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэнэ гэдэг том амжилт ч дэлхийн аварга болчихсон бол гэж харамсдаг уу?

-Тухайн үед энэ талаар ёстой бодоогүй. Чангаас чанга атгаад, үнэхээр их баярласан. Сүүлийн жилүүдэд энэ талаар бодогдох болсон. Тэр үед хоёр минутаар таван үе тоглодог байлаа. Эхний гурван үед би, сүүлийн хоёр үед өрсөлдөгч маань илүүүрхсэн. Сүүлийн хоёр үед бээлий даагдахаа болиод, унжсан. Тэгж их олон оногдоод, оноо алдсан юм чинь ялагдахаас аргагүй. Хэчнээн хичээн, өөрийгөө дайчилсан ч үнэндээ санаснаар болоогүй. Тэмцээний өмнө шөнөжингөө саунд суун, арайхийж жиндээ орж билээ. Жингээ 10 өдрийн турш барих, тэгээд тэгж их эрч, хүч алдчихаад тэмцээнд оролцох үнэхээр хэцүү. 10 өдөр штанг өргөж зогсохоос ялгаагүй. Олон өдөр жингээ бариад үнэхээр сульдсан. Эх орондоо ирэхэд монголчууд маань намайг газарт гишгүүлээгүй. Тэр жил жүдо, самбо, чөлөөт бөхийнхөн ДАШТ-ээс ганзага хоосон ирсэн, Монголын спорт навс уналаа гэж шүүмжлүүлж байв. Тийм хүнд үед би мөнгөн медаль хүртсэн юм. Тэгээд од болсон доо. Тэр үед цаг үе хүнд байсан. Шигшээ багийн тамирчид поливитамин хүлхдэг, зөгийн бал найруулж өгдөг байсан шүү.

МЭРГЭЖЛИЙН БОКСООР ӨРСӨЛДСӨН БОЛ ГАВИАГҮЙ БАЙХ

-Амжилтдаа ханаж, эрдэж явсан үе танд бий юү?

-Үнэндээ хэлж мэдэхгүй юм. Энэ талаар хүмүүсээс асуувал тодорхой, голч хариу хэлэх байх. Нээрэн, би ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэнийхээ дараа мэргэжлийн боксын дэвжээнд өрсөлдөхөөр болсноо албан ёсоор зарласан шүү дээ. Бүр хэвлэл мэдээллээр мэдэгдчихэв. Тэгсэн чинь Ш.Отгонбилэг захирал намайг өрөөндөө дуудаад “Миний хүү ингэж болохгүй. 2000 оны Сиднейн олимп хүртэл зүтгэ, дутуугаа гүйцээ” гэсэн. Би үгнээс нь зөрч чадаагүй. Тэгээд би мэргэжлийн дэвжээнд өрсөлдөөгүй юм.

-Хэрвээ мэргэжлийн дэвжээнд өрсөлдсөн бол та ямархуу амжилт гаргах байсан бол?

-Үнэндээ хэлж мэдэхгүй юм. Лав гавихгүй байсан болов уу. Хааяа нэг ялаад, харлаж үлдэх байсан ч юм бил үү. Мэргэжлийн боксыг сонгоогүй, гадаад руу яваагүй нь болсон юм. Ш.Отгонбилэг захиралд их баярлаж явдаг.

-Та Сиднейн олимпод Монголын боксчидоос ганцаараа оролцсон бил үү?

-Тэгсэн. Би Монголын боксчидоос ганцаараа олимпын эрх авсан юм.

ДИЙЛДЭГ ТАМИРЧИНДАА ЯЛАГДЛАА, ОДОО ЦАГ НЬ БОЛЖ ГЭЭД Л ГЭНЭТ ЗОДОГ ТАЙЛСАН

-Сиднейн олимпын дараа та гэнэт зодог тайлсан. Ид шуугиулж явахдаа тийм шийдвэр гаргасанд өдгөө ч спортын хүрээнийхэн гайхдаг, харамсдаг. Гэнэт зодог тайлахад тань юу нөлөөлсөн бэ?

-Би Сөүлд болсон тэмцээнээс Сиднейн олимпын эрх авсан. Тэгэхдээ Киргизстаны тамирчныг ялсан юм. Сиднейн олимпод очоод яг өнөөх киргиз тамирчинтай эхний тойрогт учраа таарав. Гэтэл ялагдчихдаг байгаа. Би дэвжээнээс буунгуутаа багшид “За, больё. Би өмнө нь ялдаг байсан тамирчиндаа дийлдчихлээ. Тэгэхээр би одоо болих цаг болж, залуу тамирчдад зайгаа тавьж өгье” гэсэн. Тухайн үед миний жинд олимп, ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ байлаа.

Яах вэ, би Монголдоо түрүүлээд л байх байсан. Гэтэл гадагшаа яваад, олон улсын тэмцээнд тогтмол амжилт үзүүлж чадахгүй бол яах вэ. Тиймээс би залуу тамирчдад боломж олгохын тулд орон зайгаа тавьж өгсөн юм. Тэгээд би Сиднейн олимпоос ирэнгүүтээ шууд боксоо орхисон. Гэнэтийн шийдвэрийг маань хань минь дэмжсэн. Манай эхнэр бид хоёр Ерөнхий боловсролын сургуулийн нэг анги. Бид хоёр дөрөвхөн ширхэг хүүхэдтэй (инээв).

-Бүхий л амьдралаа зориулсан спортоосоо гэнэт нэг өдөр болих амаргүй нь мэдээж. Дахиад хичээллэе, дутуугаа гүйцээе гэж хэр эргэлзэв?

-Ёстой тэгж бодоогүй, огт эргэлзээгүй. Би  түс тас талдаа. Дахиад хичээллэе, энэ жил тэмцээнд оролцоод үзье гэж огт бодоогүй.

-Уучлаарай, зарим хүн таныг олимпод одгүй гэдэг. Үүнтэй та санал нийлэх үү, эмзэглэдэг үү?

-Нэг удаа хэвлэлд тэгж бичиж байсан юм билээ. Үнэндээ үүнд эмзэглээд, элдэв юм боддоггүй. Би Атлантын олимпод оролцохдоо АНУ-ын тамирчинд дийлдсэн.

-Америк тамирчин тэр тоглолтыг луйвардсан гэх яриа бий.

-Өө, одоо тэгж яриад яах вэ. Би уг нь тэр тамирчныг гурван ч удаа хүнд цохилтонд оруулж, тоолуулсан шүү дээ. Өрсөлдөгч маань газар унахад шүүгч түүнийг татаж босгоод тоглуулсан. Тэгсээр байгаад намайг нэг оноогоор ялагдуулсан шүү дээ.

Тэрбээр бидэнд загасны шөл хийж өгөв. Гавьяатын гарын хоолыг идэж, дайлуулсан азтай өдөр байлаа.

ЭХНЭР, БИД ХОЁР БАЙР СОЛИГДЧИХООД БАЙГАА

-Та хоолыг их сайхан хийдэг юм байна. Ер нь гэрийн ажилд хэр вэ, хэр халамжтай аав, хань вэ?

-Тамирчин байхдаа ёстой таг нойл байсан шүү дээ. Хоол хийж чадахгүй, бэлтгэл хийж ирээд л ор руугаа шургаад орчихно. Хамаг хувцас хунарыг хань минь угаадаг, цэвэрлэдэг байв. Хийсэн хоолыг нь идчихээд, бэлтгэлдээ бүх анхаарлаа хандуулдаг байсан юм. Одоо хань бид хоёрын байр солигдсоон (инээв). Би хоолыг ёстой хашрааж байгаа.

-Та дөрвөн хүүхэдтэй. Аавынхаа авьяасыг өвлөн, боксоор хичээллэдэг хүүхэд бий юү?

-Нэг хүү минь жүдогоор хичээллэдэг. Бокс тоглох болов уу гэж харалгүй яах вэ. Жүдогоор барилдана гээд гүрийсэн, бэлтгэлээ сайн хийдэг.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
irgen
irgen
2020-06-03 13:47

Uitumeng dandaa demjij yavdag, unen setgeleesee yaridag ni bur ih taalagddag. Humuus shig hudlaa jujigleed baidaggui, goy hun

Зочин
Зочин
2020-06-03 15:15

Монгол Улсынхаа нэрийг дэлхийд мандуулсан шилдэг тамирчдын маань нэг Үйтүмэндээ, түүний гэр бүлийнхэнд аз жарг�##�, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Зочин
Зочин
2020-06-03 18:25

Эерэг сайхан энергитэй илэн д�##�ангүй сайхан хүн шүү. Мужик гэдэг бил үү. Таньд амжилт хүсье.

Bataa Tsogbadrah
Bataa Tsogbadrah
2020-06-05 17:12

Гэгээлэг эр. Түс тас яриатай,сайн тамирчин. Боксынхон түүнээс авах юм баймаар даа. За даа дэргэд нь жижигдээд, эмээдэг биз.Үнэндээ тэрээр илүү,илүү дээ. Түүнд болон түүний 4 -н хүүхэд,1-ширхэг (наргиа)эхнэрт нь аз жарг�##� хүсье.

Зочин
Зочин
2020-06-05 20:13

4ш хүүхэдтэй ????????????

Amjilt
Amjilt
2020-06-06 00:20

Bie tooj tenegteegvi er dee. Sain zaluu vitumen gavyat.

Зочин
Зочин
2020-06-06 08:44

Энэ хүн бол хөх толбот Монгол ....

Үйеэ
Үйеэ
2020-06-06 09:56

Ясны тамирчин, гял�##�заж явсан эр дээ. Эгүүр..мн-ийн сэтгүүлч ээ, эрийг нь биш ирийг нь дарах, мохоох гэж бичнэ шүү.

Ахмад
Ахмад
2020-06-06 22:32

3ширхэг охин,1ширхэг хүү,1ширхэг ханьд нь мөн монголдоо 1ширхэг Үйтүмэндээ бүгдэд нь сайн сайхныг хүсье.

Зочин
Зочин
2020-06-18 02:44
Reply to  Ахмад

2 охин 2 хүүтэй шүү :))

Basca Feiza
Basca Feiza
2020-07-29 23:02

сайн байцгаана уу? Хүнээ байгаагүй, хүнээрээ хүн гэж хэлж ярьдагдаа. Үйтүмэн тийм хүн нарын нэг.

Холбоотой мэдээ

Back to top button