Нийгмийн

"Цагдаагийн албанд зүтгээд анх удаа хүний амь аварсан нь үерт урссан, 11 настай хүү байлаа”

Сонгуулийн санал хураалт болсон өдөр буюу энэ сарын 24-нд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг, Тахилтад буусан их үерт 11 настай хүү урсаж, амиа алдах аюулд орсныг тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид аварчээ.

Эрдэнэт хүний алтан амь аварсан Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн нийгмийн хэв журмыг хамгаалах тасгийн хороо хариуцсан цагдаагийн дэд ахлагч Г.Бат-Өлзий, Эргүүлийн цагдаа жолооч, дэд ахлагч Б.Отгонбат нартай ярилцлаа.

-"ХҮҮГ НЬ ЗААВАЛ ЭСЭН МЭНД УСНААС ГАРГАЖ ӨГНӨ” ГЭЖ ӨӨРСДИЙГӨӨ ЗОРИГЖУУЛСАН-

-Та хоёр өчигдөр орой (уржигдар) Сонгинохайрхан дүүрэгт үерээс 11 настай хүүг аварсан. Анх очиход нөхцөл байдал ямар байсан бэ?

-Г.Бат-Өлзий (Г.Б): Би өчигдөр (уржигдар) 22 дугаар хороо, Тахилтын хэсгийн сонгуулийн санал хураах байранд жижүүрийн үүрэг гүйцэтгэн, ажиллаж байсан. 18:00 цагийн үед нэгэн иргэнээс “Тахилтын гуравдугаар буудал, сургуулийн арын баруун талын жалганд бага насны хүүхэд урсаж байна” хэмээх дуудлага ирсэн. Тухайн дуудлагыг авсан даруйдаа цаг алдалгүй гүйгээд очсон.

Намайг жалга уруудаад гүйж байхад Цагдаагийн 102 дугаарт дуудлага ирж, улмаар Г.Отгонбат тухайн бүсэд ирсэн. Тэгээд бид хоёр хоорондоо утсаар холбогдож жалганы дээр, доороос нь тосож уулзахаар тохироод гүйв. Хоёр талаас нь хөөж гүйгээд дундаа ирээд золоор хүүг үерийн уснаас амжилттай гаргаж чадсан.

-Б.Отгонбат (Б.Г): 102 дугаарын утсаар дуудагдаад ирэхэд үерт хүүгийн толгой л харагдаж байсан. Тийм болохоор их эмээсэн л дээ. Амиа алдчихаагүй байгаасай л гэж бодсон. Учир нь бид хоёрын хувьд албан үүргээ гүйцэтгэж байхад ийм гэнэтийн осол учирч байсангүй. Анхны удаа болоод тэр үү, хэн хэн маань тодорхой хэмжээнд эмээсэн, бас самгардсан л даа. Ялангуяа хүүхдийн эцэг эхийг хараад "Хүүг нь заавал эсэн мэнд гаргаж өгнө” гэж өөрсдийгөө зоригжуулсан.

-ХҮҮГ АВРАХААР ҮЕРЛЭСЭН УС РУУ ОРОХОД ЭРЭГ ХАВИАРАА ӨВДӨГНИЙ ДЭЭГҮҮР ТАТАЖ БАЙСАН-

-Хүүхэд урсаж байгааг харсан мөчид та бүхэнд юу бодогдож байв?

-Г. Б: Хэтэрхий оройтохоос нь өмнө хүүг хурдхан л аврахыг хүссэн. Яг үнэнийг хэлэхэд юу ч бодогдоогүй. Самгардаж, сандраад бага зэрэг айдастай байсан. Нүдэн дээрээ аварч чадахгүй алдах вий гэхээс л их айсан. Г.Отгонбат маань дээрээс нь би доороос нь тосоод гүйхэд, хоёулаа байгаа болохоор бариад авах байх гэсэн итгэлтэйгээр л гүйсэн дээ.  Хүү жалганы зүүн талаар урсаж байсан юм. Усны зах руу ороход л үерийн ус миний өвдөгний дээгүүр түвшинд, миний санаснаас их гүнзгий байсан.

-Б.О: Би тэр өдөр хороон дээр эргүүлийн үүрэг гүйцэтгэж таарсан л даа. Тэгээд дуудлага аваад хүүхэд урссан нөхцөл байдал дээр нь ирэхэд хэцүү байсан. Учир нь хүүхдээ үерт урсгаад эцэг эх нь хагас галзуурлын байдалтай, биеэ хянах чадваргүй, үерлэсэн гол руу хүүхдийнхээ араас орох гээд их тэвдсэн байсан. Хэрэв эцэг эх, хүүхдээ дагаад үерлэсэн ус руу орсон бол нөхцөл байдал хэцүүдэх байлаа. Учир нь үерийн урсгал ширүүн учир гурвуулаа амь насаа алдах өндөр эрсдэлтэй байсан. Яг энэ үеэр манай эргүүлийн офицер, цагдаагийн ахмад Цолмон маань хүүхдийн ээж аавыг үерийн ус руу орохоос нь сэргийлж, сэтгэл санааг нь тайвшруулж тусалсан. Тэгээд л Г.Бат-Өлзий рүү залгаад бид хоёр жалганы хоёр талаар дээр доороос нь тосоод гүйсэн.

-Хүүг уснаас гаргахад биеийн байдал нь ямархуу байсан бэ?

-Г. Б: Үерийн усанд урсаж явахдаа биедээ олон тооны зүсэлт, шархыг авсан, мөн их хэмжээний ус залгисан байдалтай байсан. Миний хувьд хүүг уснаас гаргаад, залгисан усыг л гаргахыг хичээсэн. Азаар сонгуулийн санал хураах байранд эмч, сувилагч нар ажиллаж байсан учир түргэн тусламжийн тэрэг ирэхээс өмнө, хүүд шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлээд хүлээлгэж өгсөн.

-Тухайн үерлэсэн газар нь ямар байршилтай, эрсдэл бүхий газар байсан бэ?

-Г. Б: Тухайн газар нь гуу жалга ихтэй газар. Улмаар их хэмжээний бороо орсны улмаас гуу жалга усаар дүүрч, түүнд нь хүүхэд өртсөн юм билээ. Урсгал нь ширүүн, бас гүнзгий байсан тул хүүхэд битгий хэл насанд хүрсэн хүмүүс ч мөн үерт өртөж живэх эрсдэл өндөр харагдсан. Анх төсөөлснөөс байдал илүү хүнд байсан.

-ЦАГДААГИЙН АЛБАНД ЗҮТГЭЭД АНХ УДАА ХҮНИЙ АМЬ АВАРСАН НЬ ҮЕРТ УРССАН 11 НАСТАЙ ХҮҮ БАЙЛАА-

-Цагдаагийн албанд хэдэн жил ажиллаж байна вэ. Өмнө нь албан үүргээ гүйцэтгэж байхдаа хүний амь аварч байв уу?

-Г.Б: Би 2017 оноос хойш цагдаагийн албанд ажиллаж байна. Энэ хугацаанд иймэрхүү амь өрссөн зүйлтэй тулгарч байгаагүй. Хүний амь аварсан анхны тохиолдол байлаа. Тиймээс ч сэтгэгдэл их өндөр байна. Хүүхдийнхээ амь насыг аварчихаад үргэлжлүүлээд албан үүргээ гүйцэтгэсэн.

Хувцас маань бүсэлхийнээс доош норж, элс, шавхай болчихсон байсан ч хүүхдийн амь насыг аварч чадсан гэж бодоход л сэтгэл тэнэгэр, уужим байсан. Миний хувьд сонгуулийн санал хураах байранд ажиллаж байсан учраас, хүүхдээ түргэн тусламжийн төв хүргэж өгсний дараа үргэлжлүүлээд албан үүргээ гүйцэтгэж эхэлсэн. Хүмүүс гайхаад л хараад байсан /инээв/. Гэхдээ магадгүй би тухайн өдөр болсон зүйлийг хэзээ ч мартахгүй болов уу.

-Б.О: Би цагдаагаар ажиллаад хоёр жил гаруй хугацаа өнгөрч байна. Хүний амь аварсан нь мөн л анхны тохиолдол байсан. Тиймээс ч нойтон, бохир хувцсаа хараад ажил албаараа эрхгүй бахархах сэтгэл төрж байлаа. Хувцас ч яахав угаагаад, хатаах асуудал. Харин хүний амь нас хохирвол хүүхдийн ар гэрт хүнд гарз тохиохоос гадна, үүргээ гүйцэтгэж байсан бидэнд сэтгэлзүйн хувьд хүнд цохилт болно шүү дээ.

-ХҮҮГ МААНЬ АВАРЧ ӨГСӨНД БАЯРЛАЛАА ГЭЭД ЕРӨӨЛӨӨ ХАЙРЛАСАН-

-Та хоёр хүүг аварсныхаа дараа мэргэжлээрээ их бахархсан байх. Ер нь яагаад цагдаа болохоор шийдэв?

-Б.О: Миний хувьд багаасаа л жагсаалын цэрэг, цагдаа нарын дүрэмт хувцсыг хараад цагдаа болохыг хүсдэг байсан. Тэгээд л өөрийнхөө мөрөөдлөөр цагдаагийн албан хаагч болсон доо. Одоо ингээд мөрөөдлийнхөө үзүүрээс бага ч болов шүүрээд авсан гэж бодохоор их сайхан. Тасгийн дарга маань ч бидний ажлыг их сайн ойлгож дэмждэг. Бага насны гурван хүүхэдтэй болохоор ч тэр юм болов уу, шаардлагатай үед чөлөө өгөх зэргээр харилцан уялдаатай ажилладаг.

-Г.Б: Би ч гэсэн адилхан. Цагдаагийн дүрэмт хувцсыг хараад их сүрдэм, гоё харагддаг байсан. Тиймээс ч хүүхэд байхдаа цагдаа ах нарыг хараад тэд нар шиг болохыг хүсэж, мөрөөддөг байлаа.

-Хүүхдийн амь аварсан тухайгаа ханьдаа хэлж амжив уу?

-Г.Б: Тухайн өдрөө шөнө 05:00 цагийн үед гэртээ хариад, эргээд эхнэрийгээ унтаж байхад ажил руугаа гарсан. Эхнэртэйгээ тухтай ярилцаж амжаагүй л явна.

-Аварсан хүүхдийнхээ гэр бүлтэй холбогдож амжсан уу. Хүүхдийн биеийн байдал ямар байгаа вэ?

-Г. Б: Өглөө хүүхдийн ээжтэй утсаар холбогдсон. Биеийн байдал нь хэвийн байгаа, маш их баярлаж байгаагаа бидэнд уламжилсан. Хүүхдийг аварч байх үед эцэг эх нь маш их тэвдсэн байсан учир тухайн үед баярласнаа илэрхийлж амжаагүй, "та бүхэнд маш их баярлалаа” гээд ерөөлөө хүртэл хайрласан.

-Цагдаагийн албан хаагч байна гэдэг харицлагатай, ачаалал ихтэй. Та хоёр гэр бүлтэй юү?

-Г.Б: Би эхнэр хүүхдийнхээ хамт амьдардаг. Эхнэрийг маань А.Пүрэв гэдэг. Хаан банкинд диллер хийдэг. Харин хүү маань одоо хоёр нас хүрч байгаа. Бид хоёр ханилаад 6 жил болж байна.

-Б.О: Манай хүн "Талх Чихэр” ХХК-д Хүнсний эрүүл ахуйч хийдэг. Одоогоор жирэмсний амралтаа аваад гэртээ байгаа. Эхнэр бид хоёр есдүгээр ангиасаа хойш үерхээд, өнөөдрийг хүртэл хамтдаа амьдарч байна. Гурван хүүхэдтэй. Том охин маань зургаа, дунд хүү минь дөрвөн настай, бага нь таван сартай.

-Тэгэхээр их сургуульд суралцаж байхдаа аав болсон юм байна, тийм үү?

-Б.О: Би хоёрдугаар курст ордог жилээ сайн дурын цэрэгт явсан юм. Яг тухайн үед эхнэр маань бие давхар байсан учир, гэр бүлийнхэндээ хэлэхээс эмээгээд цэрэгт явчихсан. Тухайн үед дөнгөж 18 настай байсан учраас эцэг, эхээсээ их л эмээдэг байлаа. Эхнэртээ эндээ үлдээд хэсэг хугацаанд гэрээт цэргээр ажиллаад үлдэх үү гэхэд "Арай л удаан байна” гэхээр нь Төв аймагтаа гэрээт цэргээр хоёр жил ажиллаад хотод ирсэн. Тэгээд л цагдаа болох мөрөөдлөө биелүүлэхээр цагдаагийн байгуулагад орсон.

-ТОМ ОХИНОО ЦЭЦЭРЛЭГЭЭС НЬ АВАХ ГЭЭД ОЧИХООР "ААВАА ТА ЦАГДАА ХУВЦАСТАЙГАА ИРЭЭРЭЙ” ГЭДЭГ-

-Хань нь ажил мэргэжлийг нь хэрхэн ойлгож, дэмждэг вэ?

-Г.Б: Эхнэр маань л албан үүргээ тайван, хариуцлагатай хийх боломжийг бүрдүүлж өгдөг. Магадгүй хань минь л өнөөдөр миний ажлын гол цөм юм уу даа. Анх энэ ажилд ороход бүрдүүлэх материалаа бүрдүүлээд хамтдаа л явж байлаа.

-Б.О: Миний хувьд ч гэсэн адилхан. Эхнэр маань одоо амралттай гэртээ байгаа учраас миний хувьд ажлаа илүү тайван, хүүхдүүддээ хоргодох зүйлгүй хийж байна. Охин маань ч гэсэн аавынхаа ажлаар их бахархдаг нь надад мэдрэгддэг. Хүүхдээ цэцэрлэгээс нь авах гээд очиход, “ааваа та намайг цагдаа хувцастайгаа ирээд аваарай” гэдэг. Найзууддаа ч гэсэн их гайхуулж ярьдаг. Тиймээс ажлаараа бахархах, дурлах бас нэг шалтгаан болж өгдөг дөө.

-Хэрэв хүүхдүүд нь том болоод аавынхаа ажлыг үргэлжлүүлэх цагдаагийн албан хаагч болно гэвэл та дэмжих үү?

-Г.Б: Одоогоор хүүгийн минь нас балчир . Хэрэв том болоод тухайн үед зориг байгаад хүсэл нь мохохгүй бол хориглоод байх зүйлгүй. Дэмжинэ л гэж бодож байна.

-Б.О: Миний хувьд ч гэсэн адилхан. Хэрэв аавынхаа мэргэжлийг өвлөөд явна гэвэл дургүйцэх зүйл байхгүй. Эх орныхоо өмнө үүрэг хүлээсэн, нэр төртэй хариуцлагатай алба шүү дээ.

-Ойрын өдрүүдэд хур бороо ихтэй байх төлөвтэй байсан. Нийт уншигчдад хандаж юу хэлэхийг хүсэж байна вэ?

-Үргэлжилсэн ширүүн борооноос үүдэлтэй улс орон даяар үер усны гамшиг их байгаа учраас нийт ард иргэд маань учирч болзошгүй эрсдлээс өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалж, гол усанд орохгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

-Бидэнтэй цаг гаргаж ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-06-26 16:34

Ажил мэргэжилдээ үнэнч, зоригтой з�##�уустаа баяр хүргэе.

Зочин
Зочин
2020-06-26 20:07

Аргагүй л тангараг өргөсөн цагдаа юмаа та 2 ын ажил амьдр�##�д өндрөөс өндөр амжилт хүсье

Зочин
Зочин
2020-06-27 09:53

анх удаа бишээ очсон дуудлага бүр чинь ардаа цаг минутаар хэмжигдэж байдаг асар олон хүнийг үхлийн аюулаас аварч байгаа өдөр бүр ❤️

Холбоотой мэдээ

Back to top button