Сурвалжилга, Нийтлэл

АСУУДАЛ: Хувийн эмнэлгүүд хүүхдийн шүдийг ҮНЭГҮЙ эмчлэхэд бэлэн үү

-2-6 НАСТАЙ ХҮҮХДИЙН АМНЫ ХӨНДИЙГ БҮРЭН ЭРҮҮЛЖҮҮЛНЭ-

Засгийн газраас баталсан “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2-12 насны хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчлэн эрүүлжүүлэх тусламж, үйлчилгээг үзүүлэх тусгай зөвшөөрөл бүхий хувийн хэвшлийн шүдний эмнэлгийг сонгон шалгарууллаа. 

Улсын хэмжээнд 243 хувийн хэвшлийн шүдний эмнэлэг сонгон шалгаруулалтад оролцсоноос  хөдөө орон нутгийн 84, нийслэлийн  115, нийт 199 хувийн хэвшлийн шүдний эмнэлэг тэнцэж хөтөлбөрт хамрагдах болжээ. 

Хөтөлбөрт энэ онд эхний ээлжинд 2-6 насны хүүхэд, зайлшгүй шаардлагатай тохиолдолд 7-12 насны хүүхэд нэг удаа хамрагдах боломжтой юм.

Шалгарсан эмнэлгүүд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай “Эрүүл мэндийн байгууллагаас амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эмчлэн эрүүлжүүлэх тусламж, үйлчилгээг  худалдан авах гэрээ”-г байгуулах юм. 

Хөтөлбөрийн хүрээнд зорилтот бүлгийн хүүхдэд урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөө, шүдний цоорлын эмчилгээ, сувгийн эмчилгээ, урьдчилан сэргийлэх болон эрдэсжүүлэх түрхлэг, цоорол зогсоох түрхлэг, шүд авалт зэрэг тусламж, үйлчилгээг үзүүлж, хүүхдийн амны хөндийг бүрэн эрүүлжүүлнэ.

Эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ бүхий хувийн хэвшлийн шүдний эмнэлгийн зүгээс үзлэг, эмчилгээнд хамрагдсан хүүхдийн шүдийг бүрэн эрүүлжүүлэх харин эцэг, эх, асран хамгаалагчийн зүгээс эрүүлжилтийн дараах амны хөндийн эрүүл ахуйг сайтар сахих, зөв дадалд хүүхдээ сургахад анхаарах үүргийг хүлээж, хамтын оролцоотойгоор “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр хэрэгжих юм.


-ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ ЭМНЭЛГЭЭ ӨӨРӨӨ СОНГОХ ЭРХГҮЙ-

Харин өчигдөр /2019.04.10/ өдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр шалгарсан эмнэлгүүд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай  гэрээ байгууллаа гэсэн мэдээллийн дагуу иргэд мэдээллийн сайтууд болон шүдний эмнэлгүүдэд маш олноор хандаж эхэллээ. Бид мэдээллийг тодорхой болгох үүднээс сонгон шалгаруулалтад тэнцсэн эмнэлгүүдээс тодруулга авсан юм. Эмнэлгүүдэд бидний зүгээс гэрээ хийгдсэн эсэх, тухайн хөтөлбөрийн хүрээнд бэлтгэл ажил хэрхэн хангагдсан болон үйл ажиллагаа эхлэхтэй холбогдож үүсэх асуудлууд гэсэн асуултын дагуу хариулт авлаа. 

“Best dent” шүдний эмнэлэг: Манай эмнэлгийн хувьд нийгмийн хариуцлагын хүрээнд маш олон хүүхдэд үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлсээр ирсэн. Хөдөө орон нутгийн 2000 хүүхдэд өөрсдийн зардлаар амны хөндийн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байсан. Тэр утгаараа нэгэнт л бидний үндсэн үйл ажиллагаанд тусгагдсан ажил болохоор энэ хөтөлбөрт хамрагдахад ямар нэг асуудал байгаагүй.

Өчигдөр эхний гэрээгээ байгуулсан, дараа нь нууцлалын гэрээ байгуулна. Эцэг эх, асран хамгаалагчийн хурууны хээгээр энэ үйлчилгээ баталгаажих учиртай. Тухайн төхөөрөмж одоогоор манай улсын хэмжээнд тасарсан байгаа юм байна. Тэгэхээр бидний ойлгож байгаагаар бүх газруудын гэрээнүүд хийгдээд, хурууны хээ уншигч төхөөрөмж ирснээр энэ ажил тавдугаар сарын эхээр албан ёсоор эхлэх юм болов уу даа.

Нэмж хэлэхэд нэг асуудал байгаа. Манай эмнэлгийн хувьд олон жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсан учраас өөрийн гэсэн үйлчлүүлэгч гэр бүл, тэдний хүүхдүүд байдаг. Хөтөлбөр хэрэгжихдээ 2-6 насны хүүхдүүдийг хаяг байршлаар нь эмнэлгүүдэд хувааж өгч байгаа юм. Тэгэхээр үйлчлүүлэгч өөрөө эмнэлгээ сонгох эрхгүй болчхож байна л даа. Нөгөө талаас үйлчлүүлэгч хүүхдүүд маань эмнэлэг дамжихаар халдвар авах эрсдэлд орох вий гэж санаа зовниж байгаа. Хөтөлбөр хэрэгжээд ирэхээр байнгын үйлчлүүлдэг эмнэлэгтэй гэр бүлүүд энэ зохион байгуулалтад шүүмжлэлтэй хандах байх.  

“Уран ломбо” шүдний эмнэлэг: Гэрээ хийсэн. Ажил хэзээ эхлэх нь тодорхойгүй байна. 20 гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа туршлагатай эмнэлэг болохоор хөтөлбөр хэзээ ч эхэлсэн хүүхдүүдийг хүлээн авахад бэлэн байна. 

“Хаш талст” эмнэлэг: Манайх гэрээ хийсэн, одоо удирдамжаа хүлээж байна. Мэдээж хэрэг ачаалал нэмэгдэх учраас нэмж ажлын орон тоо гаргана. Ер нь бол нэг хүүхдийн 60 мянган төгрөгөөр үйлчилгээ үзүүлэхэд тухайн эмнэлгийн хувьд алдагдал хүлээнэ. Хүүхдийн шүдэнд үзлэг оношилгоо, эмчилгээ хийхэд том хүнээс 1-2 дахин илүү цаг зарцуулдаг. Энэ мэтээр яриад байвал маш их асуудал бий. Гэхдээ бид нар үүнийг асуудал гэж харж шалтаг шалтгаан тоочихоосоо илүүтэй нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхдүүдийн эрүүл мэндийн төлөө оролцоод явья гэсэн байр суурьтай байгаа. 

“Цэвэр талст” эмнэлэг /Дорноговь аймаг Замын-Үүд сум/ Манай эмнэлэгт тендерт шалгарлаа гэсэн мэдээлэл өгсөн. Гэрээ хийгээгүй байна. Иргэд утсаар хүүхэд үзэж эхэлж байна уу гээд асуугаад байна. Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг эмнэлгүүд гэрээгээ хийсэн гэж сонслоо. Тэгэхээр орон нутгийн эмнэлгүүдийн гэрээ удахгүй хийгдэх байх гээд хүлээлтийн байдалтай байна.

Бэлтгэл ажлын хувьд угаасаа сонгон шалгарсан гэдэг нь өөрөө  хүүхэд хүлээн авч үйлчилгээ үзүүлэхэд бүх стандартыг гэсэн үг. Асуудал гэвэл эмчилгээний зардлын хувьд  нэг хүүхдэд хүрлээ гэхэд, нөгөө нь хүрэлцэхгүй байж болно. Түүнчлэн хүүхдийг тухайн эмнэлэгт нь оношлохгүй бол өрхийн эмч нь багажгүйгээр оношлоод тэдэн шүд эмчлүүлнэ гээд явуулдаг. Энд ирээд мэргэжлийн эмч багажаар оношлохоор илүү хүнд онош тавигдаж болно. Энэ мэтээр асуудлууд үүсэх магадлалтай.  


-“ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮҮХЭД” ХӨТӨЛБӨРИЙН САНХҮҮЖИЛТИЙГ АВЧ ЧАДААГҮЙ-

Харин тодруулга өгөхөөс татгалзсан хэд хэдэн эмнэлгийн тухайд хөтөлбөрийг  судалгаа шинжилгээ муутайгаар хэрэгжүүлж эхлэх гэж байгаад сэтгэл дундуур байгаагаа илэрхийллээ. Хэдийгээр сонгон шалгаруулалтад бүхий л үзүүлэлтээрээ тэнцсэн ч төртэй хамтраад ажиллахад асуудал зөндөө байгаа гэв. Тухайлбал, 60 мянган төгрөгөөр нэг удаад хүүхдийн амны хөндийг бүрэн эрүүлжүүлнэ гэдэг нь учир дутагдалтай. Тухайн зардалд тааруулаад хямд төсөр бүтээгдэхүүн хэрэглэх үү, эсвэл гэдэг асуудал үүсч байгаа гэлээ.

Мөн энэ хөтөлбөр шинээр байгуулагдсан ачаалал багатай эмнэлгүүдийн хувьд тохиромжтой гэж үзэж байгаа ч нөгөө талаас төгсөөд 2-3 жил болж байгаа эмч нар бага насны хүүхэдтэй ажиллахад туршлага, мэдлэг дутах магадлалтай гэж харж байгаа нуусангүй. Харин зарим нэг эмнэлгийн хувьд өмнө нь “Эрүүл монгол хүүхэд” хөтөлбөрт хамрагдсан ч одоо хүртэл санхүүжилтээ авч чадаагүй гэдгээ хэлж байсан юм. Түүнчлэн “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрийг эргэн нэг харж сайн нягтлах шаардлагатай гэдгийг ихэнх нь сануулж байлаа.   

Энэ бүхний эцэст ЭМЯ-ны олон нийтттэй харилцах албаны мэргэжилтнээс хөтөлбөрийн талаар хэд хэдэн тодруулах зүйл байгаагаа хэлэхэд “Ирэх долоо хоногт хөтөлбөрийн нээлт болно. Тухайн үед бүх мэдээлэл тодорхой болно₮ гэсэн юм.  

Б.БАЯРТ 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button