Нийгмийн

ЭМГЭНЭЛ: Монгол Улсын Ардын жүжигчин П.Хаянхярваа таалал төгсжээ

Монгол улсын ардын жүжигчин Пүрэвжавын Хаянхярваа таалал төгсжээ.Тэрбээр 1935 онд Их мэргэд овогт Банзарын Пүрэвжав, Чойжинжавын Тогоо нарын гэрт ууган хүү Хаянхярваа мэндэлжээ. Эцэг нь хүүгийнхээ авъяас билгийг эрт анзаарч, түүнд эрдэм боловсрол чухал болохыг ухаарсан эх нь 6 настайгаас нь эхлэн монгол бичиг, латин үсэг, газар зүй, тоо бодлого заасан байна.

1945 оны 5 дугаар сарын 1-нд ээж Тогоо нь Цэргийн ерөнхий сургуулийн хөгжмийн салаанд сурагчаар элсүүлжээ. 1950 онд үлгэр жишээ үлээвэр хөгжмийн чуулга байгуулагдахад хөгжимчин, 1955 оны 1 дүгээр сараас Цэргийн дуу бүжгийн ансамбльд хөгжимчин, 1957 оны 3 дугаар сараас офицер болж, бага дэслэгч цолтойгоор үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн туслах удирдаачаар ажиллаж эхэлжээ.
Тэрээр мөн ондоо ЗХУ-ын Москва хотын Лениний одонт П.И.Чайковскийн нэрэмжит хөгжмийн консерваторын цэргийн хөгжмийн удирдаачийн факултетад суралцаж, 1961 онд онц дүнтэй төгсжээ.

П.Хаянхярваа нь өөрийн биендээ ахадсан гэмээр авьяас төгөлдөр нэгэн ажээ. Тэрээр сайн хөгжимчин (кларнетч), нэрт хөгжмийн зохиолч, авьяаслаг удирдаач, хөгжмийн найруулагч, телевизийн хөтлөгч, зохиолч, орчуулагч, редактор, багш, зохион байгуулагч, төрийн түшээ (АИХ-ын депутат, МХЗХ-ны удирдах зөвлөлийн гишүүн) хүн юм.
Хурандаа П.Хаянхярваа 60 гаруй жил хөгжмийн урлагт үнэнчээр зүтгэж, 1961 оны 7 дугаар сарын 19-нд өөрийн анд С.Долдын шүлгээр “Цэргийн нөхөр Цэрэнтэйгээ хоёулаа” дууг тавхан минутын дотор зохиосноос хойш дуу, дуулал, магтуу, марш, удиртгал хөгжим, бүжгийн хөгжим, киноны хөгжим, циркийн хөгжим, дуурь, симфони, жаз, эстрад хөгжим зэрэг 1000 гаруй уран бүтээл туурвижээ.

1977 онд Ардын цэргийн жанжин штабын цэргийн хөгжмийн албаны дарга, цэргийн дуу бүжгийн чуулгын ерөнхий удирдаач, үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн уран сайхны удирдаач, дэд хурандаа цолтой байхдаа Монгол Улсын төрийн дууллын 3 дахь найруулгыг хийсэн нь үндэсний шинжтэй, томоохон дуулал болсон юм.
Тэрээр төрийн ёслол хүндэтгэлийн концертууд, цэргийн парад, хөдөлмөрчдийн жагсаалын хөгжмийг найруулан, дуурь болон циркийн найрал хөгжмийг удирдан, олон улсын уралдаан тэмцээн, аялан тоглолтуудыг ахлан зохион байгуулж байсан байна.

1969 онд Цэргийн дуу бүжгийн чуулгын эрэгтэй дан найрал буюу алдарт “Жаран хар”-ыг санаачлан зохион байгуулж тоглолтуудыг нь удирдаж, 1972 онд цэргийн үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн чуулгын дэргэд жазз - эстрад хөгжмийн “Соёмбо” хамтлагийг Б.Нямдоржийн хамт байгуулан, 1979онд УДБЭТ-ийн тайзнаа францын хөгжмийн зохиолч Адольф Адамын “Жизель” бүжгэн жүжгийг Монголдоо анх удаа тоглуулсан бөгөөд 1990 онд үндэсний дуу бүжгийн “Түмэн эх” чуулга, 1995 онд Цагдаагийн Ерөнхий газрын харъяа цагдаагийн “Сүлд” чуулга зэргийг шинээр үндэслэн байгуулж, дотоод гадаадад тоглолтуудыг нь удирджээ.

П.Хаянхярваа нь соёл урлагийн олон сургуулиудад багшилж, үлээвэр хөгжим болон хөгжмийн онолын 100 гаруй ном, сурах бичиг зохион хэвлүүлж, мэргэжил нэгт нөхөд болон шавь нарынхаа бүтээлийг редакторлаж, хүү Х.Зоригтын хамт Америкийн хөгжмийн зохиолч Жорж Гершвиний “Порги Бесс хоёр” дуурийн цомнолыг, Германы хөгжмийн зохиолч Отто Николайн “Винзорын овжин авхай” хошин дуурийг орос, герман хэлнээс орчуулж, найруулан тоглуулсан, монголын радио телевизэд хөгжмийн соёл, боловсролын сэдвээр 30 гаруй жил цуврал нэвтрүүлэг хөтөлсөн гээд түүний хийж бүтээснийг тоолж баршгүй юм.

Үе залгамжилсан хөгжмийн зохиолч, удирдаач, цэргийн хөгжмийн салааны сонсогчоос хурандаа болтлоо өсч дэвжсэн Пүрэвжавын Хаянхярваа нь өөрийгөө магтуулахаас илүүтэйгээр өөрийн багш Г.Таванцэрэг, Г.Бирваа, С.Гончигсумлаа, Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн, Ж.Бадраа, анхны багш болох аав дэд хурандаа Пүрэвжав, ээж Тогоо нарынхаа ачийг үргэлж санан дурсаж, шавь МУГЖ Ө.Баярмагнай, Г.Тэрбиш, Д.Дашням, Ш.Гунаажав, Ж.Бүрэнбэх нараараа бахархаж, орчин үеийн Монголын хөгжмийн урлагийн нэрийн хуудас болох Н.Дашцэдэн, Д.Жанчив, Лх.Эрдэнэбулган, Г.Алтанхуяг, Н.Жанцанноров нарын зэрэг олон нөхдөө хүндэлж явдаг.

Ном унших, бичих, хоолны жор, ахуйд ашигтай зөвлөгөө цуглуулах хоббитой эгэл жирийн тэрээр эцэг эхийн хайртай хүү, хүний сайхан хань, үр ач нарынхаа түшигтэй аав, хөгжмийн урлагийнхны сор, цэрэг армийнхны бахархал, ард түмний эрхэм нэгэн билээ.
Монгол Улсын Урлагийн гавъяат зүтгэлтэн, Ардын жүжигчин П.Хаянхярваа нь БХЯ, БСШУЯ, хэвлэл мэдээллийн зэрэг есөн яам, газрын “Тэргүүний ажилтан” цол тэмдэг, Ардын хувьсгалын ойн бүх медалиуд, гадаадын олон орны одон медаль, цол, цом, өргөмжлөлөөр дүүрэн бидний бахархал болсон хүн билээ /байлаа/.

Эх сурвалж: намтрыг сэтгүүлч Ц.Баатарсүрэн /Эрдэнэбулган- Эрдэнийн өлгий номноос/
Монгол улсын урлагын салбарт, нутаг орныхоо төлөө хийсэн бүхнээр тань бид бахархаж, агуу бүтээлүүд тань үеийн үед, үр хойчид мөнхөд дуурсагдах болноо..
Ум маани бад ми хум!
Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын УБ хот дахь Нутгийн зөвлөл

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2020-08-15 20:12

"Монгол тулгатны зуун эрхэм"-д оруулаасай гэж их хүсэж байсан юмсан. Эх дэлхийдээ тайван нойрсоорой.

Холбоотой мэдээ

Back to top button