Ярилцлага

Жүжигчин, загвар өмсөгч Б.Ганчимэг АНХ УДАА МОНГОЛЫН ХЭВЛЭЛД ярилцлага өглөө

Өнгөрөгч долоо хоногт “Waiting for the Barbarians” кино нээлтээ хийлээ. Уг кинонд Холливүүдийн ододтой манай жүжигчид хамтран тоглосон нь олон нийтийн ярианы сэдэв болоод буй.

Бид кино багийг Монгол талтай холбоход голчлон ажилласан “Black Stallions” продакшны найруулагч Б.Гарамханд, мөн тус кинонд туслах дүр бүтээсэн МУГЖ Д.Гүрсэд нартай хийсэн ярилцлагаа уншигчдад хүргэсэн. Мөн “Waiting for the Barbarians” киног үзсэн сэтгэгдэл, рэвью бичиж нийтэлсэн билээ.

Тэгвэл энэ удаад жүжигчин, загвар өмсөгч Б.Ганчимэгтэй уулзуулж байна. Тэр өмнө нь Холливүүдийн хэд хэдэн кинонд тоглож байсан ч төдийлөн монголчуудын танил болоогүй байв. Харин “Waiting for the Barbarians”-д уугуул эмэгтэйн дүрийг бүтээснээрээ халуун сэдэв, хилийн чанадаас гялалзах бахархал болоод буй.

Б.Ганчимэг Англид загвар өмсөгчийн карьераар маш амжилттай замнаж яваа бүсгүй. Харин сүүлийн жилүүдэд дэлгэцийн салбарт хүч үзэх болсон. Жүжигчний мэргэжлээр суралцаад тэр “ExMachina”, “Ben Hur”, “Wonder Woman” тэргүүтэй Холливүүдийн кинонуудад туслах дүр бүтээжээ.

Энэ түүний Монголын хэвлэлд өгч буй анхны ярилцлага боллоо.


-Ярилцлагын эхэнд монгол жүжигчний хувиар “Waiting for the Barbarians” киноны гол дүр бүтээсэнд тань баяр хүргэмээр байна.

-Баярлалаа. Юуны өмнө энэ киног эх оронд минь Монголын маань үзэгчдийн хүртээл болгох боломжийг бий болгосон “Black Stallion” продакшны хамт олонд талархал илэрхийлэх нь зүйтэй байх. Тус продакшны захирал, миний ах Б.Гантулга манай улсын чадварлаг жүжигчид болох МУАЖ П.Цэрэндагва, МУГЖ Д.Гүрсэд, залуу жүжигчин Г.Дөлгөөн-Эрдэнэ нар болон морьтон эрсийн дүрд тоглох залуусыг шалгаруулахад гол үүрэг гүйцэтгэж, кино багт оруулах гэж ихээхэн хичээл зүтгэл гаргасныг дурдах нь зүйтэй болов уу. Мөн найруулагч Б.Гарамханд кинон дахь уугуул иргэдийн хэлэх үгсийг монгол хэл рүү хөрвүүлэн найруулахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм.

-Уучлаарай, өөрийг тань уншигчдад илүү дотно танилцуулах хэрэгтэй болов уу. Үндсэн асуултууд руу орохын өмнө бидэнд өөрийгөө, Б.Ганчимэг гэдэг хувь хүнийг танилцуулаач?

-Би Улаанбаатар хотод төрсөн, айлын отгон охин. Ээж минь хүүхдийн их эмч мэргэжилтэй, харин аав маань цэргийн хүн байсан. Би багадаа нэлээд дуугүй, дотроо алив зүйлийг дүрслэн боддог хүүхэд байлаа. Үлгэр унших, зураг зурах дуртай, хүүхэлдэйндээ өөрөө хувцас оёж, хатгаж өгдөг байв. Аав маань их сайхан зурдаг хүн байсан, мөн надад үлгэр уншиж өгдөг байсан нь миний төлөвшилд их нөлөөлсөн. Зуны амралт бүрийг хөдөө, буурал ээж дээрээ өнгөрүүлдэг байлаа. Энэ нь намайг хөдөө ахуйтай, байгальтай их ойр болгосон. Буурай ээж маань бидэнд байгаль эх, уул усаа хайрлан хамгаалахыг зааж сургасан. Тиймээс би Монголдоо очих бүрдээ хөдөөгөөр аялж, нутгийнхаа уул уснаас эрч хүч, урам зориг авдаг.

-“Waiting for the Barbarians” кинонд тоглох боломж танд хэрхэн олдсон юм бэ. Хувь уран бүтээлчийн хувьд хэр том, хэр чухал боломж байсан бэ?

-Юуны өмнө энэ дүрийн шалгаруулалт тийм ч амар байгаагүй, учир нь дүр өөрөө их гүн гүнзгий утгатай, киноны гол учир утга нь юм. Киноны сонгон шалгаруулалтад орохоос өмнө зохиолч, Нобелийн шагналт Ж.М.Көтзэгийн уг романыг шимтэн уншсан. Зохиолыг уншсанаар энэ дүрийн туулж байгаа хүнд зам, түүний амьд явах шалтгааныг ойлгосон. Мөн зохиолд уг дүрийн сэтгэл зүйн байдлыг бүдэг дүрсэлсэн, тэр тусмаа охин өөрөө нэргүй. Энэ дүр нь дайн, хүчирхийлэлд өртсөн олон гэмгүй хүмүүсийн төлөөлөл болсон мэт санагдсан. Тиймээс жүжигчин хүний хувьд уг дүрийг бүтээх нь чухал гэж бодсон.

Дүрийн шалгаруулалтын хувьд чадвартай жүжигчидтэй өрсөлдөж, зохиолч Ж.М.Көтзэ намайг өөрөө сонгосон. Уг киноны продюсер Майкл Фицжеральдын хувьд энэ киног хийх гэж 30 жил хүлээсэн. Энэ бүхэн намайг өөрийгөө шахах, бүх нөөцөө дайчлах хариуцлагыг мэдрүүлж байлаа.

-Таныг Английн нэгэн кино агентлагт харьяалагддаг гэж сонссон. Энэ талаар цухасхан сонирхуулаач. Хэдэн оноос хойш хамтарч ажиллаж байгаа вэ?

-2018 оноос бид хамтарч ажиллаж байна. Гайхалтай зүйлсийг бүтээн босголцсон энэ багийнхантайгаа хамтарч ажилладагтаа их сэтгэл хангалуун явдаг.

-Өмнө нь гадаадын кино төслүүд дээр монгол хэлээрээ тоглож байсан удаа бий юу. Энэ удаагийнх юугаараа онцлог байсан бэ?

-Би ихэвчлэн англи хэл дээр жүжиглэж байсан. Харин “Waiting for the Barbarians” болон “Intelligence” дэлгэцийн олон ангит цувралд монгол хэлээр тоглосон. Энэ удаад чадварлаг, авьяаслаг монгол жүжигчидтэйгээ хамтарч ажилласнаараа онцлог болсон. Надад үнэхээр сайхан сэтгэгдэл төрүүлсэн.

-“Waiting for the Barbarians” кинонд бүтээсэн дүрийнхээ амин сүнсийг та хувьдаа юу гэж ойлгосон бэ. Ажиллахад хамгийн хүндрэлтэй зүйлс нь юу байсан бэ?

-Энэ охин бол төрөлх нутагтаа эзэнт гүрний албадуудад харгис хэрцгийгээр эрүү шүүлтэд орсон, нутгийн иргэний дүр юм. Охин хэдий хүнд хэцүүг туулсан ч түүний хатан зориг мохоогүй, охины сэтгэлийн мухарт эх нутаг элгэн садангаа гэх чин хүсэл нь түүний амьд явах шалтгаан болж байсан. Нөгөөтээгүүр, миний хувьд чадвар шаардсан дүрд илүү татагддаг тул уг дүрээр дамжуулж ур чадвараа харуулах, мөн жүжигчний хувьд өсөх боломж байсан.

-Эхэндээ кино багт Монгол талаас зөвхөн та байсан юм билээ. Харин сүүлд АЖ П.Цэрэндагва, МУГЖ Д.Гүрсэд нар нэмэгдэх болоход танд ямар сэтгэгдэл төрж байв. Ер монголчуудтайгаа Холливүүдийн кинонд ажиллах ямар байв гэсэн асуулт юм л даа?

- Нэгэнт эмэгтэй гол дүрд монгол жүжигчин сонгогдсон учир туслах дүрүүдэд Монголоосоо жүжигчид оруулах хүсэл төрсөн, нөгөөтээгүүр Монголын уран бүтээлчдийн чадварыг дэлхийд таниулахыг зорисон.  Уг хүсэлтээ кино багийнхандаа илэрхийлэхэд миний саналыг халуун дотно хүлээж авснаар Монголынхоо чадварлаг жүжигчидтэй хамтран ажиллах боломж олдсон.  Манай жүжигчдийн чадвар болон тоглолтоор кино багийнхан, тэр тусмаа найруулагч үнэхээр бахархаж байсан.

-Зураг авалтын үеэр тохиолдсон хамгийн мартагдашгүй мөчүүдээс хуваалцаач. Найруулагч, продюсер болон жүжигчидтэй хамт өнгөрүүлсэн цаг хугацаанаас хамгийн тод, дурсагдаж үлдсэн үйл явдлуудаас сонирхуулна уу гэвэл?

-Энэ киноны бүх процесс гайхалтай өрнөж байсан. Шинэ дүр бүр шинэ туршлага, шинэ арга барилд сургадаг. Маш өргөн хүрээний туршлагатай уран бүтээлчидтэй ажилласан. Ялангуяа Шекспирийн театрын мэргэжлийн жүжигчин Оскарын шагналт Сэр Марк Райлэнстай хамтран ажилласан нь намайг жүжигчний хувьд суралцах,  өсөж хөгжихөд том нөлөө үзүүлсэн.

-Та багаасаа жүжигчин болохыг мөрөөддөг байсан уу. Ер хэзээнээс уран бүтээлийн карьераа том хүрээнд зураглаж эхэлсэн юм бэ? 

-Би багадаа үлгэр уншаад түүнийгээ дотроо зураглаж, төсөөлдөг хүүхэд байсан. Кино үзсэн ч дараа нь түүгээр дахин “амьдрахын” тулд толгойдоо олон дахин зураглаж боддог байлаа. Загвар өмсөгчийн хувьд зар сурталчилгаа болон дууны клипүүдэд тоглоход хэн нэгний дүрийг бүтээх шаардлага гарч байсан. Өөрөөр хэлбэл жүжигчний ур чадвар зайлшгүй шаардагдаж эхэлсэн. Энэ нь намайг жүжигчний ангиудад хичээллэж эхлэхэд нөлөөлсөн, үүний дараа жүжигчний мэргэжлээр дөрвөн жил суралцаж төгссөн. Мэргэжлээрээ суралцаж байх үедээ Оскарын шагналт “ExMachina” киноны туслах дүр Жейдэд тоглосон нь том туршлага болсон.

-Манай кино зах зээл жижиг. Уран бүтээлчид маань үүнийг тэлэх, дэлхийд өрсөлдөхүйц түвшинд хөгжүүлэхийн тулд чармайсаар байна. Таны хувьд Монголд жинхэнэ кино урлаг хөгжихөд саад, тушаа болдог зүйлс юу вэ. Ямар нөхцөл, боломж байж гэмээ нь манай кино урлаг урагшлах бололцоотой гэж хардаг вэ?

-Би монгол уран бүтээл дээр ажиллаж байгаагүй болохоор энэ асуултанд бүрэн дүүрэн хариулж мэдэхгүй л байна. Цаг хугацаа өнгөрөх тусам бүх салбарт хөгжих боломж гарч ирдэгийн адил, манай кино урлаг ч мөн өөрийнхөө замналаар, хүчирхэг сууритайгаар хөгжиж  байгаа гэдэгт итгэдэг.

-Бидэнтэй цөөн хором ярилцсанд баярлалаа. Төгсгөлд нь, монгол үзэгчдэдээ хандан хэлэх таны үгийг сонсоор байна?

-Eguur.mn-ий хамт олонд, ярилцлагын буландаа урьж оролцуулсанд талархал илэрхийлье. Харамсалтай нь цар тахлын улмаас киноны нээлтийн үеэр Монголдоо байж чадсангүй. Бүх монголчууддаа хандан энэ хэцүү цар тахлын үед эрүүл байж, өөрийнхөө болон  бусдын аюулгүй байдлыг сайтар хамгаалаарай гэж хэлмээр байна.

“Waiting for the Barbarians” кино нь империализмыг голлон харуулахыг зорьсон, гүн гүнзгий утга санааг дэвшүүлсэн бүтээл юм. Хүн төрөлхтний түүхэнд тохиолдож байсан, өнөөдөр ч оршин буй чухал сэдвийг хөндсөн уран бүтээл.

Ингээд Нобелийн шагналт, зохиолч Ж.М. Көтзегийн романаас сэдэвлэсэн, Оскарт нэр нь дэвшиж байсан найруулагч Сиро Герра болон Оскарын хоёр удаагийн шагналт, зураглаач Крис Менгесын бүтээл, Оскарын шагналт жүжигчин Сэр Марк Райлэнс, Оскарын дөрвөн удаагийн нэр дэвшигч Холливүүдийн жүжигчин Жонни Депп, Роберт Паттинсон болон Монголын чадварлаг жүжигчид болох МУАЖ П.Цэрэндагва, МУГЖ Д.Гүрсэд, залуу жүжигчин Г.Дөлгөөн-Эрдэнэ нарын хамтран тоглосон “Waiting for the Barbarians”  киног  хүлээн авч үзээрэй.


“Black Stallion” продакшны найруулагч Б.Гарамхандтай хийсэн ярилцлагыг энд дарж уншина уу.

МУГЖ Д.Гүрсэдтэй хийсэн ярилцлагыг энд дарж уншина уу.

“Waiting for the Barbarians” УСК-ны нээлтээс хийсэн фото сурвалжилгыг энд дарж үзнэ үү.

"Waiting for the Barbarians” УСК дээр бичсэн сэтгэгдэл, рэвьюг энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
garid
garid
2020-08-24 08:56

mundag uur heleh vg alga

Зочин
Зочин
2020-08-24 17:48

Бахархаж байна. Охин минь. Зөвхөн ургашаа Амжилт хүсье

Зочин
Зочин
2020-08-24 20:47

амжилт хүсье.

Зочин
Зочин
2020-08-26 13:09

зүгээр өөрийнхөө царайгаар байж болдоггүймуу. яг олсены эгч дүүс шиг, хичээсэн царай гаргах ий. шанааны ясаа төвийлгөж норм�##� биш харц гаргаад. шаардлагагүй шд. олон шар жүжигчид холливүдэд ялгарахын тулд тэгдэг. ази хүнд тэгэх шаардлагагүй

Зочин
Зочин
2020-08-31 11:14
Reply to  Зочин

Өөр өө олоогүй бол мундаг бүсгүй гэж хүлээн зөвшөөрч дээ, өөр яахав ккк

.
.
2020-08-31 10:06
Reply to  Зочин

Uuriin bish tgd ymr tsarai ym uuluh ymaa olj shvvmjleech tnegee asia hvn yhara iim tsrai gargaj shanaanii ysaa tuwiilguj boldgu ym

Оюунтүлхүүр
Оюунтүлхүүр
2020-08-26 13:51

ямар сайхан юм вэ бас эх орноо өрөвдмөөр ч юм шиг, нөгөө хуучины Тунг�##�аг тамир кинон дээр айлийн шавхруу харж явсанаас өөрөө тогой нэрээд сууна гэж бодсонгүй явлаа гэдэг шиг л байна. Бас жинхэнэ Монгол сайхан бүсгүйн төрхтэй юм аа.

Холбоотой мэдээ

Back to top button