НИЙГЭМ

Энэ жил 1.3 сая хүнийг томуугийн вакцинд хамруулахаар төлөвлөжээ

Цар тахлын үеийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, ачааллыг хуваарилах болон улирлын томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, дэгдэлтийн үеийн бэлэн байдлыг хангах чиглэлээр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан улсын болон дүүргийн эмнэлгүүдийн удирдлагуудтай өнөөдөр хуралдлаа.

Ирэх аравдугаар сараас улирлын томуу, томуу төст өвчний дэгдэлт эхлэхтэй холбогдуулан бэлтгэл ажлын хүрээнд хоёрдугаар шатлалын буюу дүүргийн эмнэлгүүдийн орны хүрэлцээг нэмэгдүүлж, шаардлагатай тохиолдолд нэмэлт ор гаргах чиглэлээр аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллахаар болжээ. Тухайлбал,Нийслэлийн хэмжээнд 2,852 хүүхдийн орыг бэлдэж, нэмэлтээр цэцэрлэг, зочид буудал гэх мэт эрүүл мэндийн бус байгууллагад 750 орны нөөцийг бүрдүүлэхээр болжээ.

Хуралдаанаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаа “Томуугийн дархлаажуулалтад 2019 онд эрсдэлт бүлгийн хүмүүс, жирэмсэн, цэцэрлэгийн хүүхдүүд болон сайн дурын нийт 100 гаруй мянган хүнийг хамруулсан бол 2020 онд 394 мянган хүн тунгаар захиалга өгч ажиллаж байна. Түүнчлэн 2019 онд Уушгины хатгалгааны эсрэг вакцинд 21,078 хүүхдийг хамруулсан бол 2020 оны эхний хагас жилд 11,757 хүүхдийг хамруулаад явж байна” хэмээн танилцууллаа.

Хуралдааны төгсгөлд Эрүүл мэндийн сайд эмнэлгийн удирдлагуудад улирлын томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үеийн бэлтгэл ажлуудаа бүрэн хангах, олон нийтэд урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээлэл, зөвлөмжийг сайн хүргэх тал дээр анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

Түүнчлэн ЭМЯ-аас энэ жилийн хувьд 1.3 сая хүнийг томуугийн вакцинаар хангахаар төлөвлөн ажиллаж байна.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button