Өвчилсөн хүүхдээ асрах эцэг, эхэд түр зохицуулалт хийнэ

Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед бага насны хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, өвчний хүндрэл болон халдварын тархалтаас сэргийлэхэд хүүхдээ гэрээр асрах, эмчилгээ сувилгааг зөв хийх нь чухал байдаг. Иймд ажил, хөдөлмөр эрхэлдэг эцэг, эх, асран хамгаалагчдад өвчилсөн хүүхдээ асрах боломж бүрдүүлэх түр хугацааны зохицуулалтыг Засгийн газрын тогтоолын төсөлд тусгасныг ЭМ-ийн сайд Э.Батшугар мэдэгдлээ.
Уг зохицуулалтыг 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс 2027 оны гуравдугаар сарын 1 хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Энэ хугацаанд томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 6 хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт болон гэрээр асарч байгаа ажилтны ажлын онцлог, боломжийг харгалзан гэрээс нь цахимаар ажиллуулах, цахимаар ажиллах боломжгүй тохиолдолд ажлын тав хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгох зохицуулалтыг хэрэгжүүлэх аж. Ингэснээр эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдээ асрахын зэрэгцээ боломжтой нөхцөлд ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэх боломж бүрдэх тул хувийн хэвшлийнхнийг ч үүнд нэгдэхийг уриалсан.
Эрүүл мэндийн яамнаас эцэг, эх, асран хамгаалагчдыг томуугийн эсрэг вакцинжуулалтад идэвхтэй хамрагдах, бага насны хүүхдийг олон нийтийн газраар авч явахгүй байх, амьсгалын замын халдварын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд хүүхдээ сургууль, цэцэрлэгт явуулахгүй байхыг зөвлөлөө.
Г.САНСАР












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.