НИЙГЭМНийгэм мэдээ

Сурвалжилга: Өвдөөгүй хүүхдэдээ ₮100 мянгын багц авч хадгална гээд ирж байна. Тэгэх боломжгүй

Томуу, томуу төст өвчний улирал эхэлж байгаатай холбогдуулан хүүхдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, эцэг эх, асран хамгаалагчдад учрах санхүүгийн дарамтыг бууруулах зорилгоор ханиад хүрсэн хүүдэд 100 мянган төгрөгийн өдрийн эмчилгээг үнэ төлбөргүй хийхээр болсон. Тухайлбал, Эрүүл мэндийн яамнаас ирүүлсэн чиглэлийн дагуу 2026 оны аравдугаар сарын 1-нээс эхлэн өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвүүдэд үзүүлэх хүүхдийн өдрийн эмчилгээний санхүүжилтийг Ниймгийн даатгалын ерөнхий газраас ₮3.7 тэрбум болгож нэмсэн аж.

Улмаар эмчийн үзлэгээр өдрийн эмчилгээ шаардлагатай гэж үзсэн хүүхдүүд өөрт ойр байрлах эрүүл мэндийн төвдөө эмчийн хяналтад эмчлүүлэх боломж бүрдсэн байна. Тэгвэл эцэг эхчүүдийн дунд дээрх өдрийн эмчилгээг хэрхэн авах талаарх бодит мэдээлэл дутмаг байгаа учир энэ талаар холбогдох эх сурвалжуудаас тодруулаа.

Энэ жилээс л ханиад хүрсэн хүүхдэд ₮100 мянгын үнэгүй эмчилгээ өгч байгаа мэт ойлголт нийгэмд үүсжээ. Тэгвэл хүүхдийн өдрийн эмчилгээний багц тусламж, үйлчилгээ нь 2024 оноос хэрэгжиж эхэлсэн юм байна. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас энэ талаар тодруулахад "2025 оны аравдугаар сараас арванхоёрдугаар сарын хооронд хүүхдийн өдрийн эмчилгээнд 300 сая төгрөг зарцуулсан бол 2026 оны төсөвт уг тусламж, үйлчилгээний санхүүжилтийг 1.8 тэрбум төгрөгөөр батлуулсан.

Харин томуугийн улирлын бэлэн байдлыг хангах, хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний хэрэгцээг нэмэгдүүлэх чиглэлийн хүрээнд санхүүжилтийг дахин нэмэгдүүлж, 3.7 тэрбум төгрөгт хүргэсэн. Цаашид томуугийн улирлын өвчлөл, тусламж, үйлчилгээний бодит хэрэгцээ, эмчилгээний гүйцэтгэлд үндэслэн санхүүжилтийг шаардлагатай тохиолдолд улирал дуустал гүйцэтгэлээр тооцон олгох буюу квотын хязгаарлалтгүй тусламж, үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна" гэлээ.

Иргэдийн дунд хүүхэд "хүүхэд ямар тусламж, үйлчилгээг үнэ төлбөргүй авах вэ" гэх асуулт урган гарч байна. Энэ асуултад хариулт ойлгомжтойгоор хариулт өгвөл нэг хүүхдийн өдрийн эмчилгээний багцын санхүүжилтыг 100,000 төгрөгөөр тооцож уг зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас бүрэн хариуцах аж.

Тус багцад хүүхдийн биеийн байдал, өвчний шинж тэмдэг, эмчийн оношилгоо, заалтад үндэслэн дараах тусламж, үйлчилгээ багтах юм байна Үүнд:

  • Эмчийн үзлэг, оношилгоо, хяналт;
  • Эмчийн заалтын дагуу шаардлагатай эмийн эмчилгээ;
  • Утлага, физик эмчилгээ;
  • Шаардлагатай тохиолдолд давтан үзлэг, хяналт болон бусад эмчилгээ багтах аж.

Улаанбаатарын өвөл хатуу болдог. Тэр тусмаа гэр бүлийн хэн нэгэн гишүүн томуугаар өвчлөхөд гэр бүлийн санхүүд хүнд ачаа болдог нь үнэн. Уг дарамтыг хөнгөлөх үүднээс томуу, томуу төст өвчний үед шаардлагатай эмчилгээний эмийг өөрсдийн зардлаар худалдан авахгүйгээр, тухайн эрүүл мэндийн байгууллагаар дамжуулан ЭМД-ын санхүүжилтээр авах боломж бүрдүүлжээ.

Харин багцад орох эмийн нэр төрөл, нөөц бүрдүүлэлтийг өрхийн эрүүл мэндийн төвүүд өөрсдөө шийдвэрлэх юм байна. Тодруулбал, томуу, томуу төст өвчний үеийн хүүхдийн өдрийн эмчилгээнд ашиглах эмийн нэр төрлийг Эрүүл мэндийн сайдын 2024 оны А/286 дугаар тушаалаар баталсан жагсаалтын хүрээнд өрхийн эрүүл мэндийн төвүүд өөрсдөө сонгож, эмийн нөөцөө бүрдүүлэн ажилладаг байна.

Эцэг эхчүүдийн дунд эргэлзээ төрүүлж буй дараагийн асуулт нь "Хүүхэд бүрд өдрийн эмчилгээний багц олгох уу" гэх асуулт. Хариулт нь үгүй. Зөвхөн томуу, томуу төст өвчнөөр өвдсөн хүүхдэд дээрх өдрийн эмчилгээнд хамрагдах аж.

-Өрхийн эмнэлэгүүд өөрсдөө ₮100 мянгын багцаа бэлдэнэ. Дараагаар нь ЭМДЕГ-т нэмэхжлэл үүсгэнэ-

Энэ талаар БЗД-ийн 15-р хорооны "Цэдэн Эрдэнэ" ӨЭМТ-ийн хүүхдийн эмч Ж.Болорчимэгээс тодрууллаа. Тэрбээр "Манай эцэг эхчүүд буруу мэдээлэлтэй байх шиг байна. Өвдөөгүй хүүхдэдээ өдрийн эмчилгээний багц аваад хадгална гээд авахаар ирж байх жишээтэй. Томуугаар өвдсөн хүүхдийн өдрийн эмчилгээг цар тахлын үеийн эмчилгээний багц шиг ойлгоод байх шиг байна л даа. Томуу, томуу төст өвчнөөр өвдсөн хүүхдийг өрхийн эмч нь үзнэ. Хүүхдийн эмч үзэж шаардлагатай оношилгоог хийсний үндсэн дээр өдрийн эмчилгээ шаардлагатай эсэхийг шийдвэрлэнэ. Хэрэв өдрийн эмчилгээ шаардлагатай гэж үзсэн тохиолдолд тухайн хүүхдийн биеийн байдал тохирсон эмчилгээ, эмийн багцыг эмчийн заалтын дагуу олгож, шаардлагатай тусламж, үйлчилгээг үзүүлнэ. Ингэхдээ хүүхэд бүрд ижил эмчилгээ, ижил эмийн багц олгохгүй.

Манай эмнэлэг хүүхдийн нас, биеийн байдалт тохирсон дөрвөн өөр өдрийн эмчилгээг гаргасан. Тухайлбал, 0-5, 5-10, 10-15, 15-18 нас гэх мэт. Өрхийн эмнэлэг бүр өөр өөр багц бий болгож байгаа. Манайх ихэвчлэн найруулж уудаг эмний төрлүүдийг оруулсан. Аль болох хүчтэй антибиотикоос татгалзаж дархлаа дэмжих бүтээгдэхүүнүүдийг багтаахыг зорьсон.

Эхний ээлжид 50 ширхэг багц бэлдсэн байгаа. Дуусвал ахиад бэлдэнэ. Төсвийн тухайд гэвэл манайх өөрсдийн эмийн хангамжаараа багцаа бүрдүүлнэ. Дараагаар нь ЭМДЕГ руу нэхэмжлэл илгээж санхүүгээ шийдүүлнэ гэсэн үг. Тиймээс нэг өрхийн эмнэлэгт тэдэн багц гэж тогтоосон квот байхгүй. Шаардлагатай бүх хүүхдэд л багцыг хүргэхийг зорьж ажиллана" гэлээ.

Ташрамд дурдахад хүүхдийн өдрийн эмчилгээний багц нь зөвхөн нэг удаагийн эмчилгээ, эсвэл тогтсон нэр төрлийн эмийн багц биш аж. Хүүхдийг эмчид үзүүлэхээс эхлээд оношилгоо, шаардлагатай эмийн эмчилгээ, давтан хяналт, утлага болон физик эмчилгээ зэрэг тухайн хүүхдэд шаардлагатай тусламж, үйлчилгээг цогцоор нь багтаасан санхүүжилтийн багц юм байна. Иймд эцэг эхчүүд хүүхдээ ханиад, томуугийн шинж тэмдэг илэрсэн үед харьяа өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвдөө хандаж, эмчид үзүүлэн шаардлагатай тусламж, үйлчилгээг авах боломжтой.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Оркууд

Холбоотой мэдээ

Back to top button