Нийгмийн

ПАРЛАМЕНТЫН СЭТГҮҮЛЧИД: Асуудлаас бултдаг гишүүд сэтгүүлчдийг хаалттай ажиллуулах сонирхолтой байна

Монгол Улсад тогтоогоод байсан өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцалсан гэхэд бараг хилсдэхгүй. Улсынхаа хилийг нээгээгүй байгааг эс тооцвол шүү дээ. Коронавирусээр далимдуулан Төрийн ордонд мэдээлэл бэлтгэх, сурвалжлах, ярилцлага авах эрх сэтгүүлчдэд хаалттай хэвээр байгааг уншигч та анзаарсан уу. Энэ нь дөрөв дэх засаглал болсон хэвлэлийн эрх чөлөөнд, иргэдийн мэдэх эрхэд сөргөөр нөлөөлж байгаа юм. Парламентын сэтгүүлчид үүнийг эсэргүүцэн, бойкотлосон ч тусыг эс олсон. Намрын чуулган өнөөдөр хэвлэлд хаалттай хэвээр эхлэв. Энэ талаар парламентын сэтгүүлчдийн байр суурийг сонирхлоо.

Ж.АЛТАНГЭРЭЛ: ГИШҮҮДЭЭС ЯРИЛЦЛАГА АВАХ ТОДОРХОЙ ЦЭГҮҮДИЙГ НЭМЭХ ХЭРЭГТЭЙ

/Парламентын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч/

Цар тахалтай холбогдуулан УИХ-ын даргын захирамжаар парламентын сэтгүүлчид Төрийн ордонд ажиллах түр журмыг баталсан. Сэтгүүлчид бид үүнд хүндэтгэлтэй хандан, мөрдөж ирсэн. Гэхдээ энэ байдлыг далимдуулж, хэвлэлийн эрх чөлөөг боомилсон, мэдээлэл авах боломжийг бүр хаасан зохицуулалт байж болохгүй. Энэ талаарх саналаа бид удаа дараа гаргасан. Өндөржүүлсэн бэлэн байдлыг бууруулж, журмаа шинэчилнэ гэх тайлбарыг УИХ-ын Тамгын газраас өгч буй.

Улс төрчид сэтгүүлчдэд мэдээлэл өгөх эсэх нь тухайн хүний эрхийн асуудал. Татгалзаж болно. Татгалзаж байна гэдгийг нь мэдээлэх боломжтой. Тухайн хүний эрх учраас үүнд хэвлэлийнхэн хүндэтгэлтэй хандах хэрэгтэй.

Өндөржүүлсэн бэлэн байдал цаг хугацааны хувьд хэдийд цуцлагдах вэ, журмаа хэдийд шинэчлэх вэ. Хэвлэл мэдээллийнхэн мэдээлэл авах боломж нээлттэй байх ёстой гэсэн байр сууринаас бид хандаж буй. Төрийн ордонд зөвшөөрөгдсөн хэд хэдэн тодорхой цэгүүдийн тоог нэмэх, Байнгын хорооны хуралдаанд сайт, сонины сэтгүүлчид нээлттэй суудаг байя гэдэг хэд хэдэн санал гаргасан. УИХ-ын гишүүдийн ажлын өрөөнд ярилцлага авах боломж хумигдаж буй. Цаашид энэ боломжийг нээх ёстой. Төрийн ордон дахь зоогийн газар, кафед сэтгүүлчид хүссэн үедээ ороод үйлчлүүлдэг болмоор байна.

Ж.МЯДАГБАДАМ: КОРОНАВИРУСЭЭР ДАЛИМДУУЛАН СЭТГҮҮЛЧДИЙГ ЗОРИУД ХААЖ, БООЖ БАЙНА

/“Eguur.mn” сайтын ерөнхий эрхлэгч/

Сэтгүүлчид Төрийн ордноос хүссэн мэдээллээ авах боломжгүй болоод хоёр чуулган дамнаж байна. Намрын чуулган сэтгүүлчдэд нээлттэй, хүссэн мэдээллээ авах боломжийг бүрдүүлээд эхлэх болов уу гэсэн хүлээлт байлаа. Гэтэл тэгсэнгүй. Одоо эдийн засаг эмзэг, олон зүйл тодорхой бус байгаа. Тодруулмаар, ажлын хэсгийг нь ахалж буй хүнээс нь асуумаар олон асуудал байна. Гэтэл тэгэх боломж хэвлэлийнхэнд алга. Цаашдаа энэ хэвээрээ намрын чуулганыг дуусгах юм уу. Ер нь урт хугацаандаа Төрийн ордонд сэтгүүлчдийг яаж ажиллуулах вэ гэдгийг тодорхой болгох хэрэгтэй. Хаврын чуулганы үеэр коронавирусийн эсрэг хууль баталсан. Төрийн албан хаагчдыг удирдах шатанд сонгохдоо сонгон шалгаруулалт хийхгүй гэдэг ч юм уу эрх баригчид өөрсдөдөө зориулсан, ашигтай хэд хэдэн заалтыг тус хуульд тусгасан. Энэ заалтыг урт хугацаанд үргэлжлүүлэх сууриа тэгж тавьсан, хардаж хэлэхэд. Коронавирусээр далимдуулан хэвлэлийг, сэтгүүлчдийг зориуд хааж, боож байна. Ийм цаг үед хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчид нэгдэн, тодорхой үр дүнд хүрэх хэрэгтэй. Олон нийт үнэнийг мэдэх, сэтгүүлчдийн мэдээлэх, хараат бус үйл ажиллагаа явуулах эрх хөндөгдөөд байгаа юм.

Л.ОДОНЧИМЭГ: СЭТГҮҮЛЧДИЙГ ХААЛТТАЙ АЖИЛЛУУЛАХ СОНИРХОЛ ГИШҮҮДЭД БАЙНА

/Itoim.mn сайтын сэтгүүлч /

Төрийн ордонд хүссэн мэдээллээ авах ямар ч боломжгүй байгаа. Ярилцлага авах гишүүнтэйгээ цагаа товлоод, хамгаалалтын албанд нэрээ өгөөд оръё гэсэн ч оруулахгүй гэсэн. Өчигдөр Ерөнхийлөгчийн зөвлөхөөс ярилцлага авах гээд 111 төв рүү нэрээ өгөхөд камер, камерны хөл оруулахгүй гэсэн. Тэгээд би Төрийн ордон руу орж чадаагүй. Хажуугийн кафед ярилцлагаа авсан. Хавраас хойш ажлаа хийх боломжгүй байна. Цаанаас тараасан мэдээллийг нь аваад, чуулганыг онлайнаар дамжуулаад л сууж байна. Ер нь сэтгүүлчдийг иймэрхүү журмаар ажиллуулах сонирхолтой байгаа нь анзаарагдсан.  

Ш.АДЪЯАМАА: АСУУДЛААС БУЛТДАГ УЛС ТӨРЧИД ҮҮНД ДУРТАЙ БАЙГАА

/“News.mn” сайтын сэтгүүлч Ш.Адъяамаа/

Өнгөрсөн хавраас хойш ийм хязгаарлагдмал нөхцөлд сэтгүүлчид ажиллаж байна. Хэдийгээр хөл хориог цуцалсан Төрийн ордонд сэтгүүлчид ажиллах эрх хаалттай хэвээр байгаа. Сэтгүүлчид өөрсдөө хүссэн үед л ярилцлага, тодруулга авах боломжтой. Энэ байдлыг өөрчлөх болов уу гэж харж байлаа. Бид мэдээллийг нээлттэй авмаар байна, асуух, тодруулах зүйл их байна. Хэвлэлд хаалттай байгаа энэ байдал асуудалд холбогддог гишүүд л дуртай байгаа болов уу. ЖДҮ-д холбогдсон гишүүдээс сэтгүүлчид мэдээлэл авч, үнэн бодит мэдээлэл хүргэхийг зорьсон. Тийм байдлаас бултах сонирхол улс төрчдөд байна.

А.НЯМ-ӨЛЗИЙ: ХҮССЭН ЗҮЙЛЭЭ Л ХЭВЛЭЛЭЭР ДАМЖУУЛАХ СОНИРХОЛ ГИШҮҮДЭД БАЙНА

/Ikon.mn сайтын сэтгүүлч/

Сэтгүүлчид энд ингээд хүлээж зогсохоос өөр сонголтгүй, ажлаа хийх боломж нөхцөл хязгаарлагдмал байгаа. Коронавирусээс далимдуулан сэтгүүлчдээс бултах, өөрсдийнхөө хүссэн зүйлээ л хэвлэлээр дамжуулах сонирхол гишүүдэд байна. Гишүүдээс асууж, тодруулах шаардлага гарсан үед тэгэх боломж алга.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2020-10-01 12:51

Юу хийхээ мэдэхгүй гэнэт сонгогдсон м�##�нууд сэтгүүлч нараас айлгүй яахаа дээ. Юу гэж ч хариулахаа мэдэхгүй. Зөвхөн 4 жил гишүүн гэж хэлэгдэж хулгай хийхэээ бодож яваа.

Холбоотой мэдээ

Back to top button