“Улаанбаатар” кино наадмаас үзсэн тэдний хамгийн “КҮҮЛ” кино
![](https://eguur.mn/wp-content/uploads/2020/10/ulaanbaatar.jpg)
Уйтгартай дүнсгэр хотод минь долоо хоног урсаад л өнгөрлөө. Дэргэдүүр минь зөрөөд өнгөрсөн “өнгөрсөн цагийг” нэхэн дурсах нь ээ олон ч үйл явдал болж.
Түүний нэг бол кино сонирхогчдын хүсэн хүлээдэг “Улаанбаатар” олон улсын кино наадам. Эл кино наадмаар орон хотод “хамтдаа” амьдарч буй олон танил, жил болгон 1500 км-ын цаанаас кино үзэхээр ирдэг найзтайгаа уулздаг юм. Тиймдээ ч аравдугаар сард догдлохгүй байж яахан чадах…
Энэ жилийн тухайд Франц, Герман, Иран, Швейцар, Итали, Австрали, Хятад, Тайвань, Япон, Бразил, Монгол зэрэг 11 орны 19 кино бүтээл үзэгчдийн хүртээл болсон юм. Бид уг кино наадмын сүүлийн өдөр дараах дөрвөн үзэгчийн сэтгэгдлийг сонссон юм. Тэд ямар киног онцлов.
Б.Алтанхуяг:
![](https://eguur.mn/wp-content/uploads/2020/10/118398303_3085873821530766_5306148107426523921_n.jpg)
Би дөнгөж сая найруулагч Б.Үйзэнмаагийн “Хар сүү” УСК-г үзээд гарч ирлээ. Хүн ёс заншилдаа баригдаад өөрийнхөөрөө чөлөөтэй байдаггүй. Харин хүн өөрийнхөөрөө байх гэдгийг, хоёр зөрчилт ёс заншлын туйлыг уг кинонд харуулжээ. Би өнгөрсөн жилийн “Улаанбаатар” олон улсын кино наадмаас нэг ч кино алгасалгүй үзсэн юм. Харин энэ жил хүүхдийн кинонууд болон Францын “Салхи зогсох аваас” киног үзэж амжсангүй. Энэ жилийн кино наадмаас үзсэн хамгийн сайхан кино “Хөхөө” байлаа.
Кино гэдэг чинь найруулагчийн зурсан уран ураг шүү дээ. Монголчууд дүрсээр зурсан кино хийж чадах юм байна гэдгийг залуучуудад харуулжээ.
Мөн Японы “Жинхэнэ эхчүүд”, “Эүридисий Гүзмаогийн үл үзэгдэх амьдрал” хоёрыг үзээд уйлсан. Яагаад уйлснаа өөрөө ч мэдэхгүй байна.
Н.Даваасүрэн:
![](https://eguur.mn/wp-content/uploads/2020/10/dawaasurne-1024x683.jpg)
Миний хувьд энэ жил дөрвөн кино үзсэн. Уран зохиолд дуртай уншигчид, тэр тусмаа зохиолч Г.Аюурзанын бүтээлийг уншдаг уншигчдын хамгийн дуртай зохиолынх нь нэгт “Хэвтрийн хүн” багтдаг байх. Миний ч дуртай зохиол.
Харин жилийн өмнөөс хэвтрийн хүнээр кино хийж буйг сонсоод үзэх юм сан гэсэн хүлээлттэй байсан. Харин энэ жил “Улаанбаатар” кино наадам “хэвтрийн хүн”-ээр нээлтээ хийлээ.
Өнгө төрх хэв маяг, зураглал, найруулагчийн шийдэл, дүр сонголт гайхалтай. Мөн хар, цагаан дүрстэй байсан нь таалагдсан. Орчин үед хар цагаан дүрстэй кино бараг л байхгүй шүү дээ.
Ц.Ариунтуяа
![](https://eguur.mn/wp-content/uploads/2020/10/46512283_1975216649265513_7569577446257721344_n.jpg)
Энэ жил “Улаанбаатар” олон улсын кино наадмаас “Хэвтрийн хүн”, “Ундина”, “Хар санаа үгүй” гурвыг үзсэн. “Хэвтрийн хүн”-ийг хэзээ дэлгэцэнд гарах бол гэж хүлээж байсан. Нээлтийн кино болсныг нь хараад заавал үзэх юм шүү гэж зорьж ирж, үзсэн.
Анхны үзэгчдийн нэг болсондоо баяртай байгаа. Өнгө, тавилт жүжигчдийн тоглолт бүгд “күүл” байсан. Эмэгтэй хүний их олон дүртэй, дүр болгон нь нэг хэсэг хүмүүсийг төлөөлөхүйц.
“Ундина”-г үзээд жаахан балмагдсан шүү. Гол дүрийн эрэгтэй жүжигчний тоглолт сэтгэлд их хүрсэн. Нэг тийм бүх зүйлд чин сэтгэлээсээ байсан. Эхнээсээ л үйл хөдлөл нь мэдэгдэж байсан. Төгсгөл нь таамаглаж байсантай минь яг таарсан шүү. “Хар санаа үгүй”-г яг үнэндээ сайн ойлгоогүй ээ.
Н.Энхбаяр
![](https://eguur.mn/wp-content/uploads/2020/10/enhbayar.jpg)
Улаанбаатар кино наадмаас үзсэн хамгийн сайхан кино бол “Хар санаа үгүй” байлаа. Цаазын ял гүйцэтгэх гэж байгаа хүмүүсийн сэтгэл зүйг тал талаас харуулсан.
Нэг хүн нь жаргалтай, юу ч болоогүй амьдарч байгаад, дараах нь хэнийг ч хороогоогүй байж байгаад, гурав дахь нь юу мэдээгүй байж байгаад л хүн алчихдаг. Түүндээ сүүлд нь харамсдаг. Гурван талаас нь сэтгэл зүйг нь харуулж өгсөн нь “зэвүүн” байсан.
Харин ганцхан монгол кино үзсэн нь “Хэвтрийн хүн”. Зураг авалт, хөгжим нь гоё байсан. Гэхдээ яриа нь чөлөөтэй энгийн биш, яг л номынхоо үгээр байсан.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.