Сурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: Босоо бичгээрээ гангарсан “Атараагийн жимс, ногооны дэлгүүр”-ээр зочиллоо

Эргэн тойрон нүд эрээлжлэм, өнгө өнгийн өндөр барилгууд. Хаа сайгүй харагдах харь үгс. Гэхдээ би Монголд л амьдарч байгаа...

Нар тонгойсон зэврүүхэн үдэш найзтайгаа уулзчихаад Дашчойлин хийдээс хойш алхан оюутан ахуйдаа мөнгө л олдвол дэгдсээр очдог байсан “Гандангийн дэлгүүр”-ийн үүдэнд ирэв. Өөрт ойрхон өчнөөн л дэлгүүр байхад яагаад ч юм ийш л алхчихдаг байж билээ. Би тэдний нэрийг мэдэхгүй ч “Гандангийн дэлгүүр”-ийн ах, эгч хоёр ганц ширхэг кофе, хийцтэй цай авсан ч “Баярлалаа, өдрийг сайхан өнгөрүүлээрэй” гэж ёс юм шиг хэлнэ. Ороод гарахад л дотроос холгоод байсан гуниг, шаналан мартагдаж, жаргалтай болдог сон. Одоо харин би дотогш оролгүй дэргэдүүр нь алхдаг болсон. Зөрөх бүрдээ л сайхан хүнтэй уулзчихаад харьж яваа юм шиг хачин гэгэлгэн болдог... Би энэ удаа ч урьдын сурсан зангаараа алхсаар дэргэдүүр нь өнгөрлөө. Чанх хойд талд нь байдаг хүнсний мухлаг гаднаа босоо монгол бичгээр дэлгүүрийн нэр, нээх, хаах цаг бичсэн жимс, ногооны дэлгүүр болон хувирчээ. Би ч үсэглэж байж нэг юм хэд гурван үг уншив. Тэгснээ өөрөөсөө ичих шиг болж, дэлгүүрийн зургийг нь дарчхаад гэрийн зүг гэлдэрсэн юм.

Харин өчигдөр уг дэлгүүрийн эзэнтэй уулзаж, ярилцлаа. Дэлгүүрийнхээ гадна талд “Атараагийн жимс, ногооны дэлгүүр” гээд биччихсэн байсан тул яг үнэндээ түүнтэй уулзахаас өмнө нэрийг нь мэдэж байлаа. Түүний бүтэн нэрийг Ц.Атарсайхан гэдэг аж. Тэрбээр 1992 оноос эхлэн 28 жилийн турш жижиглэн худалдаа, дундын болон бөөний худалдааны ченжээр ажиллаж байгаа гэнэ.

“АЛДААГҮЙ ЗӨВ УНШСАН ХҮҮХДИЙГ МОНГОЛ БИЧГЭЭ САЙН СУРААРАЙ ГЭЭД ЖИМСЭЭР ШАГНАДАГ”

-Энд өмнө нь хүнсний бараа зардаг байсан. Танайх нүүж ирээд хэр удаж байна вэ?

-Манайх Сэлэнгийн Шаамарт хүнсний ногоо тарьдаг. Хоёр сарын өмнөөс энэ түцний урд хүнсний ногоо худалдаалж эхэлсэн. Тухайн үед энэ түцийг ажиллуулж байсан хүн зарна гэж байсан тул эхнэртэйгээ зөвлөлдөөд худалдаж авсан. Цаг агаар сайхан байсан учир түцээ агуулах болгож ашиглаад, гадна нь ногоогоо худалдаалдаг болсон. Харин гурван долоо хоногийн өмнө албан ёсоор нүүж ирлээ.

-Түцний хаягийг босоо монгол бичгээр бичсэн нь их анхаарал татлаа. Энэ таны санаа юу эсвэл...?

-Хаягаа монгол бичгээр бичье гэсэн нь манай эхнэрийн санаа. Эхнэр Б.Нандинцэцэг маань олон салбар дэлгүүртэй болог хэмээн бэлэгшээгээд “Атараагийн жимс, ногооны дэлгүүр” гэж нэрлэсэн. Дэргэдүүр өнгөрч байгаа залуусыг эх хэл, бичиг соёлоо битгий мартаасай гэсэн үүднээс эхнэрийнхээ санааг дэмжсэн. Мөн ӨМӨЗО-ны Тунляао хотын 10 жилийн сургуульд монгол хэлийг хоёрдогч хэл болгон заах гэж байгаа эсэргүүцэж, Өвөр монголд болон Монголд хэд хэдэн жагсаал болсон. Тэдгээр жагсаалуудад гүйгээд очмоор байвч намар ногоо хураахаас эхлээд ажил хөвөрч байсан болохоор очиж чадаагүй ээ. Тухайн үед цахим сүлжээнд тархсан лайвуудыг нь үзээд, дотроо жаахан бухимдаж л байлаа. Энэ хүчин зүйл ч бас дэлгүүрийнхээ хаягийг босоо бичгээр болгоход тодорхой хэмжээнд нөлөөлсөн шүү.

Бидний хувьд цаашдаа дүүрэг болгонд жимс ногооны дэлгүүр нээх бодолтой байгаа. Гэхдээ салбар дэлгүүр нээе гэхээр ажиллах хүчин олддоггүй. Салбар бүрд нэг худалдагч, ногоо зөөж, ангилах хүн хэрэгтэй болох юм. Гэтэл одооны залуучууд ажил хийх сонирхолгүй болчхож. Бас итгэл даахгүй хүмүүс их олон болжээ. Итгээд ажиллуулж байхад өдрийн орлогыг маань аваад явж байх жишээний.

-Үйлчлүүлэгчид ер нь ямар хандлагатай байна вэ. Хаягаа босоо бичгээр бичсэн нь үйлчлүүлэгчдийн тоонд нөлөөлж байна уу?

-Үйлчлүүлэгчийн тоонд бараг л өөрчлөлт ороогүй. Харин байнгын үйлчлүүлэгчтэй болж байгаа шүү /инээв/. Нэг үеэ бодвол залуучууд монгол бичгээ маш сайн мэддэг болж. Дэргэдүүр өнгөрч байгаа хүмүүс, тэр тусмаа хүүхдүүд түр зогсоод уншиж байгаа харагддаг. Гараад харах нь ээ ихэнх нь л алдалгүй зөв уншиж байна лээ. Хүүхдэд хайртайг ч хэлэх үү, алдаагүй зөв уншсан хүүхдийг монгол бичгээ сайн сураарай гээд жимсээр шагнадаг.

-Үүнээс гадна монгол бичгийг яаж хэрэглээнд нэвтрүүлье гэж бодож байна?

-Бид хүнсний ногоо, жимснүүдийнхээ нэрийг монгол бичгээр бичиж, байршуулъя гэж бодож байгаа. Гэхдээ хүн болгон босоо бичгийг ижил хэмжээнд мэдэхгүй учир үсэглээд зогсчихвол бас хэцүү байх. Гэхдээ хүмүүсийг сурахыг нь хүлээгээд байвал бүр хэцүү. Тиймээс бага, багаар нүдэнд нь дасгая л гэж бодож байна.

“САЛБАР ДЭЛГҮҮРИЙНХЭЭ ХАЯГИЙГ МӨН БОСОО БИЧГЭЭР ХИЙЛГЭСЭН”

-Жимс, хүнсний ногооны хэчнээн салбар дэлгүүртэй вэ?

-Аравдугаар хороололд нэг салбар дэлгүүр бий. Үйл ажиллагаа явуулаад найман жил болж байгаа. Тиймдээ ч ачаалал ихтэй. Заримдаа урт дараалал үүсчихсэн орох ээлжээ хүлээгээд зогсож байдаг. Энэ салбар маань яваандаа тийм болно биз ээ.  Мөн тухайн салбар дэлгүүрийнхээ хажууд агуулахтай. Агуулах дотроо халаалттай. Тэгэхээр нэг удаагийн таталтаар зоориноосоо гурав хоногийн ногоогоо татчихдаг. Харин одоо энэ салбар дэлгүүрийнхээ хажууд агуулахтай болох гээд судалж л байна.

-Нөгөө салбар дэлгүүрийн тань хаяг мөн л босоо монгол бичгээр байгаа юу?

-Уг нь хийлгэчихсэн байгаа. Маргааш аваачиж тогтооно доо.

-Таны хувьд монгол бичгээр хэр сайн уншиж, бичиж чадах вэ?  

-Уг нь 7-8 дугаар ангид монгол бичгийн хичээл ордог байсан. Хэрэглэхгүй удахаар ямар ч юм мартагддаг юм байна лээ. Одоо бол би үсэглэж л уншина. Харин манай эхнэр, хүүхдүүд маань сайн уншдаг шүү.

-Төрийн байгууллага гэхээс биш үйлчилгээний байгууллагууд босоо бичгийг хаяг, байршилд төдийлөн ашигладаггүй. Харин хөдөө орон нутагт хаягаа босоо монгол бичгээр бичсэн үйлчилгээний газрууд байдаг уу?

-Ер нь харж байгаагүй. Хотод л өдрийн од шиг ховорхон бий байх...

Надтай уулзахын өмнөхөн тэрбээр Замын-Үүдийн “Төгөл” хэмээх дэлгүүр рүү 2 тонн ногоо ачиж явуулжээ. Уг нь дэлгүүр Атараагаас долоо хоног тутам 2 тонн ногоо авдаг аж. Аргагүй биз дээ, Атараагийн дэлгүүрт зарагдаж буй хүнсний ногоонууд гадуур худалдаалагдаж байгаагаас нэг дахин, зарим ногоо нь хоёр дахин хямд байсныг энд дурдахгүй өнгөрч боломгүй. Тэд сармис, манжин, лууван, төмс, сонгиноо өөрсдөө тарьжээ. Харин тарьсан хулуу нь дууссан тулд хулуу болон нарийн ногоо, жимс, жимсгэнүүдийг Барс захаас авдаг аж.  

Тэрбээр энэ жил 300-350 тонн ногоо хураасан байна. Гэсэн ч ургацаа хурааж амжаагүй байхад нь цас орж, 40 хувийг нь хөлдөөсөн гэнэ. Хөлдсөн ч нутгийн иргэд төмснөөс авч, малын тэжээл болгон ашигладаг аж. Мөн тэрбээр хураасан ногоогоо дуусахаар орон нутгийн иргэдээс бөөний үнээр ногоог нь худалдан авдаг байна. Одоогоор хоёр салбар дэлгүүртээ эгч болон найзыгаа зогсоож байгаа бөгөөд Атараатай хамт гурван хүн ногоо ангилж, зөөдөг аж. Тухайн гурван иргэн хөдөлмөрийн чадвараа алдсан хүмүүс бөгөөд тэрбээр “Хааяа архи уугаад алга болчихдог ч тэд ажилдаа үнэхээр сайн” гэсэн юм. Мөн удахгүй “Атараагийн жимс, ногооны дэлгүүр” гэсэн пэйж хуудастай болж, долоо хоног тутам лайв хийхээр төлөвлөж байгаагаа, ингэхдээ сард нэг удаа бүх ногоогоо 50 хувь хямдруулахаар төлөвлөж байгаагаа нуусангүй.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ᠰᠣᠶᠣᠯᠲᠤ
ᠰᠣᠶᠣᠯᠲᠤ
2020-11-03 10:07

ᠵᠢᠮᠢᠰ ᠭᠡᠵᠦ ᠵᠥᠪ ᠪᠢᠴᠢᠭᠡᠷᠡᠢ !

Холбоотой мэдээ

Back to top button