Машинаа угааж байсан хоёр иргэний нэг нь голд осолджээ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Урандөш багийн “Цагаан-Эрэг” гэдэг газар “Дэлгэрмөрөн голд хүн сэлж байгаад ус руу ороор алга болсон” гэсэн дуудлага өчигдөр 18 цагийн орчимд Онцгой Байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагч, хоёр автомашин, нэг завьтай зургаан км зам туулан 19:01 цагт очиж эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 3-4 метрийн гүнд таван удаа шумбалт хийж үр дүнд хүрээгүй тул 21:02 цагт аврах ажиллагааг түр зогсоосон байна.
Улмаар өнөөдөр өглөөний 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлж осолдсон газраас зүүн зүгт гурван км тус багийн “Улаан байшин” гэдэг газраас 08:22 цагт тус аймгийн Арбулаг суманд оршин суудаг 26 настай, эрэгтэй Б-ийн цогцсыг олж уснаас гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
Эх сурвалжийн хэлж буйгаар амь хохирогч Б нь голын эрэг дээр машинаа иргэний хамт угааж байжээ. Харин талийгаач нь голд сэлэхээр ороод эргэж гарч ирэлгүй усанд осолдсон хэмээлээ.
Б.АМАР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.