ДЭЛХИЙ

Үерийн улмаас чулуунд дарагдсан таван сартай хүүг аварлаа

Индонезийн зүүн бүсэд оршдог Папуа дүүрэгт их хэмжээний үер бууж, одоогоор 58 хүний амь эрсдээд байна. Аврах ангийн ажилтнууд дүүргийн алслагдсан хэсгүүдэд хүрч ажиллахаар хичээж байгаа ч нас барагсдын тоо нэмэгдэх хандлагатай байгаа тухай мэдээллээ.

Замууд нуранги шороо, булгарч унасан модоор таглагдаж, үерийн бүсээс хүмүүс орж гарах боломжгүй болсон тухай гадны хэвлэлүүд онцолж байна. Үерийн ус 100 гаруй байшин барилгыг автуулж, хоёр ч гүүрийг эвдэлжээ.

4000 гаруй хүмүүс орон гэргүй болсон учир нүүлгэн шилжүүлэлтэд хамрагдаж, зарим нь засгийн газраас олгож буй түр орогнох байранд суурьшаад байна.Нутгийн байнгын оршин суугчид өнгөрсөн бямба гарагийн өглөө орж эхэлсэн аадар тасралтгүй үргэлжилж, намагт хөндий, усны урсгал ихтэй голуудыг үерлэхэд хүргэсэн тухай ярьжээ.

“Манай байшин руу нэг мэдэхэд их хэмжээний өтгөн шавартай ус үерлэн ирж байсан. Бид хурдхан үнэ цэнтэй бүхнээ баглаад тусламж гуйхаар хөршийнх рүүгээ гүйсэн” гэж хоёр бяцхан хүүхдийн ээж Лили Пүжи Хастути хэлсэн байна. Тэрбээр цааш нь “Бүх замууд таглагдсан байсан болохоор үерээс зугтахад хэцүү байсан. Нэгэн зэрэг айх уйлах зэрэгцэж байлаа” гэжээ.

Нас барагсдын цогцсыг эрэх ажиллагаа үерт хамгийн их өртсөн Сэнтани тосгонд үргэлжилж байгаа бөгөөд энд 51 хүн амиа алдсан тухай нутгийн онцгой байдлын хэвлэл мэдээллийн ажилтан Сутопо Пурво Нугрохо“Ройтерс” агентлагт мэдээлжээ.

Хэдийгээр олон хүн нас барсан ч том чулуун дор дарагдсан байсан таван сартай хүүхдийг эсэн мэнд аварч чадсан тухайгаа аврах ангийн ажилтнууд баяртай хуваалцжээ.

Индонезид үер буух явдал түгээмэл бөгөөд ялангуяа наймаас аравдугаар сарын хооронд үргэлжилдэг борооны улирлын үеэр үерийн гамшиг их тохиолддог аж.

Энэ оны нэгдүгээр сард гэхэд Сулавеси арал дээр буусан үерээр 70 хүн нас барсан бол гуравдугаар сард болсон үерээр мөн 100 гаран хүн орон гэргүй болж байжээ.

Онцгой байдлын албаныхан Жаяапура хотыг тойрон байрладаг уул нуруудад ойжуулалт явуулж байгаа учир сүүлийн саруудад үер бууж болзошгүй тухай Папуа дүүргийн иргэдэд сануулж байсан гэнэ.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button