Хятадын их сургуулиуд хиймэл оюун ухааныг нэвтрүүлж эхэллээ

2019-03-22

Хятадын их сургуулиуд шинэ систем ашиглаж эхэлснээс хойш оюутнуудын ирц нэмэгджээ.
Их сургуулиуд хиймэл оюун ухааны тусламжтайгаар шинэ систем суурилуулсан бөгөөд энэ нь оюутнуудын ирцийг автоматаар бүртгэх юм. Ингэснээр хичээл таслалтын шалтгааныг олж ангилж мэдээллийн бааз үүсгэх зорилготой аж. Жэжианг мужийн Ханжоу их сургууль уг системийг нэвтрүүлсэн бөгөөд оюутнууд утсаа кодоор идэвхжүүлж системд нэвтэрснээр хичээлийн цагтаа амжиж очихыг анхааруулж, хичээл таславал ямар эрсдэл дагуулахыг утсаар нь дамжуулж сануулдаг болжээ. Хичээлдээ сууж чадаагүй оюутнуудад “Сайн байна уу, Ханжоу Дианзи их сургуулийн зөвлөхүүдийн ухаалаг дуу хоолойт туслах байна. Таныг өнөөдөр хичээлдээ суугаагүйг ажиглалаа” гэсэн цахим зурвас явуулна. Тус зурваст өгсөн оютнуудын хариултыг автоматаар хадгалж, их сургуулийн ажилтнууд оюутантай уулзаж ярилцахад ашигладаг байна.
Ханжоу сургуулийн сургалтын албаны дэд захирал Ху Хайбин “Өмнө нь багш нар ирц бүртгэхэд 7-8 минут зарцуулдаг байсан. Одоо 15 секунд л зарцуулж байна. Хичээлд суухгүй оюутнуудыг бүртгэж авах нь системийн зөвхөн нэг хэсэг бөгөөд гол нь хичээл тасласан шалтгааныг нь олж ангилж мэдээллийн сан бүрдүүлэх юм. Мөн их сургуулийн ажилчид оюутнуудтай биечлэн уулзаж хичээлд суугаагүй шалтгааныг ярилцах болно” гэжээ.
Систем ашиглаж эхэлсэнээс хойш үр дүн эерэг гарч эхэлсэн төдийгүй эхний улиралтай харьцуулахад хоёр долоо хоногийн хугацаанд ирц долоон хувиар өсчээ. Дэлхийн хоёр дахь том эдийн засагтай Хятад улс ийнхүү боловсролын системийн шинэчлэлийг эхлүүлснээс гадна энгийн хэрэглээнээс давж автомат удирдлагатай машин, роботуудаар эмнэлгийн зураг уншуулж хавдар илрүүлэхэд сургах зэргээр хиймэл оюун ухааныг бүхий л түвшинд ашиглан хөгжүүлж байна. Хятад улс 2030 он гэхэд дотоодын хиймэл оюун ухааны салбарт нэг их наяд юань буюу 147 тэрбум ам.доллар зарцуулж, дэлхийн оюун ухааны тэргүүлэгч гүрэн болохоор зорьж байна. Дэлхийн оюуны өмчийн байгууллагын мэдээлснээр 2014 оноос хойш хиймэл оюун ухааны патентийн тоогоор АНУ-г давж дэлхийд тэргүүлжээ. АНУ болон Хятад улс нэг тэрбум ам.долларын үнэлгээтэй хиймэл оюун ухааны дэлхийн шилдэг 11 компаниас арвыг нь эзэмшиж, хиймэл оюун ухааны старт-ап компаниудын өлгий улс болсноо батлан харуулж байна.
Ц.ТАМИР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.