НИЙГЭМСурвалжилга, НийтлэлЭРҮҮЛ МЭНД

СУРВАЛЖИЛГА: “Шинжилгээ өгөхөөр дугаарлаж хүлээсээр барагтай л халдвар авах нь”

Монгол Улсад коронавирусийн батлагдсан тохиолдол 699, үүнээс дотоодын халдвар 262 байгааг өчигдрийн /2020.11.25/ 11:00 цагийн Эрүүл мэндийн яамны мэдээллээр хэлсэн. Түүнчлэн энэ сарын 8-ны өдөр Соёлын төв өргөөнд “Эмоци” продакшны тоглолт үзсэн хүмүүсийн зарим нь одоог хүртэл шинжилгээнд хамрагдаагүй байгааг ч онцлов. Дотоодын халдвар нэмэгдэж, хөл хориог сунгах эсэх асуудлыг хэлэлцэж байгаа эдгээр үеүдэд иргэд ийн идэвхгүй хойрго буй нь даанч харамсалтай.

-97-Р СУРГУУЛИЙГ ТҮР “САЙН ДУРЫН ШИНЖИЛГЭЭ ӨГӨХ ЦЭГ” БОЛГОЖЭЭ-

Нийслэл даяар 86 өрхийн эрүүл мэндийн төв, заагдсан байршлуудад коронавируст халдварын сайн дурын шинжилгээг үнэ төлбөргүй авч эхлээд чамлахааргүй хугацаа өнгөрлөө. Хэрвээ иргэд хүсэх л юм бол харьяаллын дагуу заасан байршлаас цаг авч, шинжилгээнд бүрэн хамрагдах боломжтойг албаныхан хэлсээр буй. Нөгөөтээгүүр зарим иргэд олон нийтийн цахим сүлжээнд сайн дурын шинжилгээ өгөх цэгүүд зохион байгуулалт муутай, цаашлаад лавлах утсууд дуудлага авдаггүй, авсан ч дахин өөр нэг дугаар өгсөөр бүтэн өдөр үр ашиггүй өнгөрч байгааг мэдээлсээр байгаа. Хэрэв тэдгээр иргэдийн хэлж буй үнэн бол иргэдийн идэвх төдий хэмжээгээр буурах нь тодорхой.

Тиймээс ч бид үүсээд буй нөхцөл байдал хөрсөн дээрээ ямар байгаа тухай сурвалжлахаар Баянзүрх дүүрэгт байрлах Ерөнхий боловсролын 97-р бүрэн дунд сургуулийг зорилоо. Сурагчдыг хичээлийг цахим хэлбэрт шилжүүлсэнтэй холбоотойгоор бага сургуулийн талбайг түр хугацаанд “Сайн дурын шинжилгээ өгөх цэг” болгон өөрчилжээ. Иргэд урд хаалгаар орж, арын хаалгаар гарах зохицуулалтыг хийсэн харагдав. Ингэхдээ зүгээр ч нэг орохгүй. Шинжилгээ өгөхөөр цугларсан иргэд гадаанаас эхлэн 1.5-2 хүртэлх метрийн зайг авч, дараалан зогсоно.

Тэдгээр иргэдийн хоорондын зай авах, бас бус зохицуулалтыг цагдаагийн албан хаагчид хийж байлаа. Хэдийгээр сургуулийн гадна 3-4 албан хаагч зохион байгуулалт хийж байгаа ч, иргэд орох хаалгаа олохгүй, хажуугаар өнгөрч үзэгдэнэ. Хүн нэг бүрээс “Та сайн дураараа шинжилгээ өгөхөөр ирсэн үү” гэж асуувал сая “Тийм” хэмээн хариулах аж. Түүнчлэн араасаа дарааллаж байгааг ухаарах сөхөөгүй иргэд урдуур дайрч, “Хөөе хойноосоо дугаарла, урд чинь хүн байгааг харахгүй байна уу” гэх бухимдсан иргэдийн дуу, ширвэсэн харцанд хөөгдөн сая байрандаа ирнэ.

-БЭЭРСЭН ИРГЭД ГАНЦ НЭГЭЭРЭЭ ЦУВАРСААР СУРГУУЛИЙН УРД ХААЛГААР ДЭГТЭЙ ГЭГЧ НЬ ОРОХЫГ ХИЧЭЭНЭ-

Тэдгээр иргэдээс сониучирхах аятай “Та энд зогсоод удаж байна уу” гэвээс “Өчигдөр хүн орохын эцэсгүй их дараалалтай байсан юм, одоо харин ч шингэрсэн байна. Ирээд 20 минут зогсож байна” гэв. “Та өчигдөр бас ирсэн юм уу” гэвээс “Үгүй аав маань шинжилгээ өгөхөөр ирсэн юм. Бараг хоёр цаг болоод ирсэн шүү” гэсээр даарсан аятай алгаа хавсран, халуун уураар алгаа үлээн дулаацуулна. Бээрсэн иргэд ганц нэгээрээ цуварсаар сургуулийн урд хаалгаар дэгтэй гэгч нь орохыг хичээнэ.

Хүлээн авах ажилтан иргэдийн халууныг зайны дулаан хэмжигчээр шалгаж, гарт нь ариутгах бодис дусааж харагдана. Хүйтэнд жиндсэн иргэд ганц нэгээр хүлээн авах ажилтанд уураа гаргаж, “Яасан удаан хүлээлгэдэг юм, шинжилгээнээс урьтаад коронавирус авах нь байна” хэмээн үглэсээр зөрж байлаа. Дотор ороод харвал сургуулийн нарийн коридорт хоёр эгнээ сандал байрлуулжээ. Нэг хүн сууж дөнгөм жижиг сандлыг шатрын хөлөг мэт зөрүүлсэн нь хүн тус бүрийг зай бариулахаар зохицуулагдсан байв. 20 орчим иргэн ээлжээ хүлээн сууна.

Бүгд л тодорхой хэмжээнд хамгаалах хэрэгслээр өөрсдийгөө далдалж, эрвийх дэрвийхээрээ хичээжээ. Тэдгээр иргэдийн хажуугаар зөрөн төв хэсэгт очвол хоёр хоёроороо өөд өөдөөсөө харсан байрлалтай дөрвөн ажилтан компьютерын цаана суусан байлаа. Наад эгнээний хоёр ажилтан нь бүртгэлийнх. Нэг нь шинжилгээ өгөх иргэний мэдээллийн цахим бүртгэлд бүртгэж, нөгөө нь ерөнхий мэдээллийг шоо дөрвөлжин цаасан дээр буулгаснаа иргэнд өгнө.

Иргэн цааш бичгээ шинжилгээний ажилтанд өгснөөр шинжилгээг авч, мэдээллийг сорьцын хамт ХӨСҮТ рүү илгээдэг байна. Дөрвөн эмч, ажилтан иргэдээс сорьцыг авч ажиллаж байв. Бид бүртгэлийн ажилтнаас зарим зүйлийг тодрууллаа.

-КОВИД-19-ИЙН САЙН ДУРЫН ШИНЖИЛГЭЭНД БАГШ НАРЫГ ДАЙЧЛАН АЖИЛЛАЖ БАЙГАА-

-Юуны өмнө та өөрийгөө танилцуулаач?

-Намайг Д. Янжинлхам гэдэг. Би Баянзүрх дүүргийн 201 дүгээр цэцэрлэгт бүлгийн багшаар ажилладаг. Ковид-19-ийн сайн дурын шинжилгээнд багш нарыг дайчлан ажиллаж байгаа. Миний хувьд 97-р сургуульд бүртгэлийн ажилтан хийж байна. Бүртгэл хийх явцад иргэдийн сайн дураараа шинжилгээнд  хамрагдах идэвх, санаачилга сайн байгаа нь ажиглагдлаа. Аль болох иргэдэд чирэгдэл багатай байхаар зохион байгуулж ажиллаж байна.

-Өнөөдрийн хувьд ачаалал хэр байна вэ?

-Өнөөдөр шинжилгээ хийгдэж байгаа гурав дахь өдөр. Эхний хоёр өдөр ачаалал их байсан. Өнөөдөр харьцангуй багасаад ирж байна л даа.

-Дунджаар хэдэн хүн шинжилгээнд хамрагдаж байна вэ?

-Өчигдөр 500-600 хүн шинжилгээнд хамрагдсан шүү. Одоо 15:00 цагийн байдлаар 200 гаруй хүн шинжилгээнд хамрагдсан байна.

-Шинжилгээ өгөх процессыг та манай уншигчдад товчхон хэлээд өгөөч?

-Гадаа цагдаагийн алба хаагчид иргэдийн дарааллыг мөрдүүлэн дотогш нэвтрүүлнэ. Дотогш нэвтэрсэн иргэн үүдэнд халуунаа хэмжүүлээд, гараа ариутгаад тусгайлсан сандал дээр сууна. Дараалал нь болсон иргэн бүртгэлийн ажилтанд мэдээллээ цахимд бүртгүүлээд, нөгөө ажилтнаас хуудас авч цааш шинжилгээгээ өгөөд хойд хаалгаар гадагш гарна.

-119.MN ГЭСЭН САЙТ РУУ ОРООД РЕГИСТЕРИЙНХЭЭ ДУГААРЫГ ОРУУЛААД ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУГАА АВНА-

-Иргэдийн санал, гомдол хэр байх юм?

-Одоогоор хүмүүсийг бухимдуулах сөрөг хандлагатай хүн байхгүй байна. Харьцангуй зохион байгуулалттай байж, хүлээцтэй байгаа шүү.

-Нэг хүн үүднээс ороод шинжилгээ өгөөд гарах хүртэл хэчнээн хугацааг зарцуулж байна вэ?

-Ачаалал ихтэй үед иргэд үүднээс эхлэн дарааллана. Ингээд бүртгэл дээр 5 минут орчим болж байгаа. Эмч сорьц авах хугацаа бол тун богино. Минут гаран л хугацаа болж байна. Ер нь их шуурхай байна.

-Шинжилгээний хариу хэр удаж гарах, бас хаанаас авах вэ?

-Хариугаа 119.mn гэсэн сайт руу ороод регистрийнхээ дугаарыг оруулаад авна. Ачаалал их учир иргэд шинжилгээний хариугаа 24-48 цагийн дараа цахим хэлбэрээр авах боломжтой. Манайд түргэн оношилгоо биш PCR буюу арчдасаас шинжилгээг авч, лабораторийн аргаар авч байгаа тул тодорхой хугацаа шаардагдаж байгаа. Харин өрхийн эмнэлгүүдэд авч буй тест нь 20 минутын дараа хариу гардгаараа илүү хялбар.

-Танайд Баянзүрх дүүргийн ямар ямар хорооны иргэд шинжилгээ өгөх вэ?

-Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэнээс коронавирус илэрсэнтэй холбоотойгоор ерөнхийдөө тус хорооны бүхий л оршин суугчдыг шинжилгээнд хамруулах чиглэл ирсэн. Мөн тус харьяалал харгалзахгүйгээр тус хороонд хөл хоригдсон, эсвэл түр оршин суугч иргэд ирээд шинжилгээнд хамрагдах боломжтой. Хөдөө орон нутгийн иргэд ч мөн ирээд шинжилгээ өгч байна.

Ингээд бид бүртгэлийн хэсгээс цааш шинжилгээ авах хэсэгт ирэв. Мөн л хяналтын ажилтан иргэдийг аль өрөө рүү нэвтрэхийг зааварчлан зогсоно. Үүргээ гүйцэтгэж байгаа цагдаагийн алба хаагчид ч мөн сайн дураар шинжилгээнд хамрагджээ. Дотоод хэргийн их сургуулийн ахлагчийн курсэд суралцдаг, төгсөх дамжааны оюутан ч шинжилгээ өгөхөөр иржээ. Тэрбээр Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хэлтэст дайчилгаанд хамрагдан үүрэг гүйцэтгэж буйгаа хэллээ. Мөн шинжилгээ авах цэгийн хамт олон зохион байгуулалттай ажиллаж байгааг, үүргээ гүйцэтгээд явахад иргэдийн идэвх, санаачилга сайн буйг дурдав. Хамгийн чухал нь иргэд амны хаалтаа сайн зүүж, шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг уриаллаа. Бид түүнтэй үс сольсны дараа шинжилгээ авч буй ажилтан болох Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн эмч Б.Манлайбаатараас зарим зүйлийг тодруулав.

-ИРГЭД ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУГАА ХААНААС АВАХ, ЯАХАА САЙН МЭДЭХГҮЙ БАЙНА-

-Та хэд дэх өдрөө ажиллаж байна вэ?

-Хоёр дахь өдрөө л ажиллаж байна.

-Иргэдийн идэвх, санаачилга хэр байна?

-Ер нь гайгүй л байх шиг байна. Өчигдөр миний ээлжид лав 300 орчим хүн шинжилгээ өгсөн шүү. Өнөөдөр бол харьцангуй гайгүй байна.

-Ээлжээр ажиллаж байгаа юм байна тийм үү?

-Миний хувьд өдрийн ээлжид байна. Өдөр 13:00-18:00 цаг хүртэл. Өглөөний ээлж 08.00-13.00 цаг хүртэл ажилладаг.

-PSR шинжилгээ авч байгаа гэсэн. Ямар сорьц авдаг вэ?

-Хамрын арчдас авч байна.

-Шинжилгээ авах процесс хэр хүндрэлтэй байна вэ?

-Гайгүй ээ. Зохион байгуулж буй хүмүүс иргэдэд мэдээллээ сайн түгээх хэрэгтэй санагдсан. Шинжилгээний хариу хаанаас авах, яахаа сайн мэдэхгүй байна. Үүдэндээ зар тавих байдлаар мэдээллээ сайн өгөх хэрэгтэй. Мөн шинжилгээг түргэвчилсэн оношлуур гэж бодож ирж байна. Бусдаар бол дажгүй ээ.

-Түргэвчилсэн оношлуур, PSR юугаараа ялгаатай вэ, зарим хүмүүс маань бас сайн мэдэхгүй байгаа шүү дээ.

-Түргэвчилсэн оношлуур бол хариу хурдан гарна. Аваад л 20 минутын дотор гарчихдаг. Ингээд хариуг баталгаажуулахын тулд ахин PCR шинжилгээг өгдөг. Харин PCR бол шинжилгээ эцсийн байдлаар ХӨСҮТ рүү явж, хариу гарна.

-Шинжилгээ өгч буй иргэд хэдэн насных байна вэ?

-Янз бүр. Ихэвчлэн 20-50 насны хүмүүс их. Хүүхдүүд маш цөөхөн байна.

-Хамгаалах хувцас, хэрэглэлийн хангамж хэр байна вэ?

-Нэг удаагийн хамгаалалт, хувцас хэрэглэл сайн байгаа. Өдөр бүр шинэ хувцас хэрэглэл өгч байна. Хүн бүрт нэг удаагийн хэрэгслээр үйлчилнэ.

Ийнхүү бид үүдэнд дарааллаа хүлээн суух Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн Н.Отгонбаяртай хэсэг ярилцав. Тэрбээр дарааллын сүүл орчимд суух бөгөөд түүний урд 10 гаруй хүн харагдлаа. Бага зэрэг ядарсан, бухимдсан өнгөөр бидний яриа эхэлсэн юм.

-НАРИЙН КОРИДОРТ ОЛОН ХҮМҮҮСИЙГ ШАХЦАЛДУУЛАН СУУЛГАЖ БАЙГАА НЬ ТУХГҮЙ ЮМ-

-Та ирээд хэр удаж байна вэ?

-Гадаанаас эхлэн дугаарласаар 30 гаруй минут болж байна.

-Шинжилгээ өгөхөд хэр хүндрэлтэй байна вэ?

-Зохион байгуулалт сайн ч, ажилчдын тоо цөөхөн байна. Дээр нь нарийн коридорт олон хүмүүсийг шахцалдуулан суулгаж байгаа нь тухгүй юм. Хоорондын зайг дахиад холдуулах хэрэгтэй байна. Мөн хурдан үйлчлэх хэрэгтэй. Арай л удаан юм.

-Та ганцаараа ирсэн үү. Гэр бүлийн хүмүүстэйгээ хамт шинжилгээ өгч байгаа юу?

-Би ганцаараа л байна. Хамгийн гол нь шинжилгээгээ хурдан аваад, хүмүүсийг аль болох түргэн оруулах хэрэгтэй байна. Нэг, хоёр хүн л шинжилгээ аваад байх шиг.

Бид 97-р сургуульд очоод хэдийн 40 минутын хугацаа өнгөрсөн байлаа. Энэ хугацаанд дарааллын сүүлд суусан иргэд бухимдаж, “Үүдэнд сууж байгаа хүндээ иргэдийн халууныг нь үз гэж хэлээч ээ. Шууд л оруулаад байна шүү дээ” хэмээв. Харвал халуун хэмжигчийн зай нь дуусаж, шинээр зай солин хийж байгаа харагдлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button