Сурвалжилга, Нийтлэл

“Шарк танк”-ийн Б.Батбилэг: “Хөгжлийн бэрхшээлтэй хүн” гэдэг нэрэндээ дургүй

Б.БАТБИЛЭГИЙН АЗТАЙ, ОДТОЙ ОН ЖИЛҮҮД

“Монгол HD” телевизийн “Шарк Танк” шоу  нэвтрүүлгийн  хоёрдугаар улирлын сүүлийн дугаарын оролцогч Б.Батбилэг Г.Дэлгэрнасан нар байв. Тэд бол шүүгчдийн бас үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөсөн оролцогчид юм. “Тохилог сууц” төслийг санаачлан одоогийн байдлаар өөрсдийн хэмжээнд хэрэгжүүлж яваа  хоймор нутгийн хосууд шаркуудаас 70 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хүсч, компанийнхаа 20 хувийг санал болгосон байдаг. Тэдний зорилго  ч биелсэн юм.

Хөвсгөл аймгийн Арбулаг сум. Бор гол, Далайн чулуу, Хар сайрын булангаар өвөл, намартаа нутаглаж, зуны дэлгэр цагт Их-Уулын эргэн тойрон Өвөр суга, Гол модоор зусдаг байсан нь агент Д.Балсанжав гуайн хүүхдүүд ажилч хичээнгүй аав ээжийнхээ хайр ерөөлд дайвахгүй, гуйвахгүй цэгц иргэд болж хүмүүжсэн. Цэцэрлэгийн манаач, галч ээж Санжаадаа туслахаар Б.Батбилэг ахтайгаа хамт өглөө оройдоо цэцэрлэг галлах модыг бэлтгэх хариуцлагатай үүрэг хүлээж ээжийгээ баярлуулдаг байж.

Анх гуравдугаар ангидаа банз хураах ажил хийж 92 төгрөгийн цалин авчээ. Магадгүй хүү эндээс ажил хөдөлмөрийн амтыг мэдэрсэн байх. Б.Батбилэг дунд сургуулиа төгсөөд 1994 оноос эхлэн бизнес эрхэлсэн. Ганзагын наймааны оргил үед тэрбээр ёстой л юм юм хийж үзэж, азтай одтой ч байж. 1996-1997 онд цэргийн алба хааж, холбоочны 3-р зэргийн үнэмлэхтэй төгсөж ирээд сумынхаа гэрлийн монтёроор хэсэг ажиллажээ.  

Ар булаг сумын агент Балсанжав, нягтлан Гантөмөр нарынх нь худ ураг барилдсан нь 2000 он. Гэргий Н.Дэлгэрнасан бас л бүтээлч хөдөлмөрч нутагтаа нэр хүндтэй гэр бүлээс гаралтай. Аав нь нягтлан Гантөмөр, ээж нь  бага ангийн багш Цэнд-Аюуш. Хосууд гэрлэж хоёр сайхан хүүгийн аав ээж болов. Б.Батбилэг бизнесээ эрхэлж, гэргий нь цэцэрлэгийн эрхлэгчийн ажил эрхэлж байсан аж.

ГАРЫНХАА ЦУСЫГ ШҮҮРТЭЛ ӨДӨР ШӨНӨГҮЙ СУУЖ БАЙЖ, МӨРӨНГ ХАЯГЛУУЛЖЭЭ

2005 онд Б.Батбилэг Эрдэнэт хотоос Хялганат тосгон руу УАЗ 469 машинтай явж байхдаа осолд оржээ. Дөрвөн жил өмссөн хувцаснаасаа бусдыг “үгүй хийж” найдвар тавин эмнэлгээр явсны эцэст тэд хөл дээрээ алхаж явах боломжгүй гэдэгтээ санал нийлжээ. Тэргэнцэрт сууусан эхний үед Б.Батбилэгт гэрээсээ гарах, бүр хүний нүүр харах ч хүсэл тэнхэл байсангүй.

Гэвч ажлаасаа гарч тэргэнцэртэй нөхрөө замын энхэл донхлоор эв гарган сүлжин түрж анхаарал, хайр халамж хамаг бүхнээ зориулан яваа гэргий нь түүнд “Дахин бос, дахин эхэл” гэсэн итгэлийг, сэтгэлийг, жигүүрийг ургуулж байв.

Нөгөө талаас тэр өөрөө хөдөлмөрийн хүчийг шүтэн биширдэг, хөдөлмөр бүтээлч байдалд итгэдэг хүн билээ.   2008 онд хосууд аймгийн төв рүү шилжин суурьшжээ. Гутал оёж үзлээ, ногоо тариалах гэж үзлээ, улмаар Улаанбаатар хот руу палк зөөх ажил эрхлэв. Б.Батбилэг их мэдрэмжтэй, аливаад голч ханддаг хүн.

Тэрбээр өдөр бүр салхилж явахдаа Мөрөн сумын гэр хорооллын айлуудын хаяг анхаарлыг нь  татав. Хаягийг тодорхой хийж шинэчлэх цаг болсныг тэр соргогоор мэдэрч Мөрөн сумын Засаг даргад хүсэлтээ уламжилжээ. Ингээд жишиг хаяг хэдийг хийсний дараа ажил нь дэмжигджээ. Төмрөө хайчлах, хүрээг нь цохих, хуулга наах гээд гарынхаа цусыг шүүртэл өдөр шөнөгүй сууж хаягаа хийгээд айлуудад хадаж өгнө. Нэг хаяг нь 1500 төгрөг.  Аялал жуулчлалын түшиц болсон энэ аймагт хэн бүхэнд ойлгомжтой байх үндсэн хаягийг тэр ингэж бүтээжээ.

Б.БАТБИЛЭГ: НЭГ БАЙШИНГААС 500 МЯНГАН ТӨГРӨГИЙН АШИГ ХАРААД ЗАРЖ БАЙСАН ҮЕ БИЙ

2008 он. Тэр шинэ бизнесийн санаагаа олов. Өрхийн хэрэгцээний 0.7 га худалдан авч амины сууц барих ажил. Эхлэл дажгүй шүү. Төрийн банк түүнд итгэл үзүүлэн зээл олголоо. Анхны ажил нь 0.6 га газар 49 м.кв тохилог сайхан сууц барьж худалдааллаа. Ингээд бүтээн байгуулалтын ажил өрнөж хосууд цаг наргүй хөдөлмөрлөсөөр... Жилдээ 3-4 сууц барьж, овоо хэдэн хүнийг ажлын байртай, амьдралдаа товхийсэн орлоготой болгов.

“Шарк танк”-т орсон Б.Батбилэг, Г.Дэлгэрнасан нартай яаж холбогдох вэ хэмээн аймгийнхаас сураг тавихад Мөрөнгийн зарын групп дээр газар, хашаа худалдаж авна гэсэн зар тавьдаг юм. Тэнд дугаар нь байгаа гэж хэд хэдэн хүн хэллээ. Түүнийг аймгийнхан нь андахгүй. Өдгөө “Тэгш булан” ХХК өөрсөдтэйгөө нийлээд арван хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Өнгөрсөн хугацаанд эднийх 32 байшин барьжээ. 32 айл  үл хөдлөх хөрөнгөтэй болж, тохилог, дулаан сайхан сууцандаа аз жаргалтай амьдарч буй. Түүний хүсэл энэ мөнөөс мөн. Ашиг заавал их байх хэрэггүй. Сэтгэл гаргаж зүтгэл бүтээлчээр хандсан хөдөлмөрийн үр шим заавал ирдэг гэж тэр хэлэх дуртай. Ажилд орох гээд ирсэн залууст “Үг даана шүү, ахыгаа голох хэрэггүй. би ажил олгогч. Чиний хөдөлмөрийг шударгаар үнэлнэ” гэж хэлдэг. Үг, итгэл даадаг хүмүүс андашгүй тунаад л хоцордог аж.

Мөрөн сумын төвд Б.Батбилэгийн байшингууд нэмэгдсээр байна.Олон өрсөлдөгч байдаг, зарим нь зарж борлуулж чадахгүй жил болдог л гэсэн.  Тэрбээр “Манай байшинг сураглаж ирээд авчихдаг. Сэтгэлээ шингээж хийсэн ажлыг санаанд оромгүй амжилт хүлээж байдаг” гэж ярих аж. “Улс орныг эдийн засгийн хямрал бүрхсэн өнгөрсөн жилүүдэд нэг байшингаас 500 мянган төгрөгийн ашиг хараад зарж байсан үе бий. Бүтэн сар ажиллачихаад шүү дээ. Болдог л юм. Хагас жил зарагдахгүй байна гээд хараалын үг хэлээд явдаг хүмүүс бий. Тэр бол шунал. Алс ирээдүйн бизнесийнхээ урд шороо асгаад байгаагаа өөрсдөө мэддэггүй” гэж нэмж хэллээ.

“ХҮН ХҮНИЙХЭЭ ХҮЧИНД Л ЯВДАГ ЮМ”

Хоёр жилдээ амины сууцаа бариад цаашдаа орон сууц руу орно  гэж тэрээр ярив. Блок, цемент, модон материалын үйлдвэр бий болгох төлөвлөгөөтэй. Ашиггүй ч байсан би ажиллана гэж хэллээ. Тэр аливаа юмыг амар хялбараар харж чаддаггүй зантай. Магадгүй өвдөж шаналж тэмцэж явсан он жилүүд нь түүнд энэ үзлийг суулгасан байх. “Хүн хүнийхээ хүчинд л явдаг юм. 10 гаруй хүнтэй хамтран ажиллаж бие биеэ нөхөж явсаар өдий хүрлээ. Харилцан дэмжээд л яваа юм. Би маш их баярлалаа гэж хэлээд байж чаддаггүй юм. Ханьдаа их баярладаг. Намайг өдий хүртэл чирээд ирсэн. Энэ хүнийг гомдоох эрх надад байхгүй” гэж нэмж өгүүлэв.

Б.Батбилэг хоёр хүүдээ “Нэг л зангаараа байгаарай, нөхөрлөвөл нөхөрлөсөн шиг нөхөрлө, ажил хийвэл хийсэн шиг хий. Муу хийвэл ахиад л нэг хүнд ажилд удна” гэж сургадаг. Өсөж торних насанд нь аав нь өвдөж байсан болохоор хөвгүүд олон зүйлийг ойлгож ухаарсан нь аавд нь ажиглагддаг аж.

“Хүн чанар гэж байдаг юм уу” гэж тэр шаркуудын асуултыг асуултаар хариулсан. Тэрээр “Намайг гомдоож байсан хүмүүс бий. Сэтгэлд үлдчихсэн, урам хугардаг юмнууд бий. Хүн чанар гэж яг юу юм бэ? Сайн хүнийг хэлэх үү, муу хүнийг хэлэх, тусч хүнийг хэлэх үү. Харьцангуй ойлголт шүү дээ. Хүн чанар гэхээсээ илүүтэй хувь хүний суурь хүмүүжил, боловсрол, хандлага, зан харилцаа чухал. Би тэгж л боддог гэж ярилаа. Бас хөгжлийн бэрхшээлтэй хүн гэдэг нэрэнд ихэээхэн дургүй. Хэний өгсөн нэр томьёо юм. Чи эрүүл гээд 100 наслах юм уу. Үг хүчтэй. Биднийг тэгж овоглох хэрэггүй” гэж сануулав.

Шатаар гарахад хүний туслалцаа хэрэгтэй болоход цэрвэдэг, энэ нь шууд харцнаас нь мэдрэгддэг үе бий. Тэгэхээр хүн өөртөө л итгэх хэрэгтэй гэлээ. “Ах нь шүүмжлэгч хүн шүү. Хүнээс илүүдээ биш. Амьдралын сайн муу, сайхан муухай бүхнийг туулаад ирэхээр өөрийн гэсэн зарчим, үзэл бодолдоо үнэнч үлддэг. Тэр нь заавал төгс байх албагүй ч буруу зүйл” гэж боддоггүй хэмээлээ.

Б.Батбилэг “Ямар ч хүнд орон зай байдаг. Тэр орон зайгаа эзлэх хэрэгтэй” гэж хэлэх дуртай. Тэр гэрийн эзний, ханийн, эцгийн, иргэний орон зайгаа бүрэн дүүрэн эзэлж чадсан гэдэгтэй хэн ч маргахгүй. Түүгээр ч үл барам олон хүний өөрийн орон зайг эзлүүлэхээр тэргэнцэр дээрээ суугаад өдөр шөнөгүй хөдөлмөрлөж явна.

Б.ОТГОНБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button