СПОРТ

Б.Баттулга: Тамирчдынхаа олимпын бэлтгэлийг хийлгэх хоёр төлөвлөгөө боловсруулсан

Дэлхий даяар 2021 оныг угтаж авсантай зэрэгцэн Токиогийн олимпийн салхи улам хүчтэй сэвэлзэж эхэллээ. Цар тахлын үед тамирчдынхаа бэлтгэлийг цалгардуулахгүй байх, олимпийн эрх нэжгээдийг нэмж авах зэрэг олон шалгуур, бэрхшээл улс бүхэнд тулгарч буй нь мэдээж. Халдвар, хамгааллын дэглэм алдалгүйгээр тамирчдын бэлтгэлийг хийлгэх, олимпод бэлтгэнэ гэдэг нь өөрөө том шалгуур боллоо.

Монголын тамирчид одоогийн байдлаар олимпын 11 (Чөлөөт бөх С.Батцэцэг, Т.Тулга, бокс Б.Чинзориг, буудлага О.Гүндэгмаа, Э.Даваахүү, Ц.Анударь, О.Есүгэн, байт харваа Б.Отгонболд, сагсан бөмбөгийн 3х3 төрлийн эмэгтэй баг болон хөнгөн атлетикийн Б.Мөнхзаяа, Ц.Бямбажав нар болзлыг нь хангаад буй), паралимпийн таван (пара пауэрлифтинг Э.Содномпилжээ, пара таеквондо Г.Болор-Эрдэнэ, Э.Энхтуяа, пара буудлага З.Ганбаатар, пара байт харваа Н.Мөнхбаатар) эрх аваад байгаа юм.

Монгол Улс “Токио-2020” олимпод хэрхэн бэлдэж байна вэ. Өнгөрсөн онд бүтэн жилийн турш УАШТ-ээс өөр тэмцээнд оролцоогүй шахам (зарим төрлийн спортынхныг эс тооцвол) тамирчид ийм хүнд цаг үед олимпод түрүүлэх, медаль хүртэх хэмжээнд формдоо орж амжих уу. Хэдийгээр цар тахалтай байгаа ч цаг хугацаа тамирчдыг хүлээхгүй. Цаг хугацаатай уралдан тамирчдаа бэлдэх, олимпын эрх нэмж авах бүр цаашлаад олимпын дэвжээнд Төрийн дууллаа эгшиглүүлэхийн тулд харьяа байгууллагууд хэрхэхээр төлөвлөж байна вэ. Энэ удаа бид энэ асуудлыг хөндлөө.

 Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулгаас зарим зүйлийг тодрууллаа.

-Чөлөөт бөхийнхөн “Токио-2020” олимпийн эрх олгох хэчнээн тэмцээнд оролцох боломжтой вэ?

-Олимпын эрх олгох хоёр тэмцээн биднийг хүлээж байна. Эхнийх нь дөрөвдүгээр сарын эхээр Казахстан улсад болно. Олимпын эрх аваагүй Ази тивийн тамирчид тус тэмцээнд зодоглоно. Зөвхөн Ази тивийн хүрээнд болно гэсэн үг. Нэг жинд хоёр тамирчинд олимпийн эрх олгоно. Одоогоор Монголын чөлөөт бөхийн тамирчид хоёр эрх (С.Батцэцэг, Т.Тулга) авчихсан байгаа. Казахстанд болох тэмцээнд Монголоос 10 жинд бөхчүүдээ өрсөлдүүлнэ.

Хоёр дахь тэмцээн нь тавдугаар сарын эхээр Болгар улсын Софи хотод болно. Бүх орны эрх аваагүй тамирчид өрсөлдөх боломжтой. Дэлхийн хэмжээний тус тэмцээнд мөн нэг жинд олимпын хоёр эрх олгоно. Тэгэхээр бидэнд ийм хоёр боломж байна.

БАГАДАА ОЛИМПЫН 10 АВАХ ЗОРИЛГОТОЙ БАЙНА

-Олимпын хэдэн эрх нэмж авахаар зорив?

-Ер нь олимпын нийт 12 жин байгаа. Мэдээж бүх жинд олимпын эрх авахын төлөө зорьж, зүтгэлгүй яах вэ. Багадаа нийт 10 эрх авах зорилго тавьсан.

-Коронавирусийн халдварын улмаас чөлөөт бөхийнхөн өнгөрсөн жил хуруу дарам тэмцээнд оролцсон. Цар тахал тамирчдын бэлтгэл, амжилтад хэр нөлөөлж байна вэ. Бөхчүүд формдоо ороход хэр хугацаа шаардлагатай вэ?

-Хөл хорио тогтоон, тэг зогсолт хийсэн сүүлийн хоёр сарын хугацаанд л тамирчид нэгдсэн бэлтгэл хийх боломжгүй байна. Тэмцээнд л цөөн оролцсон болохоос манай бөхчүүд бэлтгэлээ ер цалгардуулаагүй. Хөл хорио тогтоосон энэ үед ч тамирчид ганцаарчилсан бэлтгэлээ сайн хийсээр байгаа. Тэгэхээр бэлтгэлийн хувьд бусдаас тасраад үлдсэн зүйл огт байхгүй. Тэмцээнд цөөхөн оролцсон, өрсөлдөх тэмцээнгүй байгаа нь бидэнд том сул тал болж байна.

-“Токио-2020” олимпын наадмын, олимпын эрх олгох тэмцээний өмнөх бэлтгэлээ хэрхэн базаахаар төлөвлөж байна вэ?

-Улаанбаатар хотод тогтоосон хөл хориог сунгах нь уу, яах нь уу. Нэгдүгээр сарын 6-нд Засгийн газар, УОК ямар шийдвэр гаргахыг харзнана. УОК-ын шийдвэрээс шалтгаалан хоёр өөр төлөвлөгөө боловсруулчихсан байгаа.

АМЖИЛТ ГАРГАХ БОЛОМЖ ТАМИРЧДАД ОЛГОХ, ШУДАРГА ӨРСӨЛДҮҮЛЭХ ИХ ЧУХАЛ

-Ямар, ямар төлөвлөгөө боловсруулав?

-Нэгдүгээр сарын 6-нд хөл хориог цуцалбал олимпын жингийн тамирчидтай тусгайлан бэлтгэл хийнэ. Нэг жинд 4-5 тамирчин хамрагдах байх. Тус бэлтгэлээс олимпийн эрхийн тэмцээнд оролцуулах тамирчнаа сонгон шалгаруулна.

Хоёрдугаар сараас олимпын бус жингийн тамирчдаа нэгдсэн бэлтгэлд хамруулж байгаад Азийн АШТ-д сойх бөхчүүдийг сонгон шалгаруулна.

Монголын чөлөөт бөхийн нэг жинд эн тэнцүү өрсөлддөг 4-5 тамирчин бий. Олимпын эрх авах, “Токио-2020” олимпод оролцох, медаль хүртэх боломж тамирчин бүхэнд бий. Тэр боломжийг бөх бүхэнд олгох, шударга өрсөлдүүлэх их чухал.

Одоогоор цар тахлын улмаас УАШТ зэрэг тэмцээн хийх боломжгүй байгаа. Тиймээс цугларалтад гаргаад тэндээс олимпийн эрхийн тэмцээнд өрсөлдүүлэх, Азийн АШТ-д оролцуулах тамирчдаа сонгох төлөвлөгөөтэй байна.

Гэхдээ энэ төлөвлөгөө яг ажил хэрэг болох, өөрчлөгдөх эсэхийг одоо шууд хэлэх боломжгүй. Цар тахлын нөхцөл байдал хаашаа ч эргэж магадгүй байна шүү дээ. Тэгэхээр “Тэгнэ, ингэнэ” гээд шууд хэлэх боломж одоогоор алга. Олимпийн эрх олгох эхний тэмцээнд оролцох тамирчдаа ингэж сонгоно гээд шууд хэлэх гэхээр хөл хориог сунгах эсэх тодорхойгүй байна шүү дээ. Тэгэхээр ерөөсөө хөл хориог сунгах эсэх шийдвэрээс шалтгаалан, тухайн цаг үетэйгээ уялдуулан бид дараагийн төлөвлөгөөгөө гаргана. Олимп болдгоороо болно. Амжилт гаргахын тулд тамирчдад бэлтгэл чухал. Тиймээс үндэсний шигшээ багийн тамирчдын нэгдсэн бэлтгэл хамруулах, тодорхой нөхцөл, боломжоор хангахыг Засгийн газар, БТСУХ-ноос хүсье.

Нийтлэлийг бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button