Дэлхий даяар 2021 оныг угтаж авсантай зэрэгцэн Токиогийн олимпийн салхи улам хүчтэй сэвэлзэж эхэллээ. Цар тахлын үед тамирчдынхаа бэлтгэлийг цалгардуулахгүй байх, олимпийн эрх нэжгээдийг нэмж авах зэрэг олон шалгуур, бэрхшээл улс бүхэнд тулгарч буй нь мэдээж. Халдвар, хамгааллын дэглэм алдалгүйгээр тамирчдын бэлтгэлийг хийлгэх, олимпод бэлтгэнэ гэдэг нь өөрөө том шалгуур боллоо.
Монголын тамирчид одоогийн байдлаар олимпын 11 (Чөлөөт бөх С.Батцэцэг, Т.Тулга, бокс Б.Чинзориг, буудлага О.Гүндэгмаа, Э.Даваахүү, Ц.Анударь, О.Есүгэн, байт харваа Б.Отгонболд, сагсан бөмбөгийн 3х3 төрлийн эмэгтэй баг болон хөнгөн атлетикийн Б.Мөнхзаяа, Ц.Бямбажав нар болзлыг нь хангаад буй), паралимпийн таван (пара пауэрлифтинг Э.Содномпилжээ, пара таеквондо Г.Болор-Эрдэнэ, Э.Энхтуяа, пара буудлага З.Ганбаатар, пара байт харваа Н.Мөнхбаатар) эрх аваад байгаа юм.
Монгол Улс “Токио-2020” олимпод хэрхэн бэлдэж байна вэ. Өнгөрсөн онд бүтэн жилийн турш УАШТ-ээс өөр тэмцээнд оролцоогүй шахам (зарим төрлийн спортынхныг эс тооцвол) тамирчид ийм хүнд цаг үед олимпод түрүүлэх, медаль хүртэх хэмжээнд формдоо орж амжих уу. Хэдийгээр цар тахалтай байгаа ч цаг хугацаа тамирчдыг хүлээхгүй. Цаг хугацаатай уралдан тамирчдаа бэлдэх, олимпын эрх нэмж авах бүр цаашлаад олимпын дэвжээнд Төрийн дууллаа эгшиглүүлэхийн тулд харьяа байгууллагууд хэрхэхээр төлөвлөж байна вэ. Энэ удаа бид энэ асуудлыг хөндлөө.
Э.БИЛЭГТ: “НАЙРАМДАЛ”-Д СПОРТЫН 11, ТСТ-Д ТАВАН ТӨРЛИЙН ТАМИРЧДЫН БЭЛТГЭЛИЙГ ХИЙЛГЭНЭ
Токиогийн олимпын наадамд тамирчдаа хэрхэн бэлтгэх, ямар төлөвлөгөөний дагуу эрхийн тэмцээнд оролцох, хэр амжилт гаргах нь Үндэсний шигшээ багийн албаны бодлого үйл ажиллагаанаас ихээхэн шалтгаална. Би тус албаны дарга Э.Билэгтээс зарим зүйлийг тодруулав.
-Цар тахлын энэ цаг үед шигшээ багийн бэлтгэлийг хэрхэн хийлгэж, олимпод бэлдэхээр төлөвлөж байна вэ?
-Энэ их чухал асуудал. Одоогоор бид олон улсын “Найрамдал” төвд спортын 11, Техник спортын төвд таван төрлийн тамирчдын бэлтгэлийг хийлгэх хүсэлт УОК, Нийслэлийн онцгой комисст гарган, зөвшөөрөл хүсээд байна. Хэрвээ зөвшөөрвөл эдгээр хоёр газар карентины бүс тогтоон, тамирчдыг нэгдсэн бэлтгэлд гаргана. Одоогоор ийм төлөвлөгөөтэй байна.
-Ойролцоогоор хүсэлтийнх нь хариу хэзээ гарах бол?
-Бид 2-3 удаа ийм хүсэлт гаргасан. Оны өмнө гаргасан хүсэлтийн хариу ойрын хугацаанд ирчих байх.
ТАМИРЧДЫН ОЛИМПЫН БЭЛТГЭЛИЙГ АЛЬ БОЛОХ УДААН ХУГАЦААНД ХИЙЛГЭНЭ
-Хэрвээ зөвшөөрвөл тамирчдаа олимпын бэлтгэлд хэзээ гаргах вэ?
-Олимпын бэлтгэлд хурдан гарахыг тамирчид, спорт холбоод, аль болох ойрын хугацаанд гаргахыг бид хүсэж байна. Тэгэх тусмаа тамирчдын амжилтад тустай. “Бэлтгэлд яаралтай гаргаж өгнө үү” гэсэн хүсэлт холбоодоос ирсээр байгаа. УОК-оос хэрвээ зөвшөөрвөл тамирчдын олимпын бэлтгэлийг аль болох удаан хугацаанд хийлгэнэ.
-Шигшээгийнхэн бэлтгэл хийх боломжтой цөөнгүй газар бий. Эдгээр хоёр байгууллагыг яагаад онцолж, юуг нь чухалчлав?
-Хоёулаа улсын төсөвт байгууллага. Улсын төсөв мөнгийг эргүүлээд улсад оруулъя гэсэн санаа. Хоёрдугаарт, “Найрамдал” заал хэлбэрээр ашиглаж болох таван талбайтай юм билээ. Техник спортын төвийг яагаад сонгосон нь тодорхой. Буудлагын өөр тир Монголд байхгүй. Энэ шалтгаануудыг үндэслээд манай дарга нар эдгээр газруудад бэлтгэл хийхээр шийдвэрлэсэн.
-Үнэгүй эсвэл хөнгөлөлттэй үнээр бэлтгэлийн баазаар хангах санал хувийн өмчийн спорт цогцолборуудаас тавьбал зөвшөөрөх үү?
-Мэдээж дургүйцэх шалтгаан байхгүй. Гэхдээ УОК-ын шийдвэрээс л шалтгаална. Цар тахлын улмаас бэлтгэлийн бааз, спорт цогцолборуудын үйл ажиллагааг түр хаачихсан байгаа. Бусад газраас санал тавилаа гэхэд УОК зөвшөөрөх эсэхийг урьдчилан хэлэх боломжгүй.
НӨХЦӨЛ БАЙДЛЫН УЛМААС 40-ӨӨС ЦӨӨНГҮЙ ЭРХ АВАХ ЗОРИЛГОДОО ХҮРЭХГҮЙ БАЙЖ МАГАДГҮЙ
-Олимпын эрх олгох хэд хэдэн тэмцээн биднийг хүлээж байна. “Токио-2020” олимпын хэдэн эрх нэмж авахаар зорив?
-Ер нь бид “Токио-2020” олимп, паралимпийн 40-өөс цөөнгүй эрх авах зорилго тавьсан. Цар тахлын нөхцөл байдлын улмаас үүндээ хүрэхгүй байж магадгүй. Мэдээж Токиогийн олимпоос алтан медаль хүртэх, мөнгө, хүрэл медаль цөөнгүйг авах зорилго маань хэвээрээ.
ТЭД ТАМИРЧДАА ОЛИМПОД ХЭРХЭН БЭЛТГЭХЭЭР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА ВЭ
Олимпын наадамд тогтмол өндөр амжилт гарган, медалийн буухиаг үргэлжлүүлж, монгол түмнээ баярлуулдаг спортын гол төрлүүд бол яах аргагүй бокс, жүдо, чөлөөт бөх, буудлага. Тухайн спортын холбоо, ахлах дасгалжуулагчид эдгээр төрлийн тамирчдын бэлтгэлийг хэрхэн хийлгэхээр төлөвлөж буйг мөн тодрууллаа.
Х.БОЛДБААТАР: ЭНЭ САРЫН 8-НААС “НАЙРАМДАЛ”-Д 90 ХОНОГИЙН БЭЛТГЭЛД ГАРНА
(Жүдо бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат тамирчин, Гавьяат дасгалжуулагч)
ЖҮДОЧИД БЭЛТГЭЛЭЭ ГЭРТЭЭ ХИЙЖ БАЙНА
-Цар тахлын энэ цаг үед жүдогийн шигшээгийнхэн бэлтгэлээ хэрхэн хийж байна вэ?
-Олимп гэлтгүй ямар ч тэмцээнд амжилт гаргахад бэлтгэл чухал. Бид тавдугаар сараас Спортын төв ордонд халдвар, хамгааллын дэглэмийн дагуу бэлтгэл хийсэн. Мөн улсын наадмын өмнө хэд хэдэн удаа хөдөө бэлтгэлд гарсан, эх орондоо гурван тэмцээн зохион байгуулж, тамирчдаа өрсөлдүүлсэн. Хөл хорио тогтоосон энэ цаг үед арваннэгдүгээр сараас хойш тамирчид бэлтгэлээ ганцаарчилж, гэртээ хийж байгаа.
-Жүдочид эрхийн оноо цуглуулж, олимпод оролцох эрх өвөртөлдөг онцлогтой. Олимпын эрхийн оноогоо нэмэх, хангасан болзлоо улам ахиулах боломжтой хэдэн тэмцээн та бүхнийг хүлээж байна вэ?
-Олимпын эрхийн оноо олгох олон тэмцээн бий. Харамсалтай нь, цар тахал гарсан, хил хаасны улмаас зодоглох боломжтой нь хуруу дарам. Яг албан ёсоор баталгаажсан нь “World masters”. Ирэх сард Тел-Авивын гран при, дөрөвдүгээр сард Азийн АШТ, тавдугаар сард Парисын гран при, Унгарын ДАШТ-ий тов гарсан ч зохион байгуулах эсэх нь эцсийн байдлаар тодорхой болоогүй.
Олимпын эрхийн оноо олгох зургаан тэмцээнд оролцох боломж бидэнд бий. Гэвч одоогоор албан ёсоор баталгаажуулсан нь ганцхан Дохагийн “World masters”. Ямар ч байсан “Mастерс”-д зодоглох гээд бэлтгэлээ хийж байна. Жүдогийн шигшээгийнхэн маргааш (өнөөдөр), энэ сарын 6-нд дахин PCR шинжилгээ өгнө.
Н.ТҮВШИНБАЯР, Л.ОТГОНБААТАР НАР “WORLD MASTERS”-ЫГ ӨНЖИНӨ
-“Мастерс”-т оролцохоор мэдүүлэг өгсөн жүдочид бүгд өрсөлдөх үү?
-Тус тэмцээнд оролцохоор 19 тамирчин мэдүүлгээ өгч, бүртгүүлсэн. Тэднээс Н.Түвшинбаяр аварга, ОУХМ Л.Отгонбаатар нөр өрсөлдөхгүй. Л.Отгонбаатар хөлдөө бага зэрэг бэртэл авсан тул өнжинө. Бусад нь (17) зодоглоно.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ГУРВАН ЖИНД ОЛИМПЫН ЭРХ АВАХ БОЛОМЖГҮЙ БОЛСОН
-Одоогоор хэдэн жүдоч олимпын эрхийн болзол хангаад байгаа вэ. Ялангуяа, эмэгтэйчүүдийн 70, -78, +78 кг-д “Токио-2020”-ийн эрх авах боломж бий юү?
-Эрэгтэй бүтэн багаараа, эмэгтэйчүүд дөрвөн жинд олимпод оролцох бүрэн боломжтой байгаа. Одоо олимпын эрхийн оноогоо улам бататгах, ахиулах чухал. Үнэнийг хэлэхэд одоо хэчнээн хичээсэн ч эмэгтэйчүүдийн 78, -78, +78 кг-ын жинд олимпын эрх авах боломжгүй болсон. Монголд хийхээр товлосон Азийн АШТ-ийг Киргиз рүү шилжүүлсэн, Азиас бусад тивүүд аваргаа зохион байгуулж, шилдгүүдээ тодруулсан тамирчдын оноонд их нөлөөлж байгаа. Одоо манай тамирчид “World masters”-т өндөр амжилт гаргах их чухал байна. Хэрвээ тэгвэл эрэгтэй долоо, эмэгтэй дөрөв, багийн төрөлд Токиогийн олимпод зодоглох болзлоо баталгаажуулах боломж бүрдэнэ.
-Хэрвээ Изриалын Засгийн газраас зөвшөөрвөл “World masters”-ын дараа “Тел-Авивын гран прид зодоглох уу?
-Тэгнэ. Изриалын Засгийн газраас тус тэмцээнийг зөвшөөрөхгүй байгаа. Хэрвээ тус тэмцээнийг цуцалбал оролцох боломжгүй болно. За, ямар ч байсан яаж, ийж байгаад Киргизэд Азийн АШТ-ийг хийх байлгүй дээ. Хэрвээ тэгэхгүй бол Азийн тамирчдад хохиролтой. Хэдийгээр цар тахал гарсан ч Европ тивийнхэн тэмцээнд тогтмол оролцон, оноогоо цуглуулсаар байгаа.
ОЛИМПОД ТИЙМ АМЖИЛТ ГАРГАНА ГЭЭД ШУУД ХЭЛЭХЭД ОДОО Ч БЭРХ БАЙНА
-Жүдогийнхон маань “Токио-2020” олимпоос хэдэн медаль хүртэх, ямар амжилт гаргах зорилготой байгаа вэ?
-Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар томилогдсоныхоо дараа би чамд ЯРИЛЦЛАГА өгөхдөө хэлж байсан даа. 2020 оны гуравдугаар сар гэхэд тодорхой багцаатай болчихно гэж. Гэтэл өнгөрсөн оны гуравдугаар сард халдвар гарчихсан шүү дээ. Түүнээс хойш жил шахам болсны дараа ч яг тэгнэ, ингэнэ гээд итгэлтэй хэлэхэд бэрх байна. Хөл хориог сунгах эсэх, ямар, ямар тэмцээнд өрсөлдөх эцсийн байдлаар, албан ёсоор тодорхой болоогүй байна.
-Манай жүдогийнхон нэгдүгээр сарын 8-наас “Найрамдал” зусланд 90 хоногийн бэлтгэлд гарна. Тэнд тамирчдыг тусгаарлаж байгаад бэлтгэлийг нь хийлгэнэ. Энэнээс өөр арга алга.
-Зөвхөн жүдогийнхон уу, Шигшээ багийн тамирчид бүгд хийх үү. ҮШБА-ны дарга Э.Билэгтээс тодруулахад “УОК-ын хариу ирээгүй байгаа” гэсэн.
-Ямар ч байсан манай жүдогийнхон “Найрамдал”-д бэлтгэл хийнэ. Монголын жүдо бөхийн холбооноос “Энэ сарын 8-нд “Найрамдал”-д бэлтгэлд гар” гэсэн үүрэг бидэнд өгсөн. Бусад спортын төрлийнхөн хэрхэхийг сайн мэдэхгүй байна.
ЕРӨНХИЙЛӨГЧГҮЙ, АХЛАХ ДАСГАЛЖУУЛАГЧГҮЙ БАЙГАА МОНГОЛЫН БОКСЧИД
Бээжингийн олимпоос хойш медалийн буухиагаа таслаагүй, бахдам амжилттай яваа Монголын боксчид одоогоор олимпын нэг эрх (Б.Чинзориг) аваад буй. Монголын боксын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Х.Бат-Эрдэнэ УИХ-ээр сонгогдсон тул хуулийн дагуу ажлаа хүлээлгэн өгч, оронд нь хэн нэгнийг томилоогүй байгаа. Мөн боксын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн суудал одоо ч эзгүй хэвээр. Холбооны ерөнхийлөгч, ахлах дасгалжуулагчийг ойрын хугацаанд сонгох шаардлага тэдэнд тулгараад буй. Бид Монголын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасангаас зарим зүйлийг тодрууллаа.
Ц.БАТНАСАН: ГОВЬ-АЛТАЙД ТАМИРЧДААРАА ӨНДРИЙН БЭЛТГЭЛ ХИЙЛГЭНЭ
-Ойрын хугацаанд боксчдыг нэгдсэн бэлтгэлд гаргах төлөвлөгөө бий юү?
-Байлгүй яах вэ. Нэгдүгээр сарын 6-нд хөл хориог сунгах эсэхийг харгалзана. Ямар шийдвэр гарахаас их зүйл шалтгаална. Ямар ч байсан ойрын хугацаанд Говь-Алтай явж, өндрийн бэлтгэл хийнэ. Бэлтгэлээ хангачихсан байгаа. Хэрвээ УОК-оос зөвшөөрвөл тэнд хоёр юм уу гурван долоо хоног бэлтгэл хийнэ. Болж өгвөл энэ сарын 10 хавьцаа Говь-Алтай руу явах бодолтой байна. Тийшээ явж ирэнгүүтээ “Найрамдал”-д нэгдсэн бэлтгэлд гарах төлөвлөгөөтэй байна.
ОЛИМПЫН 4-5 ЭРХ НЭМЖ АВАХ ЗОРИЛГОТОЙ
-Олимпын эрх олгох ганцхан тэмцээнд Монголын боксчид оролцох боломжтой. Хэдэн эрх нэмж авахаар зорьж байна вэ?
-Тус тэмцээн зургаадугаар сарын эхээр Франц улсад болно. Жин бүрт харилцан адилгүй, олимпын 4-6 эрх олгоно. Ямар ч байсан эрэгтэйчүүдийн жинд 2-3, эмэгтэйчүүдийнхэд хоёр эрх нэмж авах зорилготой байна.
-Холбооны ерөнхийлөгчөө, ахлах дасгалжуулагчаа хэзээ сонгох вэ?
-Одоогоор боксын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн үүргийг О.Батхүү түр орлон гүйцэтгэж байгаа. Манай холбооныхон арваннэгдүгээр сард хийхээр товлоод байсан залуучуудын УАШТ-ий Ээлжит хурлаа хийн, ерөнхийлөгч, ахлах дасгалжуулагчаа сонгохоор төлөвлөөд байсан юм. Гэвч цар тахлын улмаас тус тэмцээн цуцлагдсан. Ерөнхийлөгчөө, ахлах дасгалжуулагчаа тэдэнд сонгоно гээд хэлэх боломж алга.
Цар тахлын нөхцөл байдал юу болох нь уу. Хөл хориог сунгах эсэх тодорхойгүй байна. Хөл хориог сунгавал хойшлуулахаас өөр аргагүй. Коронавирусийн халдвар намжин, хөл хориог сулруулбал учир нь олдох байлгүй.
Холбооны ерөнхийлөгч, ахлах дасгалжуулагчид тийм, тийм хүний нэр яригдаж байна гээд хэлэх боломжгүй. Хүн, хүний санаа бодол ондоо. Ээлжит хурлаар ярилцаж байгаад сонгоё гэсэн бодолтой байгаа.
Э.ЦЭНДБААТАРЫГ ЭРХИЙН ТЭМЦЭЭНД, ОЛИМПЫН НААДАМД ӨРСӨЛДҮҮЛНЭ
-Олимпын эрх авах, “Токио-2020”-иос медаль хүртэх боломжтой гол тамирчдын нэг нь ДАШТ-ий хүрэл медальт Э.Цэндбаатар. Риогийн олимпод V байрт орсон түүний нэг бичлэг цахим орчинд цацагдсан. Нөхцөл байдал ямар байгаа вэ?
-Яаж сайн байх вэ дээ. Сайнгүй байна. Би бол Э.Цэндбаатарт боломж олгох, олимпын эрхийн тэмцээнд бүр цаашлаад олимпын наадамд өрсөлдүүлэх бодолтой байна. Залуу хүнийг алдсан дээр нь дэвсэх онцгүй. Э.Цэндбаатар алдсан, ойлгосон. Алдаагаа засах боломж олгох хэрэгтэй.
Б.БАТТУЛГА: ТАМИРЧДЫНХАА ОЛИМПЫН БЭЛТГЭЛИЙГ ХИЙЛГЭХ ХОЁР ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛСАН
(Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч)
-Чөлөөт бөхийнхөн “Токио-2020” олимпийн эрх олгох хэчнээн тэмцээнд оролцох боломжтой вэ?
-Олимпын эрх олгох хоёр тэмцээн биднийг хүлээж байна. Эхнийх нь дөрөвдүгээр сарын эхээр Казахстан улсад болно. Олимпын эрх аваагүй Ази тивийн тамирчид тус тэмцээнд зодоглоно. Зөвхөн Ази тивийн хүрээнд болно гэсэн үг. Нэг жинд хоёр тамирчинд олимпийн эрх олгоно. Одоогоор Монголын чөлөөт бөхийн тамирчид хоёр эрх (С.Батцэцэг, Т.Тулга) авчихсан байгаа. Казахстанд болох тэмцээнд Монголоос 10 жинд бөхчүүдээ өрсөлдүүлнэ.
Хоёр дахь тэмцээн нь тавдугаар сарын эхээр Болгар улсын Софи хотод болно. Бүх орны эрх аваагүй тамирчид өрсөлдөх боломжтой. Дэлхийн хэмжээний тус тэмцээнд мөн нэг жинд олимпын хоёр эрх олгоно. Тэгэхээр бидэнд ийм хоёр боломж байна.
БАГАДАА ОЛИМПЫН 10 АВАХ ЗОРИЛГОТОЙ БАЙНА
-Олимпын хэдэн эрх нэмж авахаар зорив?
-Ер нь олимпын нийт 12 жин байгаа. Мэдээж бүх жинд олимпын эрх авахын төлөө зорьж, зүтгэлгүй яах вэ. Багадаа нийт 10 эрх авах зорилго тавьсан.
-Коронавирусийн халдварын улмаас чөлөөт бөхийнхөн өнгөрсөн жил хуруу дарам тэмцээнд оролцсон. Цар тахал тамирчдын бэлтгэл, амжилтад хэр нөлөөлж байна вэ. Бөхчүүд формдоо ороход хэр хугацаа шаардлагатай вэ?
-Хөл хорио тогтоон, тэг зогсолт хийсэн сүүлийн хоёр сарын хугацаанд л тамирчид нэгдсэн бэлтгэл хийх боломжгүй байна. Тэмцээнд л цөөн оролцсон болохоос манай бөхчүүд бэлтгэлээ ер цалгардуулаагүй. Хөл хорио тогтоосон энэ үед ч тамирчид ганцаарчилсан бэлтгэлээ сайн хийсээр байгаа. Тэгэхээр бэлтгэлийн хувьд бусдаас тасраад үлдсэн зүйл огт байхгүй. Тэмцээнд цөөхөн оролцсон, өрсөлдөх тэмцээнгүй байгаа нь бидэнд том сул тал болж байна.
-“Токио-2020” олимпын наадмын, олимпын эрх олгох тэмцээний өмнөх бэлтгэлээ хэрхэн базаахаар төлөвлөж байна вэ?
-Улаанбаатар хотод тогтоосон хөл хориог сунгах нь уу, яах нь уу. Нэгдүгээр сарын 6-нд Засгийн газар, УОК ямар шийдвэр гаргахыг харзнана. УОК-ын шийдвэрээс шалтгаалан хоёр өөр төлөвлөгөө боловсруулчихсан байгаа.
АМЖИЛТ ГАРГАХ БОЛОМЖ ТАМИРЧДАД ОЛГОХ, ШУДАРГА ӨРСӨЛДҮҮЛЭХ ИХ ЧУХАЛ
-Ямар, ямар төлөвлөгөө боловсруулав?
-Нэгдүгээр сарын 6-нд хөл хориог цуцалбал олимпын жингийн тамирчидтай тусгайлан бэлтгэл хийнэ. Нэг жинд 4-5 тамирчин хамрагдах байх. Тус бэлтгэлээс олимпийн эрхийн тэмцээнд оролцуулах тамирчнаа сонгон шалгаруулна.
Хоёрдугаар сараас олимпын бус жингийн тамирчдаа нэгдсэн бэлтгэлд хамруулж байгаад Азийн АШТ-д сойх бөхчүүдийг сонгон шалгаруулна.
Монголын чөлөөт бөхийн нэг жинд эн тэнцүү өрсөлддөг 4-5 тамирчин бий. Олимпын эрх авах, “Токио-2020” олимпод оролцох, медаль хүртэх боломж тамирчин бүхэнд бий. Тэр боломжийг бөх бүхэнд олгох, шударга өрсөлдүүлэх их чухал.
Одоогоор цар тахлын улмаас УАШТ зэрэг тэмцээн хийх боломжгүй байгаа. Тиймээс цугларалтад гаргаад тэндээс олимпийн эрхийн тэмцээнд өрсөлдүүлэх, Азийн АШТ-д оролцуулах тамирчдаа сонгох төлөвлөгөөтэй байна.
Гэхдээ энэ төлөвлөгөө яг ажил хэрэг болох, өөрчлөгдөх эсэхийг одоо шууд хэлэх боломжгүй. Цар тахлын нөхцөл байдал хаашаа ч эргэж магадгүй байна шүү дээ. Тэгэхээр “Тэгнэ, ингэнэ” гээд шууд хэлэх боломж одоогоор алга. Олимпийн эрх олгох эхний тэмцээнд оролцох тамирчдаа ингэж сонгоно гээд шууд хэлэх гэхээр хөл хориог сунгах эсэх тодорхойгүй байна шүү дээ. Тэгэхээр ерөөсөө хөл хориог сунгах эсэх шийдвэрээс шалтгаалан, тухайн цаг үетэйгээ уялдуулан бид дараагийн төлөвлөгөөгөө гаргана. Олимп болдгоороо болно. Амжилт гаргахын тулд тамирчдад бэлтгэл чухал. Тиймээс үндэсний шигшээ багийн тамирчдын нэгдсэн бэлтгэл хамруулах, тодорхой нөхцөл, боломжоор хангахыг Засгийн газар, БТСУХ-ноос хүсье.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ үнэхээр эрсдэлтэй дээ юун олимп ямар ч хэрэггүй бөөн зард�##� хэдэн татвар төлөгч нар чинь дампуураад байхад яачихсан төр засаг вэ
Chi teneh vv m#l min
Баттулга гээд жуулчинг солихгүй бол чөлөөт ер мед�##�ь горьдолтгүй
Hervee ingej bairlaad ter olon shigsheegiin tamirchdaas neg ni korona tusval tgeel Yun Olimp bolnoshdee shal hereggui ym jijig dund uildverlel, zarim huviin baiguullaguid dampuuraad bhad
Ямар тэнэг шийдвэр гаргах гээд байгаа юм бэ хэдэн татвар төлөгчид нь хэцүү байхад нэг тамирчин л корона тусхад юун олимп болно энэ зүйлээ мэдэж байгаа юмуу!!!
Олимп болохгүй илүү зард�##� корона өдөр бүр дэлхийн орнуудад эрс нэмэгдэж байна
ТСТөв улсын төсөвтэй байгууллага биш шүү. Яагаад худлаа яриад байнаа.
yun olimp ve?
Би Монголын Цэндбаатар байна. Бэлтгэлдээ гарнаа за. Харин та нар зүгээр хөл хориондоо ороод гэр гэртээ чацга царайлаад сууж бай мэдүү.
Yamar erguu ni iim sanal gargaj bas ymar erguu ni demjdeg bnaa
Buh Batceceg u bodoj bg bol.Orhong horloson ge bizdee
Ямар хэрэгтэй юм бэ ингэж төсвийн мөнгийг барж байдаг. Олимп болох эсэх нь тодорхойгүй байхад Казакстан зэрэг короногоо дийлэхгүй байгаа газарт тэмцээнд явна ч гэх шиг. Энэ хэдэн тамирчдыг эрхлүүлж корлно тарааж байдаг тэр их мөнгө чинь хаана байнаа. Тамирчид бэлтгэл хийх нь фитнес, бассейн, бүжигээс ялгаа нь юу байгаа юм бэ. Бөөн эрсдэл шүү дээ. Олимп болвол зүгээр л шууд явцгаа. Тэртээ тэргүй мед�##�ь авах биш. Бэлтгэлгүй явб�##� бүр ч нэр цэвэр байна шүү дээ тамирчидаа.