СПОРТЯрилцлага

Х.Болдбаатар: Токиогийн олимпын дараа яах вэ гэдэг асуудал одоо тулгарчихаад байна

Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар шинээр томилогдсон Гавьяат тамирчин, Гавьяат дасгалжуулагч Халиуны Болдбаатартай ярилцлаа. Бээжингийн олимпод Н.Түвшинбаярыг дасгалжуулан олимпын аварга төрүүлж, монгол түмнийхээ магнайг тэнийлгэсэн тэрбээр хос Гавьяат цолтой Монголын хоёрхон эрхмийн нэг (нөгөөх нь З.Дүвчин) билээ. Нэгэн цагт Монголын жүдо бөхийн нүүр царай болж, олимп, ДАШТ-ий медалийн оосроос атгаад алдсан Х.Болдбаатар БНХАУ-ын эрэгтэйчүүдийн шигшээ багийн туслах дасгалжуулагчаар ажиллаж байгаад хоёр жилийн өмнө эх орондоо ирсэн юм.

ӨМНӨХ ДАСГАЛЖУУЛАГЧДЫН ҮЙЛ ХЭРГИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ НЬ НЭР ХҮНДИЙН ГЭХЭЭСЭЭ ХАРИУЦЛАГЫН АСУУДАЛ

-Та шинэ ажлаа хүлээж аваад хэдхэн хонож байна. Монголын жүдо бөхийн холбооноос танд санал тавьсан уу, эсвэл ахлах дасгалжуулагч болох хүсэлтэйгээ илэрхийлсэн юм уу?

-Аль аль нь. Ер нь олон дасгалжуулагч МЖБХ-нд хүсэлт гарган, ахлах дасгалжуулагч болох хүсэлтэйгээ илэрхийлсэн. Би ч бас тэгсэн. Манай холбооноос намайг сонгож, ахлах дасгалжуулагчаар томиллоо.  

-Жүдо бөхийн спорт өндөр хөгжсөн өнөө цагт ДАШТ-ээс медаль хүртэх аль ч орны тамирчдын хувьд өндөр даваа. Жүдогийн шигшээ багийн дасгалжуулагчид энэ жил дэлхийн дэвжээнээс нэг хүрэл медаль хүртсэндээ уучлалт гуйн, өөрсдийнхөө хүсэлтээр ажлаа өгсөн. Тэдний шийдвэрийг та хэрхэн хүлээж авсан бэ?

-Бусдын гаргасан шийдвэрийг хүндлэх учиртай. Би зөв, буруу гэж дүгнэх учир дутагдалтай байх. Энэ асуудлын нарийн ширийнийг нь сайн мэдэхгүй болохоор үнэндээ тодорхой хэлж мэдэхгүй нь. Тэд үнэхээр сайн ажиллаж, тамирчдаа өндөр амжилтад хүргэсэн. Шигшээгийн өмнөх дасгалжуулагчдын ажлыг үргэлжлүүлж, амжилтыг нь буухиалах бидний гол үүрэг. Нэр төрийн гэхээсээ илүү хариуцлагын асуудал.

-Дасгалжуулагчийн багаа та өөрөө бүрдүүлсэн. Бусад таван дасгалжуулагчийг ямар үндэслэлээр сонгов?

-Шигшээ багийн дасгалжуулагчид биентэйгээ сайтар ойлголцон, нөхөж ажиллах чухал. Туршлага, ур чадвараас авхуулаад олон зүйлийг нь харгалзаж байгаад сонголоо. ОУХМ Ч.Болдбаатар дасгалжуулагчаар олон жил ажиллаж байна. “Женко” клубт олон шилдэг шавь бэлтгэж, үр дүнтэй ажилласан. Тамирчидтай ажиллаж буй арга барилыг нь харгалзаж байгаад түүнийг сонголоо. “Алдар”-ын дасгалжуулагч П.Нямлхагва бид хоёр өмнө нь Насаа (Ч.Насантогтох) багшийн удирдлагад үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар хамт ажиллаж байсан, бие биенээ сайн мэднэ. Хандаа (Д.Цэрэнханд) өмнөх шигшээ багийн дасгалжуулагчдын бүрэлдэхүүнд байсан, асар туршлагатай. Гавьяат тамирчин М.Бундмаа, ОУХМ Б.Батгэрэл хоёр Хонконгийн шигшээ багт гурван жил ажилласан. Өнгөрсөн хугацаанд тэдний арга барил, өсөж дэвжиж буйг нь нэлээд анзаарсан. Тэгээд би тэдэнд санал тавьсан юм.

-Хонконгийн жүдогийн шигшээтэй байгуулсан тэдний гэрээ дуусаагүй байсан. Мэдээж цалин, ажиллах нөхцлийг нь харгалзвал тэнд ажиллах ашигтай. Гэрээгээ цуцлан эх орондоо ирсэнд олон хүн талархаж байна лээ.

-Хонконгийн жүдо бөхийн холбоо дараа жилийн татвараа урьдчилаад төлчихсөн байсан юм билээ. Тиймээс М.Бундмаа, Б.Батгэрэл хоёр Монголдоо ирэх, гэрээгээ цуцлахын тулд өнөөх татварыг нь хувиараа төлсөн. Улсынхаа шигшээд ажиллах үнэнхүү сэтгэл гаргаад ирлээ, тэр хоёр маань.

Жүдогийн шигшээ багийн тамирчны тоог нэмж, 33 болгосон

-Үндэсний багийн тамирчдын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах уу?

-Жүдогийн үндэсний шигшээ баг өмнө нь зургаан дасгалжуулагч, 29 тамирчинтай байсан. Одоо 33 тамирчинтай болгохоор төлөвлөсөн. Өмнөх багийг бараг өөрчлөөгүй.

Д.ТӨМӨРХҮЛЭГИЙГ ШИГШЭЭ БАГТ АВСАН

-ОУХМ Д.Төмөрхүлэг үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд дахин багтсан уу?

-Түүнийг шигшээ багаас хасаад удсан юм билээ. Д.Төмөрхүлэгт боломж олгох, 66 кг-ын тамирчдын амжилтыг ахиулах, өрсөлдөөнийг нэмэхийн тулд түүнийг шигшээ багт дахин авсан. Бусад нь дан залуу тамирчныг нэмсэн.

-Тамирчдынхаа бэлтгэл, сургуулилалтыг хэрхэн хийлгэх вэ. Бодсон, төлөвлөсөн ажил олон байгаа нь мэдээж.

-Тэгэлгүй яах вэ. Тэр болгоныг тоочвол нэлээд юм болно. Бүхэл бүтэн төлөвлөгөө ярих хэрэг гарна. Би ажлаа аваад долоо хонож байна. Шууд тэгнэ, ингэнэ гээд төлөвлөх амаргүй. Юуны түрүүнд тамирчдынхаа бэлтгэл, сургуулилт, амжилтыг нарийн судална. Тэгсний дараа нарийн төлөвлөгөө гаргана.

ШИГШЭЭГИЙН ТАМИРЧДЫН ЦАЛИНГ НЭМЭХ ШААРДЛАГАТАЙ

-Шигшээ багийн тамирчдын цалин үнэхээр чамлалттай байдаг. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?

-Шигшээ багийн хамгийн шилдэг тамирчид 370-380 мянган төгрөгийн цалин авдаг. Харин удаах зэрэглэлийнх нь 340 мянган төгрөгийн цалинтай. Дасгалжуулагчид 468 мянган төгрөгийн цалин авдаг. Зөвхөн жүдо гэлтгүй бусад спортын тамирчин, дасгалжуулагчид ийм цалинтай. Үнэхээр эх орныхоо төлөө, спортынхоо төлөө чин сэтгэлээрээ зүтгэж яваа хүний л хийх ажил. Шигшээгийн тамирчдын цалинг нэмэх хэрэгтэй. Тухайн тамирчин жүдогоор хичээллэн, амжилт гаргахын төлөө зүтгэхийн зэрэгцээ амьдралаа авч явдаг. Гэтэл 400 хүрэхгүй мянган төгрөгийн цалингийн хэдээр нь ар гэрээ тэжээж, бэлтгэлээ хийх вэ дээ.

-Таныг өмнө нь жүдогийн шигшээгийн дасгалжуулагч байхад Х.Цагаанбаатар, С.Ням-Очир, С.Мияарагчаа, Д.Цэрэнханд тэргүүтэй олон шилдэг байсан. Тэр үе өнөөгийнхөөс хэр ялгаатай вэ?

-Одоо ид амжилт гаргаж яваа тамирчдын цөөнгүй нь тухайн үед ид гарч ирж байсан юм. Гэтэл одоо эсрэгээрээ амжилт нь саарч байгаа нь үнэн. Тэр үетэй нь харьцуулвал шүү дээ. Түүнээс биш амжилт гаргасаар байгаа. Токиогийн олимпод бэлтгэж буй тамирчдын талаас илүү нь 2011 оны хавьцаа ид гялалзаж байсан. Жүдогийн шигшээд дахин томилогдоод ирэхэд тэдний минь нас нэлээд явчихсан, “харьчихсан” байна Одоогийн залуу тамирчдын амжилт, ур чадвар ахих эсэх нь зөвхөн дасгалжуулагчаас бус өөрөөс нь шалтгаална. Нэлээд нарийн бодож, төлөвлөж байж ажиллах шаардлагатай цөөнгүй ялгаа байна.

-Жүдогийнхны амжилт уналтад орлоо, Токиогийн олимпод бэлэн бус байна гээд шүүмжлэх хүн олон. Тэдний шүүмжлэлтэй та санал нийлэх үү?

-Үнэнийг хэлэхэд тийм, үгүй гээд дүгнэхэд эрт байна. ДАШТ-ээс ганцхан медаль авсан нь жүдочдын амжилт тааруу байгаагийн илрэл энэ тэр гээд өнгөц дүгнэж болохгүй. Өнгөрсөн бус ирээдүйд хэрхэн ажиллаж, тамирчдаа ямар амжилтад хүргэх чухал.

-Эмэгтэйчүүдийн хүнд жинд амжилт гаргах тамирчин хуруу дарам байна. Энэ тал дээр хэрхэн анхаарах вэ?

-Энэ их чухал асуудал. Эмэгтэйчүүдийн 70-аас дээш кг-ын жингийн ангилалд барилддаг гол тамирчид зодог тайлсан. Тэдний орон зайг нөхөх хэмжээний жүдоч дутагдалтай байгаа нь үнэн. Өнгөрсөн хугацаанд Монголын жүдо бөхийн холбооноос залгамж халаандаа тааруу анхаарч. Риогийн олимп дуусангуут л анхаарч, бэлтгэх учиртай байсан юм. Гол амжилт гаргаж буй цөөнгүй тамирчны ид үе нь өнгөрчихсөн. Зөвхөн хүнд гэлтгүй зарим хөнгөн жинд ч гэсэн ундарга тааруу байна. Хэдийгээр тухайн жинд амжилт гаргаж байгаа ч араас нь гарч ирж буй залуу тамирчин учир дутагдалтай байгаа нь анзаарагдсан. Монголын цөөнгүй шилдэг Токиогийн олимпын дараа зодог тайлах магадлалтай. Гэтэл Токиогийн олимпын дараа яах вэ гэдэг асуудал одоо тулгарчихаад байна. Туршлагатай тамирчдад дөхөж очих, эн тэнцүү өрсөлдөх ур чадвартай залуу жүдоч хэр олон байгаа билээ. Жингийнх нь гол тамирчин зодог тайлахад орон зайг нь нөхөж чадах уу гэдэг асуудал шүү. Энэ тал дээр их анхаарна.

Токиогийн олимпод тийм зорилготой оролцоно гэхэд эрт байна

-Токиогийн олимпод ямар зорилготой оролцохоор төлөвлөж, зориод байгаа вэ?

-Мэдээж бүх жинд олимпыг эрх авч, оролцуулахыг зорино. Эмэгтэйчүүдийн 70 кг-аас дээш жинд олимпын эрх авна гээд итгэл төгс хэлэхэд бэрх байгаа нь үнэн. Токиогийн олимпод тэгнэ, тэдэн медаль авна, олимпын аварга төрүүлнэ гэж хэлэхэд хэтэрхий эрт байна.

-Та Н.Түвшинбаярыг олимпын аварга болгосон гавьяатан. “Токио-2020”-д олимпын аварга төрүүлнэ гэх итгэл танд бий юү?

-Яг одоо тэгж хэлмээргүй байна. Юуны түрүүнд тамирчдынаа бэлтгэлийг жигдрүүлж, олимпын эрх авахуулаадахъя. Ойролцоогоор таван сарын дараа надаас ингэж асуувал тодорхой хариу хэлж чадна. Тухайн үед тодорхой багцаа гарчих болов уу. Одоо арай л эрт байна.

-Монгол жүдочид ойрын хугацаанд ямар тэмцээнд оролцох вэ?

-Оны өмнө оролцохоор төлөвлөсөн гурван том тэмцээн бий. Тэдгээрт тамирчдаа сайн оролцуулж, олимпын эрхийн оноог нь ахиухан цуглуулах чухал байна. Бразилд болох тэмцээнд оролцож амжихгүй нь. Аравдугаар сарын 24-нд эхлэх Абу Дабигийн “Их дуулга”-д тамирчдаа сойно.  

Б.БУЯНДАЛАЙ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Г.БЭЛГҮТЭЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2019-09-26 10:44

amjilt husey! Mash ih hicheegeeerei

Зочин
Зочин
2019-09-26 15:45

Жудочид маань маш их хичээх хэрэгтэй. Сэтгэл зүй, бэлтгэл гээд бүх т�##�аар хангагдаж байж мед�##�ь хүртэнэ. Та өөрийнхөө төлөө, гэр бүлийнхээ төлөө биш 3 сая гаруй элэг нэгтнээ төлөөлж , энгэртээ эх орноо мандуулж �##�иваа ьэмцээнд орж бгаа гэдгээ огт мартаж болохгүй. Бүгдэд нь амжилт хүсье.

StevSlarie
StevSlarie
2020-01-17 20:24

Cheap Hydrochlorothiazide Get Luton Precio Caja Cialis [url=http://cialibuy.com]Cialis[/url] Cialis Belgique Vente Libre

LesOrdiff
LesOrdiff
2020-01-20 01:59

Last Longer In The Bedroom Cialis On Line Que Es La Viagra Femenina [url=http://cialibuy.com]where to buy cialis online safely[/url] Prilig

MatFuse
MatFuse
2020-02-04 03:36

Canadian Medicines Online http://viacialisns.com/# - Buy Cialis Comment Prendre Clomid cialis 5 mg Cephalexin Pneumonia

LesOrdiff
LesOrdiff
2020-02-04 06:29

Over Counter Tadalis Sx Soft http://buyciallisonline.com/# - cialis vs viagra Cephalexin And Side Effects cheap cialis online Vigra For Men

Холбоотой мэдээ

Back to top button