УЛС ТӨР

“Энэ бол зөвхөн эхлэл, хууль амьдрах эсэх нь одоо шүүгчдийн гарт очиж байна”

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.01.15/ нэгдсэн хуралдаанаар Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа. Гишүүдийн олонх нь буюу 96.2 хувь нь дэмжсэнээр ийн засаглалын томоохон хууль хэрэгжиж эхэлж байна.

Хуулийн төсөл дээр ажилласан ажлын хэсгүүд үүгээр олон нийтэд хандан мэдээлэл хийлээ.

Хууль зүйн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

“Шүүхийн тухай хууль бол Үндсэн хуулийн нэг салаа мөчир. Хүн бүр шүүхийн өмнө эрх тэгш үйлчлүүлэх боломжийг бид энэ хуулиар бүрдүүлж чадлаа. Шүүх хараат бус, бие даасан байгууллага байх нөхцөлийн бий болголоо. Энэ цагаас хойш эзэнтэй, эдийн засгийн хараат шүүгч хэрхэвч байж болохгүй.

Үүгээр шүүхийн хараат бус Сахилгын хороо ажиллаж эхлэх бололцоотой боллоо. ШЕЗ-ийн 10 гишүүний тавыг дотроос, тавыг нээлттэй сонсгол хийж байж томилохоор болж байна. Ингэхдээ эрх зүйч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан, сүүлийн таван жилд улс төрөөс ангид ажиллаж ирсэн байх гэдэг шаардлагыг тавьж байна.

Харин одоо сайн хуулийг муу хэрэгжүүлж, амийг нь тастаж болохгүй. Тэгэхээр энэ хуулийн хувь заяа шүүгчдийн гарт очиж байна. Хэрэгжүүлэгч шүүгч нар нь сайн байгаасай. Монгол Улсад шударга ёс тогтох болтугай” гэлээ.

Харин ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

“Шүүх маань хараат бусаар ажиллах боломж алдагдсан байгааг ард иргэд, ч шүүгчид өөрсдөө ч хүлээн зөвшөөрч ирсэн. Шүүхийн хараат бус байдлаар бид дэлхийн 149 орноос 120-т жагсаж байгаа нь гашуун боловч үнэн юм.

Шүүхийн энэ систем ердийн эм тариа, боолт хийгээд засрахааргүй хүндэрсэн байсан тул хүнд хэлбэрийн хагалгаа хийхээр шийдсэн. Тийм ч учраас шударга ёсны хувьсгал хийлээ гэж үзэж байна. Гэхдээ энэ бол зөвхөн эхлэл. Сайн хууль амилах, биежих эсэх нь хүнээс хамаардаг. Бид ирээдүйгээ харж, шударга ёсны цагаан жим татуулахын тулд эл үйлийг хийсэн. Үүнд шүүгчид өөрсдийгөө засах, өөрсдөдөө шаардлага тавих шаардлага үүснэ. Тэгэхгүй авлигажин, хонгилдон, хуучинтайгаа үлдэх гээд байвал бид хариуцлага тооцно. Ард түмний элчийн хувьд УИХ-д тийм эрх бий. Бүгдэд нь баярлалаа” гэв.


-Ерөнхийлөгчөөс хуулийн төсөлд оруулсан саналын хэдэн хувь нь дэмжигдсэн бэ?

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Ерөнхийлөгчөөс 35 хуудас, 100 гаруй саналыг ирүүлсэн. Үүнээс бид 98 хувийн саналыг нь хүлээж авсан. Хүлээж аваагүй 2 хувийг нь хэрхэн өөрчилсөн талаараа яривал илүү цаг хэмнэх байх.

Үндсэн хуулийн өөрчлөлтөөр сахилгын хороо болон ШЕЗ-ийг бие дааж ажиллуулах ажлыг илүү дэлгэрүүлж хуульчиллаа. Ерөнхийлөгчид үндсэн хуульд зааснаас бусад эрхийг олгохгүй гэж зааж өглөө. Иймд ШЕЗ, СХ томилгоонд Ерөнхийлөгч оролцох боломж үндсэн хуулиар нэгэнт хаагдсан. Харин Ерөнхийлөгч

  • Бүх шатны шүүгчийн томилох
  • Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийг томилох эрхтэй үлдэж буй. Үүнээс бусад салбарт оролцох бүрэн эрх нь байхгүй. Бид яг нэг сарын турш амралтын өдөргүй хуралдсан гэхээр ямар далайцтай үйл ажиллагаа болсон нь ойлгогдоно. Тэгэхээр энэ тухай бүтэн өдөр яриад дуусахгүй.

ШҮҮХИЙН ТУХАЙ ХУУЛЬД БАГТСАН ОНЦЛОХ ЗААЛТУУД:

  • Дээд шүүхээс бусад шүүхийн Ерөнхий шүүгчийг Ерөнхийлөгч томилохгүй, харин тухайн шүүхийн шүүгчид дотроосоо сонгоно.
  • ШЕЗ шүүгчийн сонгон шалгаруулалтыг бие даан, өөрөө хариуцаж хийж, шалгалтын онооны эрэмбээр жагсаан, уг эрэмбийн дагуу шүүгчийг Ерөнхийлөгчид санал болгоно.
  • Улсын дээд шүүхийн шүүгчийг томилохдоо УИХ-д танилцуулдаг. Үүнийг илүү нарийвчилж, УИХ нээлттэй сонсгол хийж танилцах, нэр дэвшигчтэй танилцах хугацаа зэргийг тодорхой болгоно.
  • Шүүхийн сахилгын хороо бие даасан төсөвтэй байх, ажлын алба нь ШЕЗ-өөс тусдаа, шүүгчийн сахилгын хэргийг хянан шийдвэрлэх, шүүгчийн сахилгын зөрчитэй холбоотой нотлох баримт цуглуулах гэх мэт бүх ажлаа өөрөө, үр нөлөөтэйгөөр, хараат бусаар хэрэгжүүлдэг болно.
  • Шүүгчид ТББ байгуулан, улс төр хийхийг хориглоно.
  • Хувь хүн, байгууллагын хувийн нууцтай холбоогүй, шүүхийн бүх шийдвэрийг ил тод, ойлгомжтой байдлаар байршуулна.
  • Дээд шүүхийн бүх шийдвэрийг Төрийн мэдээлэлд хэвлэн нийтэлдэг болно.
  • Шүүгч нэхэмжлэгч болон хариуцагчтай ганцаарчлан уулзах нь хориотой. Хэргийн хоёр талтай зэрэг буюу хамт уулзахыг зөвшөөрнө.
  • Шүүх танхимын тэргүүн шуух хуралд оролцохдоо давуу эрх эдлэхгүй.
  • Нийт шүүгчдийн чуулганыг дөрвөн жилд нэг удаа зохион байгуулна. Энэ чуулганаас Сахилгын хорооны дөрвөн гишүүнийг томилно. Сахилгын хорооны ажлын тайланг сонсоно.
  • Чуулганы дэгийг шүүгчид өөрсдөө тогтооно. Шүүгчдийн олонхын саналаар шийдвэр гаргана. Даргалагчийг дотроосоо сонгоно.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button