УЛС ТӨР

Гадаадад амьдардаг иргэд хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн ТДШ-ийг нөхөн төлүүлэх хуульд хамрагдахгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж байна.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

Энэ хууль хэрэгжиж чадаагүй гол шалтгаануудын нэг нь мэдээж цар тахал байсан. Мөн нөхөн төлбөрийн хэмжээтэй холбоотой дарамтын асуудлууд бий. 10 хувийг бууруулах гэхчлэн асуудлуудыг том бодлогын хүрээнд эргэж харах ёстой. Иймд нийгмийн даатгалын байгууллагуудтай ярьж байгаад НДС-гийн шинэчлэлийн асуудлыг оруулж ирье. Эргээд НДС дээр ачаалал бууруулах асуудлыг ярина. Засгийн газраар ч тодорхой асуудлыг оруулж ирнэ гэж харж байна. Гадаадад амьдарч буй иргэд уг хуульд хамрагдах боломжгүй.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:

Цар тахлын хүнд нөхцөлд хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг, олон зуун мянган малчдыг дэмжсэн энэ хуулийг оруулж ирсэн нь дэвшил юм. Дэмжиж байна. Монголчууд ч үүнийг дэмжиж байна гэж бодож байна. Гэхдээ гадаадад байгаа иргэдийг хамруулах асуудлыг ярих нь зөв байх аа. Монгол Улсын хууль бүх иргэддээ үйлчлэх зарчимтай. Өмнө нь гадаадад ажиллаж байгаа иргэдийн НДШ-ийг төлж байсан туршлага бий. Ийм саналыг тавьж байна. Нөгөөтээгүүр хуулийн ач холбогдлыг сурталчлан таниулах асуудал сул хийгддэг. Энэ тал дээр орон нутгийн засаг захиргааны байгууллага анхаарах хэрэгтэй. Сурталчлах таниулах тал дээр УИХ ч анхаарал хандуулах хэрэгтэй байгаа. Мөн хуулийн хэрэгжих хугацааг 2023 он болгож сунгавал яасан юм гэж санал гаргая.

УИХ-ын гишүүн Б.Жавхлан:

Энэ хууль дээр мэдээж нийгмийн хүлээлт байгаа. Гэхдээ горимын санал гаргая. Хоёр гишүүн маань ижил утгатай хууль өргөн барьсан. Эхний хэлэлцүүлгийн дараа хоёр хуулийн төслийг хамтатгаад явах боломжтой. Гэхдээ Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай төслийг Засгийн газар өргөн мэдүүлэхээр бэлдсэн юм байна. Иймд Засгийн газрын хувилбарыг иртэл энэ хуулийн төслийг хойшлуулна уу гэсэн горимын саналтай байна.

УИХ-ын дэгийн тухай хуулиар горимын санал гаргах боломжгүй тул УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button