ДЭЛХИЙ

ШИНЭ ОНОЛ: Үлэг гүрвэлүүдийг солир биш сүүлт од мөхөлд хүргэсэн

Эрдэмтэд үлэг гүрвэлүүдийг мөхөлд хүргэсэн явдал дэлхийтэй ямар нэгэн биет мөргөлдөж Мексикийн эрэг дээрх “Чиксулуб” нэртэй 149,6 км өргөн, 19 км гүн хонхрыг үүсгэсэн хэмээн үздэг. Мөн тус мөргөлдөөний улмаас дэлхий дээрх амьдралын дөрөвний гурав устаж, агаар мандал гүн тоос шороогоор хучигдан 18 сарын турш өвөл болсон гэдэг дээр эрдэмтэд санал нийлдэг юм.

Гэхдээ ямар биет тус хонхрыг үүсгэсэн талаар мэдлэг хомс бөгөөд эрдэмтэд хаанаас ирсэн ямар биет (солир, сүүлт од) дэлхийтэй хэрхэн мөргөлдсөнийг мэддэггүй байжээ.  Эдгээр асуултад хариулах нь үлэг гүрвэлүүдийн мөхлийн талаар тодруулаад өгөөд зогсохгүй нарны аймгийн нөхцөл байдал, бидэнд тийм хэмжээний мөхөл нүүрлэх үү гэх асуудал дээр илүү ойлголт өгч болно.

Тэгвэл “Scientific Reports” сэтгүүлд нийтлэгдсэн судалгаа тэдгээр асуултуудад хариулахыг оролджээ. Эрдэмтэд нарны аймгийг тойрдог биетүүдийг судлан татах хүч хэрхэн тэдгээр обьектүүдийг түлхэх талаар компьютер загварчлал хийсэн байна. Тэд энэхүү судалгааг явуулсны эцэст үлэг гүрвэлүүдийг дэлхийн хөрсөн дээрээс арчиж хаясан биет Оортын үүлнээс эхтэй хэмээн үзжээ. Оортын үүл нь нарны аймгийн захад байрладаг сүүлт одны бөөгнөрөл юм. Нэгэн сүүлт од Бархасбадь гарагийн татах хүчний улмаас тойрог замаасаа гарч нарны зүгт явсны улмаас хэдэн хэсэг болж бутарсан аж. Тэдгээр бутарсан хэсгүүдийн нэг нь дэлхийг мөргөсөн гэнэ.

Өмнөх онол үлэг гүрвэлүүдийг солирын бүслүүрээс үүсэлтэй солир мөхөлд хүргэсэн гэж тайлбарладаг байсан билээ.

Харин “Чиксулуб” хонхорт явуулсан судалгаагаар тус тогтцыг үүсгэсэн биет нүүрстөрөгчтэй хондрит нэртэй объект байсан гэдгийг харуулжээ. Ийм биетүүд солирын бүслүүрээс илүү Оортын үүлэнд олдох нь их байдаг аж.

Эх сурвалж: Independent

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button