Ярилцлага

О.Амартүвшин: 10 их наядын 5-6-г нь 2021 ондоо хуваарилахгүй бол төлөвлөгөө утгаа алдана

МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгч О.Амартүвшинтэй урт үргэлжилсэн хөл хорионы ард хүлээж буй нөхцөл байдал болон шинэ Засгийн газрын танилцуулсан эдийн засаг, эрүүл мэндээ сэргээх 10 их наядын төлөвлөгөө тойрсон сэдвээр ярилцлаа.

-ХӨЛ ХОРИО ТАВИГДСАН Ч ХҮНД ҮЕҮД ХҮЛЭЭЖ БАЙНА-

-МҮХАҮТ өнгөрөгч оны арваннэгдүгээр сард хөл хорио удаан үргэлжилбэл ААН-үүдэд хэр хүнд тусахыг судалгаагаар харуулж байсан. Одоо хөл хорио тавигдчихлаа, Засгийн газар үүнийг бараг сүүлийнх гэж тодотгоод буй. Нөхцөл байдлаа дүгнээд ярилцлагаа эхлүүлэх үү?

-Арваннэгдүгээр сарын 11-нд хөл хорио тогтоосноос хойш үндсэндээ 100 хоног өнгөрчихлөө. Энэ бол бараг л нэг жилийн гуравны нэг. Энэ хугацаанд нийт ААН-үүдийн 95 хувь нь үйл ажиллагаа явуулаагүй. Зээлийн хүү, түрээсээ төлөх болон цалингаа тавих эргэлтийн хөрөнгөгүй болсон. Статистик 68 мянган хүн ажилгүй болсон гэж буй ч бодит байдал дээр үүнээс илүү байгаа. Хөл хориог нэг тавиад л, нэг болиод л 100 хоногийг өнгөрүүллээ шүү дээ. Албан ёсоор ажилгүй болж, статистикт бүртгэгдээгүй ч цалин, орлогогүй болсон хүн маш олон бий. Бид 400-500 мянган хүнийг ямар нэг байдлаар орлогогүй болсон гэж үзэж буй.

Жил бүрийн хавар эдийн засгийн хувьд хүнд үе таардаг. Үүнээс цааш байдал өшөө хүндрэх байх. Хэдий хөл хорио тавигдсан ч иргэдийн гар дээр мөнгө алга, ААН-үүдэд эргэлтийн хөрөнгө алга. Тэгэхээр одоо ч нөхцөл байдал маш хүнд байгаа.  

-Хэдий хөл хорио тавигдсан ч ААН-үүд өөрсдөө аяндаа сэргэтэл урт хугацаа шаардлагатай гэж харж байгаа юм байна?

-Тийм. Иргэдийн худалдан авах чадвар маш муудсан. Цалингаа авч чадахгүй байгаа иргэд том тоонд хүрлээ. Хавар ноолуур гартал малчдын гар дээр бэлэн мөнгөний хомсдол үүсдэг. Улирлын хувьд ч хүндхэн үе таараад байна. Эдгээрээс амаргүй нөхцөл байдал хүлээж байна гэдгийг төвөггүй ойлгож болох байх. Жижиг, дунд дэлгүүрүүдийн борлуулалтын орлого бараг зогсчихсонтой адилхан байгаа шүү дээ.

-ААН-үүдийг эрсдэлээс хамгаалах институт, төрийн бодлого байхгүй явж ирснийг хөл хорионы "ачаар” бид харсан. Өөр цөөнгүй зүйлсийг олон нийт шинээр олж, анзаарах шиг боллоо?

-Ковидын нөхцөл байдал 2020 оны туршид үргэлжилсэн, одоо шинэ он гараад хоёрдугаар сар дуусаж байна. Энэ хүртэл Засгийн газар нэлээд механик шийдвэрүүд гаргасаар ирсэн. Илүүтэй эрүүл мэндээ хамгааллаа гэж байгаа ч өнөөдөр сайн үр дүнд төдийлөн хүрээгүй байна. Бид одоо л дөнгөж тусламжийн вакцин руу орж байна. Иргэд бүрэн вакцин хамрагдтал нэлээд хугацаа байна. Маш өндөр үнээр л эрүүл мэндээ “хамгаалах” шиг боллоо. Ийм механик хөл хорионы арга хэмжээ эдийн засагт асар хохиролтой гэдгийг шинэ Засгийн газар анзаарсан байх. Өмнөх Засгийн газар, УОК-той харьцуулбал бодитой зүйлс ярьж байна. Цөөн хэдэн уул уурхайн төрийн өмчийн компаниудад эдийн засгаа найдах ямар ч боломжгүй шүү дээ. Эдийн засаг өөрөө маш эмзэг, бүх элемэнтүүд нь нэг нэгэндээ нөлөөлж, харилцан уялдаатай оршин тогтнодог салбар.

-ТАНХИМЫН ХҮРГҮҮЛСЭН САНАЛ ЯГ ТЭР ӨГҮҮЛБЭРЭЭРЭЭ 10 ИХ НАЯДЫН ТӨЛӨВЛӨГӨӨНД ОРСОН-

-Засгийн газар огцорсон нь маш гэнэтийн явдал болсон. МҮХАҮТ уг нь хуучин Засгийн газраас яг юу хүлээж байсан бэ?

-Бид 2020 онд бизнесийн нөхцөл байдалтай холбоотой найман судалгаа хийсэн. Судалгаа бүрийнхээ ард нөхцөл байдлыг зөв үнэлж, зөв шийдвэр гаргаач гэдэг саналыг Засгийн газар, УИХ руу тогтмол оруулж байсан. Өнгөрөгч онд манай улсын хувьд хамгийн том эрсдэл хүлээсэн нь УИХ-ын сонгууль байлаа шүү дээ. Сонгуулийн санал авах чиглэлд буюу халамж руу нэлээд их мөнгө зарцуулчихсан. Энэ халамж нь эрэлтийг дэмжихэд богино хугацаанд дэм болсон уу, болсон.  Гэхдээ урт хугацаандаа нөхцөл байдлыг дүгнэж, ААН-үүдийг нэн даруй дэмжих хэрэгтэй байсан. Засгийн газар үүнийг орхигдуулсан. Ялангуяа жижиг, дунд салбар дээр хамгийн их ажлын байр бий болдог. Үүн дээр тулгуурлаж иргэд амьжиргаагаа залгуулж, татвар төлдөг. Энэ масс үгүй болно гэдэг маш олон сөрөг зүйлийн дохио болно шүү дээ.

-Долоон удаа санал хүргүүлсэн гэж уншсан юм байна. Тэдгээрийг төр хэр нээлттэй хүлээн авч, шийдвэртээ тусгаж байсан бэ?

-Бидний гол хүсээд байсан зүйл нь ААН-үүдийг дэмжих байсан. Тэдэнд учирдаг хамгийн том зардал банкны зээлийн хүү байдаг. Энэ чиглэлийг бол төр бүрэн орхигдуулсан. Тухайн үед бидний өгсөн саналаар жижиг, дунд ААН-үүдийг дэмжих зорилгоор 2 их наядын зээлийг арилжааны банкнуудаар дамжуулж өгөөч. Нөгөө талд арилжааны банкнуудад төр хүүгийн татаас өгөөч. Зээлийн хугацааг дор хаяж 2-3 жилээр тавьж өгөөч гэсэн саналууд өгч байсан ч хэрэгжүүлээгүй. Одоо харин шинэ Засгийн газрын тавьж байгаа зорилтууд дунд яг энэ хувилбар ороод явж байна гэдэг хугацаа хоцорсон ч нэн яаралтай хийх нь зөв арга хэмжээ.

-10 их наядын төлөвлөгөөний нэг мөчир, ажлын байрыг хадгалах 2 их наяд төгрөгийн зээлийг агуулгыг яг энэ хувилбараар нь санал болгож байж гэж ойлголоо?

-Бидний УИХ-ын сонгуулийн өмнө оруулсан санал яг тэр өгүүлбэрээрээ 10 их наядын төлөвлөгөө дотор явж байгаа. Бид мөн мөнгөний бодлогын хүүг эрс бууруулах /одоо бол 6 хувь болсон гэдэг маш зорилтот түвшиндээ очсон дүн/, зээлийг хүүгийн дор хаяж 50 хувийг төр татаас хэлбэрээр олгох зэрэг шийдвэрийг гаргавал нэлээд дэм болохоор байна гэсэн саналууд өгч байв.

Өнөөдөр ААН-үүдийг дэмжих зээлийг 3 хувийн хүүтэй тавина гэж буй нь үндсэн суурь санаа маш зөвтэй хувилбар. Гэхдээ айхтар өндөр зээлийн шаардлага тавьж хэрэггүй. Сонсоход хүн бүр орж болох мэт боловч өндөр шаардлага тавибал ААН-үүд бүгд хамрагдаж чадахгүй үлдэнэ. Нэгэнт дэмжлэг үзүүлж байгаа бол бүгдэд нь л хүртээмжтэй, шударга хандах журам боловсруулах хэрэгтэй.

-Тухайн үед танай судалгаанд 2 их наяд төгрөгийн эх үүсвэрийг хаанаас гаргах боломжтой гэж тусгасан байсан бэ?

-Арилжааны банкнууд Монголбанкан дээр бонд хэлбэрээр мөнгөө байршуулж байгаа. Бодлогын хүү буувал тэнд мөнгө суларна. Нэг үгээр арилжааны банкнууд өөрөө эх үүсвэр юм гэж үзсэн. Нөгөө талаас 2020 оны төсвийг та бүгд мэдэж байгаа, сонгуульд зориулсан асар сахилга батгүй төсөв байсан. Тэдгээр хэрэггүй зардлаа танаад ААН-үүдээ дэмжсэн зээл олгооч гэсэн санал хүргүүлж байсан.

Шинэ Засгийн газрын төлөвлөгөө нийт 10 их наядын дүнгээ 2024 оныг хүртэл зарцуулна гэсэн агуулга ярьж байгаа. Тодорхойгүй байгаа нэг хэсэг нь тэр, 10 их наядаа автоматаар гурван жилдээ хуваах юм уу гэх мэт. Хэрэв тэгвэл энэ төлөвлөгөө айхтар их асуудал шийдэж чадахгүй. Судлаачид бол дэлхийн эдийн засаг 2021 оны гуравдугаар улирлаас сэргэнэ гэдэг зүйлийг ярьж байгаа. Тэгэхээр хүлээж байгаа ойрын есөн сарын хугацааг л зөв даван туулахын тулд 10 их наядынхаа гол хэсгийг энэ ондоо тавих нь бодитой үр дүн авчирна. Тэгэхгүй бол ААН-үүдэд хиймэл хүлээлт үүсгэчихнэ. Тэдний хүлээлт, бодит байдал зөрвөл буруу тооцоолол хийж, улам алдагдалд орох нөхцөл рүү л явна.

-2 их наядын зээлийн эх үүсвэрийг эхлээд Хармагтайн орд гэж танилцуулж байсан ч сүүлд Б.Жавхлан сайд арилжааны банкны эх үүсвэртэй гэж тайлбарласан. МҮХАҮТ-ын жилийн өмнө өгсөн санал яг агуулгаараа орж ирсэн юм байна.

-Өнөөдөр 10 компанийн долоо нь зээлтэй байгаа. Зээлийн эргэн төлөлт нь маш муу. Тэгэхээр 2 их наядын зээлд хамрагдахад ААН-үүдэд барьцаа хөрөнгө дутна. Харин төр Зээлийн батлан даалтын сангаар дамжуулж зээлийн нийт дүнгийн 60 хувьд нь баталгаа гаргана гэдэг агуулга яригдаж байгаа нь зөв. Энэ агуулга ч мөн бидний саналуудад тусаж явсан. Төр өөрөө батлан даадаг, ААН-ийн өмнөх онуудад төлсөн татварын хэмжээтэй нь уялдуулж ч юм уу батлан даах дүнгээ тогтоодог, ААН-үүддээ итгэдэг, ийм алхмыг зайлшгүй хийх ёстой гэдэг байр суурьтай байсан. Тэгэхээр Засгийн газрын танилцуулсан энэ хувилбарыг бизнес эрхлэгчид нааштай хүлээж авсан байх.

-МӨНГӨӨ ЗӨВ  ХӨШҮҮРЭГДЭХГҮЙ БОЛ ХУДЛАА Л ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛНО-

-Та их нааштай хүлээж авч буй анзаарагдсан. 10 их наядын төлөвлөгөөнд өөр хөөстэй, эргэж тодруулах ёстой хэсгүүдийг хэрхэн харж байна вэ?

-Барилгын салбар бол чухал аа. Гэхдээ төр илүү дэд бүтцийг нь дэмжиж, аль болох хувийн хэвшилд боломж олгож, тэднээр хийлгэх хувилбарыг бодох ёстой. Төр барилгын операторын үүрэг гүйцэтгэвэл алдаа гарна. Бидэнд ТОСК, НОСК гэх мэт гашуун туршлага бий. Ер төр ААН-ийн үйл ажиллагаа явуулах нь сөрөг үр дагавар авчирсаар ирсэн. Тэгэхээр 10 их наядын энэ хэсэгт төр өөрөө үйл ажиллагаа явуулж, цемент зуураад эхэлбэл энэ төсөл урт хугацаандаа амжилтгүй болно. Төр зүгээр эрэлтийг нэмээд өгвөл хувийн хэвшлүүд нийлүүлэлтээ хангаад явчихна гэж харж байна.

Дараагийн дурдагдаад буй зүйл нь, маш олон жил ярьж байгаа томоохон төслүүдийн асуудал. Эдгээрийг төр өөрийн нөөцөөр хөдөлгөнө гэвэл боломжгүй гэж харж байна.

Түүнчлэн, 10 их наядыг хамгийн энгийн хувилбараар гурван жилдээ хуваавал жилд 3.3 их наяд төгрөгийн асуудал яригдана, энэ өөрөө манай ДНБ-ний 10 орчим хувьтай тэнцэнэ. Тэгэхээр иргэд, ААН-ийн орлого буурчихсан байгаа нөхцөлд энэ мөнгөө зөв хөшүүрэгдэхгүй бол худлаа төлөвлөгөө болнө, мөнгө хэвлэх юм уу. Үүний тулд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжих, баталгаа гаргах зэрэг бодлогын зохицуулалтыг хийвэл өгөөж нь өндөр байна. Нэг үгээр хэлбэл том зургаараа харж хөдлөх ёстой болов уу.

Монголбанк бол 2020 онд нэн санаачилгатай байж, зөв шийдвэр гаргаж ажилласныг онцлон дурдмаар байна. Үүнийг Засгийн газар төсвийн бодлогоороо дэмжээд өгвөл БНХАУ-ын жишгээр бидэнд дотоодын эдийн засгаа сэргээх бүрэн боломж байгаа юм. Б.Жавхлан сайдын хувьд үүнийг нэлээд либерал байдлаар харж, прагматик шийдвэр гаргаж байна гэж анзаарч байна.  

-МҮХАҮТ үүн дээр ямар оролцоотой ажиллаж чадах вэ?

-Бид саналыг нэгтгэх, хүргэх, компаниудыг зохион байгуулах зэргээр гүүр болж ажиллах бүрэн боломжтой. Гол нь хувийн хэвшилд бодлогын дэмжлэг үзүүлээсэй л гэсэн байр суурьтай байна. Харин төр өөрөө дотор нь ороод үйл ажиллагаа явуулаад ирвэл явцуурчихна. Төрийн хүнд сурталтай холбоотой саад тотгорууд их учирдаг. Эдгээрийгээ зохицуулж, шинэчилж чадвал давгүй үр дүнд хүрнэ. Нөгөөтээгүүр гаднын хөрөнгө оруулагчдад зөв итгэл үнэмшил бий болгох чиглэлд ч анхаарч эхлэх хэрэгтэй болоод байна.

-Хөл хорионы хугацаанд МҮХАҮТ яг ямар оролцоотой ажиллаж чадсан бэ. Судалгаа хийж, санал оруулахаас илүү бодит оролцоо гэдэг үүднээс харвал?

-Ер нь МҮХАҮТ гэдэг хувийн хэвшил, бизнес эрхэлж байгаа хүмүүсийн санал сэтгэгдлийг нэгтгэх, эрх ашгийг хамгаалах, түүнийгээ төрд хүргэж гүүр – дуу хоолой болох ёстой сайн дурын байгууллага. Бид учирч болзошгүй эрсдэлийн таамаглалыг зөв хийсэн. Үүнтэй уялдуулаад шийдлүүдийг зөв санал болгосон. Хэдий сонгуультай жил таарсан ч эдгээрийн 70 гаруй хувь нь шийдэгдээд явсан.

Эцсийн дүндээ бид хувийн хэвшлийн манлайлалд тулгуурласан иргэний нийгмийг сонгосон шүү дээ. Үүнийгээ зөв хөгжүүлж байж эдийн засаг тэлнэ, “төрийн өмнө” байдаг нийгмийн асуудлуудыг шийднэ. Бодлого, шийдвэр гаргахад тулхтай судалгаа дутагддаг байсан, бид үүнийг хийж, бодитой шийдлүүдийг санал болгох чиглэлд түлхүү анхаарсан. Өмнө нь компаниуд дор дороо хуралддаг байсан бол одоо хамтдаа салбараа ярьж, дуу хоолойгоо төрд хүргэх хандлага, боломж бий болж буйг бид хийсэн гол хийсэн зүйлээ гэж хараад байгаа.

-ЭНЭ ЦАГ ҮЕД ЭРСДЭЛ ТООЦООД ХЭРЭГГҮЙ. ЗОРИГТОЙ ХИЙЧИХ ХЭРЭГТЭЙ-

-Шинэ Засгийн газарт мөнгөний нийлүүлэлтийг нэмж, зээл олгоод өнгөрөх биш, өмнө нь орж чадаггүй байсан бодлогын томоохон өөрчлөлтүүдийг нэг мөсөн хийх ямар боломжууд байгаа вэ?

-Ковидын дараах эдийн засаг хэрхэхийг бүгд дор, дор нь оо таамаглаж байна. Бизнесийн моделиуд бол нэлээд өөрчлөгдөнө гэж харж байна. Бидэнд олдож байгаа нэг том алтан боломж нь: АНУ ба БНХАУ-ын худалдааны дайнтай холбоотойгоор урд хөрш дотоод эдийн засгаа тэлэх асар том бодлого хэрэгжүүлж байна. Үүнийг дагаад бид энэ чиглэлд ажиллах бүрэн боломж байна.

Монголын бизнес моделийг харвал 30-аадхан салбар дээр тогтдог, энэ дотроо 4-5 салбар л голлодог. Тэгэхээр энэ цаг үеийг ашиглаад бид боловсруулах үйлдвэрийг зоригтой хөгжүүлэх хэрэгтэй. Хоёрдугаарт ХАА-д суурилсан эдийн засгийн загвараа босгож ирэх нь чухал. Ер нь салбар, салбараа зөв анализ хийж харвал боломж бол бий.

Харин хамгийн ярих ёстой асуудал бол бид эдийн засаг, худалдааны салбарыг хариуцсан бие даасан яамгүй байгаа явдал. Хөгжлийн асуудлыг ярихын тулд бие даасан яамтай байхгүй бол энэ чухал салбар эзэнгүй хаягдчихаад байгаа. Бид зарим сегмэнтэд туршилт хийгээд үзчихсэн, бүрэн дүүрэн болох юм билээ. Санаж байгаа бол эдийн засаг эрчимжүүлэх нэгж байгуулах хэрэгтэй юм байна гэсэн саналыг танхим 2019 оны сүүлээр оруулж ирсэн ч ажил хэрэг болоогүй.

Шинэ Засгийн газар бол том 100 төслийг ангилаад төр хувийн хэвшлийн түншлэлээр эхлүүлнэ гэж ярьж байгаа юм байна. 100 биш 10 байхад л эдийн засагт том хөшүүрэг болно гэж харж байна. Үүнд бид бүх талаараа зохион байгуулалтад орж, дэмжиж ажиллана гэсэн байр суурьтай байна.

-10 их наядын төлөвлөгөөг бүтэлгүй нүдээр харж, учирч болох эрсдэлийг нь тооцож байгаа юу. Засгийн газрыг мөнгөний нийлүүлэлтийг нэмэх бодлогынхоо дийлэнхэд мөнгө хэвлэж таарна, нөхцөл байдал улам хүндрэх юм биш үү гэж харах хүмүүс байна?

-Ер нь улс орнуудыг харахаар эдийн засаг дахь эрэлтийг дэмжих бодлогыг баримталж байгаа юм. Нөгөө талд ААН-үүд нь бэлэн мөнгөгүй болчихсон тул мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлж байна. Энэ бол байнгын биш тухайн моментын арга хэмжээ шүү дээ.

Экспортыг нэмэгдүүлэх, боловсруулах үйлдвэрийг дэмжих чиглэсэн мөнгөний нийлүүлэлтийг нэмэх нь заавал өгөөж авчирна. Байнга үргэлжлэх халамжийн бодлогоос эрс ялгаатай. Халамж эрэлтийг тодорхой хэмжээнд дэмжих ч эргээд эдийн засагт өгөөж өгөх хэсэгт очиж чадахгүй. Хэрэв өнгөрсөн хугацаанд халамжид зарцуулсан мөнгөө боловсруулах үйлдвэрт хийсэн бол 4-5 жилийн дотор үүнийгээ нөхөж, цаашлаад эдийн засаг тэлчих боломж байсан. Тэгэхээр 10 их наяд яг ААН-үүд рүү зарцуулагдах гэдэг утгаараа зөв. Үүнд бид эрсдэл тооцох хэрэггүй. Угаасаа эдийн засаг агшчихаад байна, инфляци 2.5 байна. Энэ үед зүгээр л зоригтой хийчих ёстой.

Харин хуваарилалтаа 2022, 2023 ондоо сунгаж тавиад хэрэггүй. Яг шок болчихсон ойрын зургаан сардаа анхаарч 5-6 орчим их наядыг нь бараг 2021 ондоо гаргачихвал бодитойгоор үр дүн авчрах, эргээд эдийн засгийг эрчимжүүлэх хүч болно гэж харж байгаа. Сунжрах юм бол утгаа алдчихна.

-Ташрамд асуухад, вакцин яг хөдөлмөр эрхэлж байгаа нийгмийн түүчээ хэсэгт хүрэх боломж бага харагдаж байгаа.  Үүн дээр ямар байр суурьтай байна вэ?

-Бид “Монгол эм импекс” концернтэй ажиллаж байна, ОХУ-руу нэлээд санал санаачилга хүргүүлж байна. Ер нь бол хувийн хэвшил өөрсдөө санаачлаад вакцинжуулалтын асуудлаа шийдчихье гэсэн байр суурьтай байгаа. Компаниуд бол заавал төрийн үнэгүй вакцинд хамрагдах гээд байх шаардлага байхгүй шүү дээ. Нийт компаниудын 90 хувь нь 50 хүртэлх ажилтантай. Тэднийгээ гэр бүлтэй нь хамт вакцинжуулалтад хамруулах асуудлыг шийдэх бол нэг их хүнд тусахгүй. Гол нь вакцинжуулалтаа хийгээд байгууллагын үйл ажиллагаагаа хэвийн явуулах нь чухал шүү дээ.

Спутник. ОХУ-тай ярьсан. МҮХАҮТ ААН-үүдтэй холбогдож зохион байгуулалтад орно. Төрийн очерыг харвал наадмаас наашгүй юм билээ. Жишээ дурдахад худалдаа, үйлчилгээний салбарынхан маш өндөр эрсдэлтэй шүү дээ. Тэд түрүүлж вакцин хийлгэх зайлшгүй шаардлагатай. Нэгэнт төсөв алдагдалтай байхад төр ч хувийн хэвшлийнхнийг үнэгүй вакцинжуулах гэж чичрээд дэмий. Хувийн хэвшил өөрсдөө асуудлаа шийдье гэсэн өнцгөөс харж байгаа.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-02-26 16:17

Өмнөх хэд хэдэн дарга нараас хавьгүй илүү ажиллаж байна гэж дүгнэж байна. Лхагважавт эдийн засгийн өршөөлийн хууль батлуулсан гавъя байгаа.

Зочин
Зочин
2021-02-27 03:03

ТОСК бол сайн төсөл болсон Харин НОСК-н барисан орон сууцууд үнэндээ чанар маш муу болсон шүү

иргэн
иргэн
2021-02-27 07:18

ЭНЭ хүний нүүрэнд мишээл тодорхыг харах юмсан нэг л их хөмсөг зангидсан хүйтэн царай тэгээд бас АН-ын даргад өрсөлднө гээд байгаа юмдаа

болд
болд
2021-02-27 07:19

ЭНЭ хүний нүүрэнд мишээл тодорхыг харах юмсан нэг л их хөмсөг зангидсан хүйтэн царай тэгээд бас АН-ын даргад өрсөлднө гээд байгаа юмдаа

Холбоотой мэдээ

Back to top button