Монгол-Хятадын экспо-2019-д 200 гаруй ААН бүртгүүлжээ

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хот, Улаанцав, Тунглио хотуудад ирэх сарын 6-10-ны хооронд болох Монгол-Хятадын экспо-2019-д оролцох хүсэлтэй аж ахуйн нэгжүүдийг бүртгэж эхэлсэн тухай өнөөдөр /2019.08.07/ ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд энэхүү экспо болох юм. Уг экспод оролцох дотоодын ААН-үүдийг энэ сарын 2-ноос эхлэн МҮХАҮТ болон Монголын Үйлдвэрлэгчдийг дэмжих холбоо, Мишээл экспо ХХК компани нэгэн зэрэг бүртгэж байна. Тус бүртгэл энэ сарын 12-нд өндөрлөнө. Үзэсгэлэнд Монгол улсаас 400 ААН оролцох боломжтойгоос одоогоор 200 гаруй бүртгүүлжээ. Нэг ААН-д есөн ам дөрвөлжин талбай ногдох гэнэ. Энэхүү экспогоор эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, боловсрол, стандарт хэмжилзүйн хамтын ажиллагааны чуулган, Монголын дүр төрхийг харуулсан үзэсгэлэн, ноос ноолууран бүтээгдэхүүний загварын шоу зохион байгуулахаар төлөвлөжээ.
Үзэсгэлэн худалдааны хувьд БНХАУ сүү сүүн бүтээгдэхүүн болон гахайн мах, зөгийн бал зэргийг хилээр оруулахыг хориглоод байна. Гэхдээ БНХАУ-д мах махан бүтээгдэхүүн нийлүүлэх зөвшөөрөлтэй ААН-үүд оролцох боломжтой.
Экспогийн үзэсгэлэн худалдаанд голлох худалдан авагчид нь өвөрмонгол, хятад хүмүүс тул компани, бараа бүтээгдэхүүний танилцуулгаа хятад хэл дээр хэвлүүлэх, wechat-аар төлбөр тооцоо хийх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна гэлээ.
2015 оноос хойш хоёр жил тутамд зохион байгуулж буй энэхүү экспогийн анхны жил Монгол улсаас 250 ААН оролцож, 1.2 сая юанийн борлуулалт хийжээ. Харин хоёр дахь удаагийн экспогийн үеэр нийт 400 аж ахуйн нэгж оролцож, 6.2 сая юанийн бүтээгдэхүүн борлуулжээ. Монгол Улс БНХАУ-тай 2020 онд гэхэд худалдааны эргэлтээ 10 тэрбум ам.долларт хүргэхийг зорьсон тул энэ үед экспо томоохон түлхэц өгөх болно гэдгийг зохион байгуулагчид илэрхийлжээ. Мөн экспод Монгол, БНХАУ-аас гадна ОХУ, БНСУ, Итали улсын төлөөлөл оролцох аж.
С.ХОНГОРЗУЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.