УЛС ТӨР

Ц.Мөнхцэцэг: Бэлгийн дарамт бол эрх мэдэлд суурилсан гэмт хэрэг

Сүүлийн үед цахим орчинд бэлгийн дарамт, хүчирхийллийн эсрэг төрөөс дорвитой арга хэмжээ авахыг шахаж, шаардсан иргэдийн мэдээлэл нэлээдгүй гарч байгаагаас гадна далд байгаа энэ асуудлыг ил гаргасан нэгний эсрэг гутаан доромжилсон, буруутгасан хандлагаар асуудалд хандаж байгаа иргэд ч цөөнгүй байна.

Манай улсад Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 2017 онд-573, 2018 онд-621, 2019 онд-610, 2020 онд -505, 2021 оны эхний 3 сарын байдлаар 126 энэ төрлийн гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ асуудлыг сенсаци болгоод өнгөрдөг биш, үр дүнтэй ажиллаж, хууль эрх зүйн орчинд шинэчлэл хийх цаг аль хэдийн болсныг Цагдаагийн Ерөнхий газрын дээрх статистик дүнгээс харагдаж байна. Эвлэрч болохгүй нийгмийн энэ асуудлыг шийдэхэд УИХ-ын гишүүд анхаарлаа хандуулж ажиллана гэдгээ илэрхийлээд байна.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Хүний эрх, эрх чөлөөг зөрчих, зөрчиж байгаа үйлдлийг өөгшүүлэхгүй, эсэргүүцнэ. Хүний эрхийн хамгаалалт талаас хууль тогтоох ажилдаа байнга ханддаг. УИХ-ын гишүүн буюу ард түмний төлөөлөгчөөр сонгогдоод 9 сар орчим болохдоо иргэдийн эрхийг хамгаалахад онцгой ач холбогдолтой Шүүхийн болон Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийн ажлын хэсэгт орж ажиллан уг хуулийн төслүүдийг батлуулан одоо амьдралд хэрэгжүүлэх ажилд нь анхаарч байна.

Иргэн Б.Сүндэрьяагийн өчигдөр албан ёсоор цагдаагийн байгууллагад хандсан гомдлын тухайд, хууль сахиулах байгууллага УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдсэн эсэхтэй холбоотой энэ хэрэг явдлыг элдэв нөлөөнд авталгүй хуулийн дагуу шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. Холбогдогч талуудын хэн хэн нь олон нийтэд хандан мэдэгдэл гаргасан. Иргэдийн дунд түүнийг тойрсон хэлэлцүүлэг шүүмж өрнөж байна.

Ажлын байран дахь бэлгийн дарамтыг гэмт хэрэгт тооцон хүлээлгэх хариуцлагыг зайлшгүй бөгөөд бодитой болгоход миний бие УИХ дахь Эмэгтэйчүүдийн бүлэг болон Хүчирхийллийн эсрэг лобби бүлгийн гишүүдтэйгээ идэвхтэй хамтран ажиллаж УИХ-ын хаврын ээлжит чуулганаар батлуулахын төлөө зүтгэнэ. УИХ-ын гишүүний ёс зүй, хариуцлагын тухайд УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо цаашид анхаарлаа хандуулах ёстой.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны гишүүний хувьд хүний эрхийн аливаа зөрчил, тэр дундаа ажлын байран дахь бэлгийн дарамттай эвлэрэхгүй гэдгээ илэрхийлж байна.
Бэлгийн дарамт бол эрх мэдэлд суурилсан гэмт хэрэг. Албан тушаал, алдар хүнд, эд хөрөнгийн давуу талаа ашиглан хохирогчийг бэлгийн дарамтад оруулдаг, хохирогч сэтгэл санаа, нэр төр, ажил амьдралаа золиослоход хүрдэг ноцтой үр дагавартай гэмт хэрэг юм.

Нөгөө талаар бэлгийн дарамт нь зөвхөн эмэгтэй ажилтнуудад тулгарах зүйл биш, эрэгтэй эмэгтэй аль ч хүйсийн хүн хохирогч болж болзошгүй асуудал. Ажлын байран дахь бэлгийн дарамт нь хүний бие махбод, сэтгэл санаа, эрүүл мэнд, нөхөн үржихүйн эрх, эрх чөлөө, бэлгийн болон хувийн халдашгүй байдалд халдсан хүний эрхийн ноцтой зөрчил билээ.

Тийм учраас ажлын байран дахь бэлгийн дарамтын асуудал зөвхөн эмэгтэйчүүдэд хамаатай асуудал, зөвхөн эмэгтэй гишүүд дуугарах ёстой гэж шаардах биш, УИХ-ын гишүүд бүгд дуугарч, хүний эрхийн зүтгэлтнүүд, олон нийт энэ асуудалд анхаарлаа хандуулж, бэлгийн дарамтыг үл тэвчих орчныг бүрдүүлэхийн төлөө хамтдаа зүтгэх нь чухал байна.

Хүний эрхийн төлөө зүтгэж буй, дуу хоолойгоо өргөж буй хүмүүс төрийн өмгөөлөл хамгаалалд орох эрх зүйн орчныг бид хэдхэн хоногийн өмнө баталсан Хүний эрх хамгаалагчийн тухай хуулиар бий болгосон. УИХ-ын гишүүний хувьд ажлын байран дахь бэлгийн дарамт гарахаас урьдчилан сэргийлэх, ажлын байранд бэлгийн дарамт үзүүлсэн этгээдэд өгөх ялыг чангатгах тухайд өдгөө үйлчилж буй Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулинд холбогдох заалтуудыг оруулж, анхааран ажиллах болно гэдгээ УИХ-ын гишүүд илэрхийлээд байна.

Харин хуульч Р. Булгамаа: Гэрч, хохирогчид дэндүү ээлгүй эрх зүйн зохицуулалтай улс бол монгол. Төрийн хуулийн хамгаалалтгүй байхад ямарч гэмт хэрэг, бузар булхайг илчлэх хүн гарахгүй. Цаашид хохирох олон охид, бүсгүйчүүдийн өмнөөс амь нас, нэр төрөө дэнчин тавьж өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн тэр бүсгүйн хүсээд байгаа “төрийн хамгаалалт” уул нь байсаан. Түүнийг тахарын алба гэдэг. Харамсалтайн тэр хамгаалалтыг 2016 онд татан буулгасан. Тахарын албыг сэргээхгүйгээр гэрч, хохирогчийг хамгаалж чадахгүй. Гэрч, хохирогч нарт зориулсан хуулийн болоод төрийн онцгой хамгаалалтыг бий болгохоос нааш эрүүл, дарамтгүй нийгэм бүрдэхгүй гэж ээ.

Мөн MeTooMongolia хөдөлгөөнөөс бэлгийн дарамтын эсрэг дорвитой ажлыг хийж эхэлнэ гэж мэдээлж байгаа. Дашрамд мэдээлэхэд хохирогч эмэгтэйчүүд дуугарч эхэлмэгц хүчирхийлэгч эрчүүд айж эхэлснийг нотолдог бэлгийн дарамтын эсрэг дэлхий даяар өрнөсөн MeToo ХӨДӨЛГӨӨН олон орны охид, эмэгтэйчүүдийг зоригжуулан дэлхий дахинаа амжилттай түгэн тархсан билээ.

Жишээ нь MeToo хөдөлгөөнөөр АНУ-д 2016-2018 оны хооронд 210 гаруй нэр хүндтэй, олны танил урлаг, спорт, улс төрийн зүтгэлтэн, оддыг илчилж хариуцлага хүлээлгэж чадсан. Яг ийм бодит үр дүн дэлхийн бусад улс орнуудад бас гарсаар байгаа.Манай улсад ч ийм үр дүн гарах боломжтой гэж MeTooMongolia Хөдөлгөөнөөс мэдэгдэж, шаардлагатай ажлаа үе шаттайгаар хийнэ гэдгээ мэдэгдээд байна.

Ийнхүү эвлэрч болохгүй нийгмийн энэ асуудлыг шийдвэрлэхэд УИХ-ын гишүүдээс эхлээд, мэргэжлийн байгууллагынхан, иргэний хөдөлгөөн, иргэдийн төлөөлөл хамтарч нэг зорилгын төлөө ажиллаж чадвал үр дүн гарна гэсэн хүлээлт иргэдийн дунд ч байгаа юм.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

2 Сэтгэгдэл

  1. УИХ-д ганцхан эмэгтэй гишүүн байдаг билүү? Өөр байдаг бол яагаад чимээгүй байна.Аль эсвэл бүгд Анандбузарын дарамтанд орчихсон уу?

  2. Машин унадаг хүн бүрт хэрэгтэй хуурамч шатахуунтай тэмцлийг эхлүүлсний төлөө ил д####д дайр####танд орлоо л гэж харагдаж байна. Бас л хүний эдийн засгийн чух#### эрх баймаар. Бүгд хаацайлна.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button