ВИДЕО КОНТЕНТЯрилцлага

АМЬДРАЛЫН НОМ | Очирхүүгийн Жаргалсайхан

Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 18-нд О.Жаргалсайхантай хийсэн ярилцлагыг сэргээн нийтлэв.

Ном хэмээх зүйл амьдралынх нь салшгүй хэсэг болсон хүмүүс байдаг. Ийм хүмүүс иргэншсэн нийгмийн чухал эд эс болох номын соёлыг өөрөөсөө эхлүүлдэг гэдгээ тэр бүр анзаардаггүй. Ямар салбарт ажилладаг, ямар хүсэл эрмэлзлэлтэйгээсээ үл хамааран өнгөрсөн үед бүтээсэн оюуны өвийг ямагт хүндэлж, өөртөө нээхийг эрмэлздэгээрээ идэвхтэй уншигч хүмүүс нийгмийн оюун санааны гол хөдөлгүүр, өнгөрсөн болоод ирээдүй цагийн холбогчид байдаг. Чухам ийм холбогчдыг Эгүүр.мн сайт “Амьдралын ном” буландаа урьж байна.

Бид энэ удаа орчуулагч Очирхүүгийн Жаргалсайханыг урилаа. Номын соёлтой, идэвхтэй уншигч хүмүүсийг уулзуулж, өнөөдрийн бие хүнийг нь бүтээлцсэн бүтээл туурвилын тухай ярилцах “Амьдралын ном” булан танд долоо хоног бүр өртөөчлөн хүрэх юм.

Онцлох эшлэлүүд

  • Сайн ном уншина гэдэг хамгийн сайн хүнтэй уулзаж, ярилцаж байна гэсэн үг.
  • Цар тахлын энэ үед аялж, зугаалж чадахгүй байгаа ч оюун санааны аялал бол хэзээ ч дуусдахгүй. Ном бол аялал.
  • Сайн номыг сонгож, олж уншиж чадахгүй байна гэдэг ном уншаагүйтэй адил.
  • Залуучууд интернетээс мэдээлэл авдаг болсон. Гэхдээ интернет мэдээлэл өгнө. Харин ном мэдлэг өгнө.

-ЭНЭ НОМЫГ УНШААД ОРЧУУЛЖ ЧАДАХ ЮМ БИШ ҮҮ ГЭСЭН ИТГЭЛ ТӨРСӨН-

-Таны амьдралд хамгийн хүчтэй нөлөөлсөн, “Амьдралын ном”-оо нэрлэ гэвэл ямар номыг нэрлэх вэ?

-Японы алдартай зохиолч Шиба Рёотарогийн “Тал нутгийн тэмдэглэл” номыг нэрлэмээр байна. Монгол хүний язгуур шинж, ахуй амьдралыг япон хүн бичсэн. Энэ ном л намайг орчуулгын хөдөлмөр рүү хөтөлж, амьдралыг минь өөрчилсөн юм.

-Амьдралд тань хүчтэй нөлөөлсөн уг номтой хэзээ, хэрхэн танилцаж байсан бэ? 

-МУИС-ийг орчуулагч-багшийн мэргэжлээр төгсч, дунд сургуульд багшилж байгаад Токио руу явсан. Японы Засгийн газрын тэтгэлгээр Токиогийн Боловсрол соёлын их сургуульд явах завшаан олдож, 1993-1998 оны хооронд судлаачаар сурсан.

1995 оны нэгэн өдөр Азийн их сургуулийн хүндэт профессормонголч эрдэмтэн Койбүчи Шиничи багш уншаад үзээрэй хэмээн “Тал нутгийн тэмдэглэл” хэмээх эл номыг өгсөн юм. Сонирхоод унштал Токиогоос шууд монголд ирсэн юм шиг санагдсан. Мөн монгол хүн хэрнээ монголын талаар юу ч мэддэггүйгээ ойлгож, өөрийгөө хэчнээн их голсон гээч.

Чухам уншиж дууссаныхаа дараа Шиба Рёотаро гуайг монголыг үнэнхүү зүрхнээсээ хайрладагийг нь мэдэрч, маш их сэтгэл хөдөлсөн. Тэгээд л монголчууд энэ номыг уншихгүй байна гэдэг харамсалтай санагдаж, орчуулах тухай бодсон. Урьд өмнө нь орчуулга хийх тухай огтхон ч бодож байгаагүй хэрнээ л энэ номыг уншаад орчуулж чадах юм биш үү гэсэн итгэл төрсөн.

Их алдартай хүний номыг барьж аваад орчуулна гэдэг төвөгтэй байсан. Гэвч Койбүчи Шиничи багш намайг их дэмжсэн. Мөн энэ номыг орчуулж байхдаа 1996 оны зун Токиогоос эх орондоо ирж, Хөвсгөл аймагт очсон. Зориуд морины уяа, зэлэн дээгүүр явж, номон доторх морины зүснүүдийг малчдаар заалгаж авсан. Ном руугаа уусаж, автаж, монголынхоо агаараар амьсгалж байж орчуулж дуусгасан. Орчуулж дуусгаад 1998 онд оюутан байхдаа хэвлүүлсэн. Тухайн үедээ монголын оюунлаг хүмүүсээс маш сайн үнэлэлт авч байсан.

Жишээлбэл, үгийн урлагийн их мастер С.Эрдэнэ гуай энэ номыг уншчихаад “Шиба Рёотаро гуайтай амьд байхад нь уулзах минь яав даа” хэмээн их сайхан өгүүлэл бичиж, “Ардын эрх” сонинд хэвлүүлж билээ. Тэгж л анхны орчуулсан номоосоо урам авч, орчуулга хэмээх ээдрээтэй хөдөлмөрт амьдралаа зориулахаар зориг шулуудсан юм.

“Тал нутгийн тэмдэглэл” номыг маань хүмүүс их асууж, сурагладаг. Надад өөрт маань нэг ч үлдээгүй. Тиймээс 23 жилийн өмнө хэвлүүлсэн эл номоо дахин хэвлүүлэхээр болсон. Саяхан анхныхаа номыг эргээд нэг үзье гээд орчуулгыг нь нягталж үзлээ. Нэг ч юмыг нь хөдөлгөж, засаж чадаагүй. Тухайн үед их хөдөлмөрлөж, үнэхээрийн сэтгэлээ гаргаж, орчуулсан байна лээ.

-Уг ном таны оюун санааны амьдралд юу өгсөн бэ?

-Монгол үндэстний тухай ойлголтыг минь зузаатгаж, холын харааг минь тэлсэн. Нүдийг минь нээсэн.

Алсын бодолтой, юманд амархан зохицдог, гүйлгээ ухаантай, хөнгөн шаламгай, юмыг хурааж хуримтлуулах гэж үхэлддэггүй зан чанартай монголчууд маань одоо юмыг их хурааж, эд агуурсын төлөө үхэлддэг болж. Мөн шаламгай, морин дэлэн дээгүүр давхиж явдаг язгуурын чийрэг монголчууд маань илүүдэл жингийн асуудалтай болсон байна. Энэ чанарууд язгуурын монгол хүнд ер зохихгүй гэдгийг л энэ ном “хэлдэг”.

-Амьдралын номоосоо хүмүүст уншуулчих юмсан гэж боддог хэсгээс эшлээч?

-Энэ ном ингэж эхэлдэг юм.

Монгол нутгийн хээр тал тэнгэртэй ойрхон байдаг тухай билээ. Уг газар ердөө л тэнгэр газар хоёроос бүтэх агаад хүний бараа ховор тул тэдний амьдрал тэнгэрт байдаг болов уу гэлтэй.

Магадгүй алс өмнөд нутгийн нам доор газрын нанхиад тариачин хүний нүдээр харвал өөр лүгээ адил хүн гэж итгээгүй буй за. Мөнөөхөн хүмүүс морь унана. Мориндоо мордохдоо салхин мэт хийсгээд, тэргэл саран нумаа хөвчилж, давхиан дундаа онилно.

Эд ер нь хүн биш дэг ээ... Ийнхүү НТӨ Нанхиадын тариачид дотроо ийн бодож суусан буй за.

Мөнөөх бүлэг хүн хөх огторгуйтай нийлэн алдсан их газартаа амьдран сууж, хонин сүргийнхээ явдал даган хөдөлсөөр, заримдаа манхан говь туулж ирээд юутай ч тариачин улсаас хүнс, хувцас дээрэмдэн авах ажгуу. Хүмүүс тэднийг Хүннү хэмээн нэрийднэ”.

Энэ бол монгол хүний язгуурын их чухал сэтгэгдэл. Энэ хэсгийг уншаад л энэ номыг монголчуудад хүргэх ёстой юм байна гэж бодсон.

-Энэ булан цааш өртөөчлөн үргэлжлэх юм. Та дараагийн зочныг урина уу. Яагаад урих болсон шалтгаанаа хэлбэл манай уншигчдад илүү сонирхолтой байх?

-“Шинэ Монгол” сургуулийн үүсгэн байгуулагч,  Боловсрол судлалын доктор Ж.Галбадрахыг урьмаар байна. Олон мянган хүүхдүүдэд чанартай боловсрол, чанартайгаар барахгүй дэлхийд хүрэх боловсролыг олгож буй хүн. Тиймдээ ч номын тухай сонирхолтой зүйл ярих байх.

Түүний орчуулсан бүтээлүүд

1.    Шиба Рёотарогийн “Тал нутгийн тэмдэглэл”

2.    Шиба Рёотарогийн “XXI зуунд амьдрах хөвгүүд, охидод”

3.    Шиба Рёотарогийн “Оросын тухай: Умардын уугуул төрх”

4.    Мүраками Харүкигийн “1Q84” гурамсан роман 

5.   Мүраками Харүкигийн “Өнгөгүй Тазаки Цүкүрү ба түүний эргэлийн он жилүүд”

6.  Мүраками Харүкигийн “Торгон цэргийн хороон даргын аллага” хоёр боть роман

7.  Мүрасаки Шикибүгийн зохиосон “Гэнжийн туульс” хоёр боть роман

8.    Фүкүзава Юкичигийн “Эрдмийг эрхэмлэх ухаан” 

9.    Самуэл Смайлсын “Өөртөө туслах ухаан” (Энэ буланд оролцсон Л.Энх-Амгалангийн онцолсон ном)

10. Ган чацат монгол хөвгүүний үлгэр

11. Япон өгүүллэг, тууж

12. “Хайрын ааш” японы шилдэг өгүүллэгийн түүвэр


ӨМНӨХ КОНТЕНТ: Р.ЭНХБАТ

Энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 17, 2021 10:25

Энэ булан их та�##�агдаж байгаа шүү. Амжилт хүсье.

21.70
21.70
4 сар 18, 2021 00:23

Япон судлаач шинэ з�##�уу үеийнхэн төрөн гарч байна. Их ч ном орчуулж гаргадаг болжээ. Гол нь хоёр орны найрамдлын гүүр болохоос гадна Японы тэргүүний дэвшилтэд технологийг нэвтрүүлэх чиглэлээр олон сайхан ном орчуулаасай гэж хүсч байна. Шинэ үеийнхэн л үүнд голлон анхаарах ёстой. Түүнээс бус уран зохиол, түүх, нийгэм судл�##� зэрэг ерөнхий юм одоо хоцрогдсон. Хэн ч үл сонирхоно!

Зочин
Зочин
4 сар 22, 2021 02:50

zaza

Мария
Мария
4 сар 26, 2021 16:55

Японы жижиж дунд үйлдвэрлэлийн авсаархан технологийн угср�##�т энэ тэр гээд аж үйлдвэрлэлийн т�##�аар ном Монголд ерөөс орчуулагдахгүй байна

Холбоотой мэдээ

Back to top button