ДЭЛХИЙ

Энэтхэгт халдварын тоо буурах үед назгайрсны улмаас дэлхийн цар тахлын голомт боллоо

Энэтхэг улсад хоёрдугаар сарын 10-ны өдрөөс цар тахлын хоёр дахь давлагаа эхэлсэн. Тэр цагаас хойших 50 хоногт дунджаар өдөрт 22 мянган тохиолдол бүртгэгджээ. Харин дараагийн арван хоногт дунджаар өдөрт 89800 тохиолдол бүртгэгдсэн байна.  Судлаачдын хэлж буйгаар нийт тохиолдол маш хурдацтайгаар нэмэгдсэн нь хоёр дахь давлагаа эрчтэй тархаж байгаа гэдгийг харуулж байгаа аж.

Керала мужийн Ковидийн эсрэг үйл ажиллагаанд оролцож буй доктор Фатахудайн хэлэхдээ халдварын тоо нэмэгдэх нь таамаглаагүй гэнэтийн зүйл биш байсан гэжээ. Тэрбээр Энэтхэг улс нэгдүгээр сард өдөрт бүртгэгдэх тохиолдол 20 мянгаас доош орох үед болгоомж алдсан хэмээсэн юм.

Өдөрт бүртгэгдэх тохиолдол буурсны дараа тус улсад ажлын байр, дэлгүүр нээж томоохон шашны цуглаан болон сонгуулийн жагсаал өрнөх болжээ.

Доктор Фатахудайн хэлэхдээ хоёрдугаар сард анхааруулах дохио үзэгдэж байсан ч бид хэрэгтэй гэсэн зүйлийг хийгээгүй хэмээсэн байна. Тэрбээр нэмж хэлэхдээ “Би хоёрдугаар сард Ковид дарагдаагүй байгаа, хэрвээ бид яаралтай арга хэмжээ авахгүй бол халдварын цунамид өртөх болно гэж хэлсэн. Харамсалтайгаар, бид цунамид өртлөө. Хүн болгонд амьдрал хэвийн байдалдаа орсон гэх худал мэдрэмж төрсөн, албан тушаалтнууд хэрэгтэй гэсэн арга хэмжээ аваагүй” гэжээ.

Энэтхэг улс өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт (2021.04.21) 314835 шинэ тохиолдол бүртгэн авсан. Энэ нь нэг өдөрт илэрсэн тоогоор дэлхийд тэргүүлсэн рекорд үзүүлэлт байв. Лхагва гарагаас хойш өдөр бүр тогтмол 300 мянга давсан тохиолдол бүртгэж байгаа.

Одоогийн байдлаар БНЭУ  нийтдээ 17 сая “КОВИД-19”-ийн тохиолдол бүртгэн авч, дэлхийд хоёрт жагсаж байгаа юм. Тус улсад цар тахлын хоёр дахь давлагаа өрнөж байгаа бөгөөд томоохон хотуудын эмнэлгүүд ачааллаа дийлэхээ больжээ. Ачаалал хэт ихэдсэн тул хүчилтөрөгчийн хомстол үүсэж, үүний улмаас олон хүн амь насаа алдсан байна.

Ерөнхий сайд Нарендра Моди ням гарагт (2021.04.25) мэдэгдэл хийхдээ бүх иргэдээ вакцинжуулалтад хамрагдан, болгоомжтой байхыг уриалжээ. Тус улс нэгдүгээр сард “Covishield” буюу “Oxford/AstraZeneca”-ийн вакцин болон “Bharat Biotech”-ийн “Covaxin” вакциныг баталсан. Харин энэ сард “Спутик-V” вакцинд ашиглах зөвшөөрөл олгожээ. Өнгөрсөн бямба гарагийн байдлаар (2021.04.23) 116 сая хүнд вакцин тарьж үүнээс 21 сая хүнд хоёр дахь тунг хийсэн байна.  Дөрөвдүгээр сарын эхэнд Энэтхэг улс хамгийн богино хугацаанд 100 сая гаруй тун тарьсан гэж мэдэгдсэн. Тус улс дэлхийн хамгийн том вакцин үйлдвэрлэгч хэдий ч зарим мужид тунгийн хомстол үүсэж байгаа аж.

Энэтхэг улс дотоод дахь вакцины эрэлтээ хангахын тулд “AstraZeneca”-ийн вакцины импортоо түр зогсоосон байгаа. Гэсэн хэдийн ч тус вакциныг үйлдвэрлэгч “Serum Institute of India” фирм хэлэхдээ ачаалал ихтэй үйлдвэрлэж байгаа ч бүх Энэтхэгчүүдийг вакцинжуулах хэмжээнд хүрэхэд хангалтгүй байна гэжээ.

“Serum Institute India” фирм өнгөрсөн гуравдугаар сард вакцин үйлдвэрлэх түүхий эдийн дутагдалд орох аюул нүүрлэсэн талаар мэдэгдсэн. АНУ тус фирмд нийлүүлдэг бөгөөд Цагаан ордон дотоодын компаниудыг түүхий эдээр хангахыг чухалчлан экспортоо танасан аж.

Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ням гарагт (2021.04.25) мэдэгдэл хийхдээ Энэтхэг улс руу “КОВИД-19”-ийн вакциныг үйлдвэрлэх түүхий эдийг яаралтай хүргэнэ хэмээжээ.

Тархвар болон вирус судлаачид Энэтхэг улсад өрнөж буй цар тахлын хоёр дахь давлагааны эрчмийг коронавирусийн илүү халдварлах чадвартай хувилбар нэмсэн гэж үзэж байгаа аж. Дели хот дахь Анагаахын шинжлэх ухааны хүрээлэнгийн эрдэмтэд хэлэхдээ нэг өвчтөн хавьтал болсон арван хүн тутмын есийг нь халдварлуулж байна хэмээжээ.  

Эх сурвалж: BBC, Our World in Data, National Geographic

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button