НИЙГЭМ

Ч.Эрдэнэдалай: Монголын финтек ББСБ-ууд Азидаа тэргүүлж байна

Шинжээч Ч.Эрдэнэдалайтай банк бус санхүүгийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, хөгжлийн талаар ярилцлаа.

-Банк бус санхүүгийн байгууллага гэдгийг энгийнээр тайлбарлахгүй юу?

-ББСБ гэдэг нь банкнаас үйлчилгээ авч чаддаггүй хүмүүст санхүүгийн үйлчилгээ хүргэх зорилготой мэргэжлийн байгууллага гэж ойлгож болно. Энэ нь Монголд нэлээд хэрэгцээтэй үйлчилгээ. Учир нь банкууд зээл авахыг хүссэн жижиг дунд бизнес эрхлэгчдэдээ өндөр шаардлага тавьдаг. Манай улсад жижиг дунд бизнес эрхлэгчдийн чадвар сайн хөгжөөгүй учраас зээл авахыг хүсэгчид бичиг баримт бүрдүүлэлт, тайлан, татвар төлөлт зэргээрээ банканд “гологддог”, эсвэл барьцаа хөрөнгө байхгүй байх тохиолдол их. Тиймээс дээрх асуудлуудыг ББСБ-ууд аль болох уян хатан байдлаар харгалзан үзэж зээл олгодгоороо давуу талтай. Нэг үгээр хэлбэл, ББСБ нь банкны “голсон” харилцагчдад зээл олгодог байгууллага юм.

-Зарим ББСБ-ууд банкны хэмжээнд хүрхүйц ажиллах чадвартай шүү дээ. Гэвч ББСБ-уудыг мөнгө хүүлэгчид гэж ард иргэдийн зарим нь үзсээр ирсэн. ББСБ-ыг ажиллуулдаг та мөнгө хүүлэгч юм уу?

-Манай Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооны цуглуулсан мэдээллээр ББСБ-уудын дундаж хүү сарын 2.9 хувь байна. Энэ нь одоо бидэнд өндөр санагдаж магадгүй. Гэхдээ уншигчдад сануулахад, дээрх хувь 5-6 хувь байсан нь өнгөрөөд удаагүй шүү дээ. Нэлээн буурсан байгаа биз? Ихэнх ББСБ нь өөрсдийн хөрөнгөөр зээл гаргадаг. Тиймдээ ч тэд эрсдэлдээ тохируулж ажиллах шаардлагатай болдог юм.  Энгийнээр хэлбэл, эрсдэлтэй учраас л 2.9 хувь дээр хүүгийн зах зээлийн ханш тогтсон. Ийм байгаа учраас л бизнес эрхлэгчид зээл авч байгаа юм. Хэт өндөр байсан бол бизнес эрхлэгчид зээл авахгүй шүү дээ. Эцсийн дүндээ банкнаас огт зээл авч чадахгүй хүн ББСБ-д 2.9 хувь төлөөд ч болтугай зээл авахыг хүлээн зөвшөөрдөг. Энэ бол зах зээлийн хүү мөн.

Ташрамд хэлэхэд, иргэд хэрэглээнээсээ хэтэрсэн, эсвэл хямд төсвөөр хийчих зүйл дээр их хэмжээний зээл авдаг тал бий. Зарим бизнес эрхлэгчид хэт “түүхийгээр” буюу өмнө нь хийж үзээгүй бизнесээ эхлүүлэх гэж зээл авдаг. Үүнээсээ болоод өрийн дарамтад орж, дампуурдаг. Иймд тооцоо судалгаан хийж, сайтар төлөвлөж зээл авах хэрэгтэйг бизнес эрхлэгчдэдээ зөвлөж байна. Мөн дөнгөж бизнес эхлүүлэх гэж байгаа хүмүүс аль болох зээл авахгүй байхыг хичээж, цаг хугацаа өнгөрсний дараа бизнес нь “бат араандаа орсон” үед л зээл авах хэрэгтэй.

-Сүүлийн үед хөл хорионы улмаас эдийн засаг нэлээд хямарлаа. Ер нь ББСБ-уудын хувьд ямар жил болж байна гэж та харж байна вэ?

-Коронавирусээс шалтгаалсан хөл хорио банк санхүүгийн салбарын нийт аж ахуй нэгжүүдэд хүндээр тусч, тодорхойгүй байдал үүсгэж байна. Одооны хөл хорионы өмнө ББСБ-уудын үйл ажиллагаа гайгүй сэргэж байсан. Гэвч харамсалтай нь цар тахал маш идэвхтэй тархаж, улмаар дахин хөл хорио тогтоосон нь байдлыг улам хүндрүүлж байна. Ийм үед ББСБ-уудаас хэн нь хамгийн сайн зээл гаргасан нь гайгүй үлдэнэ. Харин муу зээл гаргасан нь хохирно. Гайгүй сэргэж байсан салбар эргээд удааширч буйд санаа зовниж байна.

Гэхдээ Монгол Улс өнгөрсөн 30 жилийн хугацаанд зах зээлийн олон хямралд орж байсан ч хямралаас харьцангуй хурдан гарч чаддаг эдийн засагтай. Мэдээж өнөөгийн байдал удаан үргэлжлэхгүй, удахгүй эргэж сэргэнэ гэдэгт итгэж байна. Тухайлбал, Монгол Улс вакцинжуулалтаараа дэлхийд эхний 15-т эрэмбэлэгдэж байна. Ирэх зургадугаар сард бид 6 дахь Ерөнхийлөгчөө 6 жилээр сонгоно. Улс төр, эдийн засгийн тогтвортой, тодорхой байдал 6 жил үргэлжилнэ гэсэн хүлээлттэй байна. Мөн ирэх долдугаар сард Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадам буюу Монголын хөгжлийн 100 жилийн ой болно. Монгол Улс цар тахлын ард гарч, эдийн засгаа хурдан хугацаанд сэргээж, дэлхийд ардчиллын бүрд гэдгээ харуулна гэдэгт итгэж байна.

-ББСБ-ын салбарт бодлогын түвшинд ямар шинэчлэл хийгдэх шаардлагатай гэж та харж байна вэ?

-Сошиал медиа, мэдээллийн технологи гэдэг зүйл бүх л салбар руу хүчтэй нэвтэрлээ. Бидний амьдралын хэв маяг өдрөөс өдөрт өөрчлөгдөж байна. Бүхий л салбарт инноваци, компанийн засаглал, хөрөнгийн зах нь амьсгалах агаар мэт хэрэгтэй. Үүнийг хамгийн сайн нэвтрүүлж чадаж байгаа салбар нь ББСБ-ын салбар мөн. Ленд.мн дэлхийд гайхагдах инновацийг хийж чадлаа. “Инвескор” ч мөн адил засаглалын хувьд үлгэр жишээ үзүүлж, хөрөнгийн бирж дээр хамгийн сайн компани болж байгаа. Бүх л талаараа манлайлаад явж байна. Үүнээс гадна Монголын тэргүүний компани болох “MCS” групп одоо ББСБ-ын салбар руу орж, “Simple” гэх аппликейшнийг хөгжүүлж, дижитал банк нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Би шинжээчийн хувьд Монголд ББСБ-ын салбар маш сайн хөгжсөн гэж боддог. Ойролцоогоор 500 гаруй ББСБ бий. Тэд хоорондоо инноваци, засаглал, хөрөнгийн зах зээл, технологи, дижитал хөрөнгө гэх мэт чаддаг мэддэг зүйлээрээ идэвхтэй өрсөлдөж байна.

-Сүүлийн үед финтек ББСБ-ууд нэлээн эрчийг авчээ.

-Монголд үүрэн холбоо, банкны салбар сайн хөгжсөн учраас финтек дагаад маш сайн хөгжиж байна. Гэхдээ амар зүйл биш гэдгийг бид харж байна. Ленд.мн-ийн бэлэн жишээ бий. Эхэндээ нэлээд амжилттай явж байсан боловч эргээд бэрхшээлтэй тулгарсан. Финтек тийм ч амар биш. Гэхдээ энэ бол бидний ирээдүй мөн. Ленд маягийн олон аппликейшн, дижитал хөрөнгө, дижитал санхүүгийн үйлчилгээнүүд хоорондоо өрсөлдөж байна.

Энэ өрсөлдөөний үр дүнд цаашид бүр шалгарсан зөв зүйтэй дижитал банк санхүүгийн байгууллагууд гарч ирнэ. Олон хүн нийлж, сайн менежменттэй байж байж амжилтад хүрнэ. Тэрнээс ганц өрөөнд суучхаад хашаа байшин машин барьцаалаад зээл механикаар гаргаад байвал амжилтад хүрэхгүй, нэг байрандаа байж л байна. Хэрэглэгчдийн таашаалд нийцсэн, хүнд хэрэгтэй үйлчилгээ үзүүлж чадаж байгаа ББСБ-ууд л амжилтад хүрнэ.

-Таны удирддаг “Дэлгэрэн үржих капитал ББСБ” алсын хараагаа хэрхэн тодорхойлсон бэ?

-“Дэлгэрэн үржих капитал ББСБ” нь 2013 онд үүсгэн байгуулагдсан. Бид 2019 онд “Алтан Бумба Санхүүгийн Нэгдэл”-ийнхээ дэргэд шилжүүлж авсан. Цаашид бид энэхүү байгууллагаа томоохон бизнесмен, хөрөнгө оруулагчдад зориулсан дижитал “private” банк болгон өргөжүүлэх зорилт тавьж буй. Яагаад чинээлэг бизнесменүүдэд вэ гэхээр Монголд жижиг дунд бизнес эрхлэгчдэд үйлчилж буй олон ББСБ бий. Харин бидний хувьд анхнаасаа 9911 дугаараас угшилтай учраас “luxury” сегментэд таарч байгаа юм. Тиймээс “retail” буюу жижиглэнгийн шавааралдсан зах зээл дээр бид нэмж оролцоод амжилтад хүрэхгүй. Ер нь хүн бүр мэддэг чаддаг зүйлээ хийгээд явах нь хамгийн зүйтэй. Бид дээрх зорилгодоо хүрч чадвал харилцагчдадаа Монголд байхгүй “private” банкийн үйлчилгээг үзүүлнэ. Шангри-Лад “luxury” оффис байгуулж, бизнесменүүдийгээ бүхий л талаараа “кэйрлэж” ажиллана. Ганцхан зээл олгох биш, чаддаг мэддэг бүх зүйлээрээ санхүүгийн, бизнесийн, маркетингийн, татварын зөвлөгөө өгч “кэйрлэж” явах болно.

-Зээлийн хүүгийн дээд хязгаарыг хуулиар тогтоогоод эхэлсэн. Үүнтэй холбогдуулан ямар нөхцөл байдал үүснэ гэж та боддог вэ?

-Зээлийн хүүг бууруулах хамгийн зөв зүйтэй арга бол өрсөлдөөн. Энэ бол шинжлэх ухааны үндэслэлтэй зүйл. Манай ББСБ-ууд аль хэдийн хоорондоо “алалцаад” хүссэн хүсээгүй зээлийн хүү буурсан. Хүү буурах ёстойг ББСБ-ын салбарынхан хүлээн зөвшөөрч байгаа. Тиймдээ ч зээлийн хүү жил ирэх бүр буурч байна. Шуурхай зээлийн буюу барьцаат зээлийн компаниуд хүүгийн таазыг төрөөс анх удаа сарын 3 хувь болгон тогтоосон. Хүүгийн тааз тогтоосноор нэг талаас тоглоомын дүрэм тодорхой болсон бол нөгөө талаас зарим жижиг газар дампуурч, хэрэглэгчид нь хохирсон. Мэдээж энэ нь томоохон ББСБ-уудад л ашигтай.

-Танд залууст хандаж хэлэх зүйл байна уу?

-Монголд хамгийн сайн хөгжиж буй ирээдүйтэй салбар бол ББСБ салбар мөн. Сүүлийн үеийн залуус энэ салбарт ажиллах ихээхэн хүсэл эрмэлзэлтэй болсон анзаарагдаж байна. Залуу хүн энэ салбарт ажиллах нь үнэхээр гоё. Ажлын байрны орчны хувьд ч дийлэнх нь орчин үеийн оффис “tower”-ууд байна шүү дээ. Өсөн дэвжих боломжтой хамгийн гоё ажлын байр гэж би боддог. Учир нь энэ салбарт мэдээллийн технологиос эхлээд олон инноваци, засаглал, хөрөнгийн зах зээл бүгд уягдсан байна.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

Ярилцсан Г.Тэмүүлэн

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

2 Сэтгэгдэл

  1. Эрдэнэд####ай элчин сайд асан Чойнхор гуайн хүү. Сэхээтэн з####уу мөнгө хүүлэгч болж дээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button