УЛС ТӨР

Цар тахлын улмаас эдийн засаг 5.3 хувиар агшиж, төсвийн алдагдал 4.5 их наядад хүрчээ

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2021.05.06) нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулав. Мөн уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж шийдвэрлэсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор танилцуулсан юм.

Монгол Улсын 2022-2024 оны төсвийн орлогын төсөөллийг Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Төсвийн тухай хууль, макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн төсөөлөлд тулгуурлан боловсруулсан. Монгол Улсын 2022-2024 оны төсвийн орлогын төсөөлөлд өмнөх жилүүдийн нэгэн адил уул уурхайн гол нэр төрлийн бүтээгдэхүүн болох алт, зэс, нүүрсний экспортын биет хэмжээ, дэлхийн зах зээл дээрх үнээс өндөр хамааралтай хэвээр байхаар байна. Эдийн засгийг сэргээж, төсвийн алдагдлыг бууруулах цогц арга хэмжээг хэрэгжүүлснээр дунд хугацаанд эдийн засгийн өсөлт дунджаар 4-6 хувиар өсөж, төсвийн алдагдал 2024 оны эцэст ДНБ-ий 2 хувьд хүрч буурна. Мөн Засгийн газрын өрийн ДНБ-нд эзлэх хувь 60 хувиас хэтрэхгүйгээр тогтворжино гэж тооцжээ. Энэ үндсэн дээр дунд хугацаанд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн ДНБ-д  эзлэх хувийг 2022 онд 3.6 хувь, 2023 онд 2.8 хувь, 2024 онд 2 хувь буюу Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тусгай шаардлагад нийцтэй байхаар тооцсон талаар төслийн танилцуулгад дурдсан байна.

Харин Монгол  Улсын  нэгдсэн  төсвийн  орлогын төсөөлөлд үндэслэн   төсвийн тэнцлийн зорилтот түвшнийг харгалзан нэгдсэн төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийн дүнг 2022 онд 14,852.0 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 32.5 хувь,  2023  онд 15,925.1 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 31.6 хувь, 2024 онд 17,113.3 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 29.6 хувьд хүрэхээр тооцож төсөөлжээ. Дунд хугацааны төсвийн    хүрээний мэдэгдэлд  урсгал  зардлын  дээд  хязгаарыг ДНБ-д  эзлэх  хувь  хэмжээтэй  харьцуулж тооцвол 2022  онд 24.8 хувь,  2023  онд  24.0 хувь,  2024  онд  22.0 хувьтай тэнцэхээр тооцжээ.

Дэлхий нийтийг хамарсан Коронавируст цар тахлын улмаас манай улсын эдийн засаг 5.3 хувиар агшиж, төсвийн алдагдал 4.5 их наяд төгрөгт хүрчээ. Улсын Их Хурал, Засгийн газраас цар тахлын үед иргэдийн орлогыг хамгаалах, бизнесийг дэмжих, эдийн засгийг сэргээх зорилгоор төсвөөс 2020 онд 2.4 их наяд төгрөг зарцуулах шийдвэр гаргасан. Харин 2021 онд 2.7 их наяд төгрөгийн арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж байна. Мөн төсөв, мөнгөний бодлогыг оновчтой болгох, Засгийн газраас эдийн засгийн сэргэлтийг түргэтгэх, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г батлан хэрэгжүүлж байна.

Дунд хугацаанд Засгийн газар ил тод, цахим төсвийн бодлогын эрс шинэчлэлийг хийхээр төлөвлөсөн. Тухайлбал, төрийн өмчит компаниудыг шинэчлэн, бүтцийн өөрчлөлт хийж, засаглалыг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх, уул уурхай, экспорт, ложистикийн татварын орлогыг бүрэн хураан ил тод байдлыг сайжруулж, далд эдийн засгийн хумих замаар татварын бааз суурийг өргөтгөнө. Төсвийн сахилга бат, хариуцлагыг дээшлүүлэх төсвийн зарлагын шинэчлэлийг хийх, төсвийн хөрөнгө оруулалтыг эдийн засгийг дэмжих чиглэлд хийх, өрийн оновчтой удирдлагыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.  Энэ үндсэн дээр дунд хугацаанд төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, төсвийн үр ашгийг сайжруулах, төсвийн сахилга бат, хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор төрийн үйлчилгээг иргэн, аж ахуйн нэгжид үзүүлсэн үйлчилгээний чанар, үр дүн, гүйцэтгэлд нь үндэслэн санхүүжүүлдэг, “Зарцуулсан нэг төгрөг бүр үр ашигтай байдаг, цахим, ил тод төсвийн зарлагын шинэчлэл”-ийг хэрэгжүүлнэ. Энэ зарчмын дагуу “Халамжаас-Хөдөлмөрт шилжих” бодлогыг дэмжсэн тогтолцооны өөрчлөлтүүд хийх, хүртээмжийн хувьд тэгш, шударга, санхүүжилтийн хувьд урт хугацаанд тогтвортой нийгмийн даатгалыг бий болгоход чиглэсэн тогтолцооны өөрчлөлт хийх, нийгмийг соён гэгээрүүлэх бодлогын хүрээнд соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр төлөвлөсөн талаар танилцуулгад онцолжээ.

Түүнчлэн төсвийн зарлагын чиглэлд дорвитой шинэчлэл шаардлагатай гэж үзэж байгаа. Энэ хүрээнд төрийн байгууллагын санхүүжилтийг цагийн бүртгэлээр бус хийснээр нь, цаасан тайлангаар бус бодит үр дүнгээр нь, нийлүүлсэн тоогоор бус хүрсэн чанараар нь тооцдог болно. Энэ үүднээс эхний ээлжинд эрүүл мэнд, боловсрол, нийгэм хамгаалал хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн боловсрол зэрэг нийгмийн суурь үйлчилгээ үзүүлдэг салбаруудын төсвийн санхүүжилтийг хүрэх үр дүн, чанар, гүйцэтгэлд нь тулгуурлаж хуваарилах замаар төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, эдгээр салбарт зарцуулсан төсвийн нэг төгрөг бүрийг үр ашигтай болгоход чиглэсэн багц арга хэмжээг үргэлжлүүлнэ гэдгийг илтгэгч онцолсон юм.

Макро эдийн засгийн 2022-2024 оны төсөөллийн тухайд Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 2022-2024 онд урт хугацааны өсөлтийн түвшинд буюу 6 орчим хувьд хүргэхээр зорьж байна. Оюутолгойн далд уурхай, газрын тос боловсруулах үйлдвэр, төмөр зам, “Залуус” I, II, III хороолол, цэвэрлэх байгууламж, эрчим хүчний зэрэг төслүүдийн бүтээн байгуулалт, барилга, угсралтын ажил эрчимтэй явагдаж, эдийн засгийн өсөлтийг дэмжинэ. Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын дараагаар дэлхийн эдийн засаг, ялангуяа, манай улсын худалдааны гол түнш орон болох БНХАУ-ын эдийн засаг хурдтай өсөхөөр байна. Энэ нь манай экспортын гол нэр төрлийн бүтээгдэхүүний эрэлт, үнэ тогтвортой, өндөр байх нөхцөл бүрдүүлнэ гэж Засгийн газар үзэж байгаа ажээ.

Харин инфляцын түвшин дунд хугацаанд буюу 2022-2024 онд 6 орчим хувьд байхаар байна. Дунд хугацаанд томоохон бүтээн байгуулалтын ажил хийгдэхээр төлөвлөгдөж, эдийн засгийн идэвхжил сэргэх хандлагатай байна. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд хүү багатай, хямд эх үүсвэртэй зээл олгохын зэрэгцээ гаалийн шинэчлэлийг хэрэгжүүлснээр гадаад худалдааны эргэлт нэмэгдэж, бараа нийлүүлэлт, татан авах үйл явц хялбар, шуурхай болж, бизнесийн зардал буурч, нийлүүлэлтийн гаралтай инфляцын дарамт буурах төлөвтэй байгааг танилцуулгад дурдсан байна.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд ажлын хэсгээс асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 67.2 хувь нь дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

Дараа нь хуулийн төслүүдийг эцэслэн батлах санал хураалт явуулж, өнгөрсөн долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар эцсийн хэлэлцүүлэг хийж эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар холбогдох Байнгын хороодод шилжүүлсэн Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хоршооны тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл, Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг нийт гишүүний олонх нь дэмжсэнээр эцэслэн баталлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button