Нийгмийн

ТАНИЛЦ: Токиогийн олимпод түүхэн амжилтын эзэн болж буй анхдагчид

“Токио-2020” олимпийн наадам өнөөдөр албан ёсоор нээлтээ хийнэ. Монгол Улсын тамирчид 14 дэх удаагаа оролцох энэ удаагийн олимпийн наадамд онцлох зүйл олон.  1964 онд Япон улсын Токио хотод зохион байгуулсан олимпод Монгол Улс анх удаа оролцсон түүхтэй. Олимпийн дэвжээнд анх өрсөлдсөн улсад тэгээд бүр яг тэр хотод “Токио-2020” болж буйгаараа онцлогтой.

“Токио-2020” олимпод Монгол Улс жүдо, чөлөөт бөх, байт харваа, буудлага, бокс, сагсан бөмбөгийн 3×3, усанд сэлэлт, ширээний теннис, хөнгөн атлетик, хүндийг өргөлт зэрэг спортын 10 төрөлд 43 тамирчнаа сойж байгаа юм. Энэ нь “Москва-1980”, “Рио-2016” олимпод мөн 43 тамирчаа оролцуулсан дээд амжилтыг давтсан үзүүлэлт. Тэдний 12 нь (О.Гүндэгмаа, С.Батцэцэг, Э.Бэхбаяр, О.Бурмаа, Д.Амартүвшин, М.Уранцэцэг, Д.Сумъяа, Л.Отгонбаатар, Ө.Дүүрэнбаяр, Б.Сэр-Од, Э.Цэндбаатар, М.Анхцэцэг) Гавьяат тамирчин цолтой.

Үүний сацуу спортын 10 төрөлд өрсөлдөх нь дээд амжилт. Сагсан бөмбөгийн 3x3, ширээний теннисний төрлөөр монголчууд олимпод анх удаа хүч сорьж байна.

Монголын тамирчдын 25 нь эмэгтэй, 18 нь эрэгтэй. Түүхэндээ анх удаа эмэгтэй тамирчид багийн дийлэнхийг бүрдүүлэв. 1972, 1976 оны олимпод хоёрхон эмэгтэй тамирчин өрсөлдсөн удаа бий. Түүнээс өмнөх, хойшхи хугацаанд эрэгтэй тамирчид давалгайлсаар өдий хүрээд байсан юм.

“Токио-2020” олимпийн наадамд Монголын спортын түүхэнд анхны тодотгол бүхий цөөнгүй амжилт бичигдлээ. Токиогийн олимпод түүхэн амжилтын эзэд болж буй анхдагчдыг бид энэ удаа онцоллоо.

МОНГОЛ УЛС ОЛИМПОД БАГИЙН СПОРТЫН ТӨРЛӨӨР АНХ УДАА ӨРСӨЛДӨНӨ

Монгол Улс багийн спортын төрлөөр олимпийн наадамд түүхэндээ анх удаа өрсөлдөхөөр болсон нь яах аргагүй түүхэн үйл явдал. Тэгээд бүр сагсан бөмбөгийн спортын төрлөөр олимпод хүч сорино, медаль хүртэх боломж бүрэн байгаа гээд бодохоор бүр ч бахархмаар.

Манай эмэгтэй тамирчид дэлхийд чансаагаараа эхний дөрөвт багтан, ОХУ, Румын, БНХАУ-ын сагсан бөмбөгчидтэй хамт олимпийн эрх авсан.

Токиогийн олимпод оролцох Монголын эмэгтэйчүүдийн багийн бүрэлдэхүүнд Баясгалангийн Солонго, Энхтайваны Чимэддолгор, Мөнхсайханы Цэрэнлхам, Онолбаатарын Хулан нар багтав.

ОЛИМПОД ХҮЧ СОРИХ МОНГОЛЫН АНХНЫ ЭМЭГТЭЙ БОКСЧИН М.МЯГМАРЖАГАЛ

Монголын боксын холбоо төдийгүй Монгол Улс эмэгтэй ширэн бээлийтнээрээ олимпийн эрх авахуулах нь гол зорилгынх нь нэг байсаар ирсэн.

Монгол Улсын эмэгтэй боксчдын түүхэнд олимпийн анхны эрхийг эмэгтэйчүүдийн 75 кг-ын жинд “Ширэн бээлий” клубийн тамирчин Мөнхбатын Мягмаржаргал хүртсэн юм. Түүхэн амжилтын эзэн тэрбээр долдугаар сарын 28-нд эхний тоглолтоо хийнэ. Түүний сугалаа ингэж гарчээ.

МӨНХБАТЫН МЯГМАРЖАРГАЛ

Төрсөн он: 1992.03.03

Амжилт:

– Улсын аварга

– “Улаанбаатарын цом” Олон улсын тэмцээний аварга

– Боксын рингэнд 92 тулаан хийж, 61 ялалт байгуулсан

– Олимпийн наадамд өрсөлдөх Монголын анхны эмэгтэй боксчин.

Түүхэн амжилтын эзэнтэй хийсэн ярилцлагыг ЭНД дарж уншина уу.

МОНГОЛЫН ШИРЭЭНИЙ ТЕННИСЧИД ОЛИМПОД АНХ УДАА ОРОЛЦОНО

Энэ онд болсон ширээний теннисний дэлхийн болон Азийн бүсийн олимпийн эрхийн сонгон шалгаруулах тэмцээнээс Монголын хоёр тамирчин олимпийн эрх авсан нь яах аргагүй түүхэн үйл явдал байлаа. Эл анхдагч амжилтын эзэд бол улсын дөрвөн удаагийн аварга, ОУХМ Э.Лхагвасүрэн, 2018 оны улсын аварга, Монголын багийн хамгийн залуу тамирчин Б.Болор-Эрдэнэ нар юм.

Монголын ширээний теннисчид 1961 онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцож байсан түүхтэй. Ийнхүү 60 жилийн дараа түүхэндээ анх удаа олимпод оролцоно.

ЭНХБАТЫН ЛХАГВАСҮРЭН

Төрсөн он: 1988.08.10

Амжилт:

- D зэрэглэлийн ДАШТ-ий III байр,

- Е зэрэглэлийн ДАШТ-ий I байр,

- Азийн наадмын шилдэг 16,

- Оюутны Азийн АШТ-ий алт, мөнгөн медальт

- Улсын дөрвөн удаагийн аварга /ганцаарчилсан төрлөөр/,

- Дээд лигийн гурван удаагийн аварга.

БАТМӨНХИЙН БОЛОР-ЭРДЭНЭ

Төрсөн он 2002.11.12

Амжилт:

- Азийн зүүн бүсийн АШТ-ий мөнгө,

- Улаанбаатар опен олон улсын тэмцээний аварга,

- Монгол туургатан олон улсын тэмцээний алт, мөнгө,

- Улсын аваргын алт, мөнгө, хүрэл медальтай.

ЖҮДОГИЙН ТҮҮХЭНД ОЛИМП ШҮҮХ АНХНЫ ЭМЭГТЭЙ ШҮҮГЧ Т.ЭНХЦЭЦЭГ

1997 оноос хойш жүдогийн спорттой амьдралаа холбож яваа, жүдогийн шүүгч Төрбатын Энхцэцэг Монголын жүдо бөхийн спортын түүхэнд эмэгтэйчүүдээс анх удаа олимпийн наадмыг дэнсэлнэ.

Дэлхийн чансааг сүүлийн гурван жил дараалан тэргүүлж, 2018 онд “Бөртэ чоно” наадмын шилдэг шүүгчээр тодорсон тэрбээр жүдо бөхийн төрөлд олимпийн эрх авсан Монголын анхны эмэгтэй шүүгч болсон юм.

2017 оноос хойш IJF-ийн 34 тэмцээн, сүүлийн гурван ДАШТ-ийг дэнслэсэн, ахмадын дэлхийн аварга Т.Энхцэцэгтэй олимп шүүх болсон баярт мөчөө хуваалцан, манай сайтад ярилцлага өгөхдөө “Дэлхийн чансааг сүүлийн гурван жил дараалан тэргүүлж, Токиогийн олимпын эрх авсан ч “Би чадлаа” гэх бодол надад огт төрөхгүй байна. Ийм юм хийлээ, тийм амжилт гаргалаа гэж ярих үнэхээр дургүй. Зүгээр л ажлаа хийгээд, даруухан явахыг чухалчилдаг. Би 2018 онд ч мөн дэлхийн шилдэг шүүгч болсон юм. Тухайн үед онгирсон болчих байх гээд бусдад ер хэлээгүй, цахим хуудсандаа ч энэ талаар бичээгүй.

Олимпийн дэвжээнд “Монголын Төрбат” гээд аавынхаа нэрийг дуурсгахаар боллоо гэж бодохоор сайхан санагдаж байна” гэж онцолсон юм.

Түүнтэй хийсэн ярилцлагыг ЭНД дарж уншина уу. 

ХҮНДИЙГ ӨРГӨЛТИЙН ТҮҮХЭНД ОЛИМП АНХ УДАА ШҮҮХ Л.ОДГЭРЭЛ

Токиогийн олимпод Монголын гурван шүүгч анхдагч болж буйн нэг нь Лхагвасүрэнгийн Одгэрэл. Сүхбаатар аймгийн харьяат тэрбээр Монголын хүндийг өргөлтийн холбооны анхны эмэгтэй шүүгч.  Дасгалжуулагч, олон улсын хэмжээний мастер цолтой.

 Жүдогоос хүндийг өргөлтийн спорт руу “урвасан” түүний тамирчны карьер тийм ч удаан үргэлжлээгүй.

Хүндийг өргөлтөөр Монголын эмэгтэй тамирчдаас Ази тивийн анхны медалийг авчирч байсан тэрбээр Б.Буядаа багшийнхаа удирдлагад анх жүдогоор хичээллэжээ. Дараа нь буюу 2002 онд дасгалжуулагч, спортын мастер С.Хөхөөгийн удирдлагад хүндийг өргөлтөөр хичээллэн, эл спорттой амьдралаа холбосон байна. Ганцхан жилийн дараа буюу 2003 онд Азийн АШТ-ээс Монголын эмэгтэй туйванчдын анхны медалийг хүртжээ.

Улмаар 2012 онд хүндийг өргөлтийн шүүгч болж, 2013 онд II, 2015 онд I зэргийн шүүгчийн болзол ханган, тийнхүү чансаагаа ахиулж явсаар тив, дэлхийн аварга, олимпийн наадам шүүх эрх аваад байна. 

Сонирхуулахад, түүний төрсөн дүү нь улсын мэргэн Л.Одсайхан юм.

БАЙТ ХАРВААНЫ ТҮҮХЭНД ОЛИМП АНХ УДАА ДЭНСЛЭХ Э.САРУУЛ

Токиогийн олимпийн наадмын байт харвааны тэмцээнийг шүүх 14 шүүгчийн нэг нь Монголын шүүгч Энхбатын Саруул. 35 настай тэрбээр эрх зүйч, франц хэлний орчуулагч мэргэжилтэй, 2007 оноос байт харвааны спортоор хичээллэж, 2009 оноос шүүгчээр ажиллаж эхэлсэн. Түүний аав Р.Энхбат тэшүүр, ээж Б.Цэцгээ нь байт харваагаар хичээллэж байсан, Монголын байт харвааны холбооны Ерөнхий менежер.

Э.Саруул 2013, 2019 оны Азийн АШТ, 2015, 2021 оны Залуучуудын ДАШТ, 2016 оны Дэлхийн цом, 2016 оны Оюутны ДАШТ, 2019 оны Универсиад, 2018 оны Залуучуудын III Олимпын наадамд тус тус шүүгчээр ажилласан туршлагатай.

Байт харвааны шүүгч хийхийн сацуу Английн Элчин сайдын яамны Худалдааны хэлтэст мэргэжилтнээр ажилладаг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zovre lioptor
zovre lioptor
2021-07-26 04:23

I am glad to be a visitor of this utter weblog! , thanks for this rare info ! .

Холбоотой мэдээ

Back to top button