
“Дэлхийн чансааг сүүлийн гурван жил дараалан тэргүүлж, Токиогийн олимпын эрх авсан ч “Би чадлаа” гэх бодол надад огт төрөхгүй байна. Ийм юм хийлээ, тийм амжилт гаргалаа гэж ярих үнэхээр дургүй. Зүгээр л ажлаа хийгээд, даруухан явахыг чухалчилдаг. Би 2018 онд ч мөн дэлхийн шилдэг шүүгч болсон юм. Тухайн үед онгирсон болчих байх гээд бусдад ер хэлээгүй, цахим хуудсандаа ч энэ талаар бичээгүй.
Олимпийн дэвжээнд “Монголын Төрбат” гээд аавынхаа нэрийг дуурсгахаар боллоо гэж бодохоор сайхан санагдаж байна” гээд инээмсэглэх түүнийг Төрбатын Энхцэцэг гэдэг. 1997 оноос хойш жүдогийн спорттой амьдралаа холбож яваа, жүдогийн шүүгч тэрбээр хэдхэн хоногийн өмнө “Токио-2020” олимпийн наадмыг шүүх эрх авсан юм.

Дэлхийн чансааг сүүлийн гурван жил дараалан тэргүүлж, 2018 онд “Бөртэ чоно” наадмын шилдэг шүүгчээр тодорсон тэрбээр олимпийн эрх авсан Монголын анхны эмэгтэй шүүгч болсон юм. 2017 оноос хойш IJF-ийн 34 тэмцээн, сүүлийн гурван ДАШТ-ийг дэнслэсэн, ахмадын дэлхийн аварга Т.Энхцэцэгтэй ярилцлаа.
ОЛИМПИЙН ДЭВЖЭЭНД ААВЫНХАА НЭРИЙГ ДУУРСГАХААР БОЛЛОО ГЭЖ БОДОХООР САЙХАН САНАГДАЖ БАЙНА

-Сар шинэдээ сайхан шинэлж байна уу, Та. Олимпийн наадмыг шүүх эрх авсныг тань IJF шинийн 2-нд албан ёсоор зарлалаа. “Токио-2020” наадмыг дэнслэх болзлыг хэрхэн хангав?
-Баярлалаа. Олон жилийн уйгагүй хөдөлмөрийн үр дүн байлаа. Би 2017 оноос хойш IJF-ийн цуврал тэмцээнийг шүүж байгаа. Энэ хугацаанд ДАШТ тэргүүтэй бүхий л томоохон тэмцээнийг шүүсэн. 2018 оноос хойш дэлхийн чансааг тэргүүлж байгаа. Дэлхийн чансааг тэргүүлэн, томоохон бүхий л тэмцээнийг алдаа мадаггүй шүүсэн зэрэг олон шалгуурыг үндэслэж надад олимпийн эрх олгосон байх. Токиогийн олимпийн наадмыг шүүхээр болсондоо баяртай байна.
“Токио-2020”-ийн урилга ирэхэд сэтгэл их хөдөллөө. Гэхдээ үнэнийг хэлэхэд тийм ч их догдолж, баярлаагүй. Учир нь үүнийг дагаад асар том үүрэг, хариуцлага ноогдож байгааг ухамсарлах учиртай. Тиймээс олимпийн наадам шүүнэ, миний шүүлтээс Олон улсын жүдо бөхийн холбооны нэр хүнд, тамирчдын амжилт, амьдрал бүр ч их шалтгаална гэж бодоод сүрдсэн. Энэ бол зөвхөн эхлэл. Олимп шүүхээр боллоо гээд амжилтдаа ханаж, сэтгэл амарч болохгүй. Харин ч улам сайн хичээн, бэлтгэх хэрэгтэй.
Бусад орныхон, IJF-ийнхэн намайг “Монголын Төрбат” гээд ааваар минь дууддаг. Аавынхаа нэрийг олимпийн дэвжээнд дуурсгахаар боллоо гэж бодохоор эрх авснаас дутахгүй баярлаж байна. Охин нь болж төрснийхөө ачийг өчүүхэн ч болтугай хариулах болов уу. Үүнд л баярлаж байна.
ТЭМЦЭЭНИЙ ӨДӨР ААВ МИНЬ ӨДӨРЖИН ЗАЛБИРЧ, СҮҮ ӨРГӨДӨГ ГЭНЭ ЛЭЭ

-Олимпийн эрх аваад аавдаа хэлэхэд юу гэсэн бэ?
-“Охиндоо баяр хүргэе. Зорьсондоо хүрээрэй. Охиноороо бахархаж байна” гээд уйлсан. Би олон улсын тэмцээнд явах бүрдээ замаараа аавынхаар ордог. Хэдэн цагаас ч ниссэн хамаагүй заавал аав дээрээ оччихоод явдаг юм. Ирэхдээ ч мөн аав, ээж дээрээ түрүүлж оччихоод харьдаг. Тэмцээн болох өдөр аав минь Хан хөхийн ууландаа залбиран, өдөржингөө сүү өргөөд зогсдог гэнэ лээ.
ХӨЛ ХОРИОНЫ УЛМААС 2020 ОНЫ ХОЁРДУГААР САРААС ХОЙШ ТЭМЦЭЭН ШҮҮГЭЭГҮЙ ТУЛ ЭРХ АВНА ГЭДЭГТЭЭ ЭРГЭЛЗЭЖ БАЙЛАА

-Хөл хорионы улмаас та өнгөрсөн жилийн хоёрдугаар сараас хойш олон улсын тэмцээн шүүгээгүй байгаа. Энэ олимпын эрхэд сөргөөр нөлөөлөх вий гэж хэр их эргэлзэж байв?
-Энэ ёстой эмзэг асуудал байсан шүү. Хэдийгээр одоо цар тахалтай байгаа ч Монголоос бусад орны шүүгчид тогтмол тэмцээн шүүн, чансаагаа ахиулсаар байгаа. Жил шахам тэмцээн шүүгээгүй минь нөлөөлөх вий гэж санаа зовж байлаа.
-Та 2017 оноос хойш IJF-ийн 34 тэмцээн шүүгээд байгаа юм билээ, тийм ээ?
-Үнэнийг хэлэхэд шүүсэн тэмцээнээ тоолж байгаагүй. Сая олимпийн эрх авсныхаа дараа “Нээрэн юу билээ гээд тоолоход 34 байна лээ” (инээв).
2018 ОНД МӨН ДЭЛХИЙН ЧАНСААГ ТЭРГҮҮЛСЭН Ч ОНГИРСОН БОЛОХ БАЙХ ГЭЖ БОДООД БУСДАД ХЭЛЭЭГҮЙ

-Өнгөрсөн жил чансаагаараа тэргүүлж, дэлхийн шилдэг шүүгч болсон, 2018 онд “Бөртэ чоно” шагнал хүртсэн. Ийм өндөр амжилт гаргалаа, олимпийн эрх авсан Монголын анхны эмэгтэй шүүгч боллоо гээд өөрөө бахархмаар санагдах юм уу?
-Өө, ёстой тэгж бодож байгаагүй. Одоо ч тэгж бодогдохгүй байна. Би ер нь их нуугдмал, олны өмнө ил гарах дургүй хүн. Би ийм юм хийлээ, тийм амжилт гаргалаа гэж ярих үнэхээр дургүй. Зүгээр л ажлаа хийгээд, даруухан явахыг чухалчилдаг. Өнгөрсөн жил дэлхийн чансааг тэргүүлсэн гэснээс би тэрний өмнөх онд мөн дэлхийн шилдэг шүүгч болсон юм. Тухайн үед онгирсон болчих байх гээд бусдад хэлээгүй, тас нуусан. Жүдогийнхон, ойр дотнынхон маань л цахим хуудсандаа “Дэлхийн чансааг тэргүүллээ, дэлхийн шилдэг боллоо” гэж бичдэг юм. Би цахим хуудсандаа иймэрхүү юмаа огт нийтлэдэггүй.
-Та их даруухан хүн юм аа. Өнгөрсөн жил мөн дэлхийн шилдэг болохдоо энэ талаар ер ярьж, ямар нэгэн мэдээлэл өгөөгүй.
-Тиймэрхүү юманд ёстой дургүй. Өөрийгөө рекламдлаа гэж хүмүүс бодох байх гэж санаа зовоод байдаг юм. Би хэвлэлд ч төдийлөн ярилцлага өгдөггүй. Өмнө нь ганц, хоёрхон газар л яриа өгч байсан. Сэтгүүлч нар ярилцлага авъя гэхээр нь “Зав муутай байна. Эргээд холбогдъё” гэж байгаад ч юм уу аргалчихдаг юм. Ярихдаа ч тааруу. “Би ийм амжилт гаргалаа, тийм зүйл хийлээ” гээд ярих муухай шүү дээ. Хүн ажлаа чин сэтгэлээсээ хийгээд, уйгагүй хөдөлмөрлөж явахад аяндаа болно доо.
-2018 онд дэлхийн чансааг тэргүүлсэн гэлээ. Тэгэхээр “Бөртэ чоно” наадмын шилдэг шүүгч болсон гол үзүүлэлт тань тэр байж, тийм үү?

-Тийм ээ. Тэгэхэд олимпийн эрх авснаасаа ч илүү баярлаж билээ. “Бөртэ чоно”-ыг Монголын хамгийн шилдгүүд хүртдэг. Шилдэг шүүгчээр тодрон, шагналаа Х.Баянмөнх аваргаас хүртэхдээ зүүд биш байгаа даа л гэж бодсон. Их сайхан мэдрэмж байсан шүү.
-Олимп шүүх жүдогийн 16 шүүгчийг зарлахад та нэгдүгээр бичигдсэн байна лээ. Чансаагаараа тэргүүлж буй тул нэгдүгээрт эрэмбэлэгдсэн юм уу?
-Тэгсэн. Эрэгтэй, эмэгтэй гэж ялгалгүйгээр би дэлхийн бүх шүүгчийг тэргүүлж байгаа. Дэлхий дээр жүдогийн хэдэн зуун мянган шүүгч бий. Бүгдийг нь сүүлийн гурван жил тэргүүлж байгаа гэж бодохоор сайхан санагддаг. Гэхдээ “Би дэлхийд тэргүүлж байна. Би чадна байна” гэх бодол огт төрдөггүй. Шударга, алдаагүй шүүе л гэж боддог.
-2020 оны хоёрдугаар сараас хойш тэмцээн шүүгээгүй тул тэргүүллээ алдах магадлалтай байлаа. Үүнд юу нөлөөлөв?
-Харин тийм ээ. Би ч бас тэгж бодож байлаа. 2020 онд гуравхан тэмцээн шүүсэн ч чансаагаа одоо хүртэл хадгалсаар байгаа. Чансааны оноо, ур чадвар, шүүлтийн үр дүн үүнд их нөлөөлсөн байх.
ДЭЛХИЙН БҮХ ШИЛДЭГ ЖҮДОЧДЫН БАРИЛДААНЫГ ШҮҮСЭН

-Одоогоор дэлхийн бүх шилдгийн барилдааныг шүүгээд байгаа юу. Шүүж үзээгүй тамирчин бий юү?
-Байхгүй. Оно, Абе гээд бүгдийнх нь барилдааныг шүүсэн. Миний шүүлтээс IJF-ийн, тамирчдын амьдрал, амжилт нөлөөлнө. Тиймээс ямар ч үед алдаа гаргах эрх надад байхгүй. Шүүлтэд байрлалаа зөв эзлэх их чухал. Тухайн барилдааныг аль өнцгөөс харах вэ, хаана нь зогсоод шүүх вэ гэдэг шүүгчийн мэдрэмжээс шалтгаална. Тухайн хоёр тамирчнаа зөв дагаад, хэр зөв байрлал эзэлнэ, тэр хэрээр шүүлтийн алдаа гаргах эрсдэл бага.
-Та олон улсын анхны тэмцээнээ хэдэн онд шүүж байв?
-2017 онд. Анхны тэмцээнээ шүүхдээ төдийлөн сандраагүй. Ер нь ямар ч үед сандардаггүй нь миний давуу тал. Анхны тэмцээнээ шүүсний дараа Бөхөө ах (Гавьяат дасгалжуулагч М.Бөхбат) “Анхны тэмцээнээ маш сайн шүүлээ. IJF чамайг сайн байна гэсэн шүү” гэж урам өгсөн. Ер нь тэгээд дараа дараагийн тэмцээний урилга ар, араасаа ирсэн дээ.
-Шүүгч хүнд мэдлэгээс гадна мэдрэмж чухал. Та ер нь дэвжээнд гарахынхаа өмнө сэтгэл зүйгээ хэрхэн бэлддэг вэ?
-Сэтгэл зүй ёстой аймар чухал. Хамгийн чухал нь. Аль болох тайван байж, өөр зүйлд сатаарахгүй байхыг хичээдэг. Дэвжээнд гарахынхаа өмнө өөртэйгөө ярилцдаг. Тиймээс “Чи чадна. Хичээгээрэй” гэж өөртөө хэлдэг. Чухал, чухал бус барилдаан гэж үгүй. Бүгд чухал. Ямар ч үед сандарч болохгүй. Тэгвэл буруу шүүх ч эрсдэлтэй. Хэрвээ сандарвал “Сандарч болохгүй тайван байгаарай” гэж өөртөө хэлдэг. Одоо тэмцээн шүүгээгүй жил болчихлоо.
-Тэмцээн шүүхгүй, практикгүй жил болохоор хэр төсөөрч, мэдрэмж тань өөрчлөгдөж байна вэ?

-Зохиогдож буй тэмцээнүүдийг зурагтаар үзэн, шүүж буйгаар өөрийгөө төсөөлдөг. Ийм үед би яаж шүүх вэ, ямар шийдвэр гаргах вэ гэж боддог. Тэгж л шүүлтийн бэлтгэл, практик хийж байна. Цар тахлын улмаас би өөрөө олон улсын тэмцээн шүүх боломжгүй, Монголд тэмцээн болохгүй байгаа тул түүнээс өөр яалтай билээ. Дараа дараагийн тэмцээнд өөрийгөө төвлөрүүлээд л очно.
-Токиогийн олимпоос өмнө жүдогийн цөөнгүй тэмцээн болно. Та шүүх үү?
-Олимпийн өмнө товлогдсон 5-6 тэмцээн бий. Тэдгээрийг шүүх бодол бий, шүүхийг хүсэж байна. Монгол Улс цар тахалтай, хилээ хаачихсан байгаа. Гол нь нислэг. Тухайн тэмцээн болох үед тусгай үүргийн нислэг үйлдэгдэх эсэхээс шалтгаална. Үүнд Монголын жүдо бөхийн холбоо шат дараатай арга хэмжээ авсаар байгаа. Олимп хэчнээн чухал наадам билээ. Улс орны нэр хүндийн асуудал. Тиймээс олимпийн эрхийн тэмцээнд тамирчдаа, шүүгчээ оролцуулах чухал. Төр засгаас дэмжинэ гэдэгт итгэлтэй байна.
ХАНЬ МИНЬ НАМАЙГ БҮХ ТАЛААР ДЭМЖДЭГ

-Таныг хань И.Отгонбаяр ах Монголын жүдогийн холбооны менежер. Та хоёрыг жүдогийн спорт танилцуулсан уу?
-Тэгсэн. Хань минь намайг үнэхээр сайн дэмждэг. Тэмцээн гэсээр жилд 60 хонож ч амждаггүй. Үргэлж тэмцээн, сургалт гээд гадаад руу явна. Тэр бүхэнд хань, аав хоёр минь миний арыг дааж, бүх талаар дэмждэг. Ханьтайгаа анх 2001 онд танилцаж байлаа. Тухайн үед хоёулаа “Аварга” дээд сургуульд сурч байсан юм. 2002 онд үерхэн, дараа жил нь үрийн зулай үнэрлэсэн. Тэр цагаас хойш өнөөг хүртэл хамтдаа зүтгэж явна.
-Та дасгалжуулагч Ц.Шийрэв гавьяатын шавь. Жүдогоор хэр удаан барилдсан бэ?

-1997 онд Ц.Шийрэв багшийнхаа шавь болж, хоёр жил хичээллэсэн. Дараа нь Б.Буядаа багшийнхаа шавь болж байлаа. Ц.Шийрэв багшийгаа голсондоо сольсон юм биш шүү. Яалт ч үгүй гэр, бэлтгэл хоёр холдоод, ойр гээд сольсон юм.
2000 оны нэг тэмцээнд оролцож байхад мөр мултарсан. Түүнээс хойш мөр мултардаг болчихсон. Тэр үед “Ямар ч байсан жүдогоо орхихгүй” гэж бодоод, багш болохоор шийдсэн юм. Шүүгч болох талаар тухайн үед ер бодож байгаагүй. Тэгээд “Аварга” биеийн тамирын дээд сургуульд элссэн юм. Тэгж дасгалжуулагч болох эхлэлээ тавихын сацуу ханьтайгаа танилцаж байлаа. “Аварга”-ын мундаг багш нараасаа их зүйл сурсан.
2002 оны арванхоёрдугаар сард одоо Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа Ууганбаатар багш, шүүгч Д.Энхтүвшин эгч хоёр шүүгчийн нэг сургалтад хамрагдахыг надад зөвлөсөн юм. Шүүгч болохын эхлэл тэр байлаа. Би Д.Энхтүвшин эгчээс их үлгэрлэдэг байсан, намайг шүүгч болоход их нөлөөлсөн. Шүүгчээр анх ажиллаж эхлэхэд алдах, онох үе зөндөө байсан. Тэр бүхэнд суралцсаар өдий хүрлээ.
ДАСГАЛЖУУЛАГЧИЙН АЖЛЫН ГАРААГАА “ТЭМҮҮЖИН”-ЭЭС ЭХЛҮҮЛСЭН

-Та “Тэмүүжин” спорт сургалтын төвд 10 жил ажилласан. Дасгалжуулагчаар ажиллах гараа тань тэр байв уу?
-Тийм ээ. 2005 онд би сургуулиа төгсчихсөн, тодорхой ажилгүй байлаа. Амьдрахын эрхэнд “Бөмбөгөр”-ийн гадаа “Монголд үйлдвэр” барааг захаас худалдаж аваад бөөндөж зардаг байлаа. Зуны гурван сар тэгж ажиллаад байхад Ууганбаатар багш над руу залгаад “Гадаадаас мундаг хүн ирээд сургалт явуулна. Чи ирж суу” гэсэн юм. Гурван хоногийн орлогоо алдах нь гэж бодсон ч багшийн үгнээс юу гэж зөрөх вэ. Би ер нь багш бүрийнхээ үгийг хууль шиг л дагадаг.
Тэгээд өнөөх сургалтад нь сууж байхдаа Казахстаны нэр дээр барилддаг Г.Отгонцэцэгийн дасгалжуулагч Д.Энхбаатар багштай таарсан юм. Тэгэхэд “Тэмүүжин”-д ажиллах санал надад тавьсан. Тэгж дасгалжуулагчийн гараагаа эхлүүлж байлаа. “Бөмбөгөр”-ийн хажуугаар явах бүрдээ “Хөөх, ийм гоё сургууль нээгдэж” гээд бараагаа чирээд алхдаг байсан сургуулийнхаа багш нь тэгж болж билээ.
Н.Энхбаатар багш үнэхээр ур чадвартай, хөдөлмөрч. Тийм мундаг хүний дэргэд 10 жил ажиллаж, үлгэрлэсэн нь миний өнөөгийн амжилтад их нөлөөлдөг.
Хуульч Чимэд гуайн хүү Сайнцогт агсан оросуудтай хамтран “Тэмүүжин” сургуулийг анх байгуулсан юм. “Чингис хаан” буяны сангийн дэргэд байгуулсан тус сургуульд 6000 гаруй хүүхдийг 10 жил үнэгүй сургасан. Ч.Сайнцог агсан, хань Д.Ариунтунгалаг захирал намайг их сайн дэмждэг байсан юм. Бүхэл бүтэн 10 жил олон мянган хүүхдэд жүдо зэрэг бөхийн төрлүүдийг үнэгүй зааж, тэндээс олон шилдэг тамирчин бэлтгэсэн буянтай хүмүүс юм шүү.
-Одоо та “Шинэ бадрах дожо” сургуульд багшилж байгаа бил үү?

-Тийм ээ. Энд 2017 оноос хойш багшилж байна. Захирал нь Бадрах гэдэг хүн бий.
2016 ОНД ЖҮДОГИЙН АХМАДЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛСОН

-Та 2016 онд жүдо бөхийн ахмадын дэлхийн аварга болсон. Олон жилийн дараа дэвжээнд гараад Төрийн дууллаа дэлхийн дэвжээнд эгшиглүүлэхэд юу бодогдож байв?
-2000 онд мөр мултрахад үнэхээр их харамссан. Барилдахаа болсны дараа үеийн хүүхдүүд барилдаад, олон улсын тэмцээнд оролцоход нь “Ямар гоё юм бэ. Би бэртээгүй байсан бол ингээд барилдаж яваа даа” гэж бодно. Шантарч, гутарсан үе зөндөө.
Би 2002 оноос хойш жүдогийн тэмцээнд ер оролцоогүй. 2012 онд самбо бөхөөр Бүх ард түмний спартакиадад оролцоод хүрэл медаль авсан юм. Олон жил хүүхдүүдээ дасгалжуулагчийн тулд бэлтгэл хийдэг байсан. Тэмцээний бэлтгэл тэс өөр. Штанг, жүдогийн бэлтгэл хийсээр байгаад тэмцээнд оролцов. Би олимп, дэлхийн аварга болох зорилго өмнөө тавин жүдогоор барилдсан. Хожуу ч гэсэн ахмадын дэлхийн аварга болж, дэлхийн дэвжээнд Төрийн дууллаа эгшиглүүлээд зогсоход үнэхээр сайхан санагдсан. Би жүдогоор ид барилдаж байхдаа олон улсын тэмцээнд оролцож байгаагүй. Тэр жилийн ДАШТ миний зодоглосон олон улсын анхны тэмцээн байх шүү.

Одоо ингээд бодоход 1997 оноос хойш өнөөдрийг хүртэл жүдо бөхийн спорттой амьдралаа холбож явна. Нэг ч өдөр хөндийрөөгүй. Жүдогийн спорт миний амьдралд их өөрчилсөн. Энэ спортын буянаар ханьтайгаа танилцсан, олимпийн эрх авлаа. Би ганцаараа энэ амжилтыг гаргаагүй. Монголын жүдогийн холбооны хамт олон, жүдочид, гэр бүлийнхний маань дэмжлэг үүний ард байгаа юм шүү.
Намайг үргэлж дэмждэг Монголын жүдо бөхийн холбооны хамт олон, жүдочид, шүүгчдэдээ, “Шинэ бадрах дожо”-гийн захирал Бадрах ахдаа, аав, ээждээ, ханьдаа, хамаатан садан, найз нөхдөдөө баярлалаа. Үнэнийг хэлэхэд би тэмцээний шүүлт гэсээр ажлаа тогтмол хийж амжихгүй байгаа шүү дээ. Олон улсын тэмцээний шүүлт гэсээр дасгалжуулагчаар ажиллахаасаа ажиллахгүй нь их. Тэгсэн ч “Шинэ бадрах дожо”-ны Бадрах захирал 2017 оноос хойш намайг цалинжуулан, ажиллуулж байгаа. Одоо цагт ингэж дэмжих, шүүгч намайг ойлгох хүн ховор.
Мөн намайг жүдогийн спортод хөл тавиулсан Ц.Шийрэв багшдаа, “Тэмүүжин”-д байхад үргэлж туслаж, дэмждэг байсан Ч.Сайнцог агсан, түүний эхнэр Д.Ариунтунгалаг захирал, Н.Энхбаатар багшид баярлаж явдаг.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тун даруухан чадварлаг бүсгүй юмаа.Өндөр амжилт хүсэн ерөөе.
mundag
Saihan huuhen bna
Judogiin temtseenuudiig haraad unuu manai shuugch T.Enhtsetseg bn uu? Gej hardag blaa. Iim amjilt gargah yostoi daruuhan shn busgui gej bodoj yvsan ym bayr hurgiee!
Энхцэцэгтээ амжилт хүсье. Чи энэ удаагийн олимпийн хамгийн шудрага, өндөр ур чадвартай шүүгч нь байж чадна.
Танай гэр бүлд аз жарг##, эрүүл энхийг хүсье
Мундаг эмэгтэй. Шүүлтийг нь харахад бахархах сэтгэл төрдөг. Амжилт хүсье
Мултарчихсан мөртэй барилдаад мед##д хүрч байгааг нь хараад үнэхээр гайхаж биширч байж билээ. Дэвжээнээс өвдсөндөө уйлаад л бууж байсан охин мөн байна. Ямарч даруухан юм бэ, ямарч зүтгэлтэй вм бэ, ямарч зоригтой юм бэ, ямарч хөөрхөн вм бэ.
Mundag. Jinhene Mongol emegtei yum daa
Мундаг бүсгүй. Төр амжилтыг нь үнэлж шагн##аа өгөх цаг болжээ. Токиогийн олипийн жэдо бөхийн барилдааныг Монгол улсын Гавъяат дасг##жуулагч Төрбатын Энхээ шүүнэ гэсэн мэдээ харахад сайхан даа. Мөрөөдөл биелдэг дээ.