НийгмийнСПОРТ

Өнөөдрийн ОНЦЛОХ ТАМИРЧИН: Олимпын медаль л дутуу байгаа Мөнхбатын Уранцэцэг

“Eguur.mn” сайт өнөөдрөөс эхлэн өдөр бүр Монголынхоо нэг тамирчныг онцолно. Тэгэхээр зарим хүн “Тэмцээнд оролцохынх нь өмнө битгий магт. Цагаан хэл ам хүрчихнэ” гэж шүүмжилж магадгүй. Энэ тамирчин ийм амжилт гаргаж, ингэж хөдөлмөрлөж яваа гэдэг тодорхой мэдээлэлтэй тэмцээнийг нь үзвэл уншигчдад илүү өгөөжтэй байх болов уу гээд онцолж буйг тодотгоё.

Өнөөдөр бидний онцлох тамирчин бол Гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг.

Өнөөдрийн гэлтгүй энэ удаагийн олимпоос медаль авах гол найдваруудын нэг тэр мөнөөс мөн. Спортын замналдаа төдийгүй ялангуяа Риогоос Токиогийн олимпын мөчлөгт хамгийн тогтвортой амжилт гаргасаар ирсэн жүдочдын нэг нь М.Уранцэцэг. Хамгийн эхний өдөр барилдаад тамирчдынхаа медалийн салхийг хагалж, бусдадаа итгэл, урам өгсөөр ирснийг нь бид мэднэ. Ингээд М.Уранцэцэг гэж хэн бэ.

-Мөнхбатын Уранцэцэг Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын харьяат.1990 оны гуравдугаар сарын 14-нд мэндэлсэн. Тэрбээр эхээс дөрвүүлээ. Хоёр ах, нэг дүүтэй.

-Тэрбээр 15 настайдаа буюу 2005 онд гавьяат дасгалжуулагч Ж.Баярсайханаар жүдо заалган, эл спорттой амьдралаа холбосон. Улмаар 2006 онд “Женко” клубийн тамирчин болсноосоо хойш гавьяат дасгалжуулагч Ш.Цэвэлмаагийн удирдлагад бэлтгэлээ хийн, амжилтын төлөө зүтгэж явна.

-М.Уранцэцэг 2013 онд ДАШТ-д түрүүлсэн. Улмаар дэлхийн дэвжээнд Төрийн дууллаа эгшиглүүлсэн Монголын анхны эмэгтэй жүдоч болсон юм.

-Риогийн олимпын дэвжээнээс медаль хүртэх нь түүний хамгийн гол зорилго байлаа. Гэвч санаснаар нь болоогүй. Хүрэл медалийн төлөө барилдаж байхдаа санамсаргүйгээр хориотой үйлдэл (өмдөнд нь гар хүрсэн) хийн, дэвжээнээс хөөгдсөн юм. Ингээд олимпын наадмыг дахин дөрвөн жил хүлээхээс өөр аргагүй болсон билээ.

Олимпын хүрэл медалийн үзүүрээс атгаад алдсан барилдааныхаа талаар М.Уранцэцэг “Энэ тухай бодох бүртээ харамсдаг. Олимпоос медаль хүртэнэ, аваргална гэсэн зорилготой, тэгнэ гэдэгтээ итгэл дүүрэн байсан хүн чинь ганзага хоосон хоцрохоор тэр хэрээрээ сэтгэлээр унадаг юм билээ. Илүү өндрөөс газар унасан л даа. Амьдрах утгагүй ч юм шиг санагдаж билээ. Дараа нь “Их балай юм бодож” гээд өөрийгөө дооглосон.

Риогийн олимпод их сонин барилдаанууд болсон шүү. Одоо хүртэл гайхаад байдаг юм. Хагас шигшээд л гэхэд БНСУ-ын бөх Жеон Бо Кеонтой барилдаж байхдаа санамсаргүйгээр хориотой үйлдэл (өмдөнд нь гар хүрсэн) хийн, дэвжээнээс хөөгдчихсөн. Уг нь түүнийг ялаад л аваргын төлөө барилдах байлаа. Дагах тойрогт олимпын аварга С.Менезесийг ялсан ч хүрэл медалийн төлөө барилдаж байхдаа үндсэн цаг дуусахаас хэдхэн секундийн өмнө дархан мэхэнд нь ороод, дийлдчихдэг байгаа.

Тэр үед тэнгэр хөмөрчих шиг л болсон. Хүнд үеийг шигшээ багийн хамт олон, гэр бүлийнхнийхээ дэмээр даван туулсан даа. Риогийн олимп надад том сургамж болсон. Түүнээс хойш тэгж сэтгэлээр унаж, хэр баргийн юманд гундахаа байсан” гэсэн юм.

-Риогийн олимпын дараа бүхнийг шинээр эхлүүлэх урам өгсөн тэмцээн бол 2017 оны ДАШТ. Тус тэмцээнээс М.Уранцэцэг мөнгөн медаль хүртэн, дэлхийн аваргын төлөө хоёр дахиа барилдсан юм. Монголын эмэгтэй жүдоч ДАШТ-ий алтан медалийн төлөө хоёр дахиа барилдсн анхны тохиолдол. Одоо түүний амжилт давтагдаагүй байгаа.

Эл мөнгөн медаль дутуугаа гүйцээхийн төлөө дахиад хөдөлмөрлөх, зүтгэх  урмыг М.Уранцэцэгт өгчээ. Энэ  талаар тэрбээр “Учир нь би 2013 онд дэлхийн аварга болсноосоо хойш ДАШТ-ээс медаль хүртэлгүй олон жил болоод байсан юм. Жил жилийн ДАШТ-д жаахан аз дутан, медалийн үзүүрээс атгаад алдаад байлаа.

“Рио-2016” олимпод тааруу амжилт гаргасны дараа үнэхээр хүнд байв. Хэсэг хугацаанд шоконд орсон шүү. Бразилаас эх орондоо ирснийхээ маргаашнаас бэлтгэлээ хийж, 2017 онд дэлхийн дэвжээнд түрүүлнэ гэж хамгийн ойрын зорилгоо тодорхойлон хөдөлмөрлөсөн юм. Тэгж зүтгэсээр дэлхийн дэд аварга болохдоо үнэхээр баярласан, урамшсан. Тухайн үед “Өмнөхөө бүгдийг нь мартъя, зорилгоо биелүүлэхийн төлөө бүхнийг шинээр эхлүүлье, одооноос зөвхөн урагшаа харъя” гэж бодсон юм.

Шагналын тавцанд зогсож байхад “Хэрвээ түрүүлсэн бол гоё байхгүй юү” гэж бодон, зөндөө харамссан” гэж дурсаж байв.

-ДАШТ-ий алт, мөнгөн медальтай болоод байсан М.Уранцэцэг 2018 онд хүрэл медалийн үзүүрээс атгаад алдсан. Учир нь тэр жил ДАШТ-ий хүрэл медалийн төлөөх барилдаанд олимпын хүрэл, ДАШТ-ий хошой хүрэл медальт Г.Отгонцэцэгт ялагдан, V байрт шалгарсан юм.

-М.Уранцэцэг энэ алдаагаа дараа жилийнх нь буюу 2019 оны ДАШТ-д засан, хүрэл медаль хүртэн, дэлхийн дэвжээний иж бүрэн медальтай болсон юм.

Улмаар ДАШТ–ээс алт, мөнгө, хүрэл медаль авсан Монголын анхны, дэлхийн дэвжээнээс гурван медаль хүртсэн улсынхаа хоёр дахь (Түүнээс өмнө Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа) жүдоч болж, монгол түмнээ баярлуулав.

Тэрбээр тэр жил хагас шигшээд дэлхийн хошой аварга Дариа Билодтой анх удаа учраа таараад дийлдсэн. Улмаар 2019 оны ДАШТ-д Г.Отгонцэцэгийг ялж, даагаа нэхсэн юм.

-“Тэмцээнээс ганзага хоосон ирж, монгол түмнийхээ итгэлийг алдах эрх надад байхгүй” гээд бүхнээ дайчлан зүтгэж яваа М.Уранцэцэг энэ жил мөн түүхэн амжилтын эзэн болсон.

Тэрбээр өнөө жилийн ДАШТ-ээс дөрөв дэх медалиа, хоёр дахь хүрлээ хүртсэн. Улмаар ДАШТ-ээс дөрвөн медаль авсан Монголын анхны жүдоч болсон юм.

-М.Уранцэцэг 2010 оны арванхоёрдугаар сарын 17-ноос 2019 оны дөрөвдүгээр сарын 5-ны хооронд Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны цуврал тэмцээнүүд (Mастерс, Их дуулга, гран при)-ээс хамгийн олон буюу 11 алт, 11 мөнгө, 23 хүрэл медаль хүртсэнийг Гиннесийн дээд амжилтад бүртгэгдсэн юм.

-Түүнийг ханийг Г.Төрмөнх гэдэг. Таеквондогийн спортоор хичээллэдэг. М.Уранцэцэг ханийнхаа тухай “Ийм сайн ханьтай учирсан би их азтай хүн. Ханиараа бахархдаг. Заримдаа ханийгаа өрөвддөг юм. Би эмэгтэй хүн. Үрийн зулай үнэрлэн, ханийгаа баярлуулъя гэж бодолгүй яах вэ. Спортын төлөө, амжилтын төлөө гэсээр хувийн амьдралаа хойш нь тавин зүтгэсээр өдий хүрлээ.

Хэрвээ хань минь намайг ойлгодоггүй байсан бол өнөөгийн амжилтад хүрээ ч үү, үгүй ч үү. Риогийн олимпын дараа ч юм уу хүүхэд гарган, спортоос хөндийрчихсөн явах ч байсан юм бил үү. Токиогийн олимпод зорилгодоо хүрчихээд ханийнхаа хүслийг биелүүлнэ дээ. Хүүхэдтэй болох, сурахаас авхуулаад төлөвлөсөн зүйл олон бий” гэж байв.

-М.Уранцэцэг чөлөөт цагаараа хийл тоглох дуртай.

“Токио-2020” олимпод өнөөдөр М.Уранцэцэг гавьяат барилдана. Түүний сугалаа ингэж гарсан юм.

Олимпын медаль л дутуу байгаа М.Уранцэцэг гавьяатдаа амжилт хүсье.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button