НИЙГЭМ

Ажлын байрны саналаас хоёр удаа татгалзсан иргэнд хүнсний талон олгохгүй

Хүнсний эрхийн бичиг, хүртээмжийн сэдвээр өчигдөр нийгмийн хэлэлцүүлэг боллоо. Тус хэлэлцүүлгээр Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа одоо хүнсний эрхийн бичиг авч буй иргэдэд хоёр удаа ажлын байр санал болгоход тухайн иргэн татгалзвал хүнсний талон олгохгүй гэх мэдээллийг өгсөн юм.

Хэлэлцүүлгийн үеэр Шударга өрсөлдөөн, Хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Батэрдэнэ “Иргэдээс талоноор үйлчлүүлэх шаардлагагүй санхүүгийн боломжтой хүмүүс хүнсний эрхийн бичиг авч байна гэх гомдол хамгийн түгээмэл ирж байна” хэмээлээ.

Энэ чиглэлээр А.Ариунзаяа сайд дараах шинэ журмууд гарсныг танилцуулав.

  • 200-аас дээш малтай өрх, хоёр орон сууцтай, тээврийн хэрэгсэлтэй хүмүүсийг хүнсний эрхийн бичигт хамруулахгүй. 
  • Эрхийн бичгийг хоёр жилийн дараа дахин ганц удаа мөн хугацаагаар сунгаж өгнө. 
  • Эрхийн бичиг авч буй иргэдийг хөдөлмөрт бэлтгээд хоёр удаа ажлын санал тавина. Хэрэв тухайн иргэн татгалзвал төрөөс хүнсний эрхийн бичгээр хангах үүрэг хүлээхгүй.

Дээрх шийдвэр нь иргэдийг хөгжүүлэх, хариуцлагатай болгох зорилгоор хэрэгжиж байгааг тэрбээр дурдсан юм. Одоогоор эрхийн бичиг авч буй иргэдийн 46 хувь буюу 115 мянган хүн хөдөлмөрийн насны хөдөлмөр эрхлэх боломжтой хүмүүс. Тэдэнд зүгээр хүнсний эрхийн бичиг өгөөд байх нь тухайн иргэдэд хортой үйлдэл гэж А.Ариунзаяа сайд дурдлаа. 

Үүнээс гадна цар тахлын үед өрхийн орлогыг хамгаалах зорилгоор хүнсний эрхийн бичгийн хоёр дахин нэмж олгож байсан бол энэ жил буцаан хэвийн хэмжээгээр олгож эхэлсэн байна. 

О.ЭНХЖИН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button