СУРВАЛЖИЛГА: Цэцэрлэгүүд хүүхдүүдээ танхимаар хүлээж авахад бэлэн болжээ

Бүтэн хоёр жил гаруй хугацаанд танхимын сургалтаас завсардаж, цогц мэдлэг авч чадаагүй цэцэрлэгийн балчирууд маань ирэх есдүгээр сарын 1-нээс эхлэн танхимын сургалтыг авч эхлэх нь. Гэвч энэ удаад ч мөн танхимаар тууштай хичээллэх эсэх нь эргэлзээтэй. Гурван жил орчим цар тахалтай тэмцсэн ч, коронавирусийн халдвар одоог хүртэл эрчимтэй нэмэгдсээр буй нь иргэдийг айдаст автуулсан хэвээр.
Нөгөөтэйгүүр бизнес эрхлэгчид элгээрээ мөлхөж, ард иргэдийн ахуй амьдрал өдрөөс өдөрт туйлдаж буй өнөө үед иргэд хүүхдүүдийнхээ хичээлийн бэлтгэл, дүрэмт хувцсыг авахад амаргүй болов. Арай ядан авсан дүрэмт хувцас, хичээлийн хэрэглэгдэхүүнүүд нь ээлжит хөл хориогоор ашиглагдахгүй үрэгдэх вий гэх айдас ч мөн эцэг эхчүүдэд дараастай.
Бид урьд урьдын сурвалжилгаараа сургуулийн багачуудын тухай онцолсон бол энэ удаа цэцэрлэгт хамрагдаж чадаагүй 2-3 настнууд болон хамрагдсан ч дахин хөл хоригдох эрсдэлтэй 4-5 настнуудын нөхцөл байдал, цэцэрлэг тойрсон асуудлыг хөндөхөөр бэлтгэлээ.
Цэцэрлэгүүд боловсролын байгууллагаас өгсөн зөвлөмж чиглэлийн дагуу хүүхдүүдээ хүлээж авах бэлтгэлээ хэдийн зэхэж эхэлжээ. Энэ жилийн тухайд халдварын нөхцөл байдлаас шалтгаалан бөөгнөрөл үүсгэхгүйн тулд цэцэрлэг, сургуулийн бүртгэлийг цахимаар явуулж буй.
-128-Р ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРХЛЭГЧ Б.ОЮУНГЭРЭЛ: ХҮҮХДҮҮДЭЭ АВАХ БЭЛТГЭЛЭЭ БҮРЭН БАЗААСАН-
Гэвч цахимаар бүртгүүлэх эцэг эхчүүдийн идэвхи сул байгаагаас давхар сургууль, цэцэрлэгт нь биечлэн бүртгэж эхэлжээ. Нийслэлийн Баянзүрх дүүргийн, тавдугаар хороонд байрлах 128-р цэцэрлэгийн хувьд энэ жил таван бүлэгт 120 гаруй хүүхдийг элсүүлэхээр бэлтгэл ажлаа хэдийн хангаад эхэлсэн байв.
Халдварын нөхцөл байдлаас шалтгаалан анги танхимаа бэлдэх, засвар үйлчилгээ, халдваргүйжүүлэлт хийх, багш нартаа ажиллах чиглэлийг олгох үүднээс долдугаар сараас эхлэн ажиллацгааж байгаа нь энэ аж.
Одоогийн байдлаар бэлтгэл ажлаа 90 хувь орчим базаагаад буй бөгөөд боловсролын байгууллага, Засгийн газраас өгсөн заавар, зөвлөмжийн дагуу багш, ажилчдаа цахим сургалтад хамруулж байлаа. Анги танхимаа цэвэрлэж, ариутган хүүхдүүдээ хүлээж байгааг нь харах сайхан байв. Тус цэцэрлэгийн эрхлэгч Б.Оюунгэрэл биднийг найрсгаар хүлээн авч, анги танхим, багш нараа танилцуулав.

Тэрбээр хэлэхдээ: “Өнгөрсөн хугацаанд багш, цэцэрлэгийн ажилчид, бяцхан хүүхдүүд тэдний эцэг эхчүүдэд хүнд сорилт авчирлаа. Хаана хаанаа л айдастай байлаа. Энэ жилийн тухайд ч гэсэн ковидын халдвараас шалтгаалан дахин хөл хорих вий гэх айдас байна. Гэвч бид нэг үеэ бодоход цар тахалтай зохицоод амьдарч буй учир энэ жилийн хувьд өнгөрсөн жилээ бодоход илүү үр бүтээмжтэй байлаа. Хэдийгээр танхимаар хичээллээгүй ч, зайнаас сургалтын хөтөлбөрийнхөө хүрээнд багш ажилчид, хүүхдүүдтэйгээ ажилласан. Эцэг эхчүүд ч мөн идэвхитэй оролцсонд бид баяртай байгаа. Өнгөрсөн хугацаанд гэртээ багагүй цаг хугацааг өнгөрөөсөн учир эцэг эхчүүд 4-5 настнуудаа бүрэн хамруулах сонирхолтой байгаа. Нэг ангид дунджаар 25 хүүхэд сургах зохицуулалт хийсэн. Өнгөрсөн жил суралцаж байсан хүүхдүүдээс 3-4 нь л жилийн чөлөө авсан. Бусад эхчүүд хүүхдүүдээ бүгд л өгье гэж байгаа. Энэ жил цэцэрлэгийн багачуудыг 5/9 хувиараар бус тогтмол авч ажиллах чиглэл өгсөн. Халдвар бүртгэгдсэн анги танхимыг хэсэгчлэн хөл хорих зохицуулалттай байгаа. Эцэг эхчүүд, хүүхдүүдийг халдварын эрсдлээс хэрхэн хамгаалах тухай ч мөн бид сургалт авч байна” гэв.
-БАГШ ЗОЛЗАЯА: ХҮҮХДҮҮД, ЭЦЭГ ЭХЧҮҮД ЦЭЦЭРЛЭГТЭЭ ОЧИНО ГЭХЭЭС ДОГДОЛЖ БАЙГАА НЬ АНЗААРАГДСАН-
Харин тус цэцэрлэгийн багш, боловсролын салбарт 11 дэх жилдээ ажиллаж буй Б. Золзаяа: “Өнгөрсөн жил арваннэгдүгээр сарын 11-нээс хөл хорьсноос хойш хичээлийг цахимаар явуулсан. Нэг их хүндрэлтэй зүйл байгаагүй. Хүүхдүүдийн идэвхи 70 орчим хувьтай байсан. Хөл хорионы өмнө нэг ангид 25-30 хүүхэд сурч байсан бол энэ жил ангид 25-аас илүүгүй байхаар зохицуулсан. Хүүхдүүд, эцэг эхчүүд цэцэрлэгтээ очино гэхээс догдлоостой байгаа нь анзаарагдсан. Бидний хувьд ч анги танхимаа тохижуулаад, багш ажилчид сургалтад хамрагдаж байна.

Ганц нэг эцэг эх хүүхдээ цэцэрлэгт өгөх нь эрсдэлтэй гэж үзэж байгаа ч, ихэнх нь хамрагдах өндөр сонирхолтой байна. Одоогоор хүүхдийн хичээлийн бэлтгэл хурааж аваагүй байгаа. Авсан ч нэг улирлаар авах учир төсвийн хувьд харьцангуй бага байгаа. Хичээлийн тухайд хөл хорио тогтооход бэлэн байдалд хичээлээ цахим хэлбэрт шилжүүлсэн учир хичээлийн хоцрогдол үүсэх нь бага байна гэж тооцоолсон” гэв. Тус цэцэрлэгийн хажууханд байрлах 115-р цэцэрлэгийн хувьд мөн л засвар үйлчилгээ, тохижилтоо базааж эхэлжээ.
-ХӨЛ ХОРИХ НЬ ОЙЛГОМЖТОЙ УЧИР ХОЁР ХҮҮДЭЭ ХУВЦАС АВАЛГҮЙ ЗӨВХӨН ХИЧЭЭЛИЙН ХЭРЭГЛЭЛ БЭЛДСЭН-
Багш ажилчид сургалттай байгаа тухай жижүүр нь хэлэв. Цэцэрлэгийн зүгээс хэдийн хүүхдүүдийн цэцэрлэгийн хэрэглэгдэхүүнийг авч эхэлсэн байлаа. Биднийг гарахтай зэрэгцэн 30 орчим насны нэгэн ээж хоёр хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг жижүүр эмэгтэйд хүлээлгэн өгч байлаа. Бид түүнээс цэцэрлэгийн бэлтгэлд хэчнээн төгрөг зарцуулсан болон хүүхдээ цэцэрлэгт хамруулахад ямар байр суурьтай байгаа тухай нь асуулаа.

Тэрбээр хэлэхдээ: “Энэ жил хоёр хүүхдийнхээ хичээлийн бэлтгэлд 120 гаруй мянган төгрөг зарцуулсан. Цэцэрлэг ороод дахин хөл хорьж магадгүй гэдэг үүднээс шинэ хувцас болон илүү зүйлс аваагүй. Хэрвээ хувцас хэрэглэл авбал хоёр хүүхдэд дор хаяж 500 мянган төгрөг зарцуулахаар байлаа. Иймд хаана хаанаа л сэтгэлзүйгээ бэлдээд, цаашид учрах мөнгө санхүүгийн асуудалд бэлтгэлтэй байна” гэв.
-45-Р ЦЭЦЭРЛЭГИЙН АРГА ЗҮЙЧ: ӨНГӨРСӨН НАМАР АВСАН ХУУЧИН ХЭРЭГЛЭЛИЙГ ДАХИН ӨГЧ БОЛОХЫГ ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД ХЭЛСЭН-

Харин Нийслэлийн Баянзүрх дүүрэг, Дарь эхэд байрлалтай 45-р цэцэрлэгийн хувьд засвар, тохижилтын ажлаа хийж завгүй ажиллацгааж байв. Шинэ зохицуулалтын дагуу бага бүлгийн анги танхимуудаа ахлах, дунд бүлэгт тохируулан засаж тохижуулжээ. Мөн гэр цэцэрлэгтээ хүүхдүүдийг авахаар бэлтгэл ажлаа базаасан байв. Төвийн цэцэрлэгүүдийг бодвол гэр хороолол дунд амьжиргааны түвшин дундаж айлуудын багачууд хамрагддаг тул хичээлийн бэлтгэл дээр ч мөн уян хатан байх зохицуулалтыг хийсэн тухайгаа тус цэцэрлэгийн арга зүйч Б.Билгүүн онцолсон юм.

Тэрбээр: “Өнгөрсөн намар хоёр сар гаруй хугацаанд хичээллээд цэцэрлэгүүд хөл хорионд орсон учир бид хүүхдүүдийнхээ хичээлийн хэрэгслийг эцэг эхчүүдэд тарааж өгсөн. Энэ жилийн хувьд санхүүгийн нөхцөл байдал хүнд байгааг тооцоолж өнгөрсөн намрын хичээлийн бүрэн бүтэн хэрэглэлийг өгч болохыг эцэг эхчүүддээ хэлсэн. Ганц нэг зүйл дутуу бүрдсэн хүүхдэд дундаасаа хэрэглэгдэхүүн өгдөг. Гэхдээ тийм тохиолдол харьцангуй бага гэв.
Түүнчлэн хүүхдийнхээ хичээлийн хэрэглэлийг өгөхөөр ирсэн хэд хэдэн ээжүүд хүүхдээ цэцэрлэгт хичээллүүлэх хэцүү ч, харуулах хүнгүй тул явуулахаас өөр сонголт алга хэмээн халаглаж байсан бол зарим нь ажлын шаардлагаар хүүхдээ явуулах ч, өдөр бүр явуулна гэвэл халдвар авах өндөр эрсдэлтэй хэмээв.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: О.ЦОЛМОН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
vaktsingui huuhduudiig neg dor tsuhluulaad yah l bol doo!! odoo ihseed bn namjtal neg sar harchihgui yaarval daarnaa gej!!!
Оо шүдний сойз нтр аваагүйшдээ өнгөрсөн жилийнхээс хамаагүй бага юм авч байна лээ. Дээрээс нь хорио тогтоож ч магадгүй гэсэн л янзтай байна лээ
Цэцэрлэгт сургах л гэж хаа сайгүй ярих болж. Цэцэрлэг сургууль юм уу. Сайхан төлөвшөөд л, эрүүл өсөх нь эхний зорилго гэж бодож байна.