ДЭЛХИЙНийгмийн

Арван жилийн дараа ШАТАХУУНЫ ЭРИН дуусахаас өмнө монополиуд амжиж үнээ нэмнэ

Коронавирусийн цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямралын үед олон хүмүүс бараа, үйлчилгээ, түүхий эдийн үнийн өсөлтийн талаар санаа зовж байгаа юм. Ялангуяа автомашин эзэмшигчдийн хувьд 2021 онд бензины үнэ нэлээдгүй “проблем” дагуулсаар.

ШАТАХУУНЫ ӨРТӨГ ХЭРХЭН БҮРДДЭГ ВЭ

Жил ирэх тусам бензин шатахууны өндөр өртөгт зэвүүцэх, дургүйцэх хүрэх хүмүүсийн тоо улам л нэмэгдсээр. Одоо зах зээл дээр шатахууны эцсийн өртөг нь шатахуун борлуулагчдын үнийн өсөлтөөс бус харин хэрэглэгчдийн эрэлтээс шалтгаалдаг. Товчхондоо, эрэлт өндөр байх тусам үнэ нь өндөр байна аа л гэсэн үг. Ер нь, үнэ нь зөвхөн эрэлт дээр үндэслэгддэг. Үүнд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлнө:

Нэгдүгээрт – Зардлын үнэ.

Нийт өртгийг бүрдүүлэх үндсэн үзүүлэлт.

Хоёрдугаарт – Газрын тосны бүтээгдэхүүнийг бензин болгон боловсруулах.

Гуравдугаарт – Тээвэрлэлт.

Түүний өртөг нь түүхий эдийг хүргэх зай, аргаас хамаарна.

Дөрөвдүгээрт – Байгаль орчны стандарт.

Тавдугаарт – Татвар, онцгой албан татвар, хураамж. Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар /НӨАТ/, онцгой албан татвар нэмэгдсэн нь мөн л үнийн өсөлтөд нөлөөлж байна.

Газрын тосны зах зээл дээрх өрсөлдөөн нэлээд хүчтэй өрнөж байгаа бөгөөд салбарт дангаар ноёрхохыг хүлээн зөвшөөрдөггүй байгууллагууд энэ салбарын бизнес эрхлэгчдийг шатахууныхаа үнийг хяналтгүй өөрсдийн дураар тогтоохыг зөвшөөрдөггүй тул борлуулагчдад маркетинг, янз бүрийн урамшуулал, үнэнч хэрэглэгчийн хөтөлбөр зэргээр дамжуулан шинэ үйлчлүүлэгчдийг татах шаардлага тулгардаг.

ШАТАХУУН ДАГАСАН ЗАРДЛУУД

Шатахууны үнэд татвар, онцгой албан татварын тогтолцоо, байгаль орчны стандарт зэрэг нь ихээхэн нөлөөлдөг. Орлогын талаас илүү хувь нь төсөвт ордог. Хөрөнгө оруулах зайлшгүй шаардлагын улмаас орлогын зарим нь тоног төхөөрөмжийн шинэчлэлтэд зарцуулагддаг. Үүнд нэг зүйлийг сануулахад, газрын тосны компаниудын хувь хэмжээ, түгээлт, тээвэрлэлт, холбогдох янз бүрийн зардлыг харгалзан үзэх шаардлагатай. Дэлхийн жишиг стандарт бол ийм байх жишээтэй.

Шатахууны зах зээл дээр таатай нөхцөл байдал үүсч байгаатай холбогдуулан эдгээр зардлын ихэнхийг хэрэглэгч өөрөө хариуцдаг тул төр өөрөө худалдагчдыг үнээ өсгөх хандлага руу түлхдэг.

Олон Улсын Эрчим Хүчний Агентлагийн шинжээчид Дэлхийн зах зээл дээр бензины үнэ буурсан талаар мэдээлж эхэлсэн. Дунджаар нэг литр шатахуун өнгөрсөн онд 81 цент байсан нь 2019 оныхоос 11 хувиар хямд байгаа аж. Шинжээчдийн тайлбарласнаар үнийн бууралт нь 2020 оны эхний хагаст “COVID-19”-ийн халдварын улмаас газрын тосны үнийн уналтыг дагуулсан гэжээ. Гэсэн ч, үүнийг эсрэгээр нь овжин ашигласан бизнесменүүд ч бий.

Ерөнхийдөө, бензины үнэ газрын тосны үнэтэй уялддаг боловч түүний боловсруулалт, тээвэрлэлт, борлуулалт, татвар төлөлт зэрэг нэмэлт зардал нь шатахууныг газрын тосноос хамаагүй үнэтэй болгодог гэдгийг шинжээчид хэлдэг. Энэ нь ч үнэний ортой. Гэсэн ч бас зарим улс орнууд шатахууны үнийн хатуу зохицуулалт тогтоож, үнийн хэлбэлзэлд өртдөггүй. Тэгэхээр, төр засгийн авч хэрэгжүүлж буй бодлогоос бас хамааралтай гэсэн үг. Бизнес эрхлэгчид нь төрдөө захирагддаг, эрх баригчдынхаа баталсан хууль дүрмийг чанд дагаж мөрддөг, хэт монополь эрхээр бүхний дээр байдаггүй тийм зарчим уг нь үйлчлэх ёстой.  

“Gasoline petrol prices”-ийн судалгаагаар, 2021 оны зургадугаар сарын 14-ний байдлаар Дэлхий даяар бензины дундаж үнэ литр тутамд 1,18 америк доллар байсан. Улс орнуудын хооронд шатахууны үнийн хувьд ихээхэн ялгаа байгаа нь мэдээж.

Венесуэльд бензин хамгийн хямд үнэтэй буюу нэг литр нь 0,02 доллар байхад, харин хамгийн өндөр үнэ Хонконгт бүртгэгдсэн бөгөөд литр тутамд 2,5 америк доллар. Үүнээс өмнө, Дэлхийн зах зээл дээр хамгийн үнэтэй бензин мөн л Хонконгт литр тутамд 2,01 америк доллароор зарагдаж, хамгийн хямд нь Иранд байсан. Иранд нэг литр нь ердөө 0,32 доллар байв. Энэ ялгааг тайлбарлах олон хүчин зүйл байгаа боловч Иран бол нефть /газрын тос/ экспортлогч улс, харин Хонконг бол өндөр эрэлт, өндөр татвартай импортлогч улс.

Баян чинээлэг, өндөр хөгжилтэй улс орнууд бензины үнэ өндөр байдаг бол ядуу буурай улс орнуудын хувьд бензин шатахууны үнэ бага байдаг. Үнийн зөрүү нь татварын бодлого, нөөц, газар зүйн байршил, үйлдвэрлэлийн зардал, тээвэрлэлт болон бусад зардлын ялгаатай байдлаас үүдэлтэй.

ШАТАХУУНГҮЙ ИРЭЭДҮЙ ОЙРТСООР

Гэтэл орчин үед техник технологийн хөгжил асар хурдацтай явагдаж автомашиныг зөвхөн бензинээр дүүргэж, жолоодох нь хоцрогдоод эхэлчихлээ. Хэд хэдэн жишээ дурьдвал, Шотланчууд вискигээр, АНУ-ын Харвардын Их Сургуулийн эрдэмтэд нарны эрчим хүчийг ашигласан шингэн түлшээр, Өмнөд Солонгосын эрдэмтэд хүний шээсээр, Германы “Ауди” компанийн эрдэмтдийн ус болон агаараас, ургамлаас гаргаж авсан шингэн түлшээр, мөн хамгийн сүүлд Японд рамен буюу бэлэн гоймонгийн шөлнөөс гаргаж авсан шатахуун гээд хүний санаанд оромгүй шинэ шинэ нээлтүүд гарсаар л байна.

Мэргэжилтнүүдийн таамаглаж буйгаар 2030 он гэхэд Дэлхийд худалдаалагдаж буй бүх автомашины талаас илүү хувь нь цахилгаанаар ажилладаг болно гэжээ. Өөрөөр хэлбэл, дотоод шаталтат хөдөлгүүрүүд аажмаар хэрэглээнээс гарна гэсэн үг. Бензинээр ажилладаг машингүй болно гэсэн үг. Тэгэхээр, газрын тосны олборлолт тэр хэрээрээ хумигдана.

Норвеги 2025 оноос, Япон 2035 оноос, Сингапур 2040 оноос эхлэн дотоод шаталтат хөдөлгүүртэй автомашин худалдаалахыг хориглоно гэдгээ аль эртнээс л мэдэгдэх болсон. Бас, Их Британи, Герман, Канадад ч ийм автомашины худалдааг эрс хязгаарлах буюу хориглох гэж байна. 2040 оноос эхлээд Европ тив бүхэлдээ уламжлалт хөдөлгүүртэй ачааны машины худалдааг бүрэн хориглохоор болчихлоо. Тиймээс бензины борлуулалтаас ашиг орлого олж халаасаа түнтийлгэдэг бизнес эрхлэгчдийн хувьд энэ бол сүйрэл гэхэд хилсдэхгүй. Тиймдээ ч энэ салбарын монополиуд сүйрлийн өмнө амжиж бүтээгдэхүүнийхээ үнийг нэмж, ашиг орлогоо нэмэгдүүлж байж болох талтайг мэргэжилтнүүд онцолж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Уншигч
Уншигч
2021-09-02 10:42

Эрэн гэж бичдэг болоо юу сэтгүүлчээ?

Холбоотой мэдээ

Back to top button