Дэлхийн дэвжээнд дүүлж яваа жүдоч

Дария Белодид. Өнөө цагийн жүдо бөхийн нүүр царай, спортын хорхойтнуудын хамгийн их сонирхож буй тамирчдын нэг тэр яах аргагүй мөн. Хэдийгээр тэрбээр 18-хан настай ч Японд үргэлжилж буй ДАШТ-д түрүүлж, хошой аварга болж амжив. Өдий насандаа ийм амжилт гарган, дэлхийн шилдгүүдийг өвдөг шороодуулна гэдэг яах аргагүй бэрх амжилт, хүссэн бүхэн хүрэхгүй оргил. Тэгэхдээ бүр олимп, дэлхийн медальт, бахдам цол, сүрдэм гуншинтай тамирчдын “шүдний өвчин” болж, ялагдашгүй гэх тодотголтой болсон нь яах аргагүй бахдам амжилт.

Д.Белодид энэ жил л гэхэд дэлхийн аварга болохдоо хагас шигшээд ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт М.Уранцэцэг, аваргын төлөөх барилдаанд ДАШТ-ий алт, хошой мөнгөн медальт Тонаки Фүнаг өвдөг шороодуулсан нь хэр ур чадвартай, дэлхийн энтэй жүдочийнх нь илрэл.
-ТЭР ХОЁР ТАЛААСАА БӨХИЙН УДАМТАЙ-

Түүний аав ДАШТ-ий хүрэл медальт (2005), Европын хошой аварга (2001, 2003) Геннади Белодид, ээж нь жүдо бөхийн спортын мастер, ОХУ-ын өсвөрийн болон армийн аварга С.Кузнецова юм. Д.Белодид зургаан настайдаа аав, ээж хоёроороо жүдо заалган, өдгөө ч тэднийхээ удирдлагад бэлтгэлээ базаадаг. Аав, ээж нь түүнийг багад нь гимнастикийн дугуйланд бүртгүүлсэн ч “Зөвхөн жүдогоор хичээллэнэ” гэж гүрийсээр жүдоч болсон юм билээ.
Тэрбээр багаасаа олны хараанд өртсөн тамирчин. Улсынхаа хамаг л тэмцээнд насныхаа ангилалд түрүү алдаагүй Д.Белодид ирээдүйд их юм дуулгахаа 2014 онд тод харуулсан. Тэр нь Украины 16 хүртэлх насны ангиллын аварга шалгаруулах тэмцээн байлаа. 13-хан настай, өндөр, туранхай охин өөрөөсөө насаар эгч тамирчдыг ялсаар түрүүлэхдээ дээд амжилт тогтоосон юм. Тэрбээр тус тэмцээнээс алтан медаль хүртсэн хамгийн залуу жүдоч болсон түүхтэй. Түүнээс хойш ч ялагдалгүй өрсөлдсөөр дараа жил нь 16 хүртэлх насны ДАШТ-д түрүүлжээ. Тухайн үед дахиад л жүдо сонирхогчид шуугилдаж, цөөнгүй хэвлэл түүнийг “Ирээдүйн од” хэмээн тодотгосон юм. Тэгж өөрөөсөө хоёр насаар эгч тамирчдыг өвдөг шороодуулан, дэлхийн аварга болохдоо хөнгөн жингийн бөхчүүдээрээ алдартай Румын, ОХУ, Японы жүдочдыг ялсныг нь тодотгоё.
-17 НАСАНДАА ДЭЛХИЙН АВАРГА БОЛСОН-

Дийлдэшгүй мэт барилдан, олны хараанд өртсөн тэрбээр 2017 оноос насанд хүрэгчдийн тэмцээнд зодоглож байгаа. Өсвөр үе, залуучуудын ангиллын тэмцээнд дийлдээгүй түүнийг “акул”-уудтай хэрхэн барилдахыг олон хүн сонирхон, чих тавин хүлээж байв. Зарим бөх багадаа онцгойрсон ч насанд хүрээд амжилт нь саардаг. Харин украин охин тэгсэнгүй. Харин ч эсрэгээрээ улам дүүлэв. Д.Белодидийн өрсөлдсөн насанд хүрэгчдийн ангиллын анхны тэмцээн нь Европын цомын аварга байлаа. Тэрбээр тус тэмцээнд торолгүй түрүүлэн, дараа нь 16 насандаа Европын аварга болж, олны итгэлийг амжилтаар хариулав.
Түүгээр ч үл барам өнгөрсөн жил оролцсон бүх тэмцээндээ түрүүлэн, бүр дэлхийн аварга болж, ганц ч бөхөд өвдөг шороодоогүй.
Тэр ч бүү хэл 2018 онд алтан медаль хүртсэн түүний долоон тэмцээний нэг нь ДАШТ, хоёр нь нэр хүнд, чансаагаараа олимп, ДАШТ-ий дараа эрэмбэтэй “Их дуулга, дөрөв нь гран при ангиллынх гээд бодохоор яалт ч үгүй давтахад бэрх амжилт. Үүгээрээ 2018 онд хамгийн өндөр амжилт гаргасан жүдочдын жагсаалтыг тэргүүлсэн юм.
-ТАМИРЧНЫ ЗАМНАЛДАА ГУРАВХАН ЯЛАГДЖЭЭ-
Тийм ээ, та зөв уншсан. Тэр ийм л давтахад бэрх амжилт гаргаж яваа жүдоч. Үүгээрээ ч тэрбээр “Ялагдашгүй” гэх тодотголын эзэн болсон. Д.Белодид 2017 оноос насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдөх болсноосоо хойш “Хөх хот”-ын гран пригээс хүрэл медаль хүртэхдээ Италийн Ф.Миланид, тэр жилээ ДАШТ-д зодоглохдоо гуравдугаар тойрогт олимп, ДАШТ-ий хүрэл медальт Г.Отгонцэцэгт дийлдсэн. Дэлхийн аварга болсноос нь хойш ганцхан бөх түүнийг ялсан нь Францын М.Клемент. Тэрбээр энэ жил гуравдугаар сард болсон Тбилисийн гран прид түрүүлэхдээ Украины залуу одыг шигшээд ялсан юм. Д.Белодид тамирчны замналдаа гуравхан удаа ялагдсан нь энэ.
“Багаасаа №1 байсаар өдий хүрсэн болохоор насанд хүрэгчдийн тэмцээнээс ч мөнгө, хүрэл медаль авахыг хүсдэггүй, ямар ч шилдэг тамирчинтай барилдахдаа “Ялна” гэдэгтээ итгэлтэй байдаг” хэмээж буй Д.Белодидын ур чадвар, амжилт өдрөөс өдөрт ахисаар. Үүнийг түүний амжилтаас гадна өнгөрсөн жил ДАШТ-д анх түрүүлэхдээ хэсгийн аваргын төлөөх барилдаанд олимпын хүрэл, ДАШТ-ий хошой хүрэл медальт Г.Отгонцэцэгийг, хагас шигшээд олимп, дэлхийн аварга Паула Паретог, аваргын төлөөх барилдаанд ДАШТ-ий алт, хошой мөнгөн медальт Тонаки Фүнаг ялснаас харж болно.
-ОЛОН ТАЛЫН БАРИЛДААНТАЙ, ЧАЦТАЙ НЬ ТҮҮНИЙ ГОЛ ОНЦЛОГ-
Д.Белодид дэлхийн бүх шилдгийг ялаад буй. Өнгөрсөн жил Загребын гран прид түрүүлэхдээ л гэхэд Казахстаны гавьяат тамирчин Г.Отгонцэцэг, 2017 оны дэлхийн аварга Тонаки Фүна, Европын АШТ-ий мөнгөн медальтай Д.Красники, Европын аварга, ОХУ-ын Ирина Долгова нарыг өвдөг шороодуулсан.

Чансаагаараа дэлхийд хоёрт (ДАШТ-ий чансаа шинэчлэгдэхэд тэргүүлнэ) эрэмбэлэгдэж буй түүний онцлог нь урт чац. 172 см өндөр биеэ тун чадамгай ашиглаж, өрсөлдөгчдөө барьц алддаггүй нь олон орны дасгалжуулагч, тамирчны “шүдний өвчин” болоод байна. Өөртэйгөө адил нуруулаг тамирчныг ч төвөггүй ялна гэдгийг тэрбээр Дюсселдорфын “Их дуулга”-д түрүүлэхдээ харуулсан. Тус тэмцээний аваргын төлөөх барилдаанд олимп, ДАШТ-ий хүрэл медальтай, Унгарын бөх Эва Чернивицкийг яалаа даа. Мөн хэвтээ барилдаандаа ч тун сайн. Үүнийг энэ жил ДАШТ-д түрүүлэхдээ хагас шигшээд М.Уранцэцэгийг өчиж ялснаас бэлхнээ харж болно.
-Д.БЕЛОДИД СПОРТЫН СЭТГҮҮЛЧ БОЛОХЫГ ХҮСДЭГ-

Сайн барилдахаас гадна үзэсгэлэнтэй тэрбээр спортоос өөр салбарынхны ч анхаарлыг татдаг. Мэргэжлийн боксчин, WBC холбооны дэлхийн аварга асан М.Бриедисийн промоутер, англи мэргэжилтэн А.Сиеста түүнийг сонирхож буй хүмүүсийн нэг. Тэрбээр нэгэн хэвлэлд ярилцлага өгөхдөө “Хэрэв би Белодидын менежер болох юм бол түүнийг Холливудын од болгоно” гэсэн удаатай.

Д.Белодид өнгөрсөн жил Парисын “Их дуулга”-д бүх учраагаа цэвэр ялж, түрүүлснийхээ дараа хэвлэлд ярилцлага өгөхдөө жингийнхээ хамгийн гол өрсөлдөгчөөр М.Уранцэцэг, Г.Отгонцэцэг нарыг онцолсон. Олимпын аварга М.Келмендигээс үлгэрлэдэг тэрбээр зодог тайлсныхаа дараа спортын сэтгүүлч болох хүсэлтэй.

Улсынхаа “Океан Эльзы” дуунд дуртай украин жүдоч шоколад, чихэрт нугасгүй. Ялангуяа, шоколадгүйгээр амьдралаа төсөөлж чаддаггүй гэнэ. Тэрбээр Риогийн олимпын аварга, 24 настай Фабио Базилетай үерхдэг. Тэд өнгөрсөн жилээс хойш үерхэн, амжилтын төлөө хамт зүтгэж байна.
Ийм нэгэн залуу жүдоч дэлхийн дэвжээнд дүүлж явна.
Б.БУЯНДАЛАЙ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.