Нийгмийн

Япон: “Фүкүшима-1” АЦС-ын шүүлтүүрт их хэмжээний гэмтэл гарсан нь тогтоогджээ

Цөмийн эрчим хүчний станцын оператор болох “ТЕРСО” компани “Фүкүшима-1” АЦС-ын “ALPS” цацраг идэвхт бодис цэвэрлэх системийн ус цэвэршүүлэх 25 шүүлтүүрийн 24-т нь гэмтэл учирсан болох нь тогтоогдсон талаар “Эн-Эйч-Кэй” /NHK/ мэдээлэв.

Мэргэжилтнүүд өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр анхны согогийг олж илрүүлсний дараа бүрэн хэмжээний шалгалт хийж эхэлсэн.

Тус компани цацраг идэвхт бодисоор бохирлогдсон ус алдагдсан тохиолдол хараахан бүртгэгдээгүй байгаа гэж мэдэгдэж байгаа ч ийм тохиолдол гарсан байхыг үгүйсгэх аргагүй гэв.  

Үүнтэй төстэй асуудал хоёр жилийн өмнө станц дээр гарч байсан удаатай. Үүний дараа нь “TEPCO” оператор компани гэмтлийн шалтгааныг олж тогтоож чадаагүй аж. Оператор компани ус цэвэршүүлэх шүүлтүүрүүдийг сольж, ажил цааш үргэлжилсэн юм.

2011 оны гуравдугаар сарын 11-нд болсон хүчтэй газар хөдлөлт, цүнамигийн улмаас “Фүкүшима-1” АЦС-д осол гарсан. Ослын улмаас цацраг туяа алдагдаж, Японы эрх баригчид Фүкүшима мужийн зүүн дүүргүүдийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн билээ. Ослын газар болон ойр орчимд халдваргүйжүүлэлт хийсний ачаар зарим бүс нутагт онцгой дэглэмийг цуцалж, оршин суугчдыг гэртээ харихыг зөвшөөрсөн юм. Гэсэн ч, одоо хэр нь зарим газарт хүн амьдрах боломжгүй хэвээр байгаа аж.

“TEPCO” компанийн тооцоолсноор цахилгаан станцын реакторуудыг шинэчлэхэд 40 орчим жил шаардлагатай юм байна.

Дөрөвдүгээр сарын сүүлээр Японы Засгийн газар 2023 оноос эхлэн тритигээс бусад 62 төрлийн цацраг идэвхт элементийг цэвэршүүлдэг “ALPS” системээр боловсруулсан усыг далай руу хаяхыг зөвшөөрсөн шийдвэр гаргасан. Энэ шийдвэр нь ОХУ, БНХАУ, Өмнөд Солонгос мөн БНАСАУ-ын хувьд түгшүүр төрүүлэх болсон. үүнтэй зэрэгцээд, Олон Улсын Атомын Энергийн Агентлаг /ОУАЭА/-аас дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэж, хяналт шинжилгээний ажилд оролцох мэргэжилтнүүдийн багийг илгээхээ бас мэдэгдсэн.

“Фүкүшима-1” АЦС-ын усыг далай тэнгис рүү асгахыг 30 байгууллага эрс эсэргүүцэж байгаа бөгөөд, үүнд бүх Японы Загас Агнуурын Холбоо, түүнчлэн Фүкүшима, Мияги, Ибараки мужийн загасчдын холбоо гэх зэрэг байгууллага багтаж байгаа аж.

Фүкүшима мужийн 41 хот, дүүргийн захиргаа эсэргүүцэж байгаагаа мөн илэрхийлж байгаа юм.

(Эх сурвалж: NHK News)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button