
Японы эрдэмтэд урьд өмнө мэдэгдээгүй халдварын улмаас үүссэн шинэ өвчнийг илрүүлсэн тухай мэдээлэл цацагдаж байсан. Эрдэмтдийн олж тогтоосон “Йезо” гэж нэрлэсэн шинэ вирус нь хачигт хазуулснаар халдварладаг аж. Үүнтэй холбоотой судалгааны үр дүнг “Nature Communications” сэтгүүлд нийтэлжээ.
2014 онд Японд үл мэдэгдэх өвчин үүсгэгч халдвар авсан анхны тохиолдол бүртгэгдсэн. 2020 он хүртэл ижил шинж тэмдэг бүхий долоон өвчтөн мөн бүртгэгджээ. Халдвар нь халуурах шинж тэмдэгтэй байсан бөгөөд өвчтөний цусан дахь лейкоцит буюу цусны цагаан бөөм, тромбоцит буюу цусны ялтасны тоо буурсан байжээ.
Японы эрдэмтэд хоёр ч өвчтөний цусны дээжээс вирусийг тусгаарласан нь эмгэг төрүүлэгчийн генетикийн шинжилгээ хийх боломжийг олгосон аж. Эрдэмтэд халдвар авсан хүмүүсийн цусанд Orthonairovirus овгийн урьд өмнө мэдэгдээгүй эмгэг төрөгч байгааг тогтоожээ. Энэ төрөлд Конго-крымийн цусархаг халууралт ч багтаж байгаа аж.
2019 онд Хоккайдо арлын эмнэлэгт хачигт хазуулсны дараа өндөр халуурсан хоёр өвчтөн иржээ. Цусны шинжилгээгээр хазуулсан хүмүүс үл мэдэгдэх вирусийн халдвар авсан болохыг тогтоожээ. Үүний дараа эрдэмтэд 2014 оноос хойш ижил төстэй шинж тэмдэг илэрч байсан өвчтөнүүдийн цусны дээжийг дахин шалгаж үзжээ. Судлаачид “Йезо” халдварын долоон тохиолдлыг бүртгэжээ.
Вирусийн эх үүсвэрийг тогтоохын тулд судлаачид тухайн бүс нутгийн зэрлэг амьтдаас хүртэл цусны дээж цуглуулан шалгажээ. 2010-2020 оны хооронд цуглуулсан буга болон илбэнхээс авсан цусны дээжинд вирусийн эсрэг биет илэрчээ. Судлаачид вирус үүсгэгч нь Хоккайдо арлын хачиг болохыг тогтоожээ.
(Эх сурвалж: centralasia)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ХАР ХЯТАДУУДЫН ХИЙЖ БУЙ АЖИЛ