ДЭЛХИЙНИЙГЭМ

Танзани Улсын зохиолч Абдулразак Гурна утга зохиолын чиглэлээр Нобелийн шагнал хүртжээ

Өнөөгийн Танзани улсын нэг хэсэг болох Занзибарын зохиолч Абдулразак Гурна /Abdulrazak Gurnah/ 2021 оны утга зохиолын Нобелийн шагнал хүртлээ. Энэ талаар өчигдөр /2021.10.07/ Шведийн академийн Нобелийн хорооноос мэдээлжээ.

Абдулразак Гурна бол Их Британийн өмнөд хэсэгт орших Брайтон хотод амьдардаг, Араб гаралтай Танзани зохиолч. Тэрбээр 1948 онд Занзибарын Султант /1964 онд Танзани улсын нэг хэсэг болсон/ хотод мэндэлсэн. 1980-1982 онд Нигерийн Байеро Их Сургуульд лекц уншиж, 1982 онд Кентийн Их Сургуульд докторын зэрэг хамгаалж, 1985 оноос хойш тэнд багшилж байгаа аж.

Түүний шинжлэх ухааны гол сонирхол нь колоничлолын дараах үеийн уран зохиол, колоничлолтой холбоотой өгүүллэгүүд, ялангуяа Африк, Карибын тэнгис, Энэтхэгтэй холбоотой асуудлыг хөнддөг. Тэрбээр колоничлолын талаар сэдэв хөнддөг орчин үеийн зохиолчдын бүтээлийн талаар судалгаа явуулдаг зохиолч. 2008 онд тэрбээр Их Британийн Хатан хааны утга зохиолын нийгэмлэгийн гишүүн болжээ.

Абдулразак Гурна арван роман, хэд хэдэн богино өгүүллэг хэвлүүлсэн бөгөөд цагаач дүрвэгчдийн хүнд хэцүү хувь заяаны сэдэв бол түүний ажлын гол хэсэг. Гурнагийн анхны гурван роман болох “Memory of Departure” /1987/, “Pilgrims Way” /1988/, “Dottie” /1990/ зэрэг бүтээл нь орчин үеийн Британи дахь цагаач дүрвэгчдийн туулсан амьдралынх нь туршлагыг өөр өөр өнцгөөс дүрсэлсэн байдаг. “Paradise” /1994/ гэх зохиол нь Дэлхийн I дайны үед Зүүн Африк колоничлолд өртсөн талаар өгүүлсэн байдаг. Мөн “Admiring Silence” /1996/ нь Занзибараас дүрвэж Англи руу цагаачилж, улмаар гэрлэж багш болсон залуугийн тухай өгүүлдэг.

“Paradise” гэх бүтээл нь 1994 онд Их Британи болон Ирландад хэвлэгдсэн англи хэл дээрх хамгийн шилдэг зохиолоор шалгарч “Букерын шагнал”-ыг хүртэж байв. 2001 онд зохиолч “By the Sea” /2001/ романаараа “Los Angeles Times”-ийн шагналд нэр дэвшин өрсөлдөж байсан юм.

(Эх сурвалж: Tass)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button