ЭДИЙН ЗАСАГ

Таны цалингийн 10 хувь нь “ЦААС” болж, юмны үнэ ч 10 хувиар НЭМЭГДЭЭД байна

Өнгөрөгч есдүгээр сарын эдийн засгийн суурь үзүүлэлтүүд нэлээд баргар гарчээ. Инфляц, хэрэглээний үнийн индекс тус тус өссөн дүнтэй. Эдгээр нь иргэдийн хөдөлмөр улам л үнэгүйдэж, бараа бүтээгдэхүүний үнэ чангарч, ард түмний нуруун дээр ирэх ачаа хүндрэхийн илэрхийлэл.

Эдийн засагчид энэ оны намар, өвлөөс яг ийм нөхцөл байдал үүснэ, нэн ялангуяа инфляц “галзуурна” гэдгийг тооцоолж байв. Шалтгаан нь 10 их наядын хөтөлбөр. Тодруулбал, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын хөтөлбөр”-ийн хүрээнд дөрөвдүгээр сард мөнгөний нийлүүлэлтийг нэмсэн. Улмаар эдийн засагт огцом их хэмжээний мөнгө орж ирсэн.

Харин үүний савлагаа нь нэжгээд сарын дараа инфляц нэмэгдэж, хэрэглээний үнийн индекс өсөх үзэгдлээр илэрдэг гэж үздэг.

2021 оны хоёрдугаар сараас дөрөвдүгээр сарын хооронд М2 мөнгөний нийлүүлэлт 2 их наяд төгрөгөөр нэмэгдсэн байдаг. Үүнээс хойш инфляц тасралтгүй өссөн. Хоёрдугаар сард улсын дүнгээр 2.6 хувь байсан инфляц долдугаар сард 7.4-д хүрч, хэд нугарсан. Харин өнгөрөгч есдүгээр сард 9.6, Улаанбаатар хотын дүнгээр 9.9 болсон байна.

Хэрэглээний үнийн индекс ч мөн энэ оны эхний гурван сард буюу 10 их наядын хөтөлбөр хэрэгжиж эхлэхээс өмнө тогтмол 2 хувьтай явсан. Харин дөрөвдүгээр сараас хойш сар бүр дээр тогтмол 1 хувь нэмэгдсээр, өнгөрөгч есдүгээр сарын хувьд 9.6 болжээ.

Инфляц 10 хувьтай болно гэдэг, таны цалингийн 10 хувь нь хоосон цаас болсныг л илтгэж буй. Гар дээрх 100 мянган төгрөг тань худалдаа хийхэд 90 мянгатай дүйцэх л үнэ цэнтэй гэсэн үг. Гэтэл нөгөө талд хэрэглээний үнийн индекс 10 хувь хүрснээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өнгөрөгч оны мөн үеэсээ даруй 10 хувиар нэмэгдсэнийг илтгэнэ.

Энэ үзэгдэл өвөл бүр хүчээ авна гэж эдийн засагчид үзэж буй. Гэвч төрөөс мөнгөний бодлогын чигээ өөрчлөхгүй, бодлогын хүүг бууруулахгүй гэсэн хатуу байр суурьтай байгаа. Өөрөөр хэлбэл эдийн засгийн эл хүндрэлийг ард түмэн туучаад гарахаас өөр аргагүй нөхцөл үүсэх билээ.

Энэ тухай өнгөрөгч долдугаар сард таамаглан бичсэн контентыг энд дарж уншина уу.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button