НийгмийнНИЙГЭМ

Хөгжлийн бэрхшээлтэй залуусын "Дэлхийн сорилт-IT Паралимпиад 2021” болно

“Хөгжлийн бэрхшээлтэй залуусын IT-ын Дэлхийн сорилт-IT Паралимпиад 2021” тэмцээний эцсийн шатны шалгаруулалт 2020 оны 10 сарын 20, 21 өдрүүдэд онлайнаар зохион байгуулагдах гэж байна. Энэхүү тэмцээн нь eContents, eLifeMap,  eTool Challange- Excel, PPT, eCreative Challenge гэсэн дөрвөн төрлөөр зохион байгуулагддаг ба энэ жил "Цар тахлын үед ч IT бидэнд боломжийг олгосоор байх болно” гэсэн үзэл баримтлалаар дэлхийн өнцөг булан бүрт амьдардаг 14-23 насны хөгжлийн бэрхшээлтэй залуусыг хамруулах зорилго тавьсан.

Тус тэмцээнийг Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам, Гадаад харилцааны Яам, БНСУ-ын Rehabilitation International Korea зэрэг байгууллага удирдан зохион байгуулж НҮБ-ийн Ази, Номхон Далайн бүс нутгийн Эдийн Засаг-Нийгмийн Комисс, LG, LG Electronics зэрэг байгууллагууд бодлогыг дэмжих, ивээн тэтгэх зэргээр хамтарч буй юм байна.

Өмнөх жилүүдэд GITC нь хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын Мэдээлэл Харилцаа Холбооны Технологийн ур чадвар, нийгмийн оролцоог сайжруулах зорилгоор 2011 оноос эхлэн жил бүр Ази Номхон далайн аль нэг улсад тэмцээнээ зохион байгуулдаг байсан ч цар тахал гарснаар энэхүү уламжлал нь 2020 онд тасалдаж өнжсөн ба, улмаар  энэ жил анх удаа онлайн хэлбэрээр зохион байгуулагдаж буй юм.

Онлайн тэмцээний эхний шатны шалгаруулалт 2021 оны 06 сард зохион байгуулагдаж дэлхийн 13 орноос шалгарсан 385 оролцогч финалын шатанд тунаж үлдсэн бөгөөд Монгол улсад тус тэмцээнийг Сонсголын бэрхшээлтэй иргэдийн соёлын төв ТББ, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яамны харьяа Сэргээн засалт сургалт үйлдвэрлэлийн төв, Мэдээлэл Технологийн Үндэсний Парк, Юнисофт ХХК зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулсан.

Монгол улсаас нэр бүхий долоон тамирчин эхний шатны шалгаруулалтад ганцаарчилсан 4 төрөл, багийн 2 төрөлд оролцсон ба бүгд эцсийн шатанд шалгарч финалын шатанд өрсөлдөхөөр болоод байгаа билээ.

Оролцогчид өөрсдийн гэр, сургууль, болон өөрт тохиромжтой аль нэг газраас хамтарсан цугларалт эсвэл ганцаарчилсан хэлбэрээр ухаалаг гар утас, суурин болон зөөврийн компьютер, таблет зэрэг төхөөрөмжөөр дамжуулан тэмцээнд оролцох боломжтой ба оролцоог Zoom платформын тусламжтайгаар нэгтгэдэг. Мөн тэмцээнийг 20, 21-ны өдөр YouTube сувгаар шууд дамжуулна. Сонирхсон хүн бүр тус шууд дамжуулалтыг үзэх боломжтой.

Тэмцээний төрөл тус бүрийн ялагчид 300 хүртэл ам.долларын шагнал хүртэх юм байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button