Сурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: Нураана гэгдээд буй 100 жилийн настай соёлын өв дотор хүн амьдарч байна

Гоожингийн өндөр хэмээх 100 гаруй жилийн настай хохигор хуучин хоёр давхар байшинг төмрөөр хашаалжээ. Авирч, даваад орвол энд тэндгүй хог. Хаалга сэлт нь өмхөрч ойчсон онгорхой үүд рүү дөхөхөд тотгон дахь хээ хуар нь тэмдгэрэх төдий үлдсэн байх юм. Хоёр давхар луу гарах модон шатны тал нь үгүйрчээ. Сармагчин шиг мацсаар дээд давхарт гартал хүн амьдарч байх нь тэр. Энд хүнтэй таарна гэж санасангүй. Тэр толгой дээгүүрээ уранхай хөнжил хөнтөрчээ.

“Уучлаарай, ах аа. Таныг сэрээчихэв үү?” гэж мэнд мэдэхэд ганц нэг хөдөлсөөр толгойгоо цухуйлгаж байх юм. Тэр энд хоноглодог болсоор олон жилийг үдэж буй гэнэ. Дэргэдэх явган шүүгээн дээр хүүхдийн тоглоомууд ирийтэл өржээ. Охидынх нь аж. Харин ханандаа алгын чинээ төрийн далбаа хаджээ. Нэгэн үес Ерөнхий сайд Т.Намнансүрэн амьдарч, Богд хаан хүртэл хоригдож явсан түүхт байшингийн галыг залгуулж буй түүнийг Ганзориг гэдэг юм байна.

ХАРАНХУЙ, ХҮЙТЭН БАС ХОГИЙН ЦЭГ ДЭЭР МЭТ ҮНЭР

Соёлын биет өвд бүртгэгдсэн эл байшинг нурааж, оронд нь автомашины зогсоол байгуулна гэх шуугиан сүүлийн үед цахим орчноор түгсэн. Уг нь аль 2018 онд л Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, хэвлэлүүдэд “Гоожингийн өндрийг сэргээн засварлана” гэсэн ирээдүй цаг дээрх гарчигтай мэдээ нийтлэгдэж байв. Гэвч өнөөдөр энэ байшин дотор, гаднагүй хогийн цэг болжээ.

Яг дэргэд нь залгаад Христийн сүм байх. Сонин дүр зураг. Харин хойд хэсгийг нь орон сууцны автомашины зогсоолын үүд түшиж, наалдсан байна. 100 жилийн өмнө айхавтар өндөр харагддаг байсан болохоор “Өндөр” нэр зүүсэн байх. Харин одоо дөрвөн талаасаа ёстой л өндөр байшингуудаар хүрээлүүлж, үзэгдэхэд барагтайхан болчихжээ.


Сүрхий төмөр хашааг нь даваад, хогтой хөвсгөр хөрсөн дээр буухад хар алаг муур хаашаа ч юм сэлбэлзээд алга болов. Ойролцоох орон сууцны хогийн цэг Гоожингийн өндрийн яг хойно, хашааных нь гадна байдаг аж. Яг л хогийн цэг дээрх үнэр ханх тавина.

Эхэнд дурдсанчлан энд амьд хүнтэй тааралдана гэж өчүүхэн ч таамаглаагүй билээ. Харин хэдий нь 100 гаруй жилийн түүхийг элээсэн, түүхэн дурсгалт элэнц байшингийн байр байцыг оюундаа дүрсжүүлж авах гэсэн хэрэг. Дотогш ороход харанхуй, хүйтэн. Үнэр нь бас л хогийн цэг дээрх шиг. Хөл дор хогноос өөр гишгэгдэх зүйлгүй. Харин гол танхим бололтой, том талбайн нэг хэсэгт нэжгээд гааз хөглөрч байх юм. Нэгдүгээр давхрын бүх өрөөгөөр явж үзэхэд ижилхэн л дүр зураг. Хог, хог бас дахин хог. Харанхуй, хүйтэн.

Харин хоёр давхар луу гарах шатанд дөхөж очиход нар нэвт тусжээ. Энэ модон шатны дээд талын хэдхэн гишгүүр л үлдэж. Зүггүйтэн дээш мацахдаа байшингийн хуучин яс модыг тулав. 100 наслах хэрээрээ хатуужиж, чулуужсан гэмээр хатуу мод аж. Ингээд хоёр давхарт хөл тавихад чанх өөдөөс харагдах өрөөний үүдээр хамгийн түрүүнд хоолны тогоо, эрэгтэй хүний гутал хоёр цухуйв.

“ЭНД СҮНС БАЙХГҮЙ. СҮНС НЬ ГЭВЭЛ БИ БАЙНА”

Шууд тийш орж зүрхлэлгүй, хоёрдугаар давхрын бусад өрөөнүүдээр явлаа. Хүний хатсан баас ч байх. Хатаж хорчийсон гэдэс, цувдай зэрэг харагдана. Мөлжсөн яс цөөнгүй. Гутал, хувцасны үлдэгдэл ч байна. Доод давхраа бодвол эндэх өрөөнүүд гэрэлтэй үе таарчээ. Ингэж эрэгцсээр нөгөөх тогоо, гутал сэлт цухуйсан, амьд хүний буй шинжтэй өрөөнд хөл тавьсан юм.

Ганзориг хэмээх эр гудиггүй мэндэлж, тамхины өөдөс олж асаагаад, “Ахынхаа зургийг ав, ав. Зүгээр. Байгаа нь л энэ юм чинь” гэв.

-Та энд хоноглодог болоод удаж байна уу?

-Овоо хэдэн жил болж байна аа. Өглөөдөө зах дээр ачигч хийдэг. Ажлаа дуусгачихаад хоолны ганц нэг материал олж аваад, эндээ ирнэ. Тэр гаазан плиткан дээр хоолоо хийгээд идчихдэг. Олон жил ачигч хийснийх, ногоо цагаагаа үнэгүй олоод авчихна. Энд хувцсаа тайлаад тавьчихдаг юм.

-Харин энэ юун тоглоомнууд вэ. Таны хүүхдийнх үү?

-Тийм ээ. Миний охид тоглож байсан.

-Энд охидтойгоо байдаггүй юм шиг байна, тийм үү?

-Байхгүй ээ. Хоёр охин ээж дээрээ байдаг. Бид салсан. Том охин 20 гарсан. Бага охин 14-тэй. Би Засгийн газрын ордны манаачаар олон жил ажилласан. Гэтэл эхнэр нөгөө ээлжийн манаачтай заваараад. Би тэгээд салчихсан.

-Ачигч хийсэн мөнгөө та архинд зараад байна уу?

-Би архи уудаг аа, уудаг. Нуух юу байх вэ.

-Ахуй амьдралаа өөд нь татъя гэж бодогддог уу?

-...

-Энд та болоод л байна уу?

-Болдог. Энэ байшинг хүмүүс сүнстэй л гэлцэнэ. Яг амьдрахаар тийм юм байхгүй. Би өөрөө сүнс нь байна /Инээв, Сурв/. Яг гэр минь л гэсэн үг дээ. Намайг хүчээр хаашаа ч билээ, нэг байнга хүн загнаж, дарамталдаг газар аваачихаар нь “Би гэр оронтой хүн” гэж хэлээд гараад ирдэг. Тэр хар л даа. Төрийн далбаагаа хүртэл ханандаа хадсан байгаа биз дээ? Амьтад үүгээр их гүйлдэнэ. Цээжин дээр муур, болжмор гишгэлээд өнгөрнө гээч. Энэ цонхоор ингээд л талх үйрүүлж, шувуу хооллодог юм.

-Өөр хүмүүс үүгээр хэр орж гардаг вэ?

-Хааяа хүүхдүүд орж ирж гааз үнэрлэнэ. Нэг хүүхэд ганцаараа гааз үнэрлэж байхаар нь би булаагаад авсан. Гэтэл “Та архи уугаад шартдаг биз дээ. Би ч гэсэн шартдаг. Хэцүү байна. Өгчих л дөө, гуйя. Би танд мөнгө өгье” гэсэн. Тэгээд нээрэн бодсон. Би ч гэсэн шартдаг ш дээ. Тэгээд буцаагаад өгсөн. Нэг шөнө доор хүн амьтан дуугараад байхаар нь буугаад очтол овоо хэдэн бацаан гааз үнэрлэж байна. “Гөлөгнүүд ээ, гааз үнэрлэх гэж ирээ юу. Гарцгаа” гэж орилтол нэг нь намайг хутгалсан. Би чинь хутгалуулаад, энэ хоёр давхрын цонхноос нисээд. Хөгжилтэй л дөө.

-Гэснээс, шат нь бараг алга. Би л гарч ирэх гэж хэрэндээ хөглөлөө. Одоо яаж бууна аа. Өөр буудаг гарц байхгүй юу?

-Ах нь наад шатаар чинь гулсаад л буучихна. Болохгүй бол доод цонхоор шууд үсэрчихнэ.

-Энэ байшинг нураах тухай яригдсан гэх мэдээлэл байгаа. Та дуулав уу?

-Би сонссон. Дүүрэг, хорооны засаг дарга нар ирдэг юм. Хорооны цагдаа нар ч ирнэ. Нэг нь “Энэ балгасыг чинь нураана” гэж байна билээ.

-Хэзээ?

-Мэдэхгүй ээ, тэгж хэлсэн. Би нураатал нь л энд амьдарна

-Уг нь таныг эргэж, тойрдог юм байна даа?

-Тэгээд нэмэргүй ээ. Хүчээр баривчилгаанд явуулдаг юм. Тэр нь муухай газар. Тариа хийдэг. Тэр нь унаж татдаг болгодог. Тэнд очоод би унаж татдаг болсон. Гарын шөрмөс хүртэл зүгээр байж байгаад татчихдаг. Тийшээ очих дургүй. Юу гэдэг газар юм мэдэхгүй. Лав их хол. Налайхаас л цаашаа. Олон жил ачигч хийсэн болохоор захынхан намайг хараад “Чи даанч яав даа” гэж халаглаж байсан. Хорооны цагдаа нар их муухай. Надаар өрөөгөө цэвэрлүүлнэ, хар бор ажил хийлгэнэ. Юу ч үгүй зодно. Тэгээд гаргахдаа “Наад юмаа аваад яв” гэдэг. Шил архи. Би уух дуртай, юуг нь нуух вэ.

-Танд ах, дүү бий юу?

-Байгаад яах юм. Залгахаар, “Та дугаар андуурсан байна” гэнэ. Хоолойг нь таниад байхад шүү дээ. Том ах руугаа залгахаар заналхийлнэ. Том тогооч хүн шүү дээ. Би аав, ээж хоёроо түшиж, тулж байсан ганц хүү. Тэднийг өнгөрсний дараа би амьдралаа алдсан. Архинд орсон.

-Энэ байшин их арвин түүхтэй. Нураавал та дэмжих үү?

-Дэмжихгүй. Тэгж болохгүй. Би түүхийг нь мэднэ. Мундаг улс амьдарч байсан. Нурааж болохгүй шд ээ. Нураана гээд л уурлаж байна билээ. Би гэр оронтой хүн шүү.

Тэр хөнжилдөө эргэж шургаад үлдлээ.

ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА: ГООЖИНГИЙН ӨНДРИЙГ НУРААХ ТАЛААР ЯРИАГҮЙ

Харин дараа нь байшингаас гарч, ойролцоох оршин суугчдын санал бодлыг сонсов. Хэдхэн өдрийн өмнө “Гоожингийн өндрийг нурааж, оронд нь хүүхдийн тоглоомын талбай байгуулбал дэмжих үү?” гэсэн утгаар гарын үсэг зуруулж авсан гэж 59-р байранд амьдардаг эмэгтэй хэлж байна.

Тэр “Дэмжинэ” гээд гарын үсгээ зуржээ. Харин хаанаас, ямар хүмүүс ийн санал асууж явсныг мэдэхгүй гэв.

Тус орон сууцны СӨХ эзэнгүй байна.

Харин Гоожингийн өндөр оршдог Баянзүрх дүүргийн 6-р хорооны Засаг даргатай холбогдоход “Оршин суугчид өөрсдийн санаачилгаар ийм гарын үсэг цуглуулж яваа байх. Дүүрэг, Нийслэлийн хэмжээнд нураах асуудал огт яригдаагүй. Нэг бол нүүлгэж, сэргээн засварлаад музей болгоно. Үгүй бол энд нь сэргээн засварлана гэсэн л чигтэй байгаа” хэмээж байна.

Түүнчлэн, Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын хэмжээнд эх сурвалжаас тодруулахад “Дотоодод Гоожингийн өндрийг нураах тухай асуудал яригдаагүй байна. 6-р хорооны оршин суугчдын фэйсбүүк группт, иргэд өөрсдөө ийм санал дэвшүүлж байхыг харсан хүмүүс цахим сүлжээнд нийтэлсэн бололтой билээ” гэж байв.

Өмнө дурдсанчлан, Нийслэлийн Засаг дарга С.Батболд 2018 онд захирамж гаргаж, Гоожингийн өндрийг Нийслэлийн өмчид бүртгэн, 2019 он дуусахаас өмнө сэргээн засварлах үүрэг өгч байв. Ажлын хэсэг ч томилсон. Гэвч өдгөө нөхцөл байдал ийм байгаа нь анхаарал татаж байгаа юм.

Харин өөр нэгэн эх сурвалж: Гоожингийн өндөр өөрөө соёлын биет өвд бүртгэлтэй. Гэвч нэр бүхий хувь хүний өмч. Иймд Нийслэлийн өмчид бүртгэх гэхээр 1 тэрбум төгрөгөөр зарна гэдэг. Гэтэл Нийслэлд төдий чинээ эдийн засгийн боломж байдаггүй гэх мэдээллийг өглөө.

АНХНЫ ЕРӨНХИЙ САЙД Т.НАМНАНСҮРЭН ЭНД АМЬДАРЧ БАЙВ

1912 оны долдугаар сард Монгол Улсын анхны Ерөнхий сайдаар Сайн ноён хан Т.Намнансүрэн томилогдож байв. Тэр 1919 онд таалал төгсөх хүртлээ долоон жил энэ албыг хашсан. Харин эл байшинг Т.Намнансүрэн Ерөнхий сайд анх бариулжээ. Ингээд бодохоор даруй 100 гаруй жилийн түүх яригдаж буй.

Зургийн тайлбар: Монгол Улсын анхны Ерөнхий сайд Т.Намнансүрэн.

Энд мөн Манжийн засаг захиргаа төвлөрч, хятадын гамин цэргийн штаб ч байрлаж байсан үед олноо өргөгдсөн оны үед байшин Сангийн яамны мэдэлд очиж, Сангийн яамны сургагч Козин ажиллаж амьдрах болжээ.

Козин хэмээх нэрийг дуудахад бэрх тул монголчууд “Гоожин” хэмээн хялбарчилж, улмаар амьдарч байсан хоёр давхар сууц нь “Гоожингийн өндөр” нэршсэн талаар түүхэн эх сурвалжуудад дурдсан байдаг. 1920-иод онд гамин цэргүүд Богд хааныг энд 50 гаруй хоног хорьж байсан гэх.

1921 оны аравдугаар сарын сүүлээр дотор, гадна талд нь тэр үеийн төр засгийн удирдагчид, төлөөлөгчдийн хамт авахуулсан зураг түүхийн архивт хадгалагдан үлдсэн байдаг.


СУРВАЛЖИЛГЫН ДАРААГИЙН ДУГААРУУД:

107 ЖИЛИЙН ТҮҮХ: Гоожингийн өндрийг өмчлөгчид “500 саяд ч хамаагүй аваач, нураасан ч байршил нь ашиггүй” гэж гуйжээ

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

Гоожингийн өндрийг ӨМЧЛӨГЧ: Нураах зорилгоор худалдаж авсан бидэнд ЗАСВАРЛАХ ҮҮРЭГ байхгүй

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
25 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ӨВ УЛАМЖЛАЛАА ХАЙРЛАН ХАМГААЛАХ ХЭРЭГТЭЙ
ӨВ УЛАМЖЛАЛАА ХАЙРЛАН ХАМГААЛАХ ХЭРЭГТЭЙ
2021-10-26 08:49

Гадныхан хуучны түүх дурсг�##�ын газар өв соёлоо авч үлдэж сэргээх засварладаг. Гэтэл манай монголчууд Нураан эвдэнэ газартай нь тэгшлэнэ. Дээр нь шинэ соёл барина. /Тэр нь гадны соёл/ бидний манай гэсэн нэгч зүйлгүй болох нь ээ

Болохгүй шүү
Болохгүй шүү
2021-10-26 08:50

Дотор нь хамга�##�агч нь байхад битгий олон юм яриад бай. НУРААНА ч гэх шиг

Зочин
Зочин
2021-10-26 08:52

Бусад 30 хэдэн eрөнхий сайдын байшин бас түүхийн дурсг�##�т болох уу. аан. Нураааа

Зочин
Зочин
2021-10-26 09:17

Уг нь соёлын өв гээд, музей болгохоор байшин байх юм. Бүгдийг нураагаад байв�##� юу үлдэх вэ

Зах
Зах
2021-10-26 09:18

Сайхан түүх сурв�##�жлага бна дахиад сайн сурв�##�жлаарай төр мэдэлдээ авч сэргээн засварласан дээр шүү

Хотын унаган иргэн
Хотын унаган иргэн
2021-10-26 09:46

Энэ байшинг зарах ямар ч дуудлага худ�##�даа болж байгаагүй шүү. Хууль бус хувьчл�##�ыг хүчингүй болгож, буцааж авах хэрэгтэй. Юун тэрбус төгрөг вэ, ганц ч төгрөг зарцуулаагүй байж. Сүүлд энэ байшинд айлууд амьдардаг байсан.

????
????
2021-10-26 10:06

Iim hereggui hogoor yah ve. Sergeen zaswarlaj chadahgui yum chni , erthen nuraasan deer shdee . Ymr yumaaraa soyoliin uv baidgiin , nul buzar bulai , shunal , mangasiin uur bolson balgas l bn dag , iishee orson hun bol buzartaad garhaar l bn . Heden chuugii daguulaad yvdag l bhda

Зочин
Зочин
2021-10-26 10:39

Хажуу т�##�ын байшингуудыг нь нураагаад наад байшингаа сэргээн засах ажлыг СОЁЛЫН ЯАМ хийх хэрэгтэй. Тэгж чадахгүй бол СОЁЛЫН ЯАМ-аар яах ч юм билээдээ.

Jj
Jj
2021-10-26 10:45

Yamar geechiin shunaltai hulgaich n uuriinhuu umchuur burtguulchihsen yum ter gerchilgeeg n huchingui bolgood ulsiin umchuur burtgej avah heregtei

Зочин
Зочин
2021-10-26 11:07

90- ээд оны дундуур энэ байшинд Номинт�##�ст хамтлагийн нэг бандийн гэр байдаг байсан даа.

Зочин
Зочин
2021-10-26 11:21

Н�##�айхаас цаашаа ямар газар байдаг юм тийм тариа хийдэг.....

Unknown
Unknown
2021-10-26 13:28

Сэтгүүлч бичнэ гэж хөглөхөө л боличох. Инээдтэй сонсогдож байна наад бичсэн зүйлс чинь

Олон иргэд
Олон иргэд
2021-10-26 13:31

Түүх дурсг�##�, соёлын барилгаа энгийн иргэн нь хамга�##�аад хариуцаад сууж байна ш дээ!!! Яагаад нураах гээд байнаа хурдан сэргээн засварлаад түүх соёлоо үлдээмээр юм. УИХ ын гишүүд, Соёлын яамныхан толгойгоо ажиллуулах хэрэгтэй ш дээ. Бас ямар шун�##�тан нь улсын өмч( энэ байшин) г худ�##�даад авчихсан юм бол? Улс өмчөө авах хэрэгтэй

А
А
2021-10-26 16:20

Уран зохиол шиг учиргүй дүрсэлдэг байна ш дээ эхэ хэсэгтээ золигийн бацаан чинь

Zochin
Zochin
2021-10-26 18:19

Zasvar avahaargui haragdaj bna daa,nuraagaad durailgaad 1:1 shiniig barisan n deergui uy

Зочин
Зочин
2021-10-26 19:51

Түүхэн барилгыг засварлаад үлдээх хэрэгтэй.

W
W
2021-10-26 22:37

Tuuhen barilaga geel soliorood baih yum. Yamar tuuh ve? Terniigee ch medehguishde ta nar! Hugjuud baina bid dagaj hugjuh heregtei tuuhee uldeesen odoo tsaashaa yavay huuyee!!! Nuraagaad uur heregtei yum bari!!!

зочин
зочин
2021-10-27 08:08

Энэ барилгын үнэр танар орчинг маш ойлгомжтой дэлгэрэнгүй бичжээ. Ийм муухай үнэртэй байшин хотын төвд байна гэдэг ойр орчны байр сууцнуудын хүмүүсийн эрүүл амьдрах нөхцөлд хэцүү л юм байна. Зун бол энүүгээр нисэж орж гарсан ялаа шавьж шумуул ойр хавийн орон сууцаар нисэж эргэлдэж л байгаа. Тэр үнэр нь ч гэсэн. орчиндоо х�##�гаатай л эд байна. Сэтгүүлч харин сэжиглэлгүй оржээ. Байрнуудын дундах том хогын сав л гэсэн үг юм байна. Үнэр танар бохир байдлаараа. Хавийн хүмүүс нь сэжиглэдэггүй хаяа дэрлээд байх дуртай юм байх даа. Эсэргүүцэж нура�##�гамаар л юм. Ийм бохир заваан түүхийн дурсг�##� ч гэж юу байх вэ. Дижит�##� хэлбэрээр архивлан хадг�##�аад устгах хэрэтгтэй.

амараа
амараа
2021-10-27 11:06

Манай засагт бүхэл бүтэн соёлын яам байдаг биздээ ямар юмаа хийгээд байгаам, Иим түүх соёлын зүйлээ хам энэ газар-н ажил бишүү. Байг�##�ийн түүхийн музей араас орлоо. Сэргээн засварлаад бас нэг хүүхэд з�##�уучууд үзэх музей гэдэг т�##�аас нь хараасай

Bas
Bas
2021-10-27 14:41

Gazar mundsan bish ene baishing saihan zasaaad avaad uldhed tiim ch ih mongo orohgui dee muze bolgochuul ooroo ooriinhoo zardaliig olood l bh bhdaa harin ter ezemshigch ni odoo yu vee NAMNANSUREN gees yaj avsiiin bol asig sonirhol iin zorchil bn daa

Равжаа
Равжаа
2021-10-27 15:54

Гааз үнэрлэдэг тожгоны дуслуудыг барьж гянданд хорь хужаа намын бүтээгдэхүүнүүд ийм л байна.

Зочин
Зочин
2021-10-29 21:16

Энэ байшин ч соёлын өв болж дахин сэргээгдэх боломж нь бараг тасарсан юм шиг байна даа. Харин нураагаад хогыг нь цэвэрлээд , ариутгаад , дахин яг зуоагийг нь харж байгаад дуурайлгаж шинээр барьв�##� яадаг юм бол. Ер нь иймэрхүү байшингуудыг соёлын өвөөр бүртгэхэд хэцүү , хэцүү. Харин Богд хааны ордон музей , ард түмний ярьдаг Голын ногоон сүм зэрэг архитектур шингэсэн объектууд дээрээ л анхаарах хэрэгтэй.

УБ
УБ
2021-10-31 16:32

Нураа нураа гээд байгаа оркуудаа нутагтаа очиж гэрийн бууриа нураагаарай. Та нар �##�тан ургийн Намнандоржийн барьсан байшинг нура�##�гадаг хэн юм. Сэргээх ёстой мэдэв үү. Хэн хэнд өмчлүүлсэн юм eр нь. Хэний дураар тэрбумаар зарах гэж байгаа юм. Тоглоомын т�##�бай ч гэх шиг. Хотод цeмeнт босгож шамбаар�##�даад, дуртай нь түүхийн дурсг�##�т барилга нураадаг болох нь.

Irgen
Irgen
2021-11-22 10:19

GOL ASUUDAL GAZ UNERELDEG HUN HUTGALDAG HUUHDUUD BNA GEJ BNSHDEEEE YARALTAI SRGA HEMJEE AVHGUIM BHDAAA

Баатар
Баатар
2021-12-29 21:34

Энэ ярианд Н�##�айхаас цааш иймэрхүү улсуудад тариа хийдэг ямар газар байдаг юм бол, уг нь их ноцтой л мэдээлэл байна, хуулийхан анхаарч ш�##�гаад эргээд бидэнд мэдэгдэнэ биздээ, эвгүй юм бодогдож байна, хөөрхийдөө эцэг хүн болохоор үр хүүхдүүдээ дотроо их л санадаг юм байна, уг нь эргэж тойрч анхаарч байхгүй бол үр хүүхэд дараа үед нь маш эвгүйгээр нөлөөлдөг олон жишээ байдгийг бид мэднэ дээ, сай муу юм холбоотой л байдаг, тариа тариа тариа

Back to top button