Сурвалжилга, Нийтлэл

107 ЖИЛИЙН ТҮҮХ: Гоожингийн өндрийг өмчлөгчид “500 саяд ч хамаагүй аваач, нураасан ч байршил нь ашиггүй” гэж гуйжээ

Гоожингийн өндрийг Б.Мөнхбаатар, Б.Охиндоо, Л.Оргилбаатар гэсэн гурван хувь хүн 2014 онд худалдаж авчээ. Ингээд 2016, 2018 онд хоёр удаа Нийслэлийн ЗДТГ-т хүсэлт өгч, “Биднээс худалдаж аваач. Эсвэл нурааж, өөр барилга барих зөвшөөрөл олгооч” гэж хандсан байна. Өнөөдөр энэ барилга өндөр орон сууцнуудын дунд үзэгдэж харагдахгүй далдлагдан, дотор гаднаасаа хогийн цэг шиг үнэр ханх татуулж, харанхуй дааж буйг бид өмнөх сурвалжилгаараа хөндсөн.

 5.8 САЯ ТӨГРӨГИЙГ НИТХ ТӨСӨВЛӨӨГҮЙГЭЭС ЭДИЙН ЗАСГИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙГДЭЭГҮЙ ҮЛДЖЭЭ

Иргэн Б.Мөнхбаатар нар өчигдөр Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэнтэй эл асуудлаар уулзаж, тавьдаг хүсэлтээ дахин тавьжээ. Харамсалтай нь Ж.Сандагсүрэн ч өмнөх дарга нарын адил гаргадаг шийдвэрийг л гаргасан байна. Тэр нь ажлын хэсэг байгуулах. Угтаа Гоожингийн өндрийн асуудлыг судлах хоёр ч ажлын хэсэг Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, С.Батболд нарын үед гарч байжээ.

Эхний ажлын хэсэг Э.Бат-Үүлийн үед, 2016 онд байгуулагдаж, ажилласан. Тодруулбал, Гоожингийн өндрийг эзэмшигч иргэд энэ 2016 онд анхны хүсэлтээ тавьсан байгаа юм. Ингэхдээ аман байдлаар 800-900 сая төгрөгөөр худалдаж, Нийслэлийн өмч болгоё, эсвэл нурааж, өөр барилга барих зөвшөөрөл олгооч гэж хүсжээ. Нэгэнт Гоожингийн өндөр соёлын биет өв тул нураах зөвшөөрөл өгөөгүй. Харин худалдаж авах асуудал ярихын тулд юун түрүүнд үнэлгээ хийлгэсэн байх шаардлага үүсжээ.

Ингээд Гоожингийн өндрийн эдийн засгийн үнэлгээг хийлгэх тендер зарлаж, дөрвөн компани хүсэлтээ өгснөөс нэгийг нь шалгаруулжээ. Тус компани 5.8 сая төгрөгөөр ажил гүйцэтгэх санал хүргүүлсэн байна. Ингээд уг мөнгийг Нийслэлийн төсөвт суулгахаар тусгаж, НИТХ-аар хэлэлцүүлсэн боловч дэмжээгүй аж. Улмаар Гоожингийн өндрийн эдийн засгийн үнэлгээг төсвийг нь батлаагүйн улмаас хийж чадаагүй өнгөрчээ. Дагаад асуудал ч түр “замхарчээ”.

Хоёр жилийн дараа буюу 2018 онд Б.Мөнхбаатар нар С.Батболд хотын мээрийн үед дахин ижил агуулгатай хүсэлт өгсөн байна. Энэ дагуу мөн Гоожингийн өндрийг Нийслэлийн өмчид авч, сэргээн засварлах ажлыг судлах ажлын хэсэг байгуулагдсан. С.Батболдын эл захирамж нь шууд худалдан авч, сэргээн засварла гэсэн агуулгатай байгаагүй, тухайн үед олон нийтэд буруу ойлгогдсон гэж албаны эх сурвалж учирлаж байх юм. Ингээд судалгаа, үнэлгээний ажлыг хийх, үүнд холбогдох төсөв мөнгөний асуудлыг шийдвэрлэхээр ажилласан боловч НИТХ-ын сонгууль таарч, төлөөлөгчид солигдож, дахиад л шийдсэн зүйлгүй “замхарсан” гэх.

Одоо өмчлөгч иргэдийн зүгээс “Бид ер нь нураалаа ч энэ газар ашигтай байршил биш. Тэгэхээр 400-500 саяд ч хамаагүй авчих л даа” гэсэн агуулгаар, албан бусаар хандаж буй гэдгийг эх сурвалж тодотгов. Тэдний хувьд нэг ч удаа бичгэн хэлбэрээр худалдах үнийн дүнгээ Нийслэлд санал болгож байгаагүй юм байна.

1990 ОНЫ ХУВЬЧЛАЛААР ӨМЧЛӨГЧ НЬ БОЛСОН ИРГЭДЭЭС 2014 ОНД ХУДАЛДАЖ АВЧЭЭ

Тэгвэл Монгол Улсын анхны Ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн амьдарч байсан энэ байшин хэрхэн хувь иргэдийн өмчлөлд очсон нь анхаарал татна. 1919 оноос эл барилга Сангийн яамны мэдэлд ирсэн байдаг. Улмаар тус яамны Гадаад хүүгийн хэлтэс энд багагүй хугацаанд ажиллаж, сүүлдээ ажилчдын байр болсон. Хожим нь Санхүүгийн техникумийн оюутны байр ч болж хувирчээ. Яваандаа Санхүүгийн техникумийн ажилчид, үр хүүхдүүд энд амьдардаг болсон байна. Ингээд 1990 он гарсны дараа Гоожингийн өндөр тэнд амьдарч байсан хувь хүмүүст шууд хувьчлагджээ.

Ингээд 2014 онд иргэн Б.Мөнхбаатар нар 1990 оны хувьчлалаар албан ёсны өмчлөгч нь болсон тухайн иргэдээс Гоожингийн өндрийг тодорхой дүнгээр худалдаж авсан байна. “Бид худалдаж авахдаа үүнийг түүхэн дурсгалт барилга гэж мэдээгүй” хэмээн ярьдгийг нь эх сурвалж тодотгосон юм. Энэ нь нурааж ч, сэргээн засварлаж ч чадахгүй ацан шалаанд орсон байдлаа өмгөөлөх гэсэн оролдлого гэлтэй.

Хууль эрх зүйн хувьд соёлын биет өв хувь хүний өмч байж болно. Энэ үүднээс хувь хүний өмчөө хэрхэн захиран зарцуулах нь тэдний асуудал бөгөөд хууль эрх зүйн үүднээс төр хөндлөнгөөс оролцох боломжгүй байдаг. Гэхдээ нурааж, устгаж болохгүй. Ингэвэл өмчлөгч иргэд хариуцлага хүлээх хуультай. Иймд аль аль талаас нь бодвол иргэн Б.Мөнхбаатар нар өөрсдийн хөрөнгөөр эл барилгыг засварлаж, дотор нь үйлчилгээний бизнес эрхлэх зэрэг боломжит хувилбараар Гоожингийн өндрийг “авч явах” албан бус үүргийг хүлээсэн гэсэн үг. Гэвч тэгээгүй. Өөрсдийн нэр дээр гэрчилгээ гаргуулж аваад л “хаячихсан” гэхэд хилсдэхээргүй.

ГООЖИНГИЙН ӨНДӨРТ ХОЁР УДАА ГАЛ ГАРСАН Ч ШАТААГҮЙ

Сүүлийн 10 жилд Гоожингийн өндөр өөрсдийн гэр оронгүй, амьдралын боломж бололцоо тааруу иргэдийн орогнох байр болсон. Олон ч ядуу буурай айл энд ээлжилж амьдарсныг ойролцоох оршин суугчид онцолж байгаа юм. Барилга өөрөө яс сайтайн дээр өвөл гал түлбэл дулаан сайн хадгалдаг гэж дэргэдэх орон сууцны нь ахмад оршин суугч бидэнд ярьсан юм. Гэвч тэд Гоожингийн өндөрт архидан согтуурч, гэмт хэрэг гарах эрсдэлийг үргэлж бий болгодог байсан. Хоёр ч удаа дотор нь амьдарч байсан улс гал алдсан боловч Гоожингийн өндөр шатаагүй үлдсэн талаар онцолж байх юм.

Харин одоо тэнд Баянзүрх захад ачигч хийдэг Ганзориг хэмээх эр амьдардаг талаар бид өмнө нь сурвалжилсан. Тал нь өмхөрч унасан шатаар тэр мацаж гараад, хоёрдугаар давхар дахь “өрөө”-ндөө хоолоо хийнэ, унтана. Түмпэнд бие засаад цонхоороо асгана. Тусдаа амьдардаг хоёр охиныхоо тоглодог тоглоомуудыг ирийтэл өрчихөөд харж, дурсана. Хамтран амьдрагч гэх эмэгтэй нь хааяа ирж, хамт хоноглоно. Доод давхарт нь өсвөр насны хүүхдүүд ирж, гааз үнэрлэж, мансуурдаг. Ийм орчин нөхцөл одоо тэнд бий болоод буй.

1914 ОНД АНХ ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНГИЙН ОЙРОЛЦОО БАРИГДЖЭЭ

Бодит нөхцөл байдал гэвэл, мэргэжлийн байгууллага үнэлгээ хийвэл энэ барилгыг сэргээн засварлаж болох эсэх нь тодорхойгүй байна. Сэргээн засварлалаа ч эргэн тойрон өндөр орон сууцнуудаар хүрээлэгдсэн тул соёлын үзвэр, үйлчилгээний газар байгуулахад тохиромжгүй байршилтай. Нүүлгэе гэвэл эрсдэлийг нь тодорхойлох асуудал дахин үүсэх бөгөөд том хэмжээний соёлын өв бүхий барилгыг нүүлгэдэг компани ч Монголд алдаг, оногхон гэдгийг албаны хүн тайлбарлав.

Нүүлгэх гэснээс, Гоожингийн өндөр өмнө нь нэг удаа нүүж байжээ. Тодруулбал, 1914 онд анх Т.Намнансүрэн Ерөнхий сайдад зориулж баригдахдаа одоогийн Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд байрлалтай байсан байна. Анхны шав нь тэнд. Харин 1919 онд одоогийн байршил руу нь нүүлгэж, Сангийн яамны Гадаад хүүгийн хэлтэс ажиллаж эхэлсэн аж. Энэ хэлтсийг С.А.Козин хэмээх орос хүн ахалж, ажилладаг, эндээ амьдардаг байжээ. Хүрээнийхэн Козинийг Гоожин болгож дуудсаар, байшин Гоожингийн өндөр нэр авчээ.

1921 он, Гоожингийн өндрийн дэргэд улс төрийн зүтгэлтнүүд

Сангийн яамны мэдэлд очихоос нь өмнө Манлай ван Дамдинсүрэн, Чин ван  Ханддорж, Хатанбаатар Магсаржав нар энд хоригдож байсан. Үүгээр нь 1969.12.19-ний сайд нарын зөвлөлийн тогтоолоор “Монголын хувьсгалчдын хоригдож байсан байшин” гэх тодотголтойгоор улсын хоёрдугаар зэргийн хамгаалалтад авч байжээ.

Дараа нь 1971 онд хотын хамгаалалтад авч, 2008 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар дүүргийн хамгаалалтад шилжүүлсэн байдаг юм байна.

САНАЛ АСУУЛГА: ИРГЭДИЙН 91.1 ХУВЬ НЬ СЭРГЭЭН ЗАСВАРЛАХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА

Өчигдөр болсон уулзалтын дараа Нийслэлийн Засаг дарга Ж.Сандагсүрэн “Гоожингийн өндрийг нүүлгэх боломжийг судлах” чиглэл өгч, энэ дагуу ийн гурав дахь ажлын хэсэг байгуулагдаж байна. Энэ байшинд эдийн засгийн үнэлгээ хийж, нүүлгэж, сэргээн засварлах чиглэлд багагүй хөрөнгө зарах нь ойлгомжтой. Гэвч ингэвэл улсын эдийн засаг хүнд, коронавирусийн цар тахал дуусаагүй үед тохиромжтой санаачилга мөн эсэх нь маргаан дагуулах эрсдэлтэй.

Манай сайт өчигдөр фэйсбүүк хуудсаараа “Гоожингийн өндрийг сэргээн засварлах уу, нураах уу?” сэдэвт лайв санал асуулга явуулсан. Ингэхэд санал асуулгад оролцсон иргэдийн 91.1 хувь нь “Сэргээн засварлах” талд саналаа өгсөн байна. Харин 8.89 хувь нь “Нураах” сонголтыг хийжээ. Үүнээс олон нийт 107 жилийн настай, Улаанбаатар хотын түүхэн хөгжлийн бодит гэрч болсон соёлын өвөө хадгалж үлдэх эрмэлзэлтэй байгаа нь харагдаж байна.

Харин ойролцоох оршин суугчдын хувьд нурааж, оронд нь хүүхдийн тоглоомын талбай байгуулах санал гарган, гарын үсэг цуглуулж буй. Мэдээж нүдэнд хүйтэн, амгалан амьдралын хэв маягт нь саад учруулдаг обьект тул тэдний олонх нь нураах талд гарын үсгээ өгч буй талаар бид өмнөх сурвалжилгаараа өгүүлсэн билээ.


СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ:

Нийслэлийн Соёл, урлагийн газрын зүгээс нураахгүй, нүүлгэх, сэргээн засварлах чиглэлд л ажиллана гэдгээ албан ёсоор мэдэгдээд буй. Иймд Нийслэлийн төсөвт хөрөнгө суулгаж, Гоожингийн өндөрт үнэлгээ хийх, сэргээн засварлах, нүүлгэх буюу Нийслэлийн өмчид худалдаж авах гэсэн нэг сонголт байна. Үүнд цаг хугацаа орох бөгөөд НИТХ-ын төлөөлөгчдийн соёлын өвөө хайрлаж, хамгаалах сэтгэхүй шууд нөлөөлөх юм. Харин нөгөө талд Б.Мөнхбаатар нарын иргэд Гоожингийн өндрийг хөрөнгөө гаргаад сэргээн засварлаад, соёл үйлчилгээний газар болгоё гэж буй өөр хувийн хэвшилтэй тохиролцож, тэдэнд худалдах боломжтой юм.

Энэ бүгдээс монголчуудын соёлын түүхэн дурсгалт өвийн үнэ цэнийг ойлгодоггүй, цаашлаад ер эрх баригчдын төсөв мөнгөө соёлын салбарт зарцуулдаггүй зэрлэгшмэл хандлагыг зэрэг зэрэг олж харна.


ДАРААГИЙН КОНТЕНТ:

Гоожингийн өндрийг ӨМЧЛӨГЧ: Нураах зорилгоор худалдаж авсан бидэнд ЗАСВАРЛАХ ҮҮРЭГ байхгүй

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

ӨМНӨХ КОНТЕНТ:

СУРВАЛЖИЛГА: Нураана гэгдээд буй 100 жилийн настай соёлын өв дотор хүн амьдарч байна

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
харамсалтай
харамсалтай
2021-10-28 08:24

Яасан ч худ�##�даж авах хэрэг �##�га. ЭНЭ бол хотод зарах луйвар байсан байна.

Уншигч
Уншигч
2021-10-28 20:14

Үргэлжлүүлэн хөндөөрэй Eguur.mn хүлээж уншиж байгаа

Уншигч
Уншигч
2021-10-28 20:19

Сан�##� асуулгаар иргэд нураахыг дэмжээгүй юм бол тэр хавиын хэдэн аыл зогсоолтой болох хүслээ татаж айлд

Иргэд
Иргэд
2021-10-28 20:21

Соёлын өв болгож сэргээхгүй юм бол банди нарбн газ үнэрлэлэг газар л болох юм байна

Аялагч
Аялагч
2021-10-29 00:16

Б�##�гас сүгийг нурааж зүлэг иод тарь

Зочин
Зочин
2021-10-30 18:10

Бид үнэхээр үхэр юм байна. Үл мэдэх нэг орос байгаа л биз, богд нэг хоёр хоноо л биз, нэг феод�##� нэг хоёр жил амьдраа л биз, юуны түүх соёлын дурсг�##� бэ? , одоо бол хог л байна шүүдээ. Нураагаад газыг нь ашиглахгүй юу. Эзэмшигчид нь газрыг нь авна л биз

Back to top button